| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 101/2015/12080/и |
| Дугаар | 001/ХТ2017/00109 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2017/00109
Тэнгисийн хөх сувд ХХК-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/05753 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1908 дугаар магадлал,
Нэхэмжлэгч : Тэнгисийн хөх сувд ХХК,
Хариуцагч : Грийнресурс констракшин ХХК,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага : 9.776.160 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага : 13.771.000 төгрөг гаргуулах тухай,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэлийн гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл, нарийн бичгийн даргад И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Грийнресурс констракшин ХХК-тай нийт 59.776.160 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний дагуу вакум цонх хаалга хийж гүйцэтгэсэн. Тэнгисийн хөх сувд ХХК нь ажлаа чанартай хийж гүйцэтгэснийг Грийнресурс констракшин ХХК-ийн барилгад вакум цонх хаалгыг чанартай хийж, угсарсан Б.Гансүх өөрөө нотолж чадна. Манай компани Грийнресурс констракшин ХХК-ийн ажлыг хийж гүйцэтгэхийн тулд Чанар үзэмж констракшин ХХК-тай тохиролцож. Б.Гансүх нь вакум цонх хаалгыг хийж гүйцэтгэхээр болсон. Манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс дансаар төлөгдсөн. Харин үлдэгдэл 9.776.160 төгрөгийг Грийнресурс констракшин ХХК төлөх үүрэгтэй. Иймд 2011.10.27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 9.776.160 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Грийнресурс констракшин ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй ба гэрээнд заасны дагуу захиалгыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгээгүйгээс үүдэн хариуцагч талд хохирол учруулсан. Дээр дурдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь өөрийн хийсэн чанаргүй цонхыг 3 жилийн хугацаанд засаж, сайжруулах үүрэг хүлээсэн боловч тэрхүү үүргээ биелүүлээгүй, хариуцагчид хохирол учруулсан тул хариуцагчийн зүгээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Грийнресурс констракшин ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2011.10.27-ны өдөр талууд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ тал дээр талууд маргаагүй. Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэрээнд заасан ажлыг өөрөө хийж гүйцэтгэлгүй, Б.Гансүх гэдэг хүнээр хийлгэсэн байдаг. Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг бүрэн хийж дуусгалгүй хаяж явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба энэ тухайд Талууд маргаагүй. Нэхэмжлэгч нь дээр дурдсан гэрээнд заасан ажлыг бүрэн хийгээгүйгээс гадна, чанарын шаардлага хангахгүй, чанар муутай хийж гүйцэтгэсэн тул тус компани нь өөр хувь хүнээр вакум цонхны чанаргүй, дутуу хийгдсэн зүйлийг дахин хийлгүүлсэн. Иймд вакум цонхыг дахин засах, эд ангийг солиход гаргасан 13.771.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тэнгисийн хөх сувд ХХК вакум цонх хаалгыг чанартай хийж гүйцэтгэсэн болохоо гэрчийн мэдүүлэгт тодорхой хэлсэн. Туслан гүйцэтгэгч Б.Гансүх вакум цонх хаалга чанарын өндөр түвшинд хийж актаар хүлээлгэж өгсөн болохыг гэрчилсэн. Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй. Шүүхээс вакум цонх хаалга хүлээлцсэн актыг гаргуулахыг шаардсан боловч гаргаж өгөхгүй байгаа. Ажил гүйцэтгэх гэрээ 2011.10.27-нд байгуулагдсан бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын чанарт гомдлын шаардлага гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 101/ШШ2016/05753 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг тус тус баримтлан Грийнресурс коснтракшин ХХК-иас 9.776.160 төгрөг гаргуулж Тэнгисийн хөх сувд ХХК-д олгож, 13.771.000 төгрөг гаргуулах тухай Грийнресурс констракшин ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Тэнгисийн хөх сувд ХХК-иас төлсөн 171.430 төгрөг, Грийнресурс коснтракшин ХХК-иас 226.850 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Грийнресурс констракшин ХХК-иас 171.430 төгрөгийг гаргуулж Тэнгисийн хөх сувд ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1908 дугаартай магадлал гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 101/ШШ2016/05753 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад "Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул..." гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэлийн үндсэн дээр үүрэг үүснэ. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь чанарын шаардлага хангасан цонхыг хариуцагчид талд нийлүүлснээр төлбөр төлөх үүрэг хариуцагчид үүсэх юм. Цонхыг биечлэн хийж гүйцэтгэсэн Б.Гансүх нь цонх чанарын шаардлага хангахааргүй байсан болон тухайн үед 100 айлд зарагдаж байсан хамгийн хямд цонх байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нийлүүлсэн чанаргүй цонхыг засварлахтай холбогдуулан гаргасан зардлын баримтыг гаргаж өгсөн байхад шүүх үнэлээгүй. Давж заалдах шатны шүүхээс гэрч Г.Батсүх, Б.Гансүх нарын мэдүүлэг болон нэхэмжлэгчийн чанаргүй хийж гүйцэтгэсэн цонхоо засварлахгүй, холбоо барихгүй, сураггүй алга болсноо нотлох баримт, хариуцагчийн зүгээс чанаргүй цонхыг засварласантай холбоотойгоор шүүхэд гарган өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй. Үүнийг нотлох зүйлийн нэг нь магадлалын хянавал хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ажил гүйцэтгэгч Тэнгисийн хөх сувд ХХК нь туслан гүйцэтгэгчээр Чанар үлэмж констракшн ХХК-ийг авч ажиллуулсан байх бөгөөд... гэж бичсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн Б.Гансүх нь цонхыг өөрөө хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэгч ч Б.Гансүхийг вакум цонхыг биечлэн хийсэн хүн болохоор нь гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан байдаг. Хэрэгт Чанар үлэмж констракшн ХХК вакум цонх үйлдвэрлэсэн талаар нэг ч баримт байдаггүй. Нэхэмжлэгчийн зүгээс ч Б.Гансүхийг вакум цонх хийсэн болох тэрхүү цонх нь чанарын шаардлага хангаагүй тухайд маргадаггүй. Иймд нэхэмжлэл болон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Тэнгисийн хөх сувд ХХК нь Грийнресурс констракшн ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 9.776.160 төгрөг гаргуулахыг шаардсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж, ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг дахин хийлгэхэд 13.771.000 төгрөг гарсан гэж уг мөнгийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн холбогдох зүйлийг нэмж, шийдвэрийн бусад заалтыг нь хэвээр үлдээсэн байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. 3охигчдын хооронд 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-р Тэнгисийн хөх сувд ХХК нь 456.16 кв.м вакум цонх, 159.23 кв.м вакум хаалгыг нийлүүлэх, барилгад “суулгаж” өгөх, Грийнресурс Констракшн ХХК 58.677.350 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь шаардах эрхтэй, энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.
2. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн буюу цонхыг нийлүүлж барилгад суурилуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, барилга ашиглалтад орсон нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 088/2013 дугаар актаар нотлогдсон байна.
Гэрээний дагуу Грийнресурс контсракшн ХХК ажлын хөлсөнд 58.677.350 төгрөг төлөхөөс 48.901.190 төгрөг төлсөн талаар маргаагүй тул шүүх үлдэх 9.766.160 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлтэй болжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг хийгээгүй гэж маргаагүй, харин хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй буюу доголдолтой гэсэн үндэслэлээр ажлын хөлс төлөхөөс татгалзаж, сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо "...гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан нь тогтоогдоогүй..." гэсэн үндэслэл заажээ. Харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа "...гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх бөгөөд доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй ба энэ үйл баримт тогтоогдоогүй..." гэсэн үндэслэлээр шийдвэрт Иргэний хуулийн холбогдох зүйлийг нэмж өөрчлөлт оруулж, бусад заалтыг нь хэвээр үлдээжээ.
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 088/2013 дугаар акт /хх 52-55/, гэрч Б.Батсүх, Б.Гансүх нарын мэдүүлэг /хх 79-84/, бэлэн мөнгөний зарлагын 2012 оны 8 дугаар сарын 16, 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2 ширхэг баримт/хх 90-91/, Вакум цонхны засварын ажил гүйцэтгэх тухай 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 12/231 дугаар гэрээ болон нэмэлт гэрээ, ажил хүлээлцсэн акт/хх 92-96/ зэрэг нь нэхэмжлэгчээс 13.771.000 төгрөг гаргуулах үндэслэл болохгүй байна.
а/. Зохигчдын хооронд 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний 1.1, 1.2-с үзвэл Тэнгисийн хөх сувд ХХК нь олон улсын чанарын ISO 9001-2000 сертификаттай бэлдэцээр чанарын өндөр түвшинд хийгдсэн, тоос шороо нэвтрүүлэхгүй, дулаан алдагдуулахгүй, бат бөх, зориулалтын дагуу ашиглагдахуйц вакум цонх, хаалгыг Грийнресурс Констракшн ХХК-д нийлүүлэх, барилгад "суулгаж" өгөх үүрэг хүлээсэн байв.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг доголдолтой гэх боловч зохигчдын хооронд 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээний 1.2-т заасан аль нөхцөлд нийцэхгүй байгааг тайлбарлаагүй байх тул нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний үр дүн доголдолтой байсан нь тогтоогдоогүй гэж үзнэ.
б/. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн доголдолтой байсан гэж үзсэн ч энэ нь сөрөг нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй байна.
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол захиалагч нь ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй юм.
Хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байгаа талаар захиалагчид мэдэгдсэнийг мөн доголдлыг арилгуулах эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх хугацаа тогтоосныг түүнчлэн доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүйг нотлох баримт хэрэгт байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
в/. Захиалагч нь Н.Түмэнхишигтэй гэрээ байгуулж доголдлыг арилгуулсан гэж "Вакум цонхны засварын ажил гүйцэтгэх" тухай 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 12/231 дугаар гэрээг шүүхэд гаргаж өгсөн боловч уг гэрээ сөрөг нэхэмжлэлийг нотлохгүй байна. Тодруулбал, 12/231 дугаар гэрээгээр Н.Түмэнхишиг нь "вакум цонхны засвар үйлчилгээ" үзүүлэх үүрэг хүлээсэн байх бөгөөд энэ нь "...Тэнгисийн хөх сувд ХХК-ийн нийлүүлж, суурилуулсан вакум цонхны доголдлыг арилгах ажил..." гэж ойлгогдохгүй байна.
Түүнчлэн, гэрч Б.Батсүхийн мэдүүлгээс үзвэл орон сууцанд /хх 145/ айлууд нүүж орсноос хойш буюу барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс орон сууцыг 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээж авснаас хойш вакум цонхтой холбоотой гомдол гарсан байхад хариуцагч нь түүнээс өмнө Н.Түмэнхишигтэй гэрээ байгуулж засвар хийлгэсэн тухай баримтыг шүүхэд өгсөн нь хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж байна.
г/. Тэнгисийн хөх сувд ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийн захиалсан ажлыг гүйцэтгэхийн тулд "Чанар үзэмж констракшн" ХХК-ийн захиралтай тохиролцож, ажлыг нөхөр Б.Гансүх нь хийсэн /хх 79/ талаараа дурдсан бөгөөд зохигчдын хооронд 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-р Тэнгисийн хөх сувд ХХК нь вакум цонх, хаалгыг нийлүүлэх, барилгад суурилуулж өгөх үүрэг хүлээсэн тул Б.Гансүхэд захиалга өгч цонх хийлгэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1908 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэлийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 171.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ