| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2202006460322 |
| Дугаар | 2025/ДШМ/221 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/221
2025 02 11 2025/ДШМ/221
Т.Т, Э.Б нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,
шүүгдэгч Т.Т,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Билгүүн,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Т, Э.Б нарт холбогдох эрүүгийн 2202 00646 0322 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ... овгийн ...-ын Т, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, мэргэжил.., ... ажилгүй, ам бүл .., .. нарын хамт .. дүүргийн .. дугаар хороо, .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:....../;
2. ..... овгийн ...-ийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, мэргэжил.., ... эрхэлдэг, ам бүл .., ..-ийн хамт .. дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................/;
Шүүгдэгч Т.Т, Э.Б нар нь санаатай нэгдэн бүлэглэж 2022 оны 10 дугаар сарын 11-нээс 12-ны шилжих шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “G B” рестораны орчим НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын I жагсаалт багтсан, нийт 31 ширхэг мансууруулах эмийн найрлагатай “Морфин” /Morphine/ тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
улмаар Т.Т нь 13 ширхэг “Морфин” /Morphine/ тариаг өөрийн биедээ, Э.Б нь 15 ширхэг “Морфин” /Morphine/ тариаг өөрийн эзэмшлийн “Тоёота Приус 30” маркийн 51-42 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2 ширхэг “Морфин” /Morphine/ тариаг өөрийн биедээ тус тус хадгалсан,
мөн Э.Б нь тухайн цаг хугацаанд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, Делта-9 Тетрагидроканнабинол /Delta-9 Tetrahydrocannabinol/-ийн агууламжтай, нийт 0,1252 грамм цэвэр жинтэй, “шавар” гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Т.Т, Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Т, Э.Б нарыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Б-ийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Т.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ийн цагдан хоригдсон 90 хоногийг, шүүгдэгч Э.Б-ийн цагдан хоригдсон 2 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй №1 гэсэн дугаартай цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, нийт 0,1152 грамм цэвэр жинтэй шавар мэт зүйл, хуйлсан тугалган цаас 1 ширхэг, ягаан өнгийн хуйлсан чихрийн цаас 1 ширхэг, “Морфин 1%- 1мл” гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн хуванцар савтай шингэн тариа 27 ширхэг, “Морфин 1%-1мл” гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн тарианы хуванцар сав 5 (хуванцар сав бүхий 3 ширхэг тариаг шинжилгээнд ашигласан) ширхэг, энгийн эмийн жор, Э.Д гэсэн бичиглэлтэй эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-92А дугаартай энгийн эмийн жорын маягт 1 ширхэг, “NaCi 0.9%” гэсэн бичиглэлтэй тарианы ус 2 ширхэг, зүүтэй тариур 2 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон. Гэмт хэргийн хор уршиг үр дагварыг бүрэн ойлгож ухамсарласан. Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж тус ялыг оногдуулсан хугацаанд албадлагын арга хэмжээ хүлээлгэж эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү. . ...” гэв.
Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа хүлээж оролцсон, хохирол төлбөр байхгүй зэрэг нөхцөл байдал дээр ялын хэмжээг багасгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын хүрээнд хэд хэдэн зүйлийг анхаарч өгнө үү хуульчийн хувьд санал гаргаж байгаа юм. Нэгдүгээрт, яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоол, шийтгэх тогтоолд өөр өөр бичигдсэн буюу жишээлбэл “мөс” гэх бодисыг яллагдагчаар татах тогтоолд дурдсан сүүлдээ шавар болоод явсан. Хэдийгээр гэм буруу дээр маргаагүй ч гэсэн шүүх засаж залруулж дүгнэх ёстой гэж үзэж байна. Хоёрдугаарт, сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг өгөх үеийн нөхцөл байдалтай холбоотой сонирхолтой кэйс байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Учир нь, Д гэх хүн тухайн мансууруулах бодисыг хууль ёсны зөвшөөрлөөр авсан. Машинд нь үлдээсэн үү, үлдээгээгүй юу гэдэг нөхцөл байдал үүсээд байна. Хэрэгт авагдсан Д-ийн амбулаторийн карт дээр 4 цагт 1 удаа булчинд морфин тариаг хийлгэж байгаа юм. Тэгэхээр 4 цагт 1 удаа морфин тариа хийлгэж байгаа хүнээс мэдүүлэг авахдаа мэдүүлэг өгөх чадвартай байна уу, үгүй юу гэдэг нөхцөл байдал дээр шүүх дүгнэлт хийх ёстой. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн зүгээс 4 цагт 1 удаа морфин тариа хийлгэж байгаа хүн үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэхэд эргэлзэж байна. Хэдийгээр хэргийн зүйлчлэл болон холбогдох зүйлд хамаарахгүй ч гэсэн хамаарах нөхцөл байдалтай холбоотой асуудлаар шүүх дүгнэлтээ өгч шийдвэрлэж байх ёстой. Энэ шийдвэр нь эргээд эрх зүйн хөгжилд хувь нэмэр оруулах нөхцөл байдал үүснэ гэж харж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж өгнө үү. Мөн 13 ширхгийг Т.Т-ээс, Э.Б-ийн машинаас 15 ширхэг, гэрээс нь 2 ширхэг гэхээр 30 ширхэг байхад 31 ширхэг гэж бичигдээд байгаа нь ойлгомжгүй. Үүнд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Т.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Цагдан хоригдсон 136 хоногийн хугацаанд хийсэн үйлдлээ бүрэн ухамсарлаж гэмшиж байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, Э.Б-ийн хувьд анх 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагаас гэмт хэргийг илрүүлж хойшлуулшгүй ажиллагаа хийж байсан. Үүний дараа буюу 5, 6 хоногийн дараа Э.Б, Т.Т нар Монгол Улсын хилээр гарсан. Хэрэг бүртгэлтийн явцад шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа явуулж Монгол Улсын хилээр орж ирсний дараа энэ хэрэг шийдвэрлэгдэж байгаа. Э.Б-ийн үйлдлийн хувьд морфин тариаг олж авсан. Мөн “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан тул шүүгдэгч Э.Б-д анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн үндсэн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн дурдсан 30, 31 ширхэг морфин тарианы тухайд хэргийн материалтай бүрэн танилцаад хэргийн үйл баримтаа ойлгосон бол үүний учрыг ойлгоно. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шөнө хойшлуулшгүй ажиллагаагаар хэргийн газарт үзлэг хийхэд тээврийн хэрэгслээс 1 ширхэг морфин тарианы савыг илрүүлсэн. Э.Б-ийн тээврийн хэрэгслээс дотроо тарианы шингэнтэй 15 ширхэг, биеэс нь 2 ширхэг морфин тариа, Т.Т-ийн биеэс 13 ширхэг морфин тариа, гэрээс нь хоосон 1 ширхэг морфин тарианы савыг олсон. Нийт 32 ширхэг морфин тарианы асуудал яригдаж байгаа. Хадгалсан үйлдэлд нь дотроо мансууруулах эмийн найрлагатай бодисыг агуулж байгаагаар буюу 30 ширхгээр авч үзсэн. Хойшлуулшгүй ажиллагааны явцад тээврийн хэрэгсэл болон хүний биед үзлэг хийгээд үргэлжлүүлэн Т.Т-ийн гэрт үзлэг хийхэд шүүгээн дээр байсан түүний хувцаснаас 1 ширхэг хоосон морфин тарианы сав олдсон. Э.Б, Д, Т.Т нар морфин тариаг эмийн сангаас аваад төрсөн өдрийн үйл ажиллагаа гээд тухайн өдөр Т.Т гэртээ очоогүй байдаг. Тэгэхээр тухайн өдрийн асуудлаас өмнө гэрээс нь 1 ширхэг хоосон морфин тарианы сав илэрсэн гэдэг утгаараа 31 ширхэг морфин тариа олж авсан, дотроо тарианы агууламжтай 30 ширхэг морфин тариа байсан учраас бодис агуулсан хэмжээгээр нь 30 ширхэг морфин тариаг хадгалсан гэж үзсэн. Хоёрдугаарт, өмгөөлөгчийн дурдсан яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтийн зөрүүтэй асуудлын тухайд хэрэглээний нэршлийг зөрүүтэй бичсэн. Энэ нь техникийн шинжтэй алдаа гэж прокурорын зүгээс үзэж байгаа. НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан Тетрагидроканнабинол агууламжтай бодисыг зөв тодорхойлсон. Мөн бодисын хэмжээ зөв байгаа. Иргэд буюу бидний зүгээс нэршлээр нь хэлдэг асуудал дээр “мөс”, “шавар” гэсэн нэршлийг техникийн шинжтэй алдааны улмаас бичсэн байсан. Яллах дүгнэлтэд “шавар” гэх нэршлээр бичигдсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Т.Т, Э.Б нар нь санаатай нэгдэн бүлэглэж 2022 оны 10 дугаар сарын 11-нээс 12-ны шилжих шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “G B” рестораны орчим НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын I жагсаалт багтсан, нийт 31 ширхэг мансууруулах эмийн найрлагатай “Морфин” /Morphine/ тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
улмаар Т.Т нь 13 ширхэг “Морфин” /Morphine/ тариаг өөрийн биедээ, Э.Б нь 15 ширхэг “Морфин” /Morphine/ тариаг өөрийн эзэмшлийн “Тоёота Приус 30” маркийн 51-42 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2 ширхэг “Морфин” /Morphine/ тариаг өөрийн биедээ тус тус хадгалсан,
мөн Э.Б нь тухайн цаг хугацаанд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, Делта-9 Тетрагидроканнабинол /Delta-9 Tetrahydrocannabinol/-ийн агууламжтай, нийт 0,1252 грамм цэвэр жинтэй, “шавар” гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 19/,
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Э.Б-ийн унаж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 21-26/,
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хотхоны 36в байрны 38 тоот болох Т.Т-ийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 27-30/,
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 7-4 тоот болох Э.Б-ийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 31-34/,
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Э.Б-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 35-38/,
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Э.Б-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 39-40/,
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Т.Т-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 45-46/,
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.О-ийн биед нэгжлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 47-50/,
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А.Д-ний биед нэгжлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 51-55/,
2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Э.Б-ийн гар утсанд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 61-65/,
2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Т.Т-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 66-69/,
2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Монос” эмийн сангийн “Мойл” салбарын “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн зарцуулалтын бүртгэл”-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 79-81/,
2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Монос” эмийн сангийн “Мойл” салбарын “Мансууруулах эм олгосон жор, зарлагын падан”-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 82-85/,
2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Э.Д-ийн “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 86-103/,
Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2-4в/6503 дугаартай албан бичиг, Т.Т, Э.Б нарыг эрэн сурвалжилсан талаарх баримтууд /1 хх 128, 139-141/,
гэрч А.Д-ний “...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн үед найз залуу Т түүний найз Б хоёртой Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 72 дугаар хотхоны автобусны буудал дээр уулзсан. Т, Б хоёр хоёулаа Б-ийн хар өнгийн Приус 30 маркийн машинтай явж байсан. Уулзчихаад салаад явж байтал Т Б-ийн найз охины дугаарыг явуулаад уулзаад байж бай төрсөн өдрийг нь хамт тэмдэглэе гэж хэлсэн. Тэгээд би О-тэй утсаар холбогдоход Улаанхуаранд хумсаа будуулж байна гэж ярьсан. Тэгээд би явж очсон. Тэндээсээ гараад Б-ийн төрсөн өдрийн юм бэлдээд 18 цагийн үед Б-ийн төрсөн өдөр тэмдэглэсэн газар очсон. Тэгээд төрсөн өдрийн торт авахаар гараад буцаад очиход Б, Т бусад найзууд нь ирчихсэн байсан. Ингээд 00 цаг болж байхад төрсөн өдөр тарцгаагаад Б, О хоёрын машинд суугаад Офицеруудын ордны автобусны буудалд буусан. Б, О хоёр хөдлөөд явсан. ...Тийн найзуудыг мансууруулах бодис хэрэглэдэг гэдгийг мэдэхгүй. Гэхдээ сэжиглэж байсан удаа байдаг. ...” /1 хх 165-167/,
гэрч Б.О-ийн “...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр миний хамтран амьдрагч Э.Б-ийн төрсөн өдөр болсон. Би Б-тэй танилцаад 6 жил үерхээд, 1 жил хамтран амьдарч байна. Манай ажил кино үйлдвэрт байдаг. Тэндээ найз залуу Б-ийн төрсөн өдрийн тэмдэглэхээр болоод нөхрийнхөө найзуудыг 19 цаг 30 минутад ирээрэй гэж урьсан. Тэгээд манай нөхрийн найзууд гээд 10 гаран хүмүүс ирсэн. Тэр хүмүүсийг нэг бүрчлэн нэрийг нь мэдэхгүй. Тэгээд бүгдээрээ танилцаад хоорондоо яриа өрнүүлээд хоол ундаа идэж уугаад байцгааж байгаад 00 цаг дөхүүлээд тарцгаасан. Б-ийг мансууруулах бодис хэрэглэдэг гэдгийг мэдэхгүй. Хар тамхитай тэмцэх газраас гээд хашаанд цагдаагийн албан хаагч нар орж ирэхээр нь гайхлаа. Мансууруулах бодис хэрэглэж байхыг харж байгаагүй. ...” /1 хх 171-173/,
гэрч Ц.О-ийн “...Би тухайн өдөр “Монос” мойл салбарт жор олгогчоор ажиллаж байсан. Орой 17 цаг 07 минутад Э.Д ганцаараа 60 ширхэг морфины жортой ирсэн. Тус жор нь стандартын дагуу тамга, тэмдэг, эмчийн бичсэн гарын үсэг, утасны дугаар гэх мэт бүгд бүрэн байсан. Би 60 морфиныг журмын дагуу олгосон. Төлбөрөө өөрийнхөө виза картаар төлсөн. ...” /1 хх 183-184/,
гэрч Э.Д-ийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр жороор эм авах болон валют солиулах ажилтай байсан тул 14 цагийн үед гэрээсээ гараад Б, Т хоёртой Офицеруудын ордны хажууд уулзсан. Тэгээд урт цагаан дээр очиж валют солиулах гэсэн боловч “Найман шарга” дараалал ихтэй байсан, мөн Б төрсөн өдөртэй гээд яаараад байсан болохоор нь мөнгөө солиулж чадаагүй урагшаа Бөмбөгөрийн “Монос” эмийн сан дээр очиж эм тариагаа авсан. Тухайн үед 60 ампул морфин авсан. Эмийн сангаас тариагаа авсны дараа Их дэлгүүр орчихоод пантаны хажуугийн үсчин дээр тэр хоёр намайг буулгасан. Би үсээ засуулчихаад 20 цагийн орчим Б төрсөн өдөрт урихаар нь кино үйлдвэрт байрлах ресторанд очиж нэг цаг орчим байж байгаад бие өвдөөд байсан болохоор нь тэндээс 22 цагийн орчим гараад явсан. ...” /1 хх 177/ гэсэн мэдүүлгүүд,
Э.Д-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа /1 хх 180/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5071 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан цэнхэр өнгийн асаагуурт наалдсан шавар мэт зүйл, хуйлсан тугалган цаас, ягаан өнгийн чихрийн цаас тус бүрээс Делта-9 Тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol) илэрсэн. №2 гэж дугаарласан “Морфин 1%-1мл" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл (3 таблет бүхий нийт 15 ширхэг), Э.Б-ийн биед үзлэг хийж хураан авсан гэх “Морфин 1%-1 мл" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл (1 таблет бүхий нийт 2 ширхэг), Т.Т-ийн биед үзлэг хийж хураан авсан гэх “Морфин 1%-1мл” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл (3 таблет бүхий нийт 13 ширхэг), тус бүрээс Морфин (Morphine) илэрсэн. Морфин (Morphine) нь НҮБ- ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай”, Делта-9 Тетрагидроканнабинол (Delta-9- Tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтуудад тус тус хамаарна. №1 гэж дугаарласан цэнхэр өнгийн асаагуурт наалдсан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,1252 гр байсан ба шинжилгээнд 0,01-г шинжилгээнд зарцуулав. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 198-200/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5069 дүгээр “...Tengis УИ99092511 2022.10.12” гэж хаягласан шээсний дээжээс Морфин (Morphine) илэрсэн. Морфин (Morphine) нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалтад хамаарна. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 206-208/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5070 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б 2022.10.12” гэж хаягласан шээсний дээжнээс Морфин (Morphine), Тетрагидроканнабинол (ТНС) илэрсэн. Морфин (Morphine) нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай”, Тетрагидроканнабинол (ТНС) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтуудад тус тус хамаарна. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 212-214/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5061 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.О УХ91010625 2022-10-12” гэж хаягласан шээсний дээжнээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. ...” /1 хх 217-218/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5062 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “А.Д ВЮ99052805 2022.10.12” гэж хаягласан шээсний дээжнээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. ...” /1 хх 222-224/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Т, Э.Б нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Т, Э.Б нарыг НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын I жагсаалт багтсан “Морфин” /Morphine/ тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, Т.Т-ийг 13 ширхэг “Морфин” /Morphine/ тариаг өөрийн биедээ хадгалсан, Э.Б-ийн 13 ширхэг “Морфин” /Morphine/ тариаг өөрийн биедээ хадгалсан, Э.Б-ийн “шавар” гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан тус тус үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас нийгмийн хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж, анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Шүүгдэгч Э.Б-ээс “...анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог бөгөөд тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцох учиртай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдлийг хамааруулдаг.
Мөн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог ба энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үздэг.
Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Т.Т, Э.Б нар нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын I жагсаалт багтсан “Морфин” /Morphine/ тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, Т.Т-ийн 13 ширхэг “Морфин” /Morphine/ тариаг өөрийн биедээ хадгалсан, Э.Б-ийн 13 ширхэг “Морфин” /Morphine/ тариаг өөрийн биедээ хадгалсан, Э.Б-ийн “шавар” гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан тус тус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн эрх зүйд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд болон шууд бус санаатай гэж ангилдаг ба шууд санаатай нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдсэнийг хэлдэг бол шууд бус санаатай нь гэмт этгээд нь өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг ойлгодог.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Т-эд 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Б-д 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Э.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Т, Э.Б нар нь шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 46 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т, Э.Б нарын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 46 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР