Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 314

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710009060338 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Хурд” группын барилгын засал чимэглэлчин ажилтай,  ам бүл 6, нөхөр, охин, зээ нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О. А

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.А нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 1-38 тоотод иргэн О.Нтай маргалдан хутга шидэж биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч О.А: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхөр Энхтөр цалингаа аваад хохирогч О.Нямтулгыг дуудсан. Манай гэр мах чанасан байсан болохоор орж ирж мах ид гэсэн. Бид гурав эхлээд нэг шил архи хувааж уугаад би О.Нтай хамт дэлгүүр гарч дахин нэг шил архи авч ууцгаасан. Дараа нь юу болсон талаар би мэдэхгүй байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч О.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Энхтөр, А нарын гэрт очиход шинэ үхрийн мах чанасан, хоол цай хийсэн байхаар нь идэж ууж байгаад Энхтөр 0,75 литрийн нэг шил, 0,33 литрийн нэг шил архи гаргаж ирснийг бид гурав уусан. Архиа ууж дуусах үед А согтчихоод нөхөр рүүгээ агсам тавиад байхаар нь би болиулах гээд хэдэн үг хэлсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ” гээд гал тогооны өрөөнийхөө ширээн дээр байсан хутгыг аваад над руу шидэхэд уг хутга нь миний духны орчим онож зүссэн. ...Надруу шидсэн хутга ямар байсныг би анзаарч хараагүй, Ариунаа тухайн үед их хэмжээний согтолттой байсан...” /хх-ийн 10-13/ гэсэн,

 

Гэрч Д.Энхтөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Нямтулга, А бид гурав хоол идэж, архи уусан. ...Архиа дуусч дэлгүүр рүү хоёр ч удаа дэлгүүр рүү явж 0,75 литрийн архи авчирч ууцгааснаас болоод бид гурав нилээн согтсон. Би Нямтулгатай маргалдаагүй, эхнэр А Нямтулгатай тогоо шанаганаас болж муудалцсан санагдаж байна. Би ухаан санаа орон гаран байсан учир болсон асуудлыг сайн мэдэхгүй байна. ...Тухайн өдөр манай гэрт бид гурваас өөр хүн байгаагүй...” /хх-ийн 20-23/ гэсэн,

 

Шинжээч Ө.Сарангэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хохирогч Нямтулгын биед учирсан гэмтэл нь зах ирмэг нь тэгш шарх байсан. Энэ нь хутгаар үүссэн. Уг гэмтэл аяга шидэхэд үүсэх боломжгүй...” /хх-ийн 44-45/ гэсэн,

 

Шүүгдэгч О.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Нямтулгыг дуудаад гурвуулаа манай гэрт ороод мах идэж, архи уусан. Архиа ууж дуусаад Нямтулга бид хоёр дэлгүүр явж, 0,5 литрийн Ерөөл архи авчирч гурвуулаа уусан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Намайг унтаж байхад цагдаа нар ирээд аваад явсан. ...Нямтулгын биед учруулсан гэмтлийг яаж учруулснаа санахгүй байгаа, тухайн үед их согтсон байсан...” /хх-ийн 49-51/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №14363 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. О.Нямтулгын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 37/ гэсэн дүгнэлт,

 

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 28-30/,

- Шүүгдэгч О.Агийн ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 56-59/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарыг нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.А нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 1-38 тоотод иргэн О.Нтай маргалдан хутга шидэж биед нь духанд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Нямтулгын “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Энхтөр, А нарын гэрт очиход үхрийн мах чанасан, хоол цай хийсэн байхаар нь идэж, бид гурав архи уусан. Архиа ууж дуусах үед А согтчихоод нөхөр рүүгээ агсам тавиад байхаар нь би болиулах гээд хэдэн үг хэлсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ” гээд гал тогооны өрөөнийхөө ширээн дээр байсан хутгыг аваад над руу шидэхэд уг хутга миний духны орчим онож зүссэн...” /хх-ийн 10-13/ гэсэн,

Шинжээч Ө.Сарангэрэлийн “...Хохирогч Нямтулгын биед учирсан гэмтэл нь зах ирмэг нь тэгш шарх байсан. Энэ нь хутгаар үүссэн. Уг гэмтэл аяга шидэхэд үүсэх боломжгүй...” /хх-ийн 44-45/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №14363 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. О.Нямтулгын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 37/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс О.Аг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Нямтулгын духанд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь шүүхийн шатанд хохиролд 100,000 төгрөг төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.    

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, ажил эрхлэлтийн байдал зэрэг түүний хувийн байдлуудыг харгалзан торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1710009060338 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон О.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Б овогт О.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.А-д оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.А торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1710009060338 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР