| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01569/И |
| Дугаар | 320/ШШ2025/01381 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2025/01381
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дүгээр баг, **** тоотод оршин суух, Х*** овогт Д***-н Г***-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг, *** тоотод оршин суух, Х*** овогт Н***-н Н***-т холбогдох,
Зээлийн төлбөр 25,000,000 (хорин таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 320/2025/01569/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Г*** миний бие 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зүс сайн таних Г.Н***-т наймаа арилжаа хийдэг гэж итгэж 25,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд сарын 10 хувийн хүүтэй эргэлдүүлж байгаа арилжаа наймаа хийж байгаад өгье гэхэд нь итгээд 25 сая төгрөгөө шилжүүлэн өгсөн. Ингээд 2-4 сард хүү болох 2,5 сая төгрөгийг төлсөн боловч наймаа арилжаа нь нэг л биш санагдаад үндсэн мөнгөө авья чи 2 сарын хугацаатай авсан шүү дээ гээд дахин дахин уулзаж үндсэн мөнгөө нэхсэн болсон боловч нөхрийн компанийн түрээс орж ирнэ. Ахад ажилласан мөнгө орно гэж янз бүрийн байдлаар худлаа яриад надаас зээлсэн мөнгөө өгөхгүй болох нь тодорхой болоод байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Надаас авсан мөнгөө урьдны өөр нэгэн хүнээс авсан өр зээлээ хагасалж өгсөн гэж үзэж байгаа. Янз бүрийн хаяг нээгээд янз бүрийн бараа зараад байгаа боловч авсан мөнгө өгнө гээд өгөхгүй байгаа тул Н.Н***-с үндсэн зээлсэн мөнгө болох 25,000,000 (хорин таван сая) төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Н*** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дүгээр багийн иргэн Д.Г*** нь надаас 25,000,000 /хорин таван сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Д.Г***-с дээрх мөнгийг авсан аваагүй талаар маргахгүй. Миний зүгээс түүнээс авсан мөнгөө түүний данс, нөхрийнх нь данс руу буцааж шилжүүлэн өгч байсан. Өөрөө надаас дуртай үедээ хүнсний болон ахуйн бараа, бэлэн мөнгө авч байсан атлаа ийм их хэмжээний мөнгө үндэслэлгүйгээр нэхэж байгаад гайхаж байна. Бидний хооронд байгуулсан ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Нэхэмжлэлтэй танилцаад нөхөр Б.Я***-н ХААН банкны 591****, өөрийн 591**** дугаартай данснуудыг шүүж, түүнд дансаар өгсөн мөнгөний дүнг тооцож гаргалаа. Мөн өөрийн дэвтрээс хариуцагч Д.Г***-т өгч байсан бараа, бэлэн мөнгийг түүж бичин шүүхэд нотлох баримтаар өгч байна. Нэхэмжлэгч нь надаас авсан зүйлээ тухай бүрт нь өөрөө бичиж тэмдэглэн авдаг байсан учраас шүүхэд миний гаргаж өгч байгаа баримттай тулгаж шалгах нь зүйтэй гэж үзэж байна.
2.Нэхэмжлэгч Д.Г***-т миний зүгээс өөрийн болон нөхрийн дансаар дамжуулан 13,345,000 /арван гурван сая гурван зуун дөчин таван мянга/ төгрөгийг буцааж өгсөн байна. Мөн нэхэмжпэгч нь надаас 2,496,500 /хоёр сая дөрвөн зуун ерэн зургаан мянга таван зуу/ төгрөгийн ахуйн болон хүнсний бараа. Баяр ёслол, бусад үед хүнд болон өөртөө зээлээр 2,150,000 /хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн бараа, мөн надаас бэлнээр 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг тус тус авсан ба эдгээр нь нийлээд 4,946,500 /дөрвөн сая есөн зуун дөчин зургаан мянга таван зуу/ төгрөг болж байна. Ингээд миний зүгээс нэхэмжлэгч Д.Г***-с мөнгийг нь авснаас хойш нийт 13,345,000+ 4,946,500= 18,291,500 /арван найман сая хоёр зуун ерэн нэг мянга таван зуу/ төгрөгийн мөнгө, бараа өгсөн байна.
Нэхэмжлэгч Д.Г*** нь ийм их мөнгийг надаас буцааж авсан атлаа өгсөн мөнгөө бүтнээр нь нэхэж намайг хууль бусаар хохироох гэж байгааг зөвшөөрөхгүй.
Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Д Г***-н надаас үндсэн зээл гэж нэхэмжилсэн 25,000,000 /хорин таван сая/ төгрөгнөөс миний буцааж өгсөн 18,291,500 /арван найман сая хоёр зуун ерэн нэг мянга таван зуу/ төгрөгийг хасч, маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Г*** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Д.Г*** нь хариуцагч Н.Н***-т холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь надад 20,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тус мөнгийг 2026 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр бид тохиролцсон тул үлдэх 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Н*** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие хариуцагч Н.Н*** нь нэхэмжлэгч Д.Г***-н нэхэмжилж буй 25,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тус мөнгийг 2026 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэгч Д.Г***-тай эвлэрсэн болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, хариуцагчийн тайлбар, хүсэлт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г*** нь хариуцагч Н.Н***-т холбогдуулан зээлийн төлбөр 25,000,000 (хорин таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Н*** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 25,00,000 (хорин таван сая) төгрөгөөс 20,000,000 (хорин сая) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2026 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч Д.Г*** хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн нийт шаардлагаас 5,000,000 (таван сая) төгрөгийг хасаж, үлдэх 20,000,000 (хорин сая) төгрөгийг хариуцагч Н.Н***-с 2026 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор авахаар харилцан тохиролцож эвлэрсэн талаар тус тус тайлбар ирүүлсэн байна.
Зохигч нь 20,000,000 (хорин сая) төгрөгийн хэмжээнд эвлэрч хариуцагч Н.Н*** нь уг мөнгийг 2026 оны 8 дугаар сарын 01-ийн өдрийн дотор нэхэмжлэгч Д.Г***-т төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г***-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 (хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н***-с 20,000,000 (хорин сая) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийн тавин хувь болох 128,975 (нэг зуун хорин найман мянга есөн зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 128,975 (нэг зуун хорин найман мянга есөн зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Г***-н нэхэмжлэлтэй хариуцагч Н.Н***-т холбогдох зээлийн төлбөрт 25,000,000 (хорин таван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Н.Н*** нь 20,000,000 (хорин сая) төгрөгийг 2026 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Д.Г***-т төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 (хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н***-с 128,975 (нэг зуун хорин найман мянга есөн зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 128,975 (нэг зуун хорин найман мянга есөн зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Г***-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН