Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 312

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810010820320 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ч.Э  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 5-73 тоотын ойролцоо жалганы хажууд хамтран амьдрагч буюу хохирогч Г.Мг хардаж, дух руу нь мөргөн, тэлээгээр ороолгож, ундааны саваар цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ч.Э: “...2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр эхнэртэйгээ хардалтын улмаас маргалдаж, гэрийн ойролцоох жалганд тэлээгээр ороолгож, ундааны саваар цохьсон, мөн толгой руу нь мөргөсөн гэв....” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн үед Нисэхийн 11 дүгээр гудамжинд Эрдэнэбат дээр очих үед намайг машиндаа суулгаад жалга руу дагуулж ороод машинаасаа буулгаад духруу нэг удаа мөргөсөн, миний зүүн гарын булчин руу тэлээгээр аваад 3-4 удаа ороолгосон, ундааны саваараа толгой руу цохисон. ...Ч.Э тухайн үед архи хэрэглэсэн байсан. ...2018 оны 03 дугаар сард намайг хардалтын улмаас нэг удаа өшиглөж байсан...” /хх-ийн 19-23/ гэсэн,

 

Шүүгдэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 5-73 тоот гэрийнхээ ойролцоо жалганд машинтайгаа зогсож байгаад хамтран амьдрагч Мөнгөнтуяаг гараад ир гэж дуудсан. Тэр үед би ажлынхаа Галбадрах гэх залуутай муудалцсан бөгөөд Мөнгөнтуяа чи хүнтэй муудалцлаа гээд өмөөрөөд байхаар нь би ажлынхаа залуутай хардаад тэлээгээр зүүн гарынх нь булчинд 2-3 удаа ороолгоод, машинаас буух гэхэд нь татаж байгаад толгойгоороо мөргөж, ундааны саваар цохисон...” /хх-ийн 36-37/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дугаар сарын 24-ний өдрийн №5340 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.Мгийн биед баруун хацар, зүүн бугалга, дал, баруун, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...”  /хх-ийн 29/ гэсэн дүгнэлт,

 

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 5/

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 7-15/,

- Шүүгдэгч Ч.Э-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой гэрч Д.Ихтэрбум, Ж.Хүлэгбаатарын нарын мэдүүлэг, бусад баримтууд /хх-ийн 25-26, 39-42/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ч.Э-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Эад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 5-73 тоотын ойролцоо жалганы хажууд хамтран амьдрагч Г.Мг хардаж, дух руу нь мөргөн, тэлээгээр ороолгож, ундааны саваар цохин, эрүүл мэндэд нь баруун хацар, зүүн бугалга, дал, баруун, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Мгийн: “...2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн үед Нисэхийн 11 дүгээр гудамжинд Эрдэнэбат дээр очих үед намайг машиндаа суулгаад жалга руу дагуулж ороод машинаасаа буулгаад духруу нэг удаа мөргөсөн, миний зүүн гарын булчин руу тэлээгээр аваад 3-4 удаа ороолгосон, ундааны саваараа толгой руу цохисон. ...Ч.Э тухайн үед архи хэрэглэсэн байсан...” /хх-ийн 19-23/ гэсэн,

Шүүгдэгч Ч.Эын: “...2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 5-73 тоот гэрийнхээ ойролцоо жалганд машинтайгаа зогсож байгаад хамтран амьдрагч Мөнгөнтуяаг гараад ир гэж дуудсан. Тэр үед би ажлынхаа Галбадрах гэх залуутай муудалцсан бөгөөд Мөнгөнтуяа чи хүнтэй муудалцлаа гээд өмөөрөөд байхаар нь би ажлынхаа залуутай хардаад тэлээгээр зүүн гарынх нь булчинд 2-3 удаа ороолгоод, машинаас буух гэхэд нь татаж байгаад толгойгоороо мөргөж, ундааны саваар цохисон...” /хх-ийн 36-37/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №5340 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.Мгийн биед баруун хацар, зүүн бугалга, дал, баруун, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”  /хх-ийн 29/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.   

 

Шүүгдэгч, хохирогч нар нь 2010 оноос хамтран амьдарсан, дундаасаа хоёр хүүхэдтэй болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй тул шүүгдэгч Ч.Э-ыг хамтран амьдрагч Г.Мгийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна. 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мөнхзул-гийн баруун хацар, зүүн бугалга, дал, баруун, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 21-23, 53/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, хохирол төлбөргүй байна.

 

Шүүхээс Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Г.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Боржигон овогт Ч.Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Э торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810010820320 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.М гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР