| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0303/Э |
| Дугаар | 315 |
| Огноо | 2018-07-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, шүүгдэгч /хохирогч/ Д.Б, шүүгдэгч /хохирогч/ О.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д.Б, Х овогт О.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810005860328 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүй судлаач мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Д.Б
Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөн булаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дохиочин, оосорлогч мэргэжилтэй, “, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт О.П
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко” спорт цогцолборт “Туушин” ХХК-ийн ажилчид цасны баяр тэмдэглэж байх үед О.Птой маргалдан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 03 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко” спорт цогцолборт “Туушин” ХХК-ийн ажилчид цасны баяр тэмдэглэж байх үед Д.Бтой маргалдан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Д.Б: “...Пт хамар руугаа цохиулсан. Хамар, нүд рүү нь нэг удаа цохиж, нуруу руу нь хоёр удаа өшиглөсөн. Хохиролд 200.000 төгрөг авсан, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч О.П: “...Эрүү, хамрандаа нэг удаа цохиулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Д.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ..” гэв.
Шүүгдэгч О.П: “..Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байх Эко спорт цогцолборт хөзөр тоглож байгаад Хаянхярваа, Амартүвшин хоёртой маргалдсан. Тэгээд маргалдаж байхад П гаднаас орж ирээд сууж байгаад хажуу талаас архи цацсан. Энэ үед Отгонзаяа орж ирээд намайг авч гарсан. Би буцаж ороод Поос яагаад архи цацаж байгаа юм бэ гэж асуухад яадаг юм гэхээр нь би Пын эрүү рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл П намайг хамар, нүд рүү гараараа нэг, нэг удаа цохисон. ...Бид нилээн ууцгаасан байсан...” /хх-ийн 7-10/ гэсэн,
Хохирогч О.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 02-ны орой ...гаднаас орж ирэх үед Амартүвшин, Хаянхярваа хоёртой Б намайг авч явсангүй гээд маргалдаж байсан. Тэгэхээр нь би болиулах санаатай наад хоёрын чинь буруу гэж юу байх вэ гэхэд чи юу юм бэ, захирлын хамаатан садан байх чинь надад хамаагүй, чи дундуур орлоо гэхээр нь та нарын зөвийг чинь олох гэсэн юм гээд маргалдаж байхад Эрдэнэбатхаан намайг хаасан байдалтай зогсож байсан бөгөөд Б намайг гараараа нэг удаа цохисон, тэгээд хамар руу нэг удаа цохисон. Энэ үед Эрдэнэбатхаан намайг хаасан чигээрээ зогсож байсан. Тэгтэл Б миний футболкны захнаас заамдаад байж байхад Отгонзаяа Бийг авч гарч байгаад коридорын шалан дээр хоёулаа давхралдаж унасан, энэ үед нь би Бийн нуруу хэсэг руу 2 удаа өшиглөсөн. ...Бийг цохисон эсэхээ сайн санахгүй байна...” /хх-ийн 12-16/ гэсэн,
Гэрч М.Эрдэнэбатхаан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажлынхаа цасны баярт очоод орой 21 цаг хүртэл тоглож байгаад нэг өрөөнд орж ирэхэд Б, П нар муудалцах гээд хоёр талаас босоод ирэхээр нь би боль гээд дундуур нь ороод салгах гэхэд Б, П нар бие биерүүгээ дайраад, гараараа цохилцоод байх шиг байсан. Тэгэхээр нь би Пыг хаагаад, Бийг Отгонзаяа өрөөнөөс аваад гарсан...” /хх-ийн 20, 25/ гэсэн,
Гэрч М.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажлынхаа цасны баярт очоод хөзөр тоглож байгаад хүмүүс бие биенийхээ модыг нэг нэгэндээ хэлсэн асуудлаас болж үл ойлголцол гарсан. ...Тэгээд би хожсон нь аваарай гээд 1000 төгрөг ширээн дээр тавьчихаад гарч яваад тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй...” /хх-ийн 22/ гэсэн,
Шинжээч Т.Сэлэнгэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Пын биед учирсан хүзүүнд цус хуралт, зулгаралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зөөлөн эдийн няцрал нь хамар, хацар, эрүүнд байна. Пын биед учирсан гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 28/ гэсэн,
Шинжээч Б.Ариунзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бийн биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 29/ гэсэн,
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 02-ны орой ажлынхаа цасны баярт очоод хөзөр тоглож байгаад Хаянхярваа, Амартүвшин хоёртой маргалдсан. Тэгтэл П гаднаас орж ирээд над руу архи цацсан. Энэ үед Отгонзаяа намайг аваад гарсан. Би буцаж орж ирээд Поос яагаад над руу архи цацаж байгаа юм бэ гээд Пын эрүү рүү гараараа цохисон. Тэгтэл П гараараа миний хамар, нүд рүү нэг, нэг удаа цохисон...” /хх-ийн 45-46/ гэсэн,
Шүүгдэгч О.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 02-ны орой ...гаднаас орж ирэхэд Б нь Амартүвшин, Хаянхярваа хоёртой Цэрэнсодномын төрсөн өдөрт намайг авч явсангүй гээд маргалдаж байсан. Тэгэхээр нь би болиулах санаатай наад хоёрын чинь буруу гэж юу байх вэ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд бид хоёр маргалдсан. Бид хоёрыг маргалдаж байх хооронд Эрдэнэбатхаан намайг хаагаад зогсож байхад Б намайг нэг удаа цохиод, хамар руу нэг удаа цохисон. ...Тэгтэл Б миний футболкны захнаас заамдаад байж байхад Отгонзаяа Бийг авч гарч байгаад коридорын шалан дээр хоёулаа давхралдаж унасан, энэ үед нь би Бийн нуруу хэсэг руу 2 удаа өшиглөсөн. ...Би Бийн хамар руу нэг удаа гараараа цохиод, газар унахаар нь хоёр удаа нуруунд нь өшиглөсөн...” /хх-ийн 50-51/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №3243 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. О.Пын биед хамар, хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. .
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 31/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №3234 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Бийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дух дээд, доод зовхи, хамар, хацрын зөөлөн эдэд няцрал цус хуралт, цээжний зүүн хажуу доод хэсгийн зөөлөн эдийн гэмтэл үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-ийн 35/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч Д.Бийн ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 52-59/,
- Шүүгдэгч О.Пын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 60-74
- Хохирлын баримтууд /хх-ийн 76/
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 79-80/зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Б, О.П нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б, О.П нат холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б, О.П нар 2018 оны 03 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко” спорт цогцолборт “Туушин” ХХК-ийн ажилчид цасны баяр тэмдэглэж байх үедээ харилцан зодолдолж, бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Бийн “...2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байх Эко спорт цогцолборт хөзөр тоглож байгаад Хаянхярваа, Амартүвшин хоёртой маргалдсан. Тэгээд маргалдаж байхад П гаднаас орж ирээд сууж байгаад хажуу талаас архи цацсан. Энэ үед Отгонзаяа намайг авч гарсан. Би буцаж ороод Поос яагаад архи цацаж байгаа юм бэ гэж асуухад яадаг юм гэхээр нь би Пын эрүү рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл П намайг хамар, нүд рүү гараараа нэг, нэг удаа цохисон...” /хх-ийн 7-10/ гэсэн,
хохирогч О.Пын “...2018 оны 03 дугаар сарын 02-ны орой ...гаднаас орж ирэхэд Б нь Амартүвшин, Хаянхярваа хоёртой “намайг авч явсангүй” гээд маргалдаж байсан. Тэгэхээр нь би болиулах санаатай наад хоёрын чинь буруу гэж юу байхав дээ гэхэд чи юу юм бэ, захирлын хамаатан байх чинь надад хамаагүй, чи дундуур орлоо гэхээр нь та нарын зөвийг олох гэсэн юм гээд маргалдаж байхад Эрдэнэбатхаан намайг хаасан байдалтай зогсож байсан бөгөөд Б намайг гараараа хамар руу нэг удаа цохисон. Энэ үед Эрдэнэбатхаан намайг хаасан чигээрээ зогсож байсан. Тэгтэл Б миний футболкны захнаас заамдаад байж байхад Отгонзаяа Бийг авч гарч байгаад коридорын шалан дээр хоёулаа давхралдаж унасан, энэ үед нь би Бийн нуруу хэсэг руу 2 удаа өшиглөсөн...” /хх-ийн 12-16/ гэсэн,
Шинжээч Т.Сэлэнгийн “...Пын биед учирсан хүзүүнд цус хуралт, зулгаралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зөөлөн эдийн няцрал нь хамар, хацар, эрүүнд байна. Пын биед учирсан гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 28/ гэсэн,
Шинжээч Б.Ариунзулын “...Бийн биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 29/ гэсэн,
Шүүгдэгч Д.Бийн “...2018 оны 03 дугаар сарын 02-ны орой ажлынхаа цасны баярт очоод хөзөр тоглож байгаад Хаянхярваа, Амартүвшин хоёртой маргалдсан. Тэгтэл П гаднаас орж ирээд над руу архи цацсан. Энэ үед Отгонзаяа намайг аваад гарсан. Би буцаж орж ирээд Поос яагаад над руу архи цацаж байгаа юм бэ гээд Пын эрүү рүү гараараа цохисон. Тэгтэл П гараараа миний хамар, нүд рүү нэг, нэг удаа цохисон...” /хх-ийн 45-46/ гэсэн,
Шүүгдэгч О.Пын “...2018 оны 03 дугаар сарын 02-ны орой ...гаднаас орж ирэхэд Б нь Амартүвшин, Хаянхярваа хоёртой Цэрэнсодномын төрсөн өдөрт намайг авч явсангүй гээд маргалдаж байсан. Тэгэхээр нь би болиулах санаатай наад хоёрын чинь буруу гэж юу байхав дээ гэхэд чамд ямар хамаатай юм гээд бид хоёр маргалдсан. Бид хоёрыг маргалдаж байх хооронд Эрдэнэбатхаан намайг хаагаад зогсож байхад Б намайг нэг удаа цохиод, хамар руу цохисон. ...Тэгтэл Б миний футболкны захнаас заамдаад байж байхад Отгонзаяа Бийг авч гарч байгаад коридорын шалан дээр хоёулаа давхралдаж унасан, энэ үед нь би Бийн нуруу хэсэгт хоёр удаа өшиглөсөн...” /хх-ийн 50-51/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №3243 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. О.Пын биед хамар, хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. .
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 31/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №3234 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Бийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дух дээд, доод зовхи, хамар, хацрын зөөлөн эдэд няцрал цус хуралт, цээжний зүүн хажуу доод хэсгийн зөөлөн эдийн гэмтэл үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно...” /хх-ийн 35/ гэсэн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б, О.П нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс Д.Б, О.П нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бийн хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дух дээд, доод зовхи, хамар, хацрын зөөлөн эдэд няцрал цус хуралт, цээжний зүүн хажуу доод хэсгийн зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирч, шүүгдэгч О.П мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 200,000 төгрөг төлсөн, хохирогч Д.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 79/ гэсэн,
хохирогч О.Пын биед хамар, хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан, шүүгдэгч Д.Б нь хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 80/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, хохирол төлбөргүй байна.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Б, О.П нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, хор уршиг, шүүгдэгч нарын ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгуулийн ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэв. Ингэхдээ шүүгдэгч нар нь өөр хоорондоо харилцан зодолдож, хэн алиндаа хохирогч нар бөгөөд сайн дураараа эвлэрсэн, хохирол, хор уршгийг арилгасан, хэн алиндаа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан торгуулийн ялыг адил хэмжээтэй оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1810005860328 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Б, Х овогт О.П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, О.П нарт тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Б, О.П нарт тус бүр оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б, О.П нар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810005860328 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч нар гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б, О.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, О.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР