Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/02341

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/02341

 

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 102/ШШ2017/02376 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

Зорчигч үйлчилгээний төвийн даргын ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 11 384 195 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1989 онд Оросын Холбооны улсын Ленинград хотын Төмөр замын дээд сургуулийг төгсч ирсэн цагаас хойш хариуцагч байгууллагад 27 жил 6 сар ажилласан. Улмаар Зорчигч тээврийн албаны орлогч даргаар ажиллаж байгаад 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Зорчигч үйлчилгээний алба болон өөрчлөгдөхөд даргаар, 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр зорчигч үйлчилгээний төв болон өөрчлөгдөхөд даргаар нь тус тус томилогдон ажилласан. Гэтэл Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б-I-100 тушаалаар бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн гэх үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг албан тушаалыг эрхэлж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй. Зорчигч тээврийн алба 1994 онд байгуулагдаж, зорчигчид үйлчлэх бүх үйлчилгээг хариуцдаг байсныг 2016 онд худалдааны ажлыг нэмэн бүтцийг баталж, Зорчигч үйлчилгээний төвийг байгуулж ажиллуулсан. Нэг жилийн дараа худалдааг буцаан салгаж, 2 алба болгосон бөгөөд нэг даргатай байсныг алба тус бүр даргатай байхаар орон тоо баталсан. Зорчигч үйлчилгээний төв гэсэн нэрийг нь өөрчилсөн болохоос Зорчигч тээврийн алба нь зорчигчийн үйлчилгээг хариуцдаг байсан ажлаа үргэлжлүүлэн хариуцаж байгааг тус албаны даргын ажлын байрны тодорхойлолт, Зорчигч тээврийн албаны даргаар томилогдсон ХХХХ-ийн ажлын байрны тодорхойлолт нотлоно. Бүтцийн өөрчлөлт хийсэн, даргаар үлдээж өгөөч гэсэн өргөдлөө өг гэхээр нь би өргөдөлөө бичиж өгсөн. Гэтэл ажлаас чөлөөлсөн. Шинээр томилогдсон ХХХХ нь Увсын хүн, намын томилгоо тул та ажиллахгүй болсон гэж мэдэгдсэн. Зорчигч үйлчилгээний төв татан буугдаагүй, бүтцийн өөрчлөлт хийсэн гэж үзэж байгаа тул намайг даргын ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоож, Зорчигч тээврийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Би сард дунджаар 2 277 923 төгрөгийн цалинтай байсан тул ажилгүй байсан 4 сар 12 хоногийн олговорт 11 384 195 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Улаанбаатар төмөр замын нийгэмлэгийн ерөнхий хорооноос баталсан бүтцийн дагуу Зорчигч үйлчилгээний төвийг татан буулгаж, Зорчигч тээврийн албыг байгуулсан. Татан буулгасан Зорчигч үйлчилгээний төвийн бүтэц нь хэт нүсэр, үр дүнтэй ажиллах боломжгүй, зорчигчид түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх чадваргүй, хэвийн ажиллах боломжгүй болох нь тодорхой болсон тул татан буулгах шийдвэр гаргасан. Шинээр байгуулагдсан Зорчигч тээврийн алба нь бие даасан санхүүгүй удирдах газрын дотоод нэгж болж, 22 хүний орон тоотой болж батлагдсан. Дээрх бүтцийн өөрчлөлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэг сарын өмнө буюу 2017 оны 3 дугаар сарын 7-нд мэдэгдэх хуудас өгч, 2017 оны 4 дүгээр сарын 4-нд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. нэхэмжлэлд бичсэн байгаачлан нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан зүйл байхгүй бөгөөд түүнд гэнэт ажлаас халагдсны 2 сарын тэтгэмжийг өгсөн. Хариуцагч замын даргын Б-1-100 дугаар тушаал нь хууль хэрэглээний алдаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг зөв баримталсан тушаад болсон тул түүнийг уг ажилд эгүүлэн томилох үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ХХХХ-д  холбогдох Зорчигч  үйлчилгээний төвийн  даргын ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 11 384 195 төгрөгийг гаргуулах, халагдсан хугацаанд нийгмийн даатгал, эрүүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилтийг хийхийг даалгуулах  тухай нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ХХХХ давж заалдах гомдолдоо:

... Зорчигч үйлчилгээний төвийг Зорчигч тээврийн алба нэршилтэй дотоод бүтцийн нэгж болгон ажиллуулсан нь хариуцагчийн тайлбар, тушаалуудаар нотлогдож байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Зорчигч тээврийн алба болгон өөрчилсөнөөр даргын орон тоог хасагдсан гэх боловч миний ажил албан түшаал хэвээр хадгалагдаж байгаа. Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн дугаар А-71 тоот зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх тухай тушаалаар Зорчигч тээврийн албыг байгуулсан. Миний ажил албан тушаалд одоо н.ХХХХг томилон ажиллуулж байгаа. Зорчигч тээврийн алба нь татан буугдаагүй, ажил албан тушаалуудын орон тоо хасагдаагүй, цөөрүүлээгүй хэвээр хадгалагдаж байгаа. Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар А-95 дугаар Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаал гаргасан ба Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А-35 тоот тушаалаар Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төвийн дүрмийг баталсан. Уг дүрэм одоо ч Зорчигч тээврийн албанд хэвээр үйлчилж байна. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Миний хариуцсан албаны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд орон тоо цөөрөөгүй, хасагдаагүй, татан буугдаагүй, харин даргын ажил албан тушаалд өөр этгээдийг томилсон болохыг нотолсон баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх хэт нэг талын байр суурийг хамгаалж, хариуцагчийн эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргасан байна. Тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлана гэж заасан болохоос татан буугдсан гэх үндэслэл заагаагүй, хуулийн зохицуулалтын аль үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь тодорхой бус байхад шүүх татан буугдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Шүүхэд ХХХ-ийн ажлын байрны тодорхойлолт-ыг нотлох баримтаар гаргуулан Зорчигч тээврийн албаны одоогийн даргын ажлын байрны тодорхойлолттой харьцуулах шаардлагатай тул хариуцагчаас уг баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ нь ХХХ-ийн хувийн хэрэг алга болсон гэсэн үндэслэлгүй тайлбар хийж нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Мөн Зорчигч тээврийн алба шинээр дүрэм гаргаж батлаагүй, Зорчигч үйлчилгээний төвийн дүрмийг мөрдөн ажиллаж байгаа нь миний ажлын байрны орон тоо, ажил үүрэг хэвээр байгаа гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Манай төвийг татан буулгаагүй зохион байгуулалтанд өөрчлөлт хийсэн байхад ажил олгогчийн зүгээс надад ажлын байр санал болгохгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа ХХХХг ажлаар хангах асуудлыг шийдвэрлэж байгаа гэсэн худал тайлбар гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн дугаар 102/ШШ2017/02376 тоот шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан Зорчигч  үйлчилгээний төвийн даргын ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 384 195 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч түүний ажиллаж байсан байгууллага татан буугдсан гэсэн үндэслэл зааж маргажээ.

Нэхэмжлэгч ХХХХ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зорчигч үйлчилгээний төв татан буугдаагүй, бүтцийн өөрчлөлт хийгдсэн гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн А-05 тоот бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай тушаалаар Зорчигч үйлчилгээний албыг татан буулгаж, шинээр бие даасан баланстай Зорчигч үйлчилгээний төв болгон өөрчлөн байгуулжээ. /хх-ийн 21-22 тал/

Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А-71 тоот тушаалаар Тээвэрлэлт удирдлагын төв, Тээврийн үйлчилгээний төв, Зорчигч үйлчилгээний төвийг татан буулгаж, шинээр Тээвэр зохион байгуулалтын алба, Зорчигч тээврийн албыг балансгүйгээр тус тус байгуулсан байна. Зорчигч үйлчилгээний төвийн бүтэц зохион байгуулалтыг бүдүүвч зургаас үзэхэд тус төв нь 6 нэгжийг тухайлбал, тасалбарын төв, зорчигч үйлчилгээний буудал, зэхэлт бэлтгэлийн контор, УБ дахь Вагон депо, тээш худалдааны, нийтийн хоолны төв-ийг тус тус харъяалан ажиллаж байсан байх бөгөөд шинээр байгуулагдсан Зорчигч тээврийн алба нь УБ дахь вагон депо, Улаанбаатар үйлчилгээний төв буудал, тасалбар худалдах төвийг тус тус хариуцан ажиллах болжээ. Өөрөөр хэлбэл Зорчигч үйлчилгээний төв нэрийн доор зургаан /6/ нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А-95 тоот тушаалаар Зорчигч тээврийн алба нэрийн доор гурван /3/ нэгж үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 23, 64-67 тал/

Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4-д Хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаар хуулийн этгээдийг татан буулгана гэж заасан байх тул Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А-71 тоот тушаалаар Зорчигч тээврийн төвийг татан буулгасан гэж үзнэ.

Анхан шатны шүүх Зорчигч тээврийн төв нь Зорчигч тээврийн алба болон өөрчлөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй тухайн нэгж татан буугдаж, өөр байгууллага, нэгж болсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажилтанг ажлаас чөлөөлөх журамтай байдаг. Дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг хүлээсэн бөгөөд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид 1 сарын өмнө өгсөн болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

Иймээс ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгч ХХХХтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсаныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч ХХХХ давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ ...ажилтнуудыг бөөнөөр нь халж байгаа тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой байсан боловч хуулийн уг хугацааг баримтлаагүй гэсэн байгаа боловч дээрх заалтаар ажилтнуудыг бөөнөөр халах тохиолддолд уг заалт хэрэгжихээр журамтай байх тул нэхэмжлэгчийг бөөнөөр халагдаж байгаа ажилтнуудын төлөөлөл гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, хувь хүнд буюуу өөрт нь 30 хоногийн өмнө мэдэгдсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангах боломжгүй гэж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 102/ШШ2017/02376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХХ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

  

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО