Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/10

 

 

 

 

 

 

 

 

   2025         01             31                                                        2025/ДШМ/10

 

 

 

О.Б, Б.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Уянга, 

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Э,

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Э.Г,

Хохирогчийн өмгөөлөгч Р.М,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 391 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Э.Г, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, прокурор Э.Уянгын бичсэн эсэргүүцлийг зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Б, О.Б нарт холбогдох эрүүгийн 2334005750174 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Б......... аймгийн Б........ суманд 1..... оны ....... дүгээр сарын ..........-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Экологи, байгаль хамгаалагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт О.......... аймгийн Б ........... сумын ........ дүгээр баг, Б........ ......... дүгээр гудамж ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ү............ овогт О.......... Б........, РД:................

2.Монгол Улсын иргэн, Б....... аймгийн Б......... суманд 1....... оны ........дугаар сарын .........-ний өдөр төрсөн, 26 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Экскаваторын оператор, Гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Б......... аймгийн Б.......... сумын ........ дугаар баг, Д......... гэх газарт оршин суух, П....... овогт Б......... Б........., РД:.............

3. Шүүгдэгч О.Б, Б.Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж,  2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс  11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Төв аймгийн  Заамар  сумын Хайлааст 3  дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Орхон түшээ” караокены үүдэнд Э.Батдорж нартай маргалдаж түүнд уурласан уурандаа 75-63 БУА улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслээр дагаж, Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн 1 дүгээр гудамж 07 тоотод хохирогч О.Батдоржийн эзэмшлийн хашааны хаалгыг хаалттай байхад нь тээврийн хэрэгслээр мөргөн орж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 362,400 төгрөгийн хохирол учруулсан,

улмаар тус хашаанд тээврийн хэрэгсэлтэй нэвтрэн орж зогсох үед хохирогч Э.Батдоржийг тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгоход ухрах үйлдэл хийж тээврийн хэрэгслийн хаалганд савагдан унасныг мэдсээр байж түүний дээгүүр гарч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

4.Төв аймгийн прокурорын газраас О.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

5. Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ү......... овогт Одонтунгалагийн Батбаяр, П овогт Б-ын Бнарт холбогдох эрүүгийн 2334005750174 дугаар хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ү овогт О-ийн Б, П овогт Б-ын Бнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгийг гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Ү овогт О-ийн Б, П овогт Б-ын Бнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, О.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, О.Б нарт оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү овогт О-ийн Бын шүүхээс тогтоосон Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Пүрэвжав овогт Батсайханы Баянжаргалын шүүхээс тогтоосон Булган аймаг Бүрэгхангай сумаас бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг тус тус сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б, О.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулж,

Шүүгдэгч О.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхийг дурдаж,

Шүүгдэгч Б.Б, О.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Батдоржид шүүгдэгч Б.Б, О.Б нар нь 15,000,000 төгрөг төлснийг дурдаж, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Б, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “75-63 БУА” улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 5,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн 2,750,000 төгрөгийг шүүгдэгч О.Б, Б.Бан нараас гаргуулж, улсын орлого болгож,

Эрүүгийн 2334005750174 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б, Б.Бан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б, Б.Бан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх авч, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч нарын хорих ял эдлэх хугацааг  2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээр хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж, шийдвэрлэжээ.

6.Прокурор Э.Уянга бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 391 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Б, О.Б нар нь “Орхон түшээ” караокед бусдыг илтэд үл хүндэтгэн хэрүүл маргаан үүсгэн, гудамж талбайгаар тээврийн хэрэгслээ хаазлан давхиж, зам хааж зогсох зэргээр бусдыг айдаст автуулж, хохирогч Э.Батдоржийн хашаанд ирснээр төгссөн. Улмаар хашааны хаалгыг эвдсэн, уг хашаан дотор хохирогчийг дайрч унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болон 362,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж, тухайн үйлдлийг хийх явцдаа хүсэл зорилгоосоо хальж өөрсдийн үйлдлийн улмаас хохирол, хор уршгийг учирч болохыг мэдсэн атлаа тийм хор уршиг бий болгохыг зориуд хүргэж шууд санаатайгаар хэрэгжүүлсэн нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүгдэгч нарын танхайрах үйлдэл нь “Орхон түшээ” караокены гаднаас эхэлж, хохирогч Э.Батдоржийн хашааг мөргөснөөр дуусгавар болсон, үргэлжлүүлээд бусдын эд хөрөнгийг эвдсэн үйлдэл хийсэн нь нотлогддог. Иймд анхан шатны шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нэг шинж гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байх тул 2024 оны 11 дүгээр зүйлийн 20-ны өдрийн 391 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

7.Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Э.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 391 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Шүүх миний үйлчлүүлэгч шүүгдэгч О.Б, Б.Б нарыг Э.Батдоржийн биед хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон тул энэ талаар маргахгүй.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.  Миний үйлчлүүлэгч хийсэн гэмт хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдэж хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлснөөс гадна хохирогчид цаашид үүсэх гэм хорын хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн. Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлын төлсөн”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн бага насны хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг өөрчлөн хөнгөрүүлж 3000 нэгжээр торгох, эсвэл 6 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулан анхан шатны шүүхийн 391 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

8.Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа. Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд ар гэрийн байдлын хувьд 1 сартайгаас 6 хүртэлх насны 3 хүүхэдтэй, эхнэр нь хүүхдүүдээ хардаг учраас ажилгүй, цалин орлогогүй, хүүхдийн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулдаг. Амьдралын түвшин нь амьжиргааны доод түвшинд очсон. Сая шинээр хувийн байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн Булган аймгийн багийн Засаг даргын тодорхойлолт, сумын Нэгдсэн эмнэлгийн эмчийн тодорхойлолт, мөн 84 настай өвөөгөө харж хамгаалдаг зэрэг тодорхойлолтуудыг өгсөн. Одоогийн байдлаар 6 настай хүүхэд нь Улаанбаатар хотод ах, дүү нарынхаар нь явж амьдарч байгаа зэрэг байдлыг шүүхээс харгалзан үзэж, 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

9.Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөнгөн хийсвэр зан, бодлогогүй алхам ямар их хор уршигт хүргэж байгааг ойлгож авсан. Эхнэр минь нялх биетэй болохоор ажил хийх боломжгүй. Хийсэн хэрэгтээ маш их их харамсаж байна. Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэв. 

10.Хохирогч Э.Батдоржийн өмгөөлөгч Р.М тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Энэ хэрэг шалгагдаад 1 жил гаран хугацаа өнгөрлөө. Уг хугацаанд сэтгэл санааны хохирол болон бусад хохиролд нийт 15,000,000 төгрөг авсан. Хохирогчийн зүгээс гомдол, саналгүй гэж хэлсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээж өгнө үү. Өөр хэлэх тайлбар байхгүй.” гэв.

11.Шүүгдэгч О.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ойлгож ухаарлаа. Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Э.Г, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Э нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор Э.Уянгын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байхаас гадна нотлох баримтын хүртээмжтэй байдал хангагдсан байна.

3. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл Б.Б, О.Б нар нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон түшээ” гэх караокед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн газраар үйлчлүүлж байсан иргэн Б.Амарсайхан болон хохирогч Э.Батдоржтой маргалдан, улмаар тэднийг явсны дараа 75-63 БУА улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон гудамж талбайгаар хайж, замд тааралдсан гэрч Н.Сэвжидмаагаас асууж сураглан, бусдыг айдас түгшүүрт автуулан, Заамар сумын Хайлааст 3 дугаар баг, 1 дүгээр гудамжны, 07 тоотын хашааны хаалгыг хаалттай байхад нь тээврийн хэрэгслээрээ мөргөн орж, бусдын эд хөрөнгийг эвдэж гэмтээн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрч, тус тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Б тус хашаанд тээврийн хэрэгсэлтэй нэвтрэн орж зогссон үед тээврийн хэрэгслээ ухрааж хохирогч Э.Батдорж тээврийн хэрэгслийнх нь хаалгыг онгойлгоход хашаанаас нь буцаж гарах үйлдэн хийн түүнийг тээврийн хэрэгслийнхээ хаалгаар саван унагасан гэдгээ мэдсээр байж бие дээгүүр нь гарч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтын талаар тусгагджээ.

Дээрх гэмт хэргийн талаарх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Батдоржийн “...манай ажилчид Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт байрлах Орхон түшээ гэх бааранд сууж байхад нь би эхнэр Сэвжидмаагийн хамт 23 цагийн орчимд очоод ажлын хүмүүсийн хамт 0.5 л Эдэн архи аваад уугаад талбай руу бүжиглэх хүмүүс нь гарч бүжиглээд, сууж босоод байж байхад танихгүй хоёр залуу талбай дээр бүжиглээд байгаа хүмүүсийг хоргоогоод манай Амраа гэж ажилчныг аваад гарахаар нь би араас нь гарахад Амрааг өндөр залуу нь хүзүүгээр нь сугадчихсан байхаар нь би яаж байна, юу болж байна гэхэд жижиг биетэй залуу нь над руу хандаж хоёулаа халзагная, нааш ир гээд байхаар нь би буцаад ороод сууж байтал 12 цаг болох гэж байсан. ...манай эхнэр Түвшээ ахыг гэрт нь хүргэж өгөх гэж яваад Номиоко бид хоёр байшиндаа ороод Баагий, Уртаа, Үүрээ, Пүрэвдорж нар байшингийн урд байдаг гэр рүү орсон. Тэгтэл араас Уянга, Амраа хоёр манай байшинд орж ирээд гадуур саяны хоёр залуу машинтай хаазлаад байна гээд яриад сууж байтал манай хашааны гүйдэг том хаалгыг гаднаас Карина маркийн машин мөргөөд ороод ирэхээр нь би байшингаас гартал байшин руу чиглээд хааз гишгэхээр нь баруун хаалгыг онгойлгоод жолоочийг татаад буулгах гэтэл ухраад, би хаалганд цохигдож дээшээ харж унахад жолооч талын урд дугуй миний баруун хөл, гэдэс, цээж, нүүр дээгүүр дайраад зугтаад явчихсан.Тээврийн хэрэгслийн дугуй миний дээгүүр гарч намайг дайрсны улмаас надад гэмтэл учирсан. ...Бааранд хүмүүс хоргоогоод байсан хоёр залуугийн жижиг биетэй нь машиныг жолоодож байсан...” гэх мэдүүлэг,

-гэрч Н.Сэвжидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ажилчдаа авч ирэх гээд Орхон түшээ караоке очоод нөхөр бид хоёр орсон...баарны тэкен дээр дуу тавиад байсан өндөр саарал цамцтай залуу нь манайд ажилладаг Амарбаясгалан гэх залууг сууж байхад нь шилдээд дагуулаад гараад явахаар нь би гараад чи яах гэж байгаа юм, Амарбаясгаланг наад залуугаа таньдаг юм уу гэтэл эгчээ би танихгүй гэсэн. ...манай ажилчдыг тэр мөрөвчтэй өмдтэй залуу нь та нарыг алнаа, совоос гаргахгүй хутгална гээд орилоод байж байхаар нь би юу болоод байгаа юм бүгдээрээ машиндаа сууцгаа гээд машинаа онгойлгоод ажилчдаа суулгаад би өөрөө машинаа жолоодоод гэртээ очоод Пүрэвдорж, Үүрцайх, Батбаатар, Уртнасан, Батдорж нар буулгаад, Түвшинсайхан ахыг гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад араас машин дагаад байсан бөгөөд би замдаа нэг цагдаад үнэртүүлээд Түвшинсайхан ахыг гэрт нь буулгачхаад буцаад явж байхад Хайлааст хүнсний дэлгүүрийн үүдэнд миний машины урдуур нэг Карина маркийн машин миний машины урдуур орж зогсоогоод жолооч талын суудлаас мөрөвчтэй өмдтэй намхан залуу, хажуу талын суудлаас бааранд байсан саарал цамцтай залуу бууж ирсэн бөгөөд машины ард бас хүмүүс байсан. Тэгтэл намхан мөрөвчтэй өмдтэй залуу нь миний эсрэг талын завсартай байсан цонхны зайгаар хутга сарвайгаад чамайг ална гэж намайг сүрдүүлээд байхаар нь та нар хүн андуураад байна, би та нарыг танихгүй гэж хэлэхэд би хүн андуураагүй, та нарыг ална, нөгөө хүмүүсийг чинь ална гэж байгаад машиндаа суухаар нь би хөдлөөд хашаандаа орохгүйгээр хашаагаа өнгөрч яваад зогсож байтал манай хадам ээж Дулмаа над руу залгаад согтуу хүмүүс хашаа мөргөөд орж ирээд Батдоржийг дайраад гараад явлаа гэхээр нь би цагдаагийн газар очоод дуудлага өгч, нэг цагдаатай хамт хашаандаа очиход хашааны том хаалга дотогшоо салаад уначихсан манай нөхөр байшин дотор байсан бөгөөд баруун хөл, гэдэс, цээж, нүүрний зүүн тал дээгүүр нь машин гарсан гээд уг хэсгүүд нь зулгарч цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

-гэрч Б.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хашаа дайраад орж ирсэн Карина маркийн тээврийн хэрэгслийг өмнө нь баарны үүдэнд байсан мөрөвчтэй өмдтэй намхан залуу жолоодоод цаад талд өндөр залуу нь сууж байсан. Ард талын суудалд хүн байгаагүй. Э.Батдорж ах байшин дотор гартаа ямар нэгэн хутганы зүйл бариагүй зүгээр юм яриад сууж байсан. Тэр үед бүгд сандралдаад яараад гарсан...” гэх мэдүүлэг,

-гэрч Э.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр бид хоёр Батдорж ахын байшинд ороод сууж байхад Сэвжидмаа эгч энүүгээр нөгөө залуучууд аваад байна гэж утсаар хэлээд бид хоёр байшинд нь сууж байхад гадаа машин хаазлаад хашааны хаалга мөргөөд орж ирсэн. Батдорж ах, Амарбаясгалан хоёр гараад араас нь би Батдорж ахын ээж, том хүүхэд, бид нар гартал хашааны том хаалга дотогшоо уначихсан машин хойшоо ухарч байхад Батдорж ах машины доороос гарч ирсэн...” гэх мэдүүлэг,

-гэрч Б.Уртнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...үл таних нэг залуу ирээд Амарбаясгаланг шилэн хүзүүнээс нь атгаж аваад гадагшаа гараад араас нь Сэвжидмаа, Уянга хоёр гараад ардаас нь би Батдоржтой хамт гартал Амарбаясгаланг нэг залуу чи хаанахынх юм гээд байж байсан…танихгүй хоёр залуу манайд ажлын хүмүүстэй маргалдаад та нарыг ална, совоос гаргахгүй ална гээд хэрэлдэж байгаад Сэвжидмаа жолоо бариад бид гутлын үйлдвэрийн хашаанд ирж Батдорж, Баагий, Үүрээ, Пүрэвдорж бид тав бууж үлдээд Сэвжидмаа Энхтүвшинийг хүргэж өгөх гэж явахад нь Баагий, Үүргээ, Пүрэвдорж бид дөрөв байрладаг гэр рүүгээ ороод амрах гэж байтал гадаа их дуу, чимээ гараад юу болов гээд гутлаа өмсөөд гараад иртэл нэг жижиг тэрэг улаан галзуу хашааны хаалгаар жолоочийн хаалга нь хашааны шонд савагдаад гараад явсан. Юу болов гээд асуухад Батдоржийн гэдэс, нүүр зэрэг нь цус болчихсон тонгойчихсон байж байсан бөгөөд саяны машин Батдоржийг дайраад дээгүүр нь гарсан гэж байсан...” гэх мэдүүлэг,

-гэрч Н.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нэг танихгүй залуу Амарбаясгаланг шилэн хүзүүнээс нь атгаад аваад гадагшаа гараад араас нь Сэвжидмаа, Уянгаа хоёр гараад нээх удалгүй эргээд орж ирээд бүгдээрээ гарцгаахаар болоод гартал саарал цамцтай залуу Пүрэвдорж гэдэг ахтай маргалдаад та нарыг ална гээд байж байтал Батдорж гарч ирээд нөгөө залуу руу чи юу гээд байгаа юм гээд барьцалдаад авахаар нь хэдэн талаас нь салгасан. Тэр үед тэр саарал цамцтай залуугийн хажууд нэг мөрөвчтэй өмдтэй залуу хамт байсан. Тэгээд Сэвжидмаа жолоо бариад гутлын үйлдвэрийн хашаанд ирээд Батдорж, Уртнасан, Үүрээ, Пүрэвдорж бид тав бууж үлдээд Сэвжидмаа Энхтүвшинийг хүргэж өгөх гээд явсан. Уртнасан, Үүрээ, Пүрэвдорж бид дөрөв байрладаг гэр рүү ороод амрах гээд байж байтал гадаа их чимээ гараад гутал хувцсаа өмсөөд гэрээс гартал нэг Карина маркийн тээврийн хэрэгсэл хашааны хаалгаар гараад явж байсан...гэх мэдүүлэг,

-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 408 дугаар “...Э.Батдоржийн биед баруун шагайн дотор хашлага ясны хугарал, зүүн хацар, нуруу хэвлийн доод хэсэг, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Учирсан гэмтэл нь тээврийн хэрэгсэлд дайрагдах үед үүсэх боломжтой...талаарх дүгнэлт,

-Хөрөнгийн үнэлгээний шинжээч Г.Амбасэлмаагийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03/411 дугаар “...хашааны гүйдэг хаалганы зах зээлийн үнэ 360,400 төгрөг болно” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудаар нотлогджээ.

4. Прокуророос шүүгдэгч О.Б, Б.Б нарын дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

5. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын дээр дурдагдсан үйлдэлд нь прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэрэг тус бүрд доорх дүгнэлтийг өгч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

6. Гэмт хэргийн яллах болон цагаатгах, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдал, гэмт этгээдийн үйлдэл тус бүрд зайлшгүй дүгнэлт өгч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үүсгэсэн үйлдэл хоорондын шалтгаант холбоо, үүнийг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуулан үнэлэлт, дүгнэлт өгөх нь хэргийн болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримт, хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг дүгнэн үзэх шалгуур болдог.

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг нь “...Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан...” гэх үндсэн шинжээр илэрдэг.

Өөрөөр хэлбэл нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан үйлдэл байх бөгөөд тус гэмт хэргийн объектив шинж нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, ямар ч шалтгаангүйгээр, эсхүл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, бусдыг дорд үзэх, илэрхий үл ойшоох, дээрэлхэх, өөрийн ичгүүр сонжуургүй догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзсэн хохирогчид хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, эдгээр үйлдэлд бусдыг өдөөн турхирч татан оруулан хүний халдашгүй, чөлөөтэй байх болон эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гардаг байна.

Хэрэв дээр дурдсан шинж, хэлбэрийг агуулаагүй буюу нийтийн хэв журмыг зөрчөөгүй байвал хүн хоорондын хувийн таарамжгүй, зүй бус харьцаанаас үүдэн маргалдан зодолдсон, бие махбодод нь гэмтэл учруулсныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үздэггүй ба энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль тохирох зүйл, хэсгээр хэргийг зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг билээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Б, Б.Б нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Орхон түшээ” караокены үүдэнд иргэн Б.Амарсайхан, хохирогч Э.Батдорж нартай маргалдаж, түүнд уурласан уурандаа 7563 БУА улсын дугаартай Тоёота карина” маркийн тээврийн хэрэгслээр дагаж, Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн 1 дүгээр гудамж 07 тоот дахь хохирогч О.Батдоржийн эзэмшлийн хашааны хаалгыг хаалттай байхад нь тээврийн хэрэгслээр мөргөн орж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 362.400 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

мөн тэдэнд прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч О.Батдоржийн эзэмшлийн хашааны хаалгыг хаалттай байхад нь тээврийн хэрэгслээрээ мөргөн орж бусдын эд хөрөнгийг гэмтээн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, тус хэргийн “...эд хөрөнгө устгаж, гэмтээх...” гэх шинжид нь хамаарч байгаа учир давхардуулан зүйлчлэх үндэслэлгүй гэх агуулга бүхий дүгнэлт өгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч О.Б, Б.Б нарын үйлдсэн тухайн хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Харин прокуророос шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчлөлгүйгээр түүнийг гэм буруутайд тооцон, ял оногдуулан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь: Шүүгдэгч нар нь бусадтай муудалцан 7563 БУА улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон гудамж талбайгаар давхих, хохирогч нарыг хайж явах, мөн хохирогч Э.Батдоржийн хашааны хаалгыг тээврийн хэрэгслээрээ мөргөн орох үед уг автомашиныг шүүгдэгч Б.Б жолоодон явж байсан нь тогтоогдсон бөгөөд тэрээр тухайн үед хохирогч Э.Батдоржийг машины хаалганд савагдан унасан гэдгийг мэдсээр байж бие дээгүүр нь автомашинаараа гарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд шүүгдэгч О.Б нь үг, үйлдлээрээ санаатай нэгдсэн гэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд шүүгдэгч О.Б, Б.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчилж,

мөн шүүгдэгч Б.Б холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан хэргийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3-т заасныг журамлан шүүгдэгч Б.Бд оногдуулах ялын хөнгөнийг хүндэд нь нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх журам, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

8.Прокуророос шүүгдэгч нарыг “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ тэдний гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцох хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бүлэглэн гүйцэтгэсэн” гэж дүгнэсэн, анхан шатны шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэсэн дүгнэлтийг гаргасан байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо тэднийг тухайн гэмт хэргийг үйлдэхэд хэрхэн хамтран оролцсон талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэв.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “гэмт хэргийн хамтран оролцох” хэлбэрийг тодорхойлсон байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлага бий болдог байна.

Шүүгдэгч Б.Б, О.Б нар нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэхдээ буюу “Орхон түшээ” караокед ямар нэг шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгэж, гудамж талбайгаар тээврийн хэрэгслээр хаазлан давхиж, бусдыг айдас түгшүүрт автуулж, хохирогч Э.Батдоржийн хашааны хаалгыг эвдэх үйлдлийг хийхдээ нэг, нэгнийхээ үйлдлийг дэмжсэн, “...Э.Батдоржийн ардаас гэрт нь очиж учир зүйгээ олно гэж тохиролцсон...” зэргээс үзэхэд тэднийг тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бүлэглэн гүйцэтгэсэн” гэж дүгнэн шийдвэрлэх боломжтой байна.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан.

Шүүх хуульд заасан дээрх зарчмыг эрх зүйн удирдлага болгон гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд  нийцэх юм.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол  эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах  албадлагын арга хэмжээ хэрэглээгүй атлаа мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах”-ыг анхааруулж шийдвэрлэснийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Мөн шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийн аль нэгийг, эсхүл бүгдийг хэрэглэн хязгаарлалтын бүсийг тогтоох эрхтэй боловч “...тодорхой газарт очихыг хориглох”-ыг хязгаарласан атлаа чухам ямар газарт очихыг хориглож байгаагаа тодорхойлоогүй байх тул энэ хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэв.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн  болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй  байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд энэхүү хохирол гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байхыг шаардана.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Батдоржийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хохирогчид 15,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд тус бүр 593,000 төгрөг буюу нийт 1,186,000 төгрөг төлж барагдуулсан нь тогтоогдож байх бөгөөд шүүх хохирогчийг энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин шүүгдэгч Б.Бын жолоодон явсан 73-63 БУА улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нараас  уг тээврийн хэрэгслийн үнэ болох 5,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл” гэж гэм буруутай этгээд тухайн гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, учирч болох саадыг арилгах зорилгоор ашигласныг хэлэх бөгөөд шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдэх явцдаа 73-63 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг дээрх байдлаар ашигласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

11.Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж,  прокурорын бичсэн “...Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн нэг шинж гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь шүүх хуулийг буруу тайлбарлан  хэрэглэсэн гэж үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Э.Г болон шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Э нарын хамтран гаргасан “...6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн гомдлыг хангах нь зүйтэй байна.

12.Шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, суллах нь зүйтэй байна.

13.Шүүгдэгч Б.Б, О.Б нар нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 70 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэдний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг хоногоор тооцож, ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн

1 дэх заалтад “Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ү овогт О-ийн Б, П овогт Б-ын Бнарт холбогдох эрүүгийн 2334005750174 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Одонтунгалагийн Батбаяр, Батсайханы Баянжаргал нарт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг, шүүгдэгч О.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар тус, тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох нь хэсэгт 2 дахь заалт болгон “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Батсайханы Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж,

Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Ү овогт О-ийн Б, П овогт Б-ын Бнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгийг гэмтээж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг,

“Шүүгдэгч Пүрэвжав овогт Батсайханы Баянжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, 

“Шүүгдэгч Пүрэвжав овогт Батсайханы Баянжаргал, Ү овогт О-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

Тогтоох нь хэсгийн 3 дахь заалтад “Шүүгдэгч Ү овогт О-ийн Б, П овогт Б-ын Бнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батсайханы Баянжаргалыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пүрэвжав овогт Батсайханы Баянжаргал, Ү овогт О-ийн Б нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

Тогтоох нь хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, О.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хөнгөн ялыг мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хүнд ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялаар тогтоосугай” гэж,

Тогтоох нь хэсгийн 5 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгон хасаж,

Тогтоох нь хэсгийн 6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү овогт О-ийн Бын шүүхээс тогтоосон Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Пүрэвжав овогт Батсайханы Баянжаргалын шүүхээс тогтоосон Булган аймаг Бүрэгхангай сумаас бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг тус тус сануулсугай” гэснийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрээс явахыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг мэдэгдсүгэй” гэж,

Тогтоох нь хэсгийн 7 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б, О.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулж” гэснийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 1 жил 6 сарын, О.Б 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай” гэж,

Тогтоох нь хэсгийн 8 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгон хасаж,

10 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Батдоржид шүүгдэгч Б.Б, О.Б нар нь 15,000,000 төгрөг төлснийг дурдаж, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Батдоржид шүүгдэгч Б.Б, О.Б нар нь 15,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд тус бүр 593,00 төгрөг буюу нийт 1,186,000 төгрөг төлснийг дурдаж, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй” гэж,

Тогтоох нь хэсгийн 11 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгон хасаж,

Тогтоох нь хэсгийн 12 дахь заалтад “...Б.Бан...” гэснийг “...Баянжаргал...” гэж,

Тогтоох нь хэсгийн 13 дахь заалтад “Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б, Б.Бан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх авч, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч нарын хорих ял эдлэх хугацааг  2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж” гэснийг,

Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гаргах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж,

Тогтоох нь хэсгийн 16 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгон хасаж, Тогтоох нь хэсгийн 1-16 гэсэн дугаарлалтыг 1-13 болгон өөрчлөн дугаарлаж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүнийг өмгөөлөгч Ж.Э, шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч ханган, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянгын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Б.Б, О.Б нарыг сулласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, О.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус бүр 70 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС

А.ЦЭРЭНХАНД