Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/220

 

 

 

 

 

 

  2025             02           11                                           2025/ДШМ/220

 

 

                                               Н.Т-д холбогдох эрүүгийн

         хэргийн тухай  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Цэрэнтогтох,

шүүгдэгч Н.Т-ын өмгөөлөгч Ш.Мөнхцацрал,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1039 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Т-ын өмгөөлөгч Ш.Мөнхцацралын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Т-д холбогдох 2409000000557 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ...-ийн Т, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ... төрсөн, э..эгтэй, .. настай, .. боловсролтой, .. мэргэжилтэй, ... дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт Цахим тоглоомын газар ажиллуулдаг ажилтай, ам бүл .., ..-ийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................../,

Шүүгдэгч Н.Т нь 2024 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө .. дүүргийн .. дугаархорооны нутаг дэвсгэрт “I” нэртэй цахим тоглоомын газарт өрөө өгөөгүй гэх шалтгаанаар хохирогч Б.У-ыг цохиж эрүүл мэндэд нь “нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Н.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Н.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Т-ын өмгөөлөгч Ш.Мөнхцацрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Н.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно хэмээн дүгнэсэн.

 Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан ... учруулсан хохирлыг төлсөн болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” хэмээн заасан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж тус тус заасан.

Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлан ойлгож байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч болон түүний ээжтэй уулзан буруутай үйлдэлдээ уучлалт гуйж, улмаар хохирогчийн зүгээс гомдол саналгүй, шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх, чөлөөлөхөөс татгалзах зүйлгүй талаар дурьдсан бичгийн баримт зэргийг харгалзан үзэхгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь эрүүгийн хуулийн зорилго, шудрага ёсны зарчимд нийцээгүй хэмээн үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч мэдүүлдэг бөгөөд шүүхээр хэргийг шийдвэрлэхэд мөн л гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулах саналаа илэрхийлсний үндсэн дээр шүүх хуралдаан нэг үе шаттай явагдсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар зохицуулсан байтал анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх, чөлөөлөх боломжтой нөхцлийг хэрэглээгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Т-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад нийцэж байх тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1039 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Цэрэнтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Т-д оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Н.Т нь 2024 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө .. дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт “I” нэртэй цахим тоглоомын газарт өрөө өгөөгүй гэх шалтгаанаар хохирогч Б.У-ыг цохиж эрүүл мэндэд нь “нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн өвчний түүх “...2024/03/18 18:25 одоогийн өвчний түүх: 2024.03.15-нд 23 цагт баруун 4 зам PC тоглоомын газар бусдад зодуулсан 2 хоног хоол идээгүй гэнэ. ...” гэсэн тэмдэглэл /хх 24-25/,

хохирогч Б.У-ын “...Миний бие 2024 оны 03 дугаар сарын 15-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Р гэх нэртэй цахим тоглоомын газар найз Т, Г нартай хамт тоглож байх үед таньдаг Т ах орж ирээд шууд бид 3 дээр ирээд таньж байна уу гээд баруун гараараа зүүн хацар луу 1 удаа алгадсан. Тэгээд гаргаж ирээд машиндаа суулгаад Сүхбаатар дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах I гэх нэртэй цахим тоглоомын газар ирээд шууд тамхины өрөө рүү оруулаад миний 2 хацар луу 20-оос дээш удаа алгадаад миний зүүн гуя руу баруун өвдгөөрөө 15-аас дээш өвдөглөөд хавирга руу жийж унагасан. Тэгээд бид гурвыг ариун цэврийн өрөө лүү оруулаад дахин баруун гараараа зүүн нүд рүү нэг удаа цохиод хэвлий эсэг рүү баруун хөлөөрөө 2 удаа жийж унагасан. Тэгээд би эгч О рүү яриад дуудсан. ... миний хавирга орчимд хөлөөрөө жийсэн. ...” /хх 9, 11-13 хуудас/,

гэрч А.Т-ын “...2024 оны 03 дугаар сарын 15-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цахим тоглоомын газар найз У, Г нартай хамт тоглож байх үед таньдаг Т ах орж ирээд шууд бид 3 дээр ирээд таньж байна уу гээд баруун гараараа зүүн хацар руу 1-2 удаа алгадсан. Тэгээд гаргаж ирээд машиндаа суулгаад Г-гийн хацар руу нь 3-4 алгадаад цээж рүү нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгээд бид 3-ыг Сүхбаатар дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “I” гэх нэртэй цахим тоглоомын газар ирээд шууд тамхины өрөө рүү оруулаад миний зүүн гуяа руу баруун өвдгөөрөа 5-6 удаа өвдөглөөд, зүүн гуяа руу 5-6 удаа өшиглөөд үсдээд тамхины өрөө цэвэрлүүлсэн. Тэгээд бид 3-ыг ариун цэврийн өрөө рүү оруулаад миний зүүн хөл рүү 1 удаа өшиглөөд ариун цэврийн өрөөг цэвэрлэ гэсэн. Тэгээд бид 3 цэвэрлээд гарч ирэхэд хамт тоглож байсан хүмүүс ирсэн байсан. Тэгээд тэд нартай тоглоод тухайн газар хоносон. Тэгээд үүрээр Т над руу фэйсбүүкээр чат бичээд та нар явахгүй шүү гэж бичсэн байсан. Тэгээд Т ах ирээд та 3-тай нотариат ороод надтай гэрээ хийчих гэсэн гээд нотариат ороод гэрээ хийх гэсэн боловч их оочиртой байсан тул маргааш болъё гэсэн. Тэгээд бид нар буцаад “I” гэх нэртэй цахим тоглоомын газарт очиход Т ах та 3 хоночих гэхэд У ахаа манай эмээ өвчтэй байгаа би явмаар байна гэхэд хоночихоод өглөө нотариат ороод гэрээ хийчхээд явчихаа гээд байсан болохоор бид 3 дахин хонохоор болсон. ..." /хх 66/,

гэрч Ц.Г-гийн “...У-ын хацар руу 5 удаа алгадаад хөл рүү нь 5 удаа өшиглөсөн, зүүн нүд нь хөхөрсөн, хөл нь өвчтэй байсан. ...” /хх 64/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн “...Б.У-ын эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 150.000 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг Н.Т-аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 1009000020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ..." /хх 112/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3860 дугаарт “...Б.У-ын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн цохих, үрэх үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ...” /хх 15-16/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 391 дүгээр “...нэмэлтээр ирүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №4537 дугаар Гэмтэл согог судлалын өвчний түүхэнд Б.У-ын биед хэвлийн ханын няцрал, гэмтэл тогтоогдпоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..." /хх 39-41/ гэсэн дүгнэлтүүд,

Шинжээч эмч Э.Э-ын “...эмнэлгийн нэмэлт бичиг баримтад ямар хүчин зүйлийн нөлөөгөөр ямар үйлчлэлээр үүсэх, гэмтлийн ямар зэрэгт хамаарах вэ гэсэн байсан бөгөөд уг асуултын дагуу өвчний түүхэнд хэвлийн ханын няцрал гэсэн онош тавигдсан байсан. Тухайн эмнэл зүйн шинж тэмдгийг үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан. Хэвлийн ханын няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэргийн 2.6-т, зүүн нүдний хөхрөлт няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл хэрэг учрал болсон газарт үүссэн байх боломжтой. Мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр цохих өшиглөх аль алинд үүсэх боломжтой. ...” /хх 46-48/ гэсэн мэдүүлэг зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгч Н.Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Т-ыг хохирогч Б.У-ын эрүүл мэндэд “нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Н.Т-ын өмгөөлөгч Ш.Мөнхцацралаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсаныг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн агуулгаас үзэхэд, тухайн зүйл хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрхийг шүүхэд олгожээ.

Дээрх хуулийн заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй, заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм. 

Тодруулбал, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх, биечлэн эдлүүлэх дэглэм зэргийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Т-д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хэдий ч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Н.Т-ын өмгөөлөгч Ш.Мөнхцацралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1039 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Т-ын өмгөөлөгч Ш.Мөнхцацралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

     ШҮҮГЧ                                                             С.БОЛОРТУЯА

     ШҮҮГЧ                                                             Т.ШИНЭБАЯР