Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/00426

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/00426

 

 

М.Уянгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/03176 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Уянгын нэхэмжлэлтэй

Хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-д холбогдох

 

- Орон сууцны зээлийн гэрээний стандарт нөхцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн үндсэн,

 

- Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 547 401 945, 17 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодолын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Золзаяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Гантогтох, С.Баяр-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч М.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

М.Уянга 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай 17 дугаар орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 500 000 ам.долларыг жилийн 15,6%-ийн хүүтэй, 15 жил буюу 180 сарын хугацаатай зээлсэн. Зээл авснааас хойш ам.долларын ханш тасралтгүй өссөн бөгөөд Монгол төгрөгийн ханшийн тогтворгүй байдал нь зээлдэгчээс үл хамаарах нөхцөл байдал юм. Хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь өөрөө боловсруулан зээлдэгч нартаа санал болгодог зээлийн гэрээний стандарт загварын дагуу хийгдсэн орон сууцны зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-т Гэрээний 3.1.-т заасан хугацаанд сар бүрийн төлбөрийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг банкин дахь зээлдэгчийн 452495168 тоот валютын дансанд төлөх гэж заасан нь зээлдэгч авсан зээлээ банкинд төлөхдөө тухайн өдрийн валютын ханшаар тооцон төлнө гэдгийг илэрхийлсэн байна. Орон сууцны зээлийн гэрээний дараах заалтууд нь шударга ёсны зарчимд харш, зээлдэгчид хохиролтой байна. Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т нэмэгдүүлсэн хүүг хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцно гэж, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй бол банк эхний ээлжинд бодогдсон хүүг бүрэн төлүүлсний дараа зээлийн үндсэн өрийг барагдуулна гэж, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн төлөхөөр гэрээнд зааж болно гэж, мөн хуулийн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байдаг бөгөөд төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хууль зүйн үндэслэлтэй. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т тусгаснаар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй юм. Энэ заалт нь зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6-д зээл болон бусад төрлийн гүйлгээ, төлбөр тооцоогоо банкин дахь харилцах дансаараа дамжуулан гүйцэтгэх гэж тусгасан байх бөгөөд Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.5 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй гэж заасан байна. Харилцагч иргэн, хуулийн этгээд нь банк, эрх бүхий хуулийн этгээдэд байршуулсан дансан дахь мөнгөн хөрөнгөө өөрийн дураар захиран зарцуулах эрхтэй бөгөөд харин банк, эрх бүхий хуулийн этгээд түүний мөнгөн хөрөнгөө захиран зарцуулахад нь хувь хязгаар тогтоож, биелэлтийг нь тооцож хянах зэргээр эрхийг нь хязгаарлаж болохгүй. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2-т зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан хугацаа зөрчигдсөн өдрөөс эхлэн барьцаалсан болон түүний өмчлөлийн бусад хөрөнгөнөөс гэрээний 6.2.3-т заасны дагуу үл маргах журмаар зээлийн төлбөрийг барагдуулахыг шаардах эсвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу орон сууцыг шүүхийн бус журмаар худалдан борлуулах, захиран зарцуулах, хадгаламжийн данснаас зээлийн өр төлбөрийг үл маргах журмаар суутган авах замаар зээлийн төлбөрийг төлүүлэх гэж тусгасан байна. Энэ нь Иргэний хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудад зээлдэгч нь зээлдүүлэгчийн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн захиран зарцуулах эрхтэй бөгөөд энэ нь зөвхөн хөдлөх хөрөнгөнд хамаарахаар хуульчилсан байна. Хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК болон М.Уянга нарын хооронд 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний 2.2., 5.4., 6.2.2., 6.2.3., 6.2.6., 7.1.2 дахь заалтууд нь Иргэний хуулийн 202.1 дахь хэсэгт заасан стандарт нөхцлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэсэн заалтын дагуу хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байна. Иймд Худалдаа хөгжлийн банк болон М.Уянга нарын хооронд 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний 2.2., 5.4., 6.2.2., 6.2.3., 6.2.6., 7.1.2 дах заалтууд нь гэрээний стандарт нөхцөл болох, тус стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, С.Дэлгэрцогт нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч М.Уянга, С.Төгөлдөр нар нь 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулан 500 000 ам.долларыг сарын 1,3%-ийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар 180 сарын хугацаатай зээлж авсан. Банк нь Иргэний хуулийн 24, 44 дүгээр бүлэг, Валютын зохицуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 11 дүгээр зүйлийн 11.4, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгдээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4 дэх заалт зэргийг үндэслэн дээрх зээлийг олгосон. Зээлдэгч нар болон тэдний өмгөөлөгч нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг буруу ойлгон тайлбарлаж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3/1555 дугаартай албан бичигт Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн өөрийн үнэлгээ болох ханшны тухай заасан болохоос бус төгрөгийн ямар нэг улсын мөнгөн тэмдэгт буюу гадаад валюттай харьцах ханшны талаар заагаагүй байна гэж тайлбарласан байгаа бөгөөд энэ албан бичиг хэрэгт авагдсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь тэдний хүсэл зоригийн дагуу харилцан зөвшилцөж хийсэн Иргэний хуулийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болсон гэрээ юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Зээлдэгч М.Уянга, С.Төгөлдөр нар нь хариуцагч банктай 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 17 дугаар орон сууцны зээлийн гэрээ, 17/01 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулан 500 000 ам.долларыг сарын 1,3%-ийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар 180 сарын хугацаатай зээлж авсан. Иргэн М.Уянга нь дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн Ү-2206022722 улсын бүртгэлийн дугаартай, 000235502 бүртгэлийн гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/7 дугаар байрны 4 тоотод байрлах 400м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаржийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан бөгөөд 17/02 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу 00-20 УНД улсын дугаартай JTJHVOOVV284006321 арлын дугаартай Lexus LX570 суудлын автомашины эзэмших эрхийг манай банкинд шилжүүлэн өгсөн. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 500 000 ам.доллараас 17 784,54 ам.доллар, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 297 024,21 ам.доллараас 153 945,71 ам долларыг төлсөн байна. Зээлдэгч нар орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлдөггүй байсан, энэ талаар зээлдэгчид удаа дараа сануулж, үүссэн зөрчлийг арилгах боломжийг олгож ирсэн боловч зээлдэгч нар гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байх тул уг гэрээний 9.2-т заасныг үндэслэн банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцалж байна. Энэ хугацаанд зээлдэгч нарт 8 удаа мэдэгдэл өгсөн. Зээлдэгч нар 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 482 215,46 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 142 350,86 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 727,64 ам доллар, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гарсан зардал 24 500 төгрөг нийт 1 547 401. 945,17 төгрөгийг М.Уянга, С.Төгөлдөр нараас гаргуулан өгнө үү. Хариуцагч М.Уянга, С.Төгөлдөр нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр н үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Уянга сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, бидний тооцоолсноор Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжилснээс илүү төлбөр төлөгдсөн гэж үзэж байна. Бид зээлээ 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хугацаанд бүрэн төлж ирсэн. Тухайн үед 1 392,52 төгрөг байсан ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2 414,84 болж 73,7 хувиар өссөнтэй холбоотойгоор бид эргэн төлөлтийг хийж чадахгүй байгаа тухайгаа банкинд олон удаа тайлбарласан. Орон сууцны зээлийн гэрээний дагуу төлбөр гүйцэтгэх мөнгөн тэмдэгтийг Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэх тухай саналыг удаа дараа гаргасан боловч банкны зүгээс ам.долларын ханш буурах хандлагатай байна, долларын зээл төгрөгийн зээлээс хүү бага байдаг учраас төлбөр төлөх мөнгөн тэмдэгтийг төгрөг болгох шаардлагагүй гэж татгалзаж байсан. Бид 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр авсан зээлийг төгрөгт шилжүүлэхэд 696 260 000 төгрөгийн зээл авсан боловч өнгөрсөн 4 жилд нийт 300 000 000 орчим төгрөгийн хүү төлсөн бөгөөд одоо нэхэмжилж буй 1 547 401. 945,17 төгрөгтэй нийлээд 1 847 401 945,17 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК-д төлөхөөр болоод байна. Энэ нь бид авсан зээлээ 3 дахин нугалж төлөх нөхцөл байдал үүсээд байна. Худалдаа хөгжлийн банк ХХК 2015 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа зээлдэгчтэй байгуулсан 17 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 538 763,82 ам.доллар буюу 1 072 840 394,77 төгрөг гаргуулахаар шаардаж, 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 9-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлийн үлдэгдэл 961 235 645,50 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 166 213 678,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 306 407,19 төгрөг, нийт 1 126 778 730,55 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Дээрх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хянан шийдвэрлэсэн 2808 дугаар шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2-д заасныг удирдлага болгон Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан М.Уянгаас 166 652 072,94 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээ цуцлах, 960 235 645,50 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийг албадан худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсонасуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсгийг зөрчиж байна. Мөн энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөхөд зөрчил гаргасан тул гэрээг цуцлаж байна гэсэн байх ба 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн зээлийн хорооны хурлаар М.Уянгын орон сууцны зээлийн өрийн үлдэгдэл 538 763,82 ам долларыг төгрөгт хөрвүүлэн 1 072 840 394,77 төгрөгөөр бүртгэхээр шийдвэрлэсэн байхад банк дахин доллараар нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар Орон сууцны зээлийн гэрээний 2.2., 5.4., 6.2.2., 6.2.3., 6.2.6., 7.1.2 дах заалтууд нь гэрээний стандарт нөхцөл болох, тус стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухайнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар М.Уянга, С.Төгөлдөр нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 547 401 945,17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Худалдаа хөгжлийн банкны сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Уянгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Худалдаа хөгжлийн банкны сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 728 793 төгрөгийг улсын төсвийн 2611192214 данснаас буцаан гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар 117.1 дэх хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгох талаар заасан ба уг заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгоход тус хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ямар нэгэн урьдчилсан нөхцөл байхаар хуульчилжээ. Шүүх дээрх хуулийг хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засах талаар шүүхийн шийдвэрт огт дурьдаагүй нь манай банкны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Худалдаа, хөгжлийн банк ХХК анх 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 5/6376-н дугаар сөрөг нэхэмжлэлээр иргэн М.Уянга, С.Төгөлдөр нараас 1 547 401 945.17 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа удааширсан тул нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 135 176 580.34 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1 682 578 525.51 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байхад шүүхийн шийдвэрт 1 547 401 945.17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Маргааныг хянан шийдвэрлэж хэргийн оролцогчдод шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж амаар тайлбарласан. Харин шүүхийн шийдвэрийг 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр бичгээр гардаж аваад танилцахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дах хэсэгт заасан зүйл заалт шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын ноцтой алдаа гарсан байна. Энэ нь шүүхийн шийдвэр танилцуулах үеийн хурлын тэмдэглэл, дуу бичлэгээр нотлогдоно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шүүх тайлбарлахдаа нотлох баримтыг буруу үнэлж, тайлбарласан байна. 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 102/ШШ2016/02808 дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч үүргээ зөрчсөн үндэслэл бий болсон үед нэхэмжлэгч нь гэрээг цуцлах эрхтэйг дурдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээ цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 17 дугаар орон сууцны зээлийн гэрээ, № 17/01 дугаар "үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь зээлийн гэрээг цуцалсан шүүхийн шийдвэр биш бөгөөд гэрээний үүргийн зөрчил 166 520 072,94 төгрөгийг төлж цаашид гэрээг үргэлжлүүлэхээр гарсныг шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт Худалдаа, хөгжлийн банк ХХК сөрөг нэхэмжлэл гаргасан. Манай банкнаас өөрийн эрх ашгийг хамгаалан сөрөг нэхэмжлэлд нийт 26 хуудас нотлох баримт гаргаж өгсөн байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй гэж нотлох баримт бүрэн үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Хэрэв Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 102/ШШ2016/02808 дугаар шийдвэр, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа шүүхэд өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, дүгнэсэн бол Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх байсан. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/03176 дугаар шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

  Нэхэмжлэгч М.Уянга нь хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-д холбогдуулан орон сууцны зээлийн гэрээний стандарт нөхцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 547 401 945,17 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хариуцагчаар М.Уянга, С.Төгөлдөр нарыг тодорхойлсон байна. /хх-ийн 17-19 тал/

Анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ20017/07981 дугаар шүүгчийн захирамжаар иргэн С.Төгөлдөрийг хамтран хариуцагчаар татжээ. /хх-ийн 85 тал/

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасан бөгөөд М.Уянгын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гаргасан сөрөг нэхэмжлэлд хамтран хариуцагчаар С.Төгөлдөрийг оролцуулахыг нэхэмжлэгч М.Уянга зөвшөөрсөн байх ёстой.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагчийг өөрөө тодорхойлсон тохиолдолд шүүх нэмж хариуцагч оролцуулж болно, харин хариуцагч нэхэмжлэгчийг нэмж оролцуулахаар шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн зөвшөөрлийг үндэслэн нэмж нэхэмжлэгч оролцуулж болдог. Иргэн С.Төгөлдөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болгон оруулахыг нэхэмжлэгч М.Уянга зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/03176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-д давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 641 043 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО