| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2026/0048/З |
| Дугаар | 110/ШШ2026/0094 |
| Огноо | 2026-07-21 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 110/ШШ2026/0094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ногооннуур сумын Засаг дарга М.Т,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч К.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Хуралай нарын хоорондын сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Т, түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч аймгийн Засаг даргын орлогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч М.Т нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчид холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар “Ногооннуур сумын Засаг дарга М.Тд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгох”-оор маргаж байна.
2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3,65.3.1-т заасныг баримтлан Ногооннуур сумын Засаг дарга М.Тд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
3.Уг 2026 оны Б/08 дугаар захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс тус шүүхэд 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Миний бие М. Т нь Ногооннуур сумын Засаг даргаар ажилладаг. Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч К.Баас миний нэр дээр хаяглаж 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/97 дугаартай “Тайлбар ирүүлэх тухай" албан бичгийг ирүүлсэн. Тухайн албан бичигт Ногооннуур сумын суурь зарлагад төсвийн зохицуулалт хийсэн талаар тайлбар, эдийн засгийн тооцоо, өөрчилсөн төсвийн тооцоолол, тус байгууллагын ирүүлсэн санал зэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлэхийг мэдэгдье гээд Засаг даргын орлогч тухайн өдрийн 17:19:32 цагт гарын үсэг зурж, баталгаажуулсан байсан. Дээрх албан бичгийг бид хүлээж аваад тухайн албан бичигт заасан хугацаа өнгөрсөн, ажлын цаг дуусаад холбогдох судалгаа гаргах ёстой хүмүүс нь ажлаас тараад явсан, ирүүлэх ёстой төсвийн тооцоолол, эдийн засгийн тооцоо, санал зэрэг нь тодорхой тооцоо судалгаа, цаг хугацаа шаарддаг учир хариу мэдэгдээгүй. Дараа нь 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дээрх асуудлаар дахин хариу ирүүлэх албан бичиг ирүүлсэн. Тухайн албан бичигт 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/27 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэн.
Хоёрдугаарт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх гэж байгаа. Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах” гэж заасан. Иймд миний бие Засаг даргын хувьд өргөн мэдүүлж, төсвийг хэлэлцүүлэхээр оруулсан байгаа. Энэ төсвийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж өгсөн. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт ”Бүх шатны Засаг дарга тухайн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасан.
Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар надад аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/97 дугаар албан бичгээр өгсөн үүрэг даалгаврын талаар тооцоо судалгаатай үндэслэл бүхий хариу тайлбарыг ирүүлээгүй үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулж, аймгийн Засаг даргын орлогч К.Б гарын үсэг зурсан байв.
Засаг даргын дээрх шийдвэр нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа учир эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь өөрсдөө тодорхой тооцоо судалгаа, цаг хугацаа шаардагдах эдийн засгийн тооцоо, төсвийн тооцоолол, санал зэргийг ирүүлэх албан бичгийг ажлын цаг өнгөрсний дараа хүргүүлсэн. Мөн тухайн албан бичигт хариуг 1 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө ирүүл гэж дурдсан мөртлөө албан бичигт 1 дүгээр сарын 16-ны өдрийн 17:19:32 цагт гарын үсэг зурж баталгаажуулан дараа нь хүргүүлсэн. Энэ нь тухайн албан бичигт дурдсан асуудлуудыг заасан хугацаанд хүргүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа бөгөөд энэ нь намайг буруутгах үндэслэл болохгүй.
Иймд миний нэхэмжлэлийг зохих хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэж миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Ногооннуур сумын Засаг дарга М.Тд сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 тоот захирамжаар М.Тд аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/97 дугаар албан бичгээр өгсөн үүрэг даалгаврын талаар тооцоо судалгаатай, үндэслэл бүхий хариу тайлбар ирүүлээгүй үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Аймгийн Засаг даргын орлогчийн гарын үсэгтэй 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/97 тоот албан бичиг тухайн өдрийн 17 цаг 19 минут 32 секунд гарын үсэг зурж баталгаажуулж, тэндээсээ сүлжээгээр хүргүүлсэн байдаг.
Уг албан бичигт сумын суурь зарлагад төсвийн зохицуулалт хийсэн талаар тайлбар, эдийн засгийн тооцоо, өөрчилсөн төсвийн тооцоолол, тус байгууллагын ирүүлсэн санал зэргийг 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө Санхүү төрийн сангийн хэлтэст ирүүл гэж дурдсан байсан. Эдгээр ажлууд нь тодорхой судалгаа, цаг хугацаа шаардлагатай ажил байгаа, гэтэл тухайн үед ажлын цаг нь өнгөрсөн, ажил тараад явсан, 5 дахь өдөр байсан. Энэ дээр ямар ч үндэслэлгүйгээр 01 дүгээр сарын 16-ны өдрийн дотор ирүүл гээд дурдаж байгаа нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа. Мөн тухайн албан бичиг утга найруулгын хувьд алдаатай байгаа. Тус байгууллагын ирүүлсэн санал гээд дурдаж байгаа, ямар байгууллага гэдэг нь тодорхой бус юм. Уг албан бичгийг боловсруулахад эхнээс нь эхлээд үндэслэл муутай албан бичиг явуулаад, үүгээр Засаг даргыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.
Сумын төсвийг боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх нь сумын Засаг даргын үүрэг гэдэг нь тодорхой. Нэгэнт тухайн төсвийг оруулсны дараа тухайн төсвийг хэлэлцэн батлах нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх байгаа,энэ талаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тодорхой заасан. Оруулсан төсөвт өөрчлөлт оруулж, ангиллыг өөрчилсөн асуудал дээр Засаг даргыг буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Нэгэнт тухайн сумын Хурлаас баталсан төсвийг өөрчлөх эрх нь өөр ямар нэгэн албан тушаалтанд байхгүй. Төсөв өөрчлөлттэй батлагдсан асуудлыг сумын Засаг даргаас тодруулга авахаас илүүтэйгээр тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нь тодруулж, асуудлыг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байгаа.
Аймгийн Засаг даргын орлогч К.Б гарын үсэг зураад сахилгын шийтгэл ноогдуулсан байгаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар аймгийн Засаг дарга буюу дээд шатны Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрх нь байгаа. Гэтэл Засаг даргын орлогч нь Засаг даргын нэрийн өмнөөс сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь бас хууль бус гэж үзэж байна.
Засаг даргын орлогчтой холбоотой Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ганцхан зохицуулалт байгаа. Хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт “Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заасан. Тухайн үед Засаг дарга эзгүй байсан бол бүрэн эрхийг шилжүүлсэн ямар нэгэн эрхийн акт гарсан байх ёстой. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тухайн үед Засаг дарга эзгүй байсан, эсвэл Засаг даргын орлогчид Засаг дарга бүрэн эрхээ шилжүүлсэн ямар нэгэн эрхийн акт байхгүй байна. Нэгэнт Засаг дарга бүрэн эрх шилжүүлээгүй нөхцөлд Засаг даргын орлогч нь сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.
5.Хариуцагч хариу тайлбартаа:
“2026 оны орон нутгийн төсөв батлагдсантай холбогдуулан зарим сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар төсвийг хэлэлцэн батлах явцад сумын суурь орлого, зарлагыг тооцоо, судалгаагүйгээр нэмэгдүүлж, бүлэг хооронд шилжүүлэн баталсан зөрчил илэрсэн тул 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр суурь орлого, зарлагыг нэмэгдүүлэн баталсан талаар тайлбар ирүүлэхийг хүссэн албан бичгийг Ногооннуур сумын Засаг даргад хүргүүлсэн болно.
Төсвийг батлуулахдаа холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн танилцуулах шаардлагатай бөгөөд бэлэн байгаа тооцоо судалгааг тухайн өдөрт багтаан ирүүлэх боломжгүй байсан ч 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хариу ирүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч дээрх хугацаанд хариу ирүүлээгүй бөгөөд удаа дараа шаардсаны үндсэн дээр 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 01/27 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн боловч уг хариу нь үндэслэлгүй ирүүлсэн байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэн Марагуланы өгсөн гэрчийн мэдүүлгээр 1,2,3 дугаар цэцэрлэгийн түлш халаалтын зардлаас хасаж, 35,000,000 төгрөгөөр бууруулж өр үүссэн нөхцөл байдал бас гарсан. Тухайн үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шатахуун болон бусад цалин хөлс дээр нэмж баталсан, Тамгын газар дээр мөн адилхан ийм төгрөгийг нэмж баталж, тухайн сумын төсөвт байгууллагуудад өр үүсгэсэнтэй холбоотой сануулах арга хэмжээ авсан. Тэгэхээр хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Ты “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар “Ногооннуур сумын Засаг дарга М.Тд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлтэй байна.
2. Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.3.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/97 дугаар албан бичгээр өгсөн үүрэг даалгаврын талаар тооцоо судалгаатай үндэслэл бүхий хариу тайлбарыг ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр Ногооннуур сумын Засаг дарга М.Тд сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 109 дүгээр “Аймгийн 2026 оны төсөв батлах тухай” тогтоолын 4 дэх заалтаар аймгийн төсвөөс сумдын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг баталсан, Ногооннуур сумын хувьд суурь орлого 1,255,663.5 мянган төгрөг, суурь зардал 2,092,854.4 мянган төгрөг, аймгийн төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 837,109.9 мянган төгрөгөөр тус тус батлагдсан байна.
Суурь зардлын хувьд /2,092,854.4 мянган төгрөг/ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 215,282.4 мянган төгрөг, сумын Засаг даргын Тамгын газар 900,844.4 мянган төгрөг, баг хорооны үйл ажиллагааны зардал 492,575.6 мянган төгрөг, сургуулийн өмнөх боловсролын тогтмол зардал 87,552.0 мянган төгрөг, ерөнхий боловсролын сургуулийн тогтмол зардал 341,880.0 мянган төгрөг,соёлын байгууллагуудын байр ашиглалттай холбоотой тогтмол зардал 13,000.0 мянган төгрөг, эрүүл мэндийн байгууллагын байр ашиглалттай холбоотой тогтмол зардал 41,720.0 мянган төгрөг гэж тус тус батлагдсан.
Харин Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар “Ногооннуур сумын 2026 оны төсөв батлах тухай” тогтоолын 3 дахь заалтаар сумын 2026 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 280,282.4 мянган төгрөг, Засаг даргын Тамгын газар 1,138,270.4 мянган төгрөг, багийн Засаг дарга 492,575.6 мянган төгрөг, сургуулийн өмнөх боловсролын тогтмол зардал 52,826.0 мянган төгрөг, ерөнхий боловсролын сургуулийн тогтмол зардал 165,880.0 мянган төгрөг,соёлын төв, эрүүл мэндийн төвийн тогтмол зардал 43,020.0 мянган төгрөг, нийт 2,172,854.4 мянган төгрөг гэж баталсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 33-42,53-58,62-63,66-74 дэх тал/ тус тус тогтоогдсон болно.
Дээрх байдлаар Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 35 дугаар тогтоолоор сумын 2026 оны төсвийг батлахдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын төсвийн суурь зарлагыг нэмэгдүүлж, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, соёлын төв, эрүүл мэндийн төвийн тогтмол зардлыг тус тус бууруулж баталсан буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан суурь зардлаас өөрчилж баталсан болох нь тогтоогдож байна.
4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 59.1.4.сумын төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах” гэж, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:14.2.1.жилийн төсвийн хязгаарт багтаан төсвийн төслийг боловсруулах”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч орон нутгийн төсвийн төслийг боловсруулж, энэ хуулийн 67.2-т заасан танилцуулгын хамт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ” гэж тус тус зохицуулжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 52,91-92,112 дах тал/ Ногооннуур сумын Засаг дарга М.Таас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 109 дүгээр “Аймгийн 2026 оны төсөв батлах тухай” тогтоолын дагуу Ногооннуур сумын 2026 оны төсвийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн, харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар сумын төсвийг хэлэлцэж, дээрх байдлаар Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд өөрчлөлт оруулж баталсан болох нь тус тус тогтоогдсон болно.
5. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон аймгийн Засаг даргын /орлогч гарын үсэг зурсан/ 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/97 дугаар албан бичгээр “2026 оны орон нутгийн төсвийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн баталж, сумдад төсвийн суурь орлого, зарлагын хэмжээг хүргүүлсэн. Уг шийдвэрийн хүрээнд Ногооннуур сумын суурь зарлагад төсвийн зохицуулалт хийсэн талаар тайлбар, эдийн засгийн тооцоо, өөрчилсөн төсвийн тооцоолол, тус байгууллагын ирүүлсэн санал зэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлэх”-ийг хүссэн.
Уг албан бичгийг https://erp.e-mongolia.mn/ нэгдсэн системээр явуулснаар Ногооннуур сумын Засаг даргын тамгын газар нь 2026 оны 01 дүгээр сарын 16-ны /баасан гараг/ өдрийн 17:37 цагт хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр /даваа гараг/ сумын Засаг дарга М.Тд танилцуулсан, улмаар аймгийн Засаг даргын /орлогч гарын үсэг зурсан/ 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2/358 дугаар албан бичгээр “...2026 оны 2/97 дугаар албан бичгийн хариу ирүүлээгүй, аймгийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцлага тооцох, сонсох ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдэж, 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор тайлбар ирүүлэх” -ийг мэдэгдсэн,нэхэмжлэгч М.Таас 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/27 дугаар албан бичгээр “Сумын төсвийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн ба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд баталж өгсөн. 2026 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийн хүрээнд захиран зарцуулж байгаа” гэсэн хариу хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 2,3,49,50,75-77,102 дах тал/ тус тус тогтоогдож байна.
Мөн дээрх 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/97 дугаар албан бичгийг төлөвлөсөн гэрч аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төвийн мэргэжилтэн Б.Марагуланаас “...Дээрх 2026.01.16-ны өдрийн 2/97 дугаар албан бичгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвөөс Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийнхөө сумын төсвийг батлахдаа зарим зардлыг нэмэгдүүлсэн, зарим зардлыг хасаж баталсан үндэслэлийн талаар тайлбар, тооцоо судалгаа, мөн холбогдох сургууль, цэцэрлэг зэрэг төсвийн байгууллагуудаас ирүүлсэн санал зэргийг ирүүлэхийг шаардсан Тухайн албан бичгийг миний бие төлөвлөсөн ба уг бичгийн дагуу хариуг 2026.01.19-ний өдөр ирүүлэх гэж бичих ёстой байсан боловч техникийн алдааны улмаас хариу ирүүлэх хугацаа нь буруу бичигдсэн байна. Тухайн албан бичгийг сумын Засаг даргад хаяглаж явуулсан үндэслэл нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1.жилийн төсвийн хязгаарт багтаан төсвийн төслийг боловсруулах; 67 дугаар зүйлийн 67.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч орон нутгийн төсвийн төслийг боловсруулж, энэ хуулийн 67.2-т заасан танилцуулгын хамт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ гэж Засаг даргын эрх хэмжээний талаар заасан. Мөн Төсвийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2. Төсвийн төслийн танилцуулгад дараах зүйлийг тусгана: 32.2.12.төсвийн тусгай шаардлагад болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцэж байгаа талаарх тайлбар: 57 дугаар зүйлийн 57.2. Орон нутгийн төсвийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн хуульд нийцүүлэн алдагдалгүй төлөвлөн баталж, хэрэгжүүлнэ. гэж тус тус зааснаар сумын Засаг даргын боловсруулсан сумын төсвийн төсөл нь хуульд заасан шаардлагуудыг хангасан байх ёстой. Гэтэл дээрх байдлаар Ногооннуур сумын Засаг даргын боловсруулсан орон нутгийн төсвийн төслийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас алдагдалтай төсөв баталсан байна. Иймээс аймгийн Засаг даргаас дээрх алдагдалтай төсвийг баталсан үндэслэлийн талаар тодруулах, хэрэв үндэслэл нь ямар нэгэн тооцоо судалгаагүй, үндэслэлгүй байгаа тохиолдолд төсвийг өөрчлөн батлах буюу дахин батлуулах зорилгоор дээрх албан бичгийг явуулсан байгаа” гэж гэрчийн мэдүүлэг өгсөн.
6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус зохицуулсан.
7. Гэтэл дээрх байдлаар 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө тайлбар, холбогдох баримтыг ирүүлэхийг шаардаж мөн өдөр буюу 01 дүгээр сарын 16-ны өдөр явуулсан аймгийн Засаг даргын албан бичиг нь утга, агуулгын хувьд ойлгомжгүй байгаагаас гадна Ногооннуур сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өөрчлөлт оруулж баталсан байхад уг нөхцөл байдлыг тогтоохгүйгээр, Ногооннуур сумын Засаг даргын боловсруулсан орон нутгийн төсвийн төслийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас алдагдалтай төсөв баталсан гэж үзэж, энэ талаар тайлбар, тооцоо зэргийг ирүүлэхийг сумын Засаг даргаас шаардаж, улмаар уг шаардсан албан бичгийн хариуг “тооцоо судалгаатай, үндэслэл бүхий ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй байна гэж үзлээ.
8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 59.1.23.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, 64 дүгээр зүйлийн 64.5-д “Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно: 65.1.3.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн”, 65.3-т “Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад энэ хуулийн 65.1-д заасныг үндэслэн тухайн шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:65.3.1.сануулах”,66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зохицуулсан.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “Тухайн үед аймгийн Засаг дарга нь Улаанбаатар хотод албан томилолттой байсан. Засаг даргын орлогчийг томилсон аймгийн Засаг даргын шийдвэрт эзгүй үед миний эрхийг эдэлж, үүргийг нь хүлээнэ гэсэн өгүүлбэрийг нэг заалт болгож оруулж өгдөг” гэсэн тайлбар гаргасан боловч дээрх зохицуулалтуудаас үзэхэд доод шатны Засаг даргад хариуцлага тооцож, сахилгын шийтгэл ногдуулах нь дээд шатны Засаг даргын бүрэн эрхэд хамаарах бөгөөд Засаг даргын орлогчийн хувьд Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан тохиолдолд л Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.
Гэтэл аймгийн Засаг дарга Е.Зангар нь бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад, мөн аймгийн Засаг даргаас хуульд заасан бүрэн эрхээ шилжүүлэх талаар шийдвэр гаргаагүй байхад аймгийн Засаг даргын орлогч К.Баас Ногооннуур сумын Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулсан нь эрх хэмжээгүй этгээдээс буюу өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан илт хууль бус шийдвэр гэж үзэхээр байна.
10.Дээрх байдлаар Ногооннуур сумын Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3,65.3.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар “Ногооннуур сумын Засаг дарга М.Тд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаруулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЕРКЕШ