Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 115/2017/0022/З |
Дугаар | 221/МА2018/0238 |
Огноо | 2018-04-18 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2018/0238
М-О х н н
“У т з”-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 115/ШШ2018/0005 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М-О х н н “У т з”-ын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах 00000 дугаар төсөл сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 115/ШШ2018/0005 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 94 дүгээр зүйлийн 94.3, 95 дугаар зүйлийн 95.1.3, 96 дугаар зүйлийн 96.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга болон Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах 00000 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт тус тус холбогдуулан гаргасан Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах 00000 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын “Ажлын хэсэг”-ийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт, “Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/95 дугаар захирамж, төслийн ялагч “М т л” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах шаардлага бүхий М-О х н н “У т з”-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын нэг болох ажлын хэсгийн дүгнэлтийн талаар буруу дүгнэлт хийжээ. Учир нь шүүх хуралдааны үеэр төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид болох нэхэмжлэгч М-О х н н “У т з” болон гуравдагч этгээд “М т л” ХХК-ийн төслийн баримт бичгийг харьцуулан судалсан юм. Нэхэмжлэгчээс, ажлын хэсэг төслийн баримт бичгийг буруу үнэлсэн гэж үзэж нэхэмжлэл гаргасан ба шүүх төсөлд оролцогчдын ирүүлсэн төслийн баримт бичигт үнэлгээ өгч шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Ажлын хэсгийн үнэлгээ нь шударга бус байсан эсэхэд дүгнэлт хийх ёстой байтал зөвхөн нэхэмжлэгчийн төслийн баримтад дүгнэлт хийсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна. Шүүхийн хийсэн энэ дүгнэлтийг ажлын хэсэг хэдийнээ гаргасан, гэхдээ ажлын хэсгийн энэ дүгнэлтийг ямар учраас шударга бус болсон гэж үзэж нэхэмжлэл гаргасанд нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийх ёстой байсан гэж үзэж байгаа тул нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосонд гомдолтой байна.
2. Ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, үүнийг үндэслэн Засаг даргын захирамж мөн сонгон шалгаруулалтын дахин явуулах хэмээх дараа дараагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж хуулийг буруу тайлбарлан шийдвэрээ гаргасан гэж үзэн гомдол гаргаж байна.
3. Нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий 32 дугаар зүйлд зааснаар төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн оролцогчдын төслийн баримт бичигтэй танилцах хүсэлтийг хангаагүй талаар шүүх дүгнэлт хийхдээ “...шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно” гэдэгт бусад этгээдийн баримт бичигтэй танилцах, мэдээлэл авахыг хамааруулахгүй байхаар тус тус ойлгож хэрэгжүүлнэ” хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэжээ. Төсөлд оролцогч, захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэлтэй эсэх, өөрийн эрх зөрчигдсөн эсэхийг мэдэхийн тулд шаардлагатай баримт бичигтэй танилцах эрхтэй, энэ эрхийг хуулиар зохицуулж өгчээ. Түүнээс, өөрийн нэгэнт бүрдүүлж өгсөн бичиг баримттай дахин танилцах шаардлага байхгүй гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн өөрийнх нь баримт бичигтэй танилцуулна хэмээн буруу тайлбарласнаас гадна, хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн баримт бичигтэй ч танилцуулаагүй, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүйд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй байна.
4. Шүүх нэхэмжлэлд дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 94, 95, 96 дугаар зүйлийг зөрчин гомдол шийдвэрлэхдээ гомдол гаргагчид мэдэгдээгүй, түүнийг гомдол шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, гомдол гаргаж байгаатай холбогдуулан сонгон шалгаруулалтын дүнд ялагчтай гэрээ байгуулах ажиллагааг гомдол хянан шийдвэрлэх хугацаагаар түдгэлзүүлэх зэрэг гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй гэх шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч хүсэлтээ гаргаагүй, гомдлын хариуг 3 хоногийн дотор гаргасан нь хуульд нийцсэн, ямар захиргааны актыг түдгэлзүүлэх хүсэлт нь тодорхойгүй, газар эзэмшүүлэх захирамжийг үндэслэн гэрчилгээ олгосон нь журамд нийцсэн байна гэж бас буруу дүгнэжээ. Гэтэл дээр дурдсан хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.3-т заасны дагуу гомдол гаргагчид уг гомдлыг шийдвэрлэх хугацааг урьдчилан мэдэгдээгүй, гомдлыг хянан шийдвэрлэсэн эсэх талаар гомдол гаргагч ямар нэгэн мэдээлэл аваагүй ба харин гомдлыг хүлээж авах боломжгүй гэсэн хариу хүлээж авсан. Хуульд мөн гомдлыг хэрхэн хянан шийдвэрлэсэн талаар захиргааны акт гаргах, гомдол гарсан тухай мэдээллийг бичгээр хүлээж аваагүй талаар шүүх ямар ч дүгнэлт хийгээгүйгээс гадна хуулийг илт буруу тайлбарлаж шийдвэрээ гаргасан байна.
5. Шүүх мөн маргаан бүхий газарт баригдсан терминалаар Монгол Улсаас нүүрс экспортолж байгаа, энэ терминалыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой байсан, А-95 захирамжийн биелэлтийг түдгэлзүүлснээр аль аль нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болох байсан гэж дүгнэсэн байна. Гэтэл үнэн хэрэг дээр энэ терминал төсөл сонгон шалгаруулалт болохоос 4 сарын өмнө буюу 2017 оны 3 сард ашиглалтад орсон, үйл ажиллагаа нь жигдэрсэн, хэвийн явагдаж байсан. Харин ч захирамж гарч газрын гэрчилгээ гуравдагч этгээдэд олгогдсоны дараа Даланжаргалан сумын Засаг даргаас хоёр ч удаа газар чөлөөлөх мэдэгдэл ирж байсныг хэрэгт хавсаргасан эдгээр нотлох баримтуудаас харж болно. Нэгэнт ашиглалтад орсон байгууламжийг нурааж газар чөлөөлөх нь хэнд ч тэр тусмаа Монгол Улсын эдийн засагт ашиггүй байсан. Гэтэл нэхэмжлэгч, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа энэ газрын үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр, хуульд заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлээд энэ хугацаандаа захирамж гаргах, гэрээ байгуулах үйл ажиллагаагаа түдгэлзүүлээч гэсэн хүсэлттэй байсан. Үүнийг анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар хуулийн этгээд болон эд хөрөнгөнд ноцтой хохирол учрах нөхцөл бий болохоор байсан хэмээн буруу тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосныг зөвшөөрөхгүй байна.
Үүнтэй холбогдуулан шүүх М-О х н н “У т з” нь Газрын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр газар ашиглан улмаар барилга байгууламж барьж ашиглалтад оруулсан нь тухайн хууль бус ажиллагааг зөвтгөх, давуу эрхтэйгээр газар эзэмшүүлэх үндэслэл болохгүй гэж дүгнэлт хийжээ. Зөвшөөрөлгүйгээр уг байгууламжийг барьж ашиглалтад оруулсан М-О х н н “У т з”-ын хууль зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөхгүй, тийм боломж ч байхгүй, үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлага нь М-О х н н “У т з”-ын Газрын тухай хуулийг зөрчсөн үйл баримтын талаар бус, газар ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг явуулахдаа хариуцагч захиргааны байгууллага хууль зөрчсөн тухай ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх буруу үнэлж хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж энэхүү гомдлыг гаргаж байгаа юм.
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотолгооны ач холбогдолгүй зарим баримтуудыг үнэлээгүй гэсэн байх бөгөөд ямар баримтыг нотолгооны ач холбогдолгүй хэмээн үнэлээгүй талаараа шийдвэрт тусгаагүй ба талуудын энэхүү нотлох баримтыг үнэлэх эсэх талаар байр сууриа хэрхэн илэрхийлсэн нь ойлгомжгүй байна.
Иймд нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 14-ний өдрийн 115/ШШ2018/0005 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан үзэхэд шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
1. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах 00000 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын оролцогч М-О х н н “У т з” төслийн баримт бичигт нийт 390 оноо, “М т л” ХХК-ийн төслийн баримт бичигт нийт 414 оноо авснаар “Ажлын хэсэг”-ийн дүгнэлтээр төсөлд тавигдах шаардлагыг сайн хангасан гэж үзэж “М т л” ХХК-ийг ялагчаар тодруулжээ.
Харин “М т л” ХХК-ийг ялагчаар тодруулсан Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах 00000 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын “Ажлын хэсэг”-ийн дүгнэлтийг эс зөвшөөрч Дорноговь аймгийн Засаг дарга болон Даланжаргалан сумын Засаг даргад хандаж М-О х н н “У т з” нь гомдол гаргажээ.
Улмаар шүүхэд “Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах 00000 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын “Ажлын хэсэг”-ийн дүгнэлт, тус сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/95 дугаар захирамж, төслийн ялагч “М т л” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга, тус аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах 00000 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын “Ажлын хэсэг”-т холбогдуулан М-О х н н “У т з” нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч М-О х н н “У т з” нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах 00000 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын “Ажлын хэсэг” нь М-О х н н “У т з”-ын, “М т л” ХХК-ийн хүргүүлсэн төслийн баримт бичигт бодитой үнэлгээ өгөөгүй, шударгаар шийдвэрлээгүй” гэж маргасан байна.
Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүйгээр, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 94 дүгээр зүйлийн 94.3, 95 дугаар зүйлийн 95.1.3, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгийг баримтлан М-О х н н “У т з”-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн агуулгад нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр, зөвхөн М-О х н н “У т з”-ын төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн нотлох баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх, төсөлд оролцогчдын ирүүлсэн төслийн баримт бичгийг харьцуулан судалсан боловч зөвхөн нэхэмжлэгчийн баримт бичигт үнэлгээ өгч шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцээгүй...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
2. “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах 00000 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын “Ажлын хэсэг”-ийг бодитой биш, шударгаар үнэлээгүй” гэж нэхэмжлэгч маргаж байгаа тохиолдолд тус “Ажлын хэсэг”-ийн гишүүдээс төслийн баримт бичигт өгсөн оноо нь бодитой, шударга байсан эсэхийг тогтоохын тулд М-О х н н “У т з”, “М т л” ХХК-ийн төсөл сонгон шалгаруулалтад хүргүүлсэн баримт бичигт харьцуулсан дүгнэлт хийх замаар хэргийг шийдвэрлэх нь зөв юм.
Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан “Төслийн нэгдсэн үнэлгээ”-ний хуудаст дурдсан арван есөн шалгуур үзүүлэлтээр “Ажлын хэсэг”-ийн гишүүд оноогоо өгсөн байгаагаас үзэхэд тэрхүү арван есөн үзүүлэлтээр нэхэмжлэгч М-О х н н “У т з”, гуравдагч этгээд “М т л” ХХК-ийн төслийн аль нь сайн хангагдсан эсэхийг харьцуулан дүгнэх нь “Ажлын хэсэг”-ийн гишүүдийн өгсөн оноо нь хэрхэн бодитой байсныг тогтоох боломжтой бөгөөд энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.
Мөн маргаан бүхий газарт М-О х н н “У т з” нь 00000 төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн, уг баримт энэ хэрэгт хамааралтай эсэхийг тодруулахаар байна.
3. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх нэхэмжлэгч М-О х н н “У т з”-ын 6 хавтас, гуравдагч этгээд “М т л” ХХК-ийн 4 хавтас төсөл сонгон шалгаруулалтад өгсөн баримт материал”-ыг хэргийг хэлэлцсэн шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судалсан атлаа давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байна.
Давж заалдах шатны шүүхэд хэргийг хүргүүлж байгаа тохиолдолд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтын эх хувийг, эсхүл хуулбар хувийг хэрэгт хавсарган анхан шатны шүүхээс бүрэн ирүүлэх ёстой.
Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт хавсарган ирүүлээгүй байхад тэдгээр нотлох баримтыг шинжлэн судлалгүйгээр давж заалдах шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.
Хэргийн үйл баримтаас үзэхэд “Ажлын хэсэг”-ийн гишүүд нэхэмжлэгч М-О х н н “У т з”, гуравдагч этгээд “М т л” ХХК-ийн төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн төслийн баримт бичигт хэрхэн бодитой оноо өгч, дүгнэлт гаргасан эсэхийг төсөлд оролцогчдын төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримтыг харьцуулан дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай бөгөөд энэхүү үйл баримтыг тодруулах нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн эсэхийг тогтооход ач холбогдолтой юм.
Иймд анхан шатны шүүхээр дээр дурдсан ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 115/ШШ2018/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР