| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2026/0097/З |
| Дугаар | 110/ШШ2026/0096 |
| Огноо | 2026-08-04 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 110/ШШ2026/0096
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш би, М.Кы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдох, “Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, мөн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
“Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн нэхэмжлэгч М.Кы цалингүй байсан хугацааны цалин болох 13 346 460 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно” гэжээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Миний бие М овогтой К Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг. Аймгийн Засаг даргын тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтнээр ажилладаг. Ажилгүй байсан 6 сарын хугацааны цалинг 12 173 838 төгрөг гэж тооцоолсон. Аймгийн Засаг даргын тамгын газрын ерөнхий нягтлангийн тооцоолсноор 13 346 460 төгрөг гэж тооцоолсон байна. Энэ үнийн дүнгээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс нэхэмжлэгч М.Кы ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 13 346 460 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.
3.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 110/ШШ2026/0046 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Кы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян- Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн "Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаартай захирамжийн хавсралтын 6-д заасан “Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтний орон тоог 1" гэсэн хэсгийг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн "Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/42 дугаар тушаалын хавсралтын 6-д заасан "Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтний орон тоог 1" гэсэн хэсгийг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/96 дугаартай “М.Кыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Кыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэрийг хариуцагчийн зүгээс сайн дураар биелүүлж, нэхэмжлэгч М.Кыг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар урьд эрхэлж буй албан тушаалд эгүүлэн томилсон болох нь тус тус тогтоогдож байна.
4. Дээрх байдлаар нэхэмжлэгч М.Кы нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн хувьд “ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 12 173 838 төгрөг гаргуулж, мөн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан, харин хариуцагч нь бодогдсон цалингаар буюу нийгмийн даатгалын шимтгэлийн хамт тооцоолсон дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчийн тооцоолсон дүнгээр зөвшөөрлийг баталж шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Кы “Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, мөн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, М.Кы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЕРКЕШ