Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 110/ШШ2026/0095

 

 

 

 

 

         Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш би,  “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг даргад холбогдох, “Магадлалын ерөнхий дүгнэлтийг үндэслэн БШУЯ/202212015 дугаартай гэрээнд төсөвт өртгийн өөрчлөлтийн нэмэлт гэрээ байгуулж, баталгаажуулахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,   

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Нэхэмжлэгч “М” ХХК нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Магадлалын ерөнхий дүгнэлтийг үндэслэн №БШУЯ/2022120515 тоот гэрээнд төсөвт өртгийн өөрчлөлтийн нэмэлт гэрээ байгуулж, баталгаажуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан билээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрх болон мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “Магадлалын ерөнхий дүгнэлтийг үндэслэн БШУЯ/202212015 дугаартай гэрээнд төсөвт өртгийн өөрчлөлтийн нэмэлт гэрээ байгуулж, баталгаажуулахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.        

Нэхэмжлэгч “М” ХХК-аас төлөөлөгч Е.Маликт олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдлэх  талаар тусгайлан заасан  байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК нь  “Магадлалын ерөнхий дүгнэлтийг үндэслэн БШУЯ/202212015 дугаартай гэрээнд төсөвт өртгийн өөрчлөлтийн нэмэлт гэрээ байгуулж, баталгаажуулахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.              

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ