Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 320/ШШ2025/01369

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн У**-*** сумын ***-р баг, **-р гудамжны *** тоотод оршин суух, Ш*** овогт П***-н Б***

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 320/2025/01103/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.Б*** 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б*** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Б*** нь Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1970 онд П***-н 2 дахь хүүхэд болж мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 8 жилийн дунд сургуульд 4 дүгээр анги улмаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 8 жилийн дунд сургуульд 8 дугаар анги, Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн сургуулийг 1988 онд төгссөн. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 8 жилийн сургуульд 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хувцас өлгөгч, жижүүрээр ажилд орсон. 1991 оноос 1995 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд сав угаагчаар, 1995 оноос 2008 онд Улаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд жижүүр, үйлчлэгчээр, 2008 оноос 2011 онд Улаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд байрын багшаар, 2011 оноос 2014 онд 12 жилийн сургуулийн ахлах сургуульд байрын багшаар, 2014 оноос 2016 онд 12 жилийн ахлах сургуульд үйлчлэгчээр, 2016 оноос одоог хүртэл Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд тогоочоор ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа 1992 онд хүү н.Э***, 1993 онд охин н.О***, 1996 онд охин н.Б*** нарыг төрүүлсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн сургуульд ажилд орсон тушаал аймгийн Архиваас олдохгүй байгаа.

Иймд П.Б*** миний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 8 жилийн дунд сургуульд 1989 оноос 1991 он хүртэл, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд 1991 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сав угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар, П** овогтой Б***-т 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр нээж олгосон 004564 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1995 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 17 дугаартай Ажилд томилох тухай, Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаартай Тэтгэмж олгох тухай, мөн Улаан-Уул сумын 12 жилийн ахлах сургуулийн захирлын 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/31 дугаартай Комисс томилох тухай, 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай Багш ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралтын хуулбаруудад тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан баримт, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас гаргасан П** овогтой Б***-н шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа гэх 1995 оноос 2000 онуудын шимтгэл төлөлтийн лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан баримт, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт, Нярай хүүхдийн өсөлтийн түүх гэх П**-н Б***-н төрөлтийн түүхийн хуулбарт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан баримт, 1996 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гарсан төрөлтийн түүх зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-56 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Х***, Д.А*** нараас гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 80-83 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс П.Б**-н иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас П.Б***-н цалин хөлсний баримт болон түүний нэрээр ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэр бий эсэх талаар баримтууд гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 61-64, 72-75 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б** нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Санхүү тасагт 1988 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 10 жилийн сургуульд 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хувцас өлгөгч, жижүүрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба тэрээр шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 8 жилийн дунд сургуульд 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хувцас өлгөгчөөр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд 1991 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулсан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч П.Б*** нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч П.Б** нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 8 жилийн дунд сургуульд 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хувцас өлгөгчөөр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд 1991 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Ш*** овогт П***-н Б***-н иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

П** овогтой Б***-т 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон №329185 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын архиваас түүвэрлэсэн П.Б***-н 1989 оны 11-12 дугаар сар, 1990 оны 3 дугаар сар, 5 дугаар сар, 9-11 дүгээр сар, 1991 оны 1-7 дугаар сар, 10 дугаар саруудад тус тус Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 33-55 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №31 дугаартай ....П.Б***-г 1991 оны 9-5-аас сав угаагчаар ...тус тус томилон ажиллуулсугай.... гэх бичилт бүхий Зарим хүмүүсийг ажилд томилох, зарим хүнд чөлөө олгох тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 73 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1993 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №22 дугаартай ....1.П.Б***-н 1993-06-24 нд төрүүлсэн хүүхдээ асрахад нь зориулж 1993 оны 06-24-ний өдрөөс эхлэн 1995 оны 6-р сарын 24 хүртэл тэтгэмжгүй чөлөө олгосугай.... гэх бичилт бүхий Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалд Хөвсгөл аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас)

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1995 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №17 дугаартай П.Б**-н хүүхдээ асрах 4 жилийн хугацаа дууссан тул 1995-09-05-ны өдрөөс эхлэн жирэмсний амралттай байгаа Ж.Х***-н оронд түр үйлчлэгч жижүүрээр томилсугай. .... гэх бичилт бүхий Ажилд томилох тухай тушаалд Хөвсгөл аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 18 дугаар хуудас)

1996 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт төрсөн №56 дугаартай төрөлтийн түүхэд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, , (хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас)

Гэрч Ж.Х***-н ...П.Б*** нь 1989 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 8 жилийн дунд сургуульд хувцас өлгөгч, жижүүрээр 2007 он хүртэл ажиллаж байгаад 2007 оноос одоог хүртэл тогоочоор ажиллаж байгаа. ... гэх мэдүүлэг,

Гэрч Д.А***-ы ...П.Б*** нь Улаан-Уул сумын 8 жилийн дунд сургуульд 1989 онд ажилд орж, түүнээс хойш ЕБСургуульд 1994 оныг дуустал хувцас өлгөгч, байрын багш, жижүүр, сав угаагчаар зэрэг ажлуудыг хийж байсан... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг дүгнээд нэхэмжлэгч П.Б***-н дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 80-83 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч П.Б*** нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 8 жилийн дунд сургуульд 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хувцас өлгөгчөөр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд 1991 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш*** овогт П***-н Б**-н Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 8 жилийн дунд сургуульд 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хувцас өлгөгчөөр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд 1991 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН