Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 110/ШШ2026/0097

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Х.И, А.Е, С.Б ,Б.Н, Г.М,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Берген нарын  хоорондын төлбөрийн акттай холбоотой  маргааныг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.И, А.Е, С.Б ,Б.Н, Г.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Х.Берген, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1. Нэхэмжлэгч Х.И, А.Е, С.Б ,Б.Н, Г.М нар нь Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн  2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/31  дугаартай “Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай” актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

Нэхэмжлэгч нар анх  Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн  2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 18-04/20  дугаартай “Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай” актыг  хүчингүй болгох шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч талаас санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 18-04/20  дугаартай  төлбөрийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.4 дэх хэсэгт заасны дагуу  хууль, дүрэм, журамд нийцүүлэн  дахин тогтоохыг үүрэг болгосон  Монгол Улсын Сангийн сайдын 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01/3380 дугаартай албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Мөн хариуцагчаас 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хариу тайлбарын үндэслэлтэй холбоотой  нотлох баримтуудын хамт  уг Сангийн сайдын албан бичгийн дагуу дахин тогтоосон гэх 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/31  дугаартай “Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай” улсын ахлах байцаагчийн актыг ирүүлснээр  нэхэмжлэгч нар 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдөр улсын ахлах байцаагчийн 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/31  дугаартай “Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай” актын  нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг  хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно. 

2. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн  2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/31  дугаартай “Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай” актаар илүү олгосон илүү цагийн хөлс  1974145 төгрөгийг нэхэмжлэгч нараар төлүүлэхээр тогтоосон  байна.

3.Нэхэмжлэгч нар анх Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн  2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 18-04/20  дугаартай “Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай” актыг  эс зөвшөөрч гаргасан гомдлыг  улсын ерөнхий байцаагч хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэж, хариу өгөөгүй гэдэг үндэслэлээр  2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр уг актыг хүчингүй болгуулах шаардлагатай нэхэмжлэл  гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 18-04/20  дугаартай  төлбөрийн актыг хууль, дүрэм, журамд нийцүүлэн  дахин тогтоохыг үүрэг болгосон Монгол Улсын Сангийн сайдын 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01/3380 дугаартай албан бичгийн дагуу  улсын ахлах байцаагчаас 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/31  дугаартай “Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай” актыг дахин гаргасан байна.

Нэхэмжлэгч талаас уг улсын ахлах байцаагчийн актын талаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч буюу Сангийн сайдад гаргасан гомдлыг тус яамны холбогдох ажилтанд 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр  гардуулсан талаарх аймгийн Шуудан үйлчилгээний газрын лавлагааны хариуг ирүүлж,  дээд шатны захиргааны байгууллагаас гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэж, хариу өгөөгүй гэдэг үндэслэлээр 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “улсын ахлах байцаагчийн 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/31  дугаартай “Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай” актын  нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг  хүчингүй болгуулах”-аар өөрчилсөн болно. 

            4. Нэхэмжлэгч Х.И, А.Е, С.Б ,Б.Н, Г.М нар нь  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Эрүүл мэндийн төвд ажилладаг эмч нар ажлын бус цагаар ажилласан тохиолдолд илүү цагийн хөлс олгох тухай зохицуулалтыг Хөдөлмөрийн хуульд болон Засгийн газрын тогтоолд зохицуулсан байдаг. Манай суманд мэргэжлийн чиглэлээр нэг нэг эмч ажилладаг учраас байнгын илүү цагаар ажилладаг.  Манай сумын хувьд 7 багтай, нийт 6000 хүн амтай, уул устай газар нутагт тархай бутархай амьдардаг. Ажлын бус цагаар, сумын төвөөс 200-300 км-ийн алслагдсан газарт дуудлагад явна, оройн, шөнийн цагаар байнга явдаг, хагас бүтэн сайнд амрахгүй ,илүү цагаар байнга ажилладаг. Сард  заримдаа далаас дээш цаг гардаг, тухайн далаас дээш цаг гарсан үед 30-40 цагийн хооронд илүү цагийн мөнгө авдаг байсан нь үнэн. Тухайн байгууллагын санхүүтэй холбоотой заримдаа 30-40 цаг, заримдаа 20-25 цагийн хөлс өгдөг байсан. Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд бид нар ажлын  шаардлагаар заавал илүү цагаар ажиллах шаардлага гардаг. Тэгээд манайд албан бус аудитын хяналт, үнэлгээ хийгээд, бид нарын илүү цагийн хөлсийг Засгийн газрын тогтоолоор тухайн сард 18 цагийн илүү цаг авах ёстой байсан бол тэрүүгээр л авах ёстой гэж манай  эрүүл мэндийн төвийн 5 эмчид акт тогтоогоод явсан. Бид нар уг актыг эс зөвшөөрсөн. Яагаад гэвэл илүү цагаар бид нар ажилласан үед тухайн байгууллагын дарга нь биеэр амруулах ёстой. Тухайн үед бид нарыг биеэр амруулаагүй, биеэр амруулаагүй учраас илүү цагийн мөнгийг тухайн эрүүл мэндийн төвийн дарга хянан үзэж, илүү цаг ажилласан гэдгийг тогтоож, илүү цагийн мөнгийг бид нарт өгчихсөн байсан. Дараа нь аудитын актаар мөнгө авах ёсгүй,  эргэж төл гэсэн акт тогтоож, бид нар тэрийг зөвшөөрөхгүй, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Улсын ахлах байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн "Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай" 18-04/31 дугаартай акт нь төрийн үйлчилгээний албан тушаалтан бидний Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.2.4 дэх хэсэгт заасан "Төрийн үйлчилгээний албан тушаалтны цалин нь цалин болон нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс бүрдэнэ", Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан "Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал, урамшууллаас бүрдэнэ" , 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан "Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно" гэх заалтуудыг зөрчсөн, шударгаар хөдөлмөрлөж, хөдөлмөрийн тоо, чанарт тохирсон цалин хөлс, авсан нэмэгдлийг хууль бусаар төлүүлж, бидний эрх ашгийг зөрчсөн. 

Улсын ахлах байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн "Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай" 18-04/31 дугаартай акт гаргахдаа холбогдох хуулийг буруу хэрэглэсэн, хэрлэвэл зохих хуулийг хуулийг хэрэглээгүй гэж гомдол гаргаж байна. 

Үүнд:Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй" гэж төсвийн шууд захирагчид үүрэг болгосон учир улсын байцаагчийн удирдлага болгосон Төсвийн тухай хуулийн 6.4.1-д заасан үндэслэлээр төрийн үйлчилгээний албан тушаалтанд төлбөр оногдуулах эрх зүйн үндэслэл болохгүй юм. Хуулийг буруу хэрэглэсэн байна. 

"Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам"-ын "Гурав” дах бүлгийн 3-т  "Илүү цагаар, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс тооцох цаг нь 4.1-т зааснаас бусад тохиолдолд тухайн сарын нийт ажлын цагийн 10%-иас хэтрэхгүй байх" гэсэн шаардлага тавьсан бөгөөд улсын ахлах байцаагчийн актаар нэхэмжлэгч А.Е, Х.И, Б.Н, С.Б, Г.М нарын 2025 оны 11,12 дугаар сарууд, 2026 оны 1,2 дугаар саруудын нийт ажилласан цагийн 10%-иас хэтрүүлэхгүй хэмжээгээр тооцож, илүү цагийн төлбөр ногдуулсан байна. 

Гэтэл нэмэгдэл хөлс олгох журмын "Нэг” дэх бүлгийн 4.1-т "хүний эрүүл мэнд, амь бие хамгаалах" салбарын ажилтан, ажилчдыг илүү цагаар ажиллахыг хориглоогүй бөгөөд журмын "Гурав” дах бүлгийн 3 дахь заалтад заасан "илүү цагийн хөлс тухайн сарын 10%-иас хэтрэхгүй байна" гэх зохицуулалтад эрүүл мэндийн салбарын ажилчдыг огт хамруулахгүй байсныг улсын байцаагч буруу дүгнэсэн байна.

Хөдөлмөрийн тухайн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д "Улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах байгууллагын ажилчдыг илүү цагаар ажиллуулах”-ыг зөвшөөрч, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д "Илүү цагаар ажиллуулсан нөхцөлд дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно" гэж заажээ. 

Иймд улсын ахлах байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн "Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай" 18-04/21 дугаартай акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч нар шударгаар хөдөлмөрлөх, хөдөлмөрлөсний хирээр тохирсон цалин, хөлс, авах суурь эрхийг зөрчиж байх тул нэхэмжлэл гаргаж байна.

Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/31 дугаартай актын хавсралт хэсгийн А. Ерболд 426266 төгрөг, Б.Нд 46375 төгрөг, Х.Ид 962175 төгрөг, С.Бд 462627 төгрөг, Г.Мд 76702 төгрөгний илүү цагийн хөлс төлүүлэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, төлбөрийг хүчингүй болгож өгнө үү”  гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч  Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тухайн актыг үйлдэхдээ “Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын 1 дэх бүлгийн 4.1 дэх хэсэг, 3 дахь бүлгийн 3 дахь хэсэг,  4 дэх бүлгийн 1,2 дахь заалтуудыг тус тус буруу тайлбарлаж, зөрүүтэй хэрэглэсэн нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчих акт гаргахад нөлөөлсөн гэж үзэж байгаа.

 Уг журмын 4.1 дэх заалтад улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах орон тоонд ажиллаж байвал нэмэгдэл хөлс олгохоор хуульчлан заасан. Мөн журмын 3 дах бүлгийн 3 дахь хэсэгт “илүү цагаар ,7 хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баяр ёслолын өдрөөр, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс тооцох цаг нь 4.1-д зааснаас бусад тохиолдолд тухайн сарын ажлын цагийн 10%-иас хэтрэхгүй байна” гэж заасан. 

Гэтэл нэхэмжлэгч нар эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаагийн хувьд тухайн журмын 3 дах бүлгийн 3 дахь заалтад буюу 10%-иас хэтрэхгүй байна гэсэн заалтад хамаарахгүй албан тушаалтнууд байсан. Үүнийг улсын байцаагч анхаарахгүйгээр хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, зөвхөн дотоод журамд заасан үндэслэлээр төлбөр тавьсан гэж тайлбарлаж байгаа. 

Дотоод журмын тухайн заалт нь дээрх Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн, зөрчилтэй акт юм. Хөдөлмөрийн дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлд зааснаар ажилчдын төлөөлөгчийн саналыг харгалзаад хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан байхыг шаардаж байгаа. Гэтэл энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэгдэл олгох тухай заалтууд болон бусад хууль тогтоомжууд, Засгийн газрын тогтоолтой эрс зөрчилдөж байгаа тул хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөж байна гэсэн хариуцагчийн үндэслэл нь хуульд нийцэхгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байгаа. 

Хоёрдугаарт, хариуцагч урьд тогтоосон 03 дугаар сарын 03-ны өдрийн актыг Сангийн яам  гомдол гаргагчдын гомдлоор хянаж үзэж, үндэслэлтэй гээд гаргасан гэж тайлбарлаж байгаа. Гэтэл Сангийн яамны 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3380 тоот гомдол хянасан тухай дүгнэлтээр “улсын байцаагчийн тогтоосон төлбөрийн актыг хянан үзэхэд Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл хөлс олгох журам”-ын  3 дахь хэсгийн 3-д “илүү цагаар, 7 хоногийн амралтын өдрөөр, нийтийн амрах, баяр ёслолын өдрөөр, шөнийн цагаар ажилласан нэмэгдэл хөлс тооцох арга нь 4.1-д зааснаас бусад тохиолдолд тухайн сарын ажлын цагийн 10%-иас хэтрэхгүй байна” гэж заасныг үндэслэн эрүүл мэндийн байгууллагын эмч нарт төлбөрийн акт тогтоосон нь дээрх журмын заалттай нийцэхгүй байна. Мөн дотоод журмын тухайн заалтыг баримталсан нь зөрчсөн гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Ийм учраас уг актыг зөвтгөж дахин гарга гэхэд мөн өмнөх актыг давтан гаргаж, төлбөрийн актыг хэвээр үлдээсэн явдал нь хууль тогтоомжид нийцэхгүй, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчиж байна”  гэв. 

5.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Берген хариу тайлбартаа:

“Сагсай сумын эрүүл мэндийн төвийн эмч, ажилтан нараас 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагын нэр дээр өргөдөл, гомдол гаргасан байсан. Үүний дагуу зохих удирдамжийг батлуулаад, төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай танилцуулгыг бичээд, акт тогтоогоод тухайн хүмүүст танилцуулахад хүлээн зөвшөөрөхгүй байсан  ба журмын дагуу Сангийн сайд руу гомдол гаргасан. Сангийн сайдаас уг актыг хянаж үзэж, үндэслэлтэй байна, гэвч хуулийн үндэслэл нь буруу байгаа учраас актыг дахин тогтоох тухай чиглэл ирсэн.  Улмаар 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 18-04/31 тоот актыг дахин тогтоосон байгаа. 

2025 оны 11 дүгээр сарын цалингийн цэсээр байгууллагын даргад 20 цаг буюу 463,7 мянган төгрөг, 5 эмч, ажилчдад 25 цаг буюу 561,2 мянган төгрөг, 12 дугаар сард байгууллагын даргад 25 цаг буюу 316,2 мянган төгрөг, 5 эмч, ажилчдад 29 цаг буюу 387,5 мянган төгрөг, 2026 оны 1 дүгээр сард байгууллагын даргад 18 цаг буюу 310,0 мянган төгрөг, ажилчдад 4 цаг буюу 72,4 мянган төгрөг, 2 дугаар сард байгууллагын даргад 18 цаг буюу 383,0 мянган төгрөг, 5 эмч ажилчдад 51 цаг буюу 1169,5 мянган төгрөг, нийт 190 илүү цагийн 3663.7 мянган төгрөгийг илүү олгосон зөрчлийг илрүүлсэн.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил нь Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам"-д заасан илүү цагийн нэмэгдэл хөлсийг тухайн сарын ажлын цагийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зохицуулалтыг зөрчсөнтэй холбоотой. Мөн тус журмын хэрэгжилтийг Сагсай сумын Эрүүл мэндийн төв өөрийн хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, тус төвийн даргын 2025 оны А/03 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 9.6-д илүү цагийн нэмэгдэл хөлсийг тухайн сарын ажлын цагийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхаар зохицуулсан байна. Иймээс ажилтнуудад олгосон илүү цагийн хөлс нь зөвхөн Төсвийн тухай хуулийг бус, дээрх журам болон байгууллагын мөрдөж байсан дотоод журмыг зөрчин олгогдсон болох нь шалгалтаар тогтоогдсон. 

Төсвийн тухай хуулийг актын үндэслэл болгосон нь ажилтанд шууд үүрэг хүлээлгэх зорилготой бус, төсвийн хөрөнгийг хууль, журамд нийцүүлэн зарцуулсан эсэхийг үнэлэх, төсвийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд гарсан зөрчлийг тогтоох эрх зүйн үндэслэл болгон хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, төлбөрийн акт нь зөвхөн Төсвийн тухай хуульд бус, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоол болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд үндэслэн тогтоогдсон болно. 

Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь төсвийн байгууллагын төсвийн зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхдээ тухайн харилцааг зохицуулж буй Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтлан дүгнэлт гаргах бүрэн эрхтэй. Иймд Төсвийн тухай хуулийг актын үндэслэлд хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа биш юм. 

Шалгалтаар илүү цагийн нэмэгдэл хөлсийг хууль болон журамд зөвшөөрөгдсөн хэмжээнээс давуулан олгосон болох нь цалингийн тооцоо, илүү цагийн бүртгэл болон бусад анхан шатны баримтаар тогтоогдсон. Иймд ажилтнуудад олгосон мөнгөн хөрөнгө нь хууль, журамд нийцээгүйгээр олгогдсон төсвийн хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын 6.3 дахь заалтыг үндэслэн улсын байцаагч хууль, журамд нийцээгүйгээр олгогдсон төсвийн хөрөнгийг нөхөн төлүүлэх төлбөрийн акт тогтоох бүрэн эрхтэй. Иймд миний гаргасан төлбөрийн акт нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан болно. 

Нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг Монгол Улсын Сангийн яам хянан үзэж, улсын байцаагчийн тогтоосон төлбөрийн актыг үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд уг актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй. 

 Иймд миний гаргасан төлбөрийн акт нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд, холбогдох хууль тогтоомж, журамд үндэслэн гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Х.И, А.Е, С.Б ,Б.Н, Г.М нарын “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн  2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/31  дугаартай “Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай” актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

2. Маргаан бүхий захиргааны акт болох  Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн  2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/31  дугаартай “Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай” актаар Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын 2 дах хэсгийн 6 дах заалт, Сагсай сумын Эрүүл  мэндийн төвийн даргын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/03 дугаар  тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Сагсай сумын Эрүүл  мэндийн төвийн  хөдөлмөрийн дотоод журмын 9  дэх хэсгийн 9.6-д заасныг тус тус зөрчиж,   хууль, журамд заасан хэмжээнээс хэтрүүлж олгосон гэсэн үндэслэлээр  2025 оны 11,12 дугаар, 2026 оны 01,02 дугаар сард  байгууллагын дарга, эмч, ажилтнуудад олгосон нийт 190 цагийн  илүү цагийн  хөлс болох 3,663.7 мянган төгрөгийг  хавсралтад заасан  нэр бүхий 9 хүнээр төлүүлж, төсвийн орлого болгохоор тогтоосон байна.

Уг актын хавсралтад зааснаар нэхэмжлэгч А.Е 426266 төгрөг, Б.Н 46375 төгрөг, Х.И 962175 төгрөг, С.Б 462627 төгрөг, Г.М нь 76702 төгрөг, нийт 1974145 төгрөгийг төлүүлэхээр тогтоожээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  /Хавтаст хэргийн 88-92,97-102,137,146-147,148-150,159-162 дах тал/ 2025 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч Б.Н 20 цаг, Х.И 30 цаг, С.Б 21 цаг, 12 дугаар сард Х.И 33 цаг, С.Б 20 цаг, А.Е 25 цаг, Г.М 21 цаг, 2026 оны 01 дүгээр сард С.Б 22 цаг, 02 дугаар сард Х.И 37 цаг, С.Б 31 цаг, А.Е 32 цаг, Г.М 20 цаг илүү цагаар ажилласан нь тус тус  тогтоогдож байна. 

 Дээрх актаар улсын ахлах байцаагч нь 2025 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч Б.Нгийн 2 цаг, Х.Игийн 12 цаг, С.Бий 3 цаг, 12 дугаар сард Х.Игийн 15 цаг, С.Бий 2 цаг, А.Еын  7 цаг, Г.Мгийн 3 цаг, 2026 оны 01 дүгээр сард С.Бий 4 цаг, 02 дугаар сард Х.Игийн 19 цаг, С.Бий 13 цаг, А.Еын  14 цаг, Г.Мгийн  2 цагийн илүү цагийн хөлсийг тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл,  тус төвийн  эмч, ажилтнуудын  1 сард ажилласан илүү цагийн  18 цагаас  хэтэрсэн цагт  нь олгосон  нэмэгдэл хөлсийг төлүүлэхээр    акт тогтоожээ.

4. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”,  57 дугаар зүйлийн 57.8-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Ажилтан дараах үндсэн эрхтэй:42.1.3.гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах”, 91 дүгээр зүйлийн 91.1-т “Ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ердийн ажлын өдрийн үргэлжлэл, ээлжийн ажлын цаг, долоо хоногийн ажлын цагийн үргэлжлэл болон ажлын цагийг нэгтгэн бодох ердийн ажлын цагийн нийлбэрээс хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажилласанд тооцно”, 91.2-т “Дараах тохиолдолд ажилтныг илүү цагаар ажиллуулж болно:91.2.1.улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх”, 101 дүгээр зүйлийн  101.1-т “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ”, 109 дүгээр зүйлийн  109.1-т “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэж,

 

Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын  “Нэг. Нийтлэг үндэслэл” хэсгийн  3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу төрийн байгууллагын дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсанд, орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацаанд ажиллуулахыг шөнийн цагаар ажиллуулсанд, нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллуулахыг нийтээр амрах баярын өдөр ажиллуулсанд, Бямба, Ням гарагт ажиллуулахыг долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулсанд тус тус тооцож, нөхөн амруулаагүй тохиолдолд нэмэгдэл хөлс олгоно”, 4-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу дор дурдсанаас бусад тохиолдолд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно:  4.1. улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах”,  “Хоёр.Нэмэгдэл хөлс тооцох аргачлал” хэсгийн   1-т  “Илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр ажилласан төрийн албан хаагчийг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин (нэг аравны таваас дээш байхыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээнд тусган зохицуулж болно.) нэмэгдүүлэн тооцно”,  6-д “Нэмэгдэл хөлс тооцох, олгохтой холбоотой зохицуулалтыг байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусган зохицуулж болно”, “Гурав. Нэмэгдэл хөлс олгох” хэсгийн 3-т “Илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баяр ёслолын өдрөөр, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс тооцох цаг нь     4.1-т зааснаас бусад тохиолдолд тухайн сарын ажлын цагийн 10 хувиас хэтрэхгүй байна. Тухайлбал, 8 дугаар сарын ажлын цаг 160 гэж үзвэл тухайн сард нэмэгдэл хөлс тооцогдох цаг нь 16-аас илүүгүй байна” гэж тус тус зохицуулсан.

Харин Сагсай сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/03 дугаар  тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 9.6-д “Эрүүл мэндийн төвийн захиргаа нь ажилчдад илүү цагаар болон нийтээр амрах баяр ёслолын өдрөөр, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс тооцох цаг нь Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу тооцогдох ба тухайн сарын ажлын цагийн 10 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ.

Дээрх байдлаар хууль болон журмаар хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэхэд илүү цагаар ажиллуулахыг хориглоогүй бөгөөд илүү цагаар ажилласан төрийн албан хаагчийг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин нэмэгдүүлэн тооцохоор, мөн хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх тохиолдолд журмын “Гурав” дах хэсгийн “Илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс тооцох цаг нь тухайн сарын ажлын цагийн 10 хувиас хэтрэхгүй байна” гэх  3 дах заалт  хамаарахгүй байхаар  тус тус зохицуулсан байна.

 

5. Хариуцагчийн хувьд ““Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын “Хоёр” дах хэсгийн  6-д “Нэмэгдэл хөлс тооцох, олгохтой холбоотой зохицуулалтыг байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусган зохицуулж болно” гэж заасны дагуу Сагсай сумын Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журамд  “илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс тооцох цаг нь тухайн сарын ажлын цагийн 10 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан тул  төвийн эмч, ажилтнуудад тухайн сарын ажлын цагийн  10 хувиас  хэтрүүлж олгосон  нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын 2 дах хэсгийн 6 дах заалт, Сагсай сумын Эрүүл  мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 9  дэх хэсгийн 9.6-д заасныг тус тус зөрчсөн” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

6.“Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын “Хоёр.Нэмэгдэл хөлс тооцох аргачлал” гэсэн хэсгийн заалтуудаар илүү цагаар, шөнийн цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баярын өдрөөр ажилласан төрийн албан хаагчийг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг  хэрхэн нэмэгдүүлэн тооцох талаар, энэхүү нэмэгдүүлэн тооцох хэмжээнээс дээш байхыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээнд тусгаж болохоор тус тус зохицуулсан байна. 

Өөрөөр хэлбэл, журмын “Хоёр” дах хэсгээр нэмэгдэл хөлсийг хэрхэн  тооцох аргачлалын талаар зохицуулсан бөгөөд уг хэсгийн “Нэмэгдэл хөлс тооцох, олгохтой холбоотой зохицуулалтыг байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусган зохицуулж болно” гэх 6 дах заалт  нь байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд нэмэгдэл хөлс тооцох, олгохтой холбоотой зохицуулалтыг тусгахдаа  журмын нэмэгдэл хөлс олгох, тооцох талаарх зохицуулалтуудыг хязгаарласан зохицуулалт хийх агуулгагүй, харин журамд заасан хэмжээнээс дээш байх нөхцөл, үндэслэлүүдийг тусгаж болох агуулгатай  байна гэж үзлээ.

7.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 2.3-т “Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ:2.3.1.энэ хууль;2.3.2.Монгол Улсын бусад хууль;2.3.3.захиргааны хэм хэмжээний акт;2.3.4.салбар, салбар дундын хамтын хэлэлцээр;2.3.5.хамтын гэрээ;2.3.6.хөдөлмөрийн гэрээ;2.3.7.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ”, 2.4-т “Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй”, 2.5-д “Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ”, 12 дугаар зүйлийн  12.3-т “Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж тус тус зохицуулжээ.

8.Иймээс Хөдөлмөрийн тухай хууль болон эрх бүхий этгээдээс баталсан захиргааны хэм хэмжээний актаар хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх тохиолдолд илүү цагаар ажиллуулахаар, илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгохоор,  илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс тооцох цаг нь  тухайн сарын ажлын цагийн 10 хувиас хэтрэхгүй байх заалт нь  хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх тохиолдолд хамаарахгүй байхаар тус тус зохицуулсан байхад Сагсай сумын Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 9.6 дахь “Эрүүл мэндийн төвийн  ажилчдад нэмэгдэл хөлс тооцох цаг нь тухайн сарын ажлын цагийн 10 хувиас хэтрэхгүй байна” гэх ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан   заалтыг  хэрэглэн улсын ахлах байцаагчаас нэхэмжлэгч нараар илүү цагийн хөлсийг төлүүлэхээр акт тогтоосон нь  хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй байна .

9.Дээрх байдлаар нэхэмжлэгч нарын  2025 оны 11,12 дугаар сар, 2026 оны 01, 02 дугаар сарын илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс  1974145 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн  2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/31  дугаартай “Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай” акт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1,2.3,2.5, 42 дугаар зүйлийн 42.1.3, 91 дүгээр зүйлийн 91.2.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалттай тус тус нийцээгүй, хууль бус бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн  2 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.5, 42 дугаар зүйлийн 42.1.3, 91 дүгээр зүйлийн 91.2.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг  тус   тус    баримтлан    нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн  шаардлагыг  хангаж, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн  2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/31  дугаартай “Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай” актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг  хүчингүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгч нарын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт  олгосугай.   

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ