| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2026/0093/З |
| Дугаар | 110/ШШ2026/0098 |
| Огноо | 2026-08-06 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 110/ШШ2026/0098
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш би аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй, аймаг дах Төрийн аудитын газарт холбогдох, “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын Булган сумын иргэн Рысбайн Есенгүлд холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбартаа:
“Тус аудитын газраас “Аймгийн халамжийн сангийн үйл ажиллагааны үр нөлөө” сэдвээр 2022 онд гүйцэтгэсэн аудитаар Алтай, Булган, Дэлүүн, Ногооннуур, Улаанхус, Цэнгэл сумуудын халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг түүвэрт хамруулж шалгасан.
Аудитаар Халамжийн сангийн программаас тухайн сумын халамжийн тэтгэвэр авч буй иргэдийн жагсаалтыг татан авч 2020-2021 онд тухайн хүнд олгосон тэтгэврийг хувийн хэрэгт нь байгаа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акттай гулган баталгаажуулж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр тэтгэмж олгосон нэр бүхий 125 иргэнд нийтдээ 417.4 сая төгрөгийн халамжийн тэтгэврийг хууль тогтоомж зөрчиж олгосон зөрчил илэрч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, мэргэжилтэн нарт сонсох ажиллагаа хийх талаар мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагааг хийсэн. Мөн Булган суманд очиж хууль бус халамжийн тэтгэвэр авсан иргэдэд сонсох ажиллагаа хийсэн бөгөөд Бүгд Найрамдах Казахстан Улсад явсан, нас барсан гэх мэт шалтгаанаар 14 хүнд сонсох ажиллагааг хийж чадаагүй юм. Эдгээр иргэдийн дунд Рысбай овогтой Есенгүл байгаа ба хувийн хэрэгт 2020 оны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт байгаагүй тул 2021 оны 04 дүгээр сар хүртэл 3,337,200 төгрөгийг хууль бус авсан гэж үзэж акт тогтоосон.
Иргэн Рысбай овогтой Есенгүл нь Алтанцөгц сумаас хууль журмын дагуу тэтгэвэр авч байсан бөгөөд материал нь Булган сумд шилжиж очоогүйгээс буруу акт тогтоогдсон байх тул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргасан манай 41 тоот төлбөрийн актаас иргэн Р.Есенгүлд холбогдох 3,337,200 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
2. Аймаг дах Төрийн аудитын газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актаар “Булган сумын халамжийн сангаас 2020-2021 онд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр нэр бүхий 125 иргэнд нийтдээ 417,4 сая төгрөгийн халамжийн тэтгэврийг хууль тогтоомж зөрчиж олгосон” гэсэн үндэслэлээр 417,4 сая төгрөгийг хавсралтад заасан нэр бүхий иргэдээр нөхөн төлүүлэхээр тогтоосон байх ба хавсралтын дэс дугаарын 58-д Рысбай овогтой Есенгүл 3,337,200 төгрөг гэж тусгасан байна.
Баян-Өлгий аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр Рысбай овогтой Есенгүлд ердийн өвчний жагсаалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар, 1 жилээр тогтоосон, уг шийдвэрийн дагуу Алтанцөгц сумаас нийгмийн халамжийн тэтгэвэр авч байсан нь хэрэгт авагдсан 03300663 дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэрэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймаг дах Төрийн аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Иргэн Рысбай овогтой Есенгүл нь Алтанцөгц сумаас хууль журмын дагуу тэтгэвэр авч байсан бөгөөд материал нь Булган сумд шилжиж очоогүйгээс буруу акт тогтоогдсон байх тул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргасан манай 41 тоот төлбөрийн актаас иргэн Р.Есенгүлд холбогдох 3,337,200 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.
4. Дээрх байдлаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын иргэн Р.Есенгүлд холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын иргэн Р.Есенгүлд холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЕРКЕШ