Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 313

 

                   

 

 

                  

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч  Б.Баярхүү /томилолтоор/, шүүгдэгч Э.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Элгэн овогт Э.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810011460371 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, өвөө, эгч, хоёр дүүгийн улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Э овогт Э.Л

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Л нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны урд талын явган хүний зам дээр иргэн Г.Бийг явж байхад хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар гар утсыг нь булаан авсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэлд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Э.Л: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны орой гэртээ харих замд буюу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 8 дугаар байрны урд талын явган хүний замаар зүүнээс баруун тийш утсаар яриад явж байхад гэнэт гараас гар утас шүүрээд баруун зүг рүү гүйгээд явсан. Би араас нь гүйгээд гүйцэхгүй байхад сааданд сууж байсан хоёр банди яасан ах гэхээр нь гар утас булаагаад зугтчихлаа гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Тэр хоёр банди утас авсан залуугийн араас хөөгөөд, би араас нь гүйгээд очиход 51 дүгээр байрны дундуур нөгөө цагаан куртиктэй залуу ороод зугтчихсан...” /хх-ийн 19-22/ гэсэн,

 

Гэрч Б.Очирбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 22 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, саарлын 7 дугаар байрны хойд талын сааданд найз Дөлгөөний хамт сууж байсан чинь 7 дугаар байрны хойд талаар баруун зүгт цагаан өнгийн куртиктэй залуу гүйгээд, араас нь нэг ах хөөе, байж бай, цагдаад өгнө шүү, гээд хашгираад хөөж байсан. Тэгэхээр нь Дөлгөөн бид хоёр цагаан өнгийн куртиктэй залуугийн араас хөөгөөд 7 дугаар байрны баруун талаар урагш хөөхөд нөгөө залуу 51 дүгээр байрны хойд талаар ороод алга болчихсон. Тэгээд Дөлгөөн бид хоёр буцаад нөгөө хөөж байсан ахтай уулзахад утсаар яриад явж байхад утсыг нь шүүрээд зугтаасан гэж хэлсэн...” /хх-ийн 24-26/ гэсэн,

 

Гэрч А.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагаааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 22 цаг 50 минутын үед Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, саарлын 7 дугаар байрны хойд талын сааданд найз Очирбатын хамт сууж байхад нэг ах 7 дугаар байрны хойд талаар хөөе, цагдаад хандана гэж хашгираад нэг бандийг хөөж байсан. Тэгэхээр нь найз Очирбатын хамт зугтааж байсан хүүхдийн араас хөөгөөд 51 дүгээр байрны дундуур ороод алдчихсан. Тэгээд буцаж очоод нөгөө ахтай уулзахад гар утсыг нь шүүрээд зугтаасан гэж хэлсэн...” /хх-ийн 27-29/ гэсэн,

 

Гэрч П.Цолмон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 22 цаг өнгөрч байхад Лхагвадоржтой хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 8 дугаар байрны гадаах сааданд сууж байхад гэнэт Лхагвадорж гүйчихээр нь гайхаад харж байтал гүйгээрэй гэхээр нь дагаад гүйсэн чинь нэг хүний гар утсыг шүүрээд зугтаачихсан. Тэгэхээр нь таньдаг хүнийхээ юмыг аваад тоглож байгаа юм байна даа гэж тухайн үед бодсон. Лхагвадорж тухайн үед хүний гар утас шүүрнэ гэж огт хэлээгүй...” /хх-ийн 34/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 22 цаг өнгөрч байхад найз Цолмонгийн хамт явж байгаад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 8 дугаар байрны ард нэг настай ах утсаар яриад явж байхаар нь би гараас нь утсыг нь шүүрч аваад Цолмонг гүйгээрээй гэж хэлсэн. Цолмон намайг гар утас шүүрч авах гэж байгааг мэдээгүй, би тухайн гар утсыг барьж байгаад дэлгэц нь шатчихаар нь хаячихсан...” /хх-ийн 42-43/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-37/,

- Шүүгдэгч Э.Лийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47-48/

- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 56/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Лид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Л-ид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Л нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны урд талын явган хүний зам дээр хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар иргэн Г.Бийн гар утсыг нь авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Бийн “...2018 оны 05 дугаар сарын 02-ны орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 8 дугаар байрны урд явган хүний замаар зүүнээс баруун тийш утсаар яриад явж байхад гэнэт гараас гар утас шүүрээд баруун зүг рүү гүйгээд явсан. Би араас нь гүйгээд гүйцэхгүй байхад сааданд сууж байсан хоёр банди яасан ах гэхээр нь гар утас булаагаад зугтчихлаа гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 19-22/ гэсэн,

Гэрч П.Цолмонгийн “...2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 22 цаг өнгөрч байхад Лхагвадоржтой хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 8 дугаар байрны гадаах сааданд сууж байхад гэнэт Лхагвадорж гүйчихээр нь гайхаад харж байтал гүйгээрэй гэхээр нь дагаад гүйсэн чинь нэг хүний гар утсыг шүүрээд зугтаачихсан. Тэгэхээр нь таньдаг хүнийхээ юмыг аваад тоглож байгаа юм байна даа гэж тухайн үед бодсон. Лхагвадорж тухайн үед хүний гар утас шүүрнэ гэж огт хэлээгүй...” /хх-ийн 34/ гэсэн,

Шүүгдэгч Э.Лийн “...2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 22 цаг өнгөрч байхад найз Цолмонгийн хамт явж байгаад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 8 дугаар байрны ард нэг настай ах утсаар яриад явж байхаар нь би гараас нь утсыг нь шүүрч аваад Цолмонг гүйгээрээй гэж хэлсэн. Цолмон намайг гар утас шүүрч авах гэж байгааг мэдээгүй, би тухайн гар утсыг барьж байгаад дэлгэц нь шатчихаар нь хаячихсан...” /хх-ийн 42-43/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.Лийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мөнхбатад 220,000 төгрөгийг хохирол учирсан, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 56/ гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх, шүүгдэгч Э.Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй түүний хувийн байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овогт Э.Лбусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд Э.Л-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг  хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Л нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Э.Лид анхааруулж мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн 1810011460371 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Э.Л нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Д.АЛТАНЖИГҮҮР