Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/14

 

 

 

 

 

 

  2025 оны  02 сарын  13                                               2025/ДШМ/14                                   

 

Ц.Б-д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

      Прокурор Ц.Эрдэнэбат

      Яллагдагчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл /цахимаар/

      Яллагдагч Ц.Б

                 Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан   

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүгчийн 2024/ШЗ/59 дүгээр захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Б-д  холбогдох эрүүгийн 2427001180201 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ц.Б  

Ц.Б  нь 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр .... гэх газар .... загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-д заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө.” гэх заалтыг зөрчсөний улмаас Б.А-ийн  жолоодож явсан ...  загварын улсын дугааргүй мотоциклыг мөргөж зам тээврийн осол гарган Б.А нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос: Ц.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд  шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Ц.Б д холбогдох эрүүгийн 2427001180201 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорт буцааж, яллагдагч Ц.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Яллагдагч Ц.Б-д  холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2024/ШЗ/59 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Э.Ч  нь яллагдагч Ц.Б-ийн  ажиллаж байсан М ХХК-нд нярав ажилтай бөгөөд Ц.Б-д ажил олгогч биш учир Э.Ч-ыг  иргэний хариуцагчаар энэ хэрэгт татан оролцуулах боломжгүй байна. Мөн нярав Э.Ч  нь ажил үүргийн хувьд шууд удирдах албан тушаалтан биш юм. Харин хэрэгт М ХХК-ийг төлөөлж иргэний хариуцагчаар Ш.Ариунбаяр оролцож байгаа юм.

2. Хэргийн газрын үзлэгийг дахин хийх үндэслэлгүй байна. Учир нь хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийж гүйцэтгэн, гэрэл зургаар баримтжуулан, хэмжилт нэг бүрийг нарийвчлан тогтоосон, мөн хэргийн газрын үзлэгийн бүдүүвч зургийг замын цагдаагийн ахлах байцаагч зураглал хийсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул үнэлэхэд эргэлзээ төрөхөөргүй байна. Өөрөөр хэлбэл, тусгай мэдлэг бүхий мөрдөгч, шинжээч оролцуулан хийсэн уг ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хэрэг гарсан газрын замыг М ХХК  тухайн цаг хугацаанд засаж байсан бөгөөд зам засварын ажил дууссан учир хэрэг гарсан цаг хугацааны байдлыг сэргээн дүрслэх боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл үйл баримтыг сэргээн дүрсэлж хэргийн газрын үзлэгийг хийхэд тухайн хэрэг гарах үеийн орчин, нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай боловч тухайн осол гарсан замын хэмжээ, хэлбэр /далан босгож, нарийсгасан/ нь өөрчлөгдсөн тул хэргийн газрын үзлэгийг дахин хийж гүйцэтгэх боломжгүй юм.

3. Гэрч R , S , S D  нараас мэдүүлэг авахдаа тус мэдүүлгүүдэд байлцсан орчуулагчийн мэргэшсэн байдалтай холбоотой баримт бичгийг гаргуулж хэрэгт хавсаргасан. Энэ хэрэгт орчуулагчаар оролцсон Д.Б-аас орчуулгатай нь холбоотойгоор мэдүүлэг авах нь хэргийн үйл баримтад хамааралгүй юм.

4. Амь хохирогч Б.А-ийн  унаж явсан мотоциклтой холбоотой техникийн болон хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэж, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь хэрэгт техникийн шинжээчийн дүгнэлтийг 2 удаа гаргуулсан бөгөөд тусгай мэдлэг бүхий шинжээч нарын дүгнэлтүүд нь утга агуулгын хувьд зөрүүгүй буюу уг зам тээврийн осол “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн үйлдлийн улмаас гарсан байна гэж дүгнэсэн.

Шинжээчийн дүгнэлтийг уг хэрэгт ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүй этгээд хуульд заасан журмын дагуу тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан учир нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээ төрөхөөргүй байна.

Хэргийн үйл баримт 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болсон учир өнөөдрийн энэ цаг хугацаанд амь хохирогч Б.А-ийн  мотоцикл жолоодож явсан хурдыг тогтоох боломжгүй бөгөөд энэ зам тээврийн осол нь түүний үйлдэлтэй шалтгаант холбоогүй байхад энэ ажиллагааг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, амь хохирогч Б.А-ийн  мотоцикл жолоодож явсан хурднаас шалтгаалж уг зам тээврийн осол гараагүй бөгөөд энэ талаар шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдэд дэлгэрэнгүй тусгагдсан байхад яллагдагч Ц.Б-ийн  өмгөөлөгч Б.Ч-ээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “мотоциклын хурдыг тогтоолгохоор дахин дүгнэлт гаргуулах” гэх хүсэлтийн агуулгад нийцүүлж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх яллагдагч Ц.Б-д  холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан дээрх ажиллагаануудыг ямар үндэслэлээр дахин хийлгэхээр заасан нь ойлгомжгүй, нэмэлт ажиллагаа хийлгэхээр захирамжид заагдсан ажиллагаа бүрийн хэрэгцээ, шаардлагыг шийдвэртээ дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.  

Хэргийг нотлох ажиллагаа гэдэг нь хянан шийдвэрлэж буй хэрэгт хамааралтай болж өнгөрсөн үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан хуульд заасан үндэслэл, журмын дагуу сэргээн дүрсэлж, бодит үнэнийг тогтоох үйл явц бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээ авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалган хянаж, шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж тодорхойлсон.

Гэтэл шүүхээс өмгөөлөгч Б.Ч-ээс гаргасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтэд прокурорын хэлсэн тайлбарт ач холбогдол өгөөгүй буюу нэгэнт тухайн хэрэг болсон цаг хугацааны түвшинд сэргээн дүрслэгдэх боломжгүй ажиллагаануудыг хийлгэхээр өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бүхэлд нь хүлээн авсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэхээр байна.

Шүүх яллагдагч Ц.Б-д  холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн дээрх ажиллагаануудыг үгүйсгэх, эсхүл нотлох баримтаар үнэлэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрөхүйц ямар нэгэн баримтгүйгээр гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг алдагдуулснаас гадна шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, нотлох баримтад үндэслэж яллах дүгнэлтэд дурдсан баримтуудыг няцааж чадаагүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/59 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Э.Ч-ыг  иргэний хариуцагчаар тогтоох асуудлын тухайд хэрэгт М  компанийг иргэний хариуцагчаар тогтоосон байдаг. Уг ажиллагаатай холбогдуулаад Э.Ч-ыг  нэмж дахин иргэний хариуцагчаар тогтоох шаардлагагүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний хариуцагч гэж гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал хүн, хуулийн этгээдийг хэлнэ. Тухайн цаг хугацаанд М  компанийн үйл ажиллагаа болон албан хаагч нартай холбоотой асуудал гардаг. Тэгэхээр хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татсан нь зүйтэй гэж үзсэн.

Анхан шатны шүүхээс хэргийн газрын үзлэгийг дахин явуулах шаардлагатай гэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчөөс 2 удаа хүсэлт гаргадаг бөгөөд хэргийн газрын үзлэгийг дахин хийлгүүлэх хүсэлт байдаг. Энэ хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан. Тухайн цаг хугацаанд зам засварын ажил явж байсан. Одоо зам засварын ажил дуусчихсан болохоор дахин бодит байдлыг сэргээн тогтоож хэргийн газрын үзлэг хийх боломжгүй болсон. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр яллагдагчийн өмгөөлөгчөөс хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн урьдчилсан схемийг ямар үндэслэлээр үнэлэхгүй байгаа талаар тодорхой тайлбар хэлээгүй.

Хэрэг гарах үед машинд гадаад улсын гурван иргэн явж байсан. Орчуулагчтай холбоотой баримтууд хэрэгт хавсаргасан. Үүнтэй холбоотойгоор орчуулагчийг дахин асуух ямар ач холбогдолтой гэдэг нь ойлгомжгүй байна. Мөн амь хохирогч Б.А-тэй холбоотой техникийн болон хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэх асуудал байгаа. Хавтаст хэрэгт 2 удаагийн шинжээчийн дүгнэлт байдаг. Үүнийг үнэлэхгүй гэж үзвэл дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой. Гэтэл эдгээр шинжээчийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүгүй байдаг учраас шинжээчийн дүгнэлт гаргуулах нь үндэслэлгүй байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийн яллагдагч Ц.Б-д  холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Тухайн хэрэг болох үед миний үйлчлүүлэгчийг шууд удирдаж байсан Э.Ч  нь хүнс авахаар машин жолоодуулан авч явсан байдаг. Мөн гадаад улсын иргэн болох ажилчдадаа хоол ундыг нь бэлдэх, компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулах зорилготойгоор Э.Ч ы хувьд М  компанийнхаа ажилчид болон жолоочийг дагуулж явсан. Тухайн үед Э.Ч  Ц.Б-ийн  шууд удирдах албан тушаалтан байсан. Ц.Буяндүүрэнг шаардлагатай үед авч явсан юм уу, үгүй юм уу гэдгийг тогтоосон зүйл хэрэгт огт байхгүй. Э.Ч д үүрэг даалгавар өгсөн этгээд байгаа юу үгүй юм уу гэдгийг шалгаж тогтоосон ямар ч ажиллагаа хийгээгүй. Э.Ч  нь тухайн М  компанийнхаа ажилчдыг хооллож тусгай хоолны бэлдцийг авах зорилготойгоор компанийн үйл ажиллагааг явуулахаар доод албан тушаалтанд шаардлага тавьсан. Тухайн гэмт хэрэгт холбогдох байдлаар нөлөөлсөн идэвхтэй үйлдлийг хийж байгаа учраас Э.Ч-ыг  иргэний хариуцагч байх ёстой субьект байна гэж тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл уг хэрэгт Э.Ч ы оролцоотой байсан гэдэг утгаар тайлбарлаж байна. Хамт явсан Энэтхэг улсын иргэд мэдүүлэгтээ дурдсан байгаа. Тэгэхээр Э.Ч ы хувьд энэ хэргийн хариуцагч байвал зохих этгээд байна гэж хүсэлт гаргасан. Прокурорын шатанд Э.Ч  болон М  компанийг иргэний хариуцагчаар татаж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан.  Прокуророос зөвхөн М ХХК -ийг иргэний хариуцагчаар татаж, Э.Ч-ыг  иргэний хариуцагчаар татаагүй учраас үүнийг шүүхэд тайлбарласан. Анхан шатны шүүх үүнийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн газрын үзлэг болон хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг, мөн мөрдөгчийн тэмдэглэл зөрж байгаа. Хэргийн газарт үзлэг хийсэн схем зурагт саад буюу хонхорхой хэсэг зурагдаагүй. Ц.Б-ийн  жолоодож явсан машины зүүн тал буюу жолоочийн эсрэг талын хаасан хэсгээс мөргөсөн. Нөхөн үзлэг хийж аль хэсэгт нь хонхорхой байсан, аль хэсэгт нь тухайн саад учирсан гэдгийг тогтоох ёстой. Энэ нөхцөл байдлыг тогтоож дахин шинжилгээ үзлэг хийлгэж тухайн цэгүүдээ дахин тогтоож зөрүү байхгүй гэдгийг тогтоох ёстой. Гэтэл саад байгаа нь тогтоогдвол амь хохирогчийн буруутай үйлдэл байна уу гэдэг асуудал хөндөгдөнө.

Бүгд найрамдах Энэтхэг улсын иргэнээс хуульд зааснаар мэдүүлэг авахдаа тухайн улсын соёл болон мэдлэг бүхий эх хэлийг нь мэддэг орчуулагчаар орчуулсан гэж прокуророос тайлбарлаад байдаг. Гэхдээ энэ хүн мэргэжлийн хүн мөн юм уу, биш юм уу гэдгийг тодорхойлсон ямар ч баримт байхгүй. н.Баясгалан гэдэг орчуулагч нь мэргэжлийн орчуулагч юм уу, ямар сургууль төгссөн, ямар хугацаанд энэ мэргэжлээрээ ажилласан гэдгийг огт тодорхойлсон баримт байхгүй, өөрөөс нь асууж тодруулсан зүйл ч байхгүй хэрэгт авагдаагүй. Иймд Энэтхэг улсын иргэний мэдүүлгийг үнэн зөв эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Тээврийн хэрэгсэлд сууж явсан гэрчүүдийн мэдүүлэг хэргийн бодит байдлыг тогтоох, үйл явдлыг тогтооход голлох нотлох баримт болж байгаа. Хэрвээ Энэтхэг улсын иргэдийн мэдүүлэг зөрөөд байвал н.Баясгаланг төлөөлөгчөөр оролцуулж болно гэдэг. Баясгалан гэрчийн мэдүүлэг өгөөгүй. Амь хохирогч хурд хэтрүүлсэн байдлаасаа болоод энэ осол гаргасан уу гэдэг асуудал хөндөгддөг. Амь хохирогч хурд хэтрүүлсний улмаас осол гарсан эсвэл Ц.Б удаан явснаас осол гарсан уу гэдгийг тогтоох шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч хэргийн бодит байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай ажиллагаануудыг хийх шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй учир шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гомдолтой байгаа. Тухайн үед бороо орчихсон, зам хонхорхой ихтэй байсан. Мотоцикл 100 метрийн зайнаас эрчээрээ давхиад гараад ирсэн. Хажуу талаас нь хөөе гээд орилоод байхад шууд эрчээрээ ирсэн. Шинжээчийн дүгнэлтээр би өмнөөс нь халз мөргөлдсөн юм шиг дүгнэлт гаргаад байгаад гомдолтой байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Прокуророос яллагдагч Ц.Б-г 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр .... гэх газар .... загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-д заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө.” гэх заалтыг зөрчсөний улмаас Б.А-ийн  жолоодож явсан ...  загварын улсын дугааргүй мотоциклыг мөргөж зам тээврийн осол гарган Б.А нас барсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс яллагдагч Ц.Б-д холбогдох 2427001180201 дугаартай хэрэгт Э.Ч-ыг  иргэний хариуцагчаар тогтоох, хэргийн газрын үзлэг болон осол болсон цаг үе, тээврийн хэрэгслүүдийн хооронд явж байсан зайг сэргээн дүрсжүүлэх үүднээс хэргийн газрын үзлэгийг дахин хийлгүүлж, ослын схем зургийг дахин гаргуулах, гэрч R , S , S D  нараас мэдүүлэг авахдаа тус мэдүүлгүүдэд байлцсан орчуулагчийн мэргэшсэн байдалтай холбоотой баримт бичгийг гаргуулж, мөн орчуулагчаас орчуулгатай нь холбоотойгоор мэдүүлэг авах, амь хохирогч Б.А-ийн  унаж явсан мотоциклтой холбоотой техникийн болон хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэж, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байна гэж дүгнэж хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд прокуророос ... 1. Э.Ч  нь яллагдагч Ц.Б-ийн  ажиллаж байсан М ХХК -нд нярав ажилтай бөгөөд Ц.Б-д  ажил олгогч биш учир Э.Ч-ыг иргэний хариуцагчаар татан оролцуулах боломжгүй байна. 2. Хэргийн газрын үзлэгийг дахин хийх үндэслэлгүй байна. Учир нь хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийж гүйцэтгэн, гэрэл зургаар баримтжуулан, хэмжилт нэг бүрийг нарийвчлан тогтоосон, мөн хэргийн газрын үзлэгийн бүдүүвч зургийг замын цагдаагийн ахлах байцаагч зураглал хийсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул үнэлэхэд эргэлзээ төрөхөөргүй, үйл баримтыг сэргээн дүрсэлж хэргийн газрын үзлэгийг хийхэд тухайн хэрэг гарах үеийн орчин, нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай боловч тухайн осол гарсан замын хэмжээ, хэлбэр /далан босгож, нарийсгасан/ нь өөрчлөгдсөн тул хэргийн газрын үзлэгийг дахин хийж гүйцэтгэх боломжгүй юм. 3. Гэрч R , S , S D  нараас мэдүүлэг авахдаа тус мэдүүлгүүдэд байлцсан орчуулагчийн мэргэшсэн байдалтай холбоотой баримт бичгийг гаргуулж хэрэгт хавсаргасан. Энэ хэрэгт орчуулагчаар оролцсон Д.Б-аас  орчуулгатай нь холбоотойгоор мэдүүлэг авах нь хэргийн үйл баримтад хамааралгүй. 4. Амь хохирогч Б.А-ийн  унаж явсан мотоциклтой холбоотой техникийн болон хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэж, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт техникийн шинжээчийн дүгнэлтийг 2 удаа гаргуулсан бөгөөд тусгай мэдлэг бүхий шинжээч нарын эдгээр дүгнэлтүүд нь утга агуулгын хувьд зөрүүгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг бичжээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэйг тусгасан.

Давж заалдах шатны шүүхээс шүүгчийн захирамжид дурдсан эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг шалгахгүйгээр хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай, хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүрэн хийгээгүй гэж дүгнэн захирамжид шалгавал зохих ажиллагааг тус бүр тодорхой заасан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЗ/59 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЗ/59 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ЭНХМАА

                               ШҮҮГЧИД                               Л.НЯМДОРЖ                

                                                                                                                                                          Б.ЦЭРЭНПҮРЭВ