Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/11

 

 

 

 

 

 

 

    2025          01             30                                                       2025/ДШМ/11

 

 

 

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Прокурор Б.Т,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д, түүний өмгөөлөгч Д.Б,

Иргэний нэхэмжлэгч Б.Э,

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, түүний өмгөөлөгч Л.М,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Б,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны 408 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д, түүний өмгөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгдэгч Ц.Бд холбогдох 2334001370196 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Н........ ............... овгийн Ц........... Б..........., 1986 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, хэрэгт холбогдохын өмнө Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Эм Эн Эн Ти” ХХК-д жолооч ажилтай байсан, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт У............ хотын Б......... дүүргийн ........ дүгээр хорооны М........ ............ ...........дүгээр гудамжны ...........тоотод оршин суух бүртгэлтэй, одоо У........... хотын Б.............. дүүргийн ....... дугаар хорооны ........... тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ................

2. Ц.Б нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу явах чиглэлд Төв аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт Тоёота Приус-30 маркийн 77-10 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а “жолооч дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.4 “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас асфальтан замын хажуу руу унаж, зам тээврийн осол гарган, зорчигч О.М............н, Г.Б.............. нарын амь насыг хохироон, зорчигч Л.Пүрэвнямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн Прокурорын газраас Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Н овгийн Ц-ын Б “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Н овгийн Ц-ын Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н овгийн Ц-ын Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.............. жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Ц.Б ............. 2024 оны 3 дугаар сарын 20-оос 2024 оны 10 дугаар сарын 17-ны хүртэл цагдан хоригдсон 211 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн 2334001370196 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дд 17,500,000 төгрөг төлснийг, түүнээс тооцон гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Бэс өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дд олгож, сэтгэл санааны хохиролд 132,000,000 төгрөг, амь хохирогчийн 36 сарын цалин 106,726,195 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 2,243,523 төгрөг болон энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа, хохирогч Д.Пү..........., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.О............... нар нь энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д, түүний өмгөөлөгч Д.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх 408 дугаар шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч (эхнэр, хүүхдүүд)-эд учирсан хохирол, хор уршгийг эрүүгийн хэргийн хамтад нь шийдвэрлэх боломжтой байтал шийдвэрлээгүй үлдээсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн чанд сахина гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн иргэний нэхэмжлэлтэй хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хохирогчид учирсан хохирол, хор уршгийг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримт, үйлдвэрлэлийн ослын шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэрэг нотлох баримтын хүрээнд хохирогчид учирсан хохирол, хор уршгийг эрүүгийн хэргийн хамтад нь шийдвэрлэх бүрэн боломжтой байхад шийдвэрлэхгүй үлдээх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй шийдвэрлэж хохирогчийн зөрчигдсөн эрхийг дахин зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын нэг чухал хэсэг нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу гэмт хэргийн улмаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, шударга ёсны зарчимд нийцэж байх ёстой. Хүний амь, хүүхдүүдийн аавыг юугаар ч орлох боломжгүй юм. Хэдийгээр зам тээврийн ослын улмаас хүүхдүүдийн аав эргэж ирэхгүйгээр гурван хүүхдүүдээ орхин явсан нь жолоочийн буруутай үйлдэл байх боловч энэ ослын цаана хуулиар хариуцлага хүлээх ажил олгогч байгаа гэдгийг анхан шатны шүүх огт анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 7 ..."сэтгэл санааны хохиролд 132,000,000 төгрөг, амь хохирогчийн 36 сарын цалин 106,726,195 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 2,243,523 төгрөг болон энэ хэрэгтээ холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай" гэх, мөн 6 дахь хэсгийн "...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дд 17,500,000 төгрөг төлсөн..." гэх хэсгийг тус тус эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

  1. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү төлбөр гаргуулах тухай:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуудас 12-т тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 2,243,523 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн ба хавтаст хэрэгт авагдсан баримтаар амь хохирогчийн амьд ахуйдаа авч байсан цалин нь тодорхойгүй байх тул шүүх тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүүг гаргах боломжгүй..." гэх дүгнэлтийг хийсэн нь анхан шатны шүүх хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон хохирол, хор уршгийн төлбөрийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь үндэслэлгүй болсон. Хохирогч Г.Б.Б нь амьд ахуй цагтаа буюу 2022 оны 11 сараас эхлэн "Эм Эн Эн Ти" ХХК-д ажилд орсон нь (шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дгийн мэдүүлэг зэргээр нотлогдоно) бөгөөд үүнээс өмнө "Тера экспресс" ХХК-д ажиллаж, тасралтгүй хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байсан. Иргэний хариуцагч "Эм Эн Эн Ти" ХХК-д ажиллаж байхдаа тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээр цалин хөлс өндөр авдаг байсан (дунджаар сард 4,000,000-5,000,000 төгрөг) харин ажил олгогчийн зүгээс бодит гар дээр авч байсан нэг сарын цалин хөлсийг бууруулж 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан. Хавтаст хэргийн 232 дугаар талд хохирогч Г.Б.Бий 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр "Төрийн мэдээллийн сангаас гаргах лавлагаа, тодорхойлолтыг нэгдсэн маягт баримтаар хохирогчийн дундаж цалин хөлсийг тодорхойлох боломжтой юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3-т заасны дагуу тэтгэврийн хэмжээг хохирогч Г.Б.Бий дундаж цалин хөлсөөр тооцохоор заасан бөгөөд нэг сарын дундаж цалин хөлс нь 2,964,616.54 (хоёр сая есөн зуун жаран дөрвөн мянга зургаан зуун арван зургаан төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөг байна. Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт буюу "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.5-т заасны дагуу дээрх үнийн дүнг дараах байдлаар тооцов.

/нас барагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс сүүлийн 6 сарын цалинг авав./

Он, сар

Ажилласан хоног

Цалин

2022 оны 1-р сар

21

4,055,825

2022 оны 2-р сар

17

3,640,236

2022 оны 3-р сар

22

2,408,580

2022 оны 4-р сар

21

5,491,886

2022 оны 5-р сар

22

550,000

2023 оны 1-р сар

22

1,500,000

Дүн

125

17,646,527

Үүнээс нэг өдрийн ажлын дундаж цалин 17,646,527÷ 125=141,172.22 төгрөг

            Нэг сарын дундаж цалин 141,172.22× 21=2,964,616.54 төгрөг юм. Харин Нийгмийн даатгалын сангаас насанд хүрээгүй хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж 721,096 төгрөг сар бүр олгодог. Иймд тэжээгч (аавынх нь)-ийн дундаж цалин хөлснөөс улсаас авдаг тэтгэврийг хасаж тооцоход зөрүү нь 1 сарын 2,243,520 төгрөг болж байна. Хүү Б.Бий Дөлгөөн нь 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр аавыгаа нас барах өдөр 9 нас 8 хоногтой байсан бөгөөд 18 насанд хүрэхэд 8 жил 11 сар буюу 107 сар, охин Б.Бий Урангоо нь 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, тухайн үед 8 нас 6 сартай байсан, 18 насанд хүрэхэд 9 жил 6 сар буюу 114 сар, хүү Б.Бий Мөнхбаатар нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, тухайн үед 8 сартай байсан, 18 насанд хүрэхэд 17 жил 4 сар буюу 208 сар дутуу байхад аав нь нас барсан. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-т заасны дагуу гэм хорын төлбөрийг хүүхдийг 16 нас хүртэл, суралцаж байгаа хүүхдийг маань 18 нас хүртэл нь сар бүр төлнө гэж заасны дагуу бага хүү Б.Мөнхбаатарыг 18 насанд хүртэл дээрх 1 сарын 2,243,520 төгрөгийг сар бүр хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.Б, иргэний хариуцагч "Эм Эн Эн Ти" ХХК-аас гаргуулахаар тогтоолгох хүсэлтийг шүүхэд шийдвэрлэх боломжтой болно. Харин анхан шатны шүүхийн "хавтаст хэрэгт авагдсан баримтаар амь хохирогчийн амьд ахуйдаа авч байсан цалин нь тодорхойгүй" гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд 408 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь хэсэгт өөрчлөлт оруулан хохирогч (нас барагч) Г.Б.Бий асрамжид байсан насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг гаргуулахаар хангаж шийдвэрлэж өгнө үү.

2. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр гаргуулах тухайд:

Анхан шатны шүүх 408 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт 10 дахь талд “прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, яллах дүгнэлтийн хавсралтад дурдаагүй 2 дугаар хавтаст хэргийн 232-236 дугаар талд авагдсан үйлдвэрлэлийн осол гэх шинжээчийн дүгнэлтийг шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгож нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй болно" гэх, тогтоолын 12 дахь талд "Шүүхээр үйлдвэрлэлийн осол гэж үзсэн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үзээгүй бөгөөд иргэний хариуцагч "Эм Эн Эн Ти" ХХК-аас нэхэмжилсэн 106,726,195 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна." гэх, тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь хэсэгт "амь хохирогчийн 36 сарын цалин 106,726,195 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож" гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хохирогчийн эрхийг шүүхийн байгууллага дахин хөндсөн шийдвэрийг гаргасан.

Учир нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч өөрийн байр суурь, шинжлэн судлуулах нотлох баримт, яллах дүгнэлтийг уншиж сонсгосны дараа шинжлэн судлуулах баримтад 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8031215/016 дугаартай шинжээчийн дүгнэлтийг өөрөө маш тодорхой уншиж шүүхэд танилцуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нар ч мөн тус шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар шинжлэн судлуулж мэтгэлцсэн байдаг. Мөн анхан шатны шүүх тус шинжээчийн дүгнэлтийг гаргах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай гэж үзэж 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1370 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг баримтлан шүүх хурлыг 60 хүртэл хоногоор хойшлуулан прокурорт даалгавар өгч тус нотлох баримтыг бүрдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг" гэж зааснаар анхан шатны шүүхийн шатанд хийгдсэн шинжээчийн дүгнэлт бөгөөд прокурор, хохирогч, иргэний хариуцагч нарын шинжлэн судлуулж мэтгэлцсэн нотлох баримт байтал анхан шатны шүүх нь "прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, яллах дүгнэлтийн хавсралтад дурдаагүй 2 дугаар хавтаст хэргийн 232-236 дугаар талд авагдсан үйлдвэрлэлийн осол гэх шинжээчийн дүгнэлтийг шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгож нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй болно" гэх дүгнэлтийг хийж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дгийн иргэний хариуцагчаас нэхэмжилсэн үйлдвэрлэлийн ослын хохирлын төлбөр 106,726,195 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Амь хохирогч Г.Б.Б нь 2022 оны 11 дүгээр сараас Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, их сургууль, 21-6 тоот хаягт байрлах "Эм Эн Эн Ти" ХХК /РД: 6107141/, /гүйцэтгэх захирал Батбаасангийн Баттулга/-д тээврийн жолоочийн ажлын байранд ажиллахаар ажил олгогчтой харилцан тохиролцож ажилд орсон. Г.Б.Б нь ажил олгогчийн техник, тээврийн хэрэгслээр түүний зааварчилгаанд заасан цагт Өмнөговь аймгаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу нүүрс тээврийн ажил үүргийг гүйцэтгэж, үүний төлөө цалин хөлс авч "Эм Эн Эн Ти" ХХК-тай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн. Хохирогч Г.Б.Б нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 4-р хороо, цэргийн хотхон 5-395а тоот хаягт оршин суудаг. Харин "Эм Эн Эн Ти" ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сум, хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд кемптэй, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу ажилдаа очих замдаа Төв аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт нас барсан.

"Эм Эн Эн Ти" ХХК-ийн кемп менежер албан тушаалтай Амгалангийн Баттулгын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлэг, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлэг, /хх 48-49, 54-56/ тухайн хүмүүс "Эм Эн Эн Ти" ХХК-д жолоочоор ажилдаг фейсбүүк группэд тухайн хүмүүсийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цагаанхад гэх газрын кемп дээр бэлэн байгаарай, 02 дугаар сарын 16-ны өдөр ачилтад ороод 02 дугаар сарын 17-ны өдөр урагшаа хил гарч ачаагаа буулгах талаар мессеж бичиж үлдээсэн" бөгөөд тухайн компани өөрийн гэсэн ажилчдын унаа байдаггүй, ажилчид нь өөрсдөө хувийн унаагаар болон хот хоорондын тээврээр зорчиж явдаг" гэх, хохирогч О.Мяасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Ю.Оргодолын мэдүүлэг /хх-33/, хохирогч Д.Пүрэвнямын мэдүүлэг /хх-40/, хохирогч Я.Барамсайгийн мэдүүлэг /хх-43/, Ц.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-51/, хохирогч Г.Б.Бий хууль ёсны төлөөлөгч С.Д миний мэдүүлэг /хх-34/ зэргээс үзэхэд нэр бүхий 5 иргэн "Эм Эн Эн Ти" ХХК-ийн ажилчид бөгөөд тус осол болох өдөр ажилдаа очих замдаа осолд орж 2 ажилтан амь насаа алдаж, 3 ажилтан эрүүл мэндээрээ хохирсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-т “Энэ зүйлд заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа гэдэгт ажил үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах, ажилдаа ирэх очих, ээлж солилцох, ажил хүлээлцэх, сургалтад хамрагдах болон ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ зэрэг хамаарна", Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд "Дараах нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно", "...3/ ажилдаа ирэх, буцах замд". Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т "Ажил олгогч дараах үүрэгтэй", 43.2.3-т "энэ хуульд заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн... ажлын байраар хангах" гэх заалтуудыг "Эм Эн Эн Ти" ХХК нь зөрчсөн. Хохирогч Г.Б.Б нь үйлдвэрлэлийн осолд орсон болохыг "Хөдөлмөр хамгаалал, хүний хөгжлийн төв"-ийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8031215/016 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Тодруулбал, ажил олгогч "Эм Эн Эн Ти" ХХК нь хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас ажилтан нарын аюулгүй байдал зөрчигдөж, улмаар осолд орж амь насаа алдсан.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т "Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй/-ээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ" гэх, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно",  125.1.2-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин" гэж зааснаар хохирогч Г.Б.Б нь ажилдаа очих замдаа үйлдвэрлэлийн осолд орж амь насаа алдсан байх тул 1 сарын дундаж цалин хөлсийг Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт буюу "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2 дугаар зүйлийн 2.5-т заасны дагуу тооцон үзэхэд 2,964,616.54 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг 36 дахин нэмэгдүүлж 2,964,616.54х36=106,726,195 төгрөгийг иргэний хариуцагч ажил олгогч "Эм Эн Эн Ти" ХХК-аас гаргуулж өгнө үү.

Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ зөрчсөн талаарх гэм бурууг дан ганц хэлэлцсэн юм гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ зөрчсөн талаар зөрчлийг шүүхээс нээлттэй үлдээх учиртай юм. Гэтэл иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний хүүхдүүдийн эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана." Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд "Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана", 65.1.6-т "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа,” гэж тус тус заасны дагуу иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхгүйгээр шийдвэрлэж байгаа нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй болно.

3. Эдийн бус гэм хорын хохирол арилгах, нөхөн төлбөр гаргуулах тухайд:

Монгол Улсын иргэн Содсүрэнгийн Даваасүрэн миний бие амь хохирогч Ганзоригийн Б.Бтэй 2012 оны 7 сараас хойш хамтран амьдарч, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтэй бүртгүүлж, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б.Бий Дөлгөөн 9 нас/, 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б.Бий Урангоо 8 нас, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Б.Бий Мөнхбаатар /1 нас/ нар төрсөн.

Хохирогч Г.Б.Б нь ар гэрээ тэжээн тэтгэж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, халамжит хань, сайн эцэг байсан бөгөөд залуу хосууд бид гурван бага насны хүүхдүүдийн хамт аз жаргалтай, элэг бүтэн сайхан амьдарч байсан. Миний бие бага насны хүүхдүүдийг сургуульд хүргэж өгөх, буцааж авах, 1 настай цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүү Б.Мөнхбаатарыг гэртээ асран халамжилж, ар гэрийн ажлыг хариуцах, харин нөхөр маань Г.Б.Б нь ар гэр, хүүхдүүдийн амьжиргааг залгуулахаар ажил хөдөлмөр эрхэлж санхүүгийн бүх асуудлыг хариуцдаг байсан. Гэвч миний нөхрийг  компаниас нь дуудаж ажлын байранд бэлэн байх үүрэг даалгавар өгч 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа очих замдаа 31 настай цэл залуухнаар амь насаа харамсалтайгаар алдаж, тус гэнэтийн явдлын улмаас гэр бүлийн гишүүн болох миний бие, бага насны 3 хүүхдийн сэтгэл санааны хүчтэй цочролд орсон. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д миний бие 1 настай хүүгээ гэртээ асарч, 2 хүүхдээ сургуульд нь зөөж өнөөдрийг хүртэл ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй хүнд нөхцөлд амьдарч байна. Ажил олгогч нь ажилтан нарынхаа ажилдаа ирж, очих аюулгүй байдлыг хангахгүй яасан юм бол, хол замд гарч байгаа жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүрэн байдлыг яагаад шалгаагүй юм бол, хэрэв компани аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслээр ажилтан нараа зөөвөрлөдөг байсан бол тээврийн хэрэгслийн аюулгүй бүрэн бүтэн байдлыг шалгаж замд гарсан бол өнөөдөр миний нөхөр амьд сэрүүн, үр хүүхдүүд бидэнтэй хамт халуун ам бүлээрээ амьдарч байх байсандаа гэхээс үнэхээр их гомдолтой байдаг.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд "Гэмт хэргийн хохирол, хор уршиг, 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно" гэх, 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно" гэх, 5-т "Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн гаргуулах төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно" Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хунд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т "Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана" гэх, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-т "Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй" гэх мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т "Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ" гэх, 511.4-т “Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно" гэх, 511.5-т "Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно" гэх,

Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолын хавсралт "Хүний сэлгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал" 3.3-т Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т заасны дагуу гэр бүлийн хүмүүсийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсвэл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлж хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно" гэж тус тус зааснаар хохирогч С.Д миний сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөн дүнг дараах байдлаар тооцон нэхэмжилж байна. Үүнд:

Цалингийн доод хэмжээ

Нэмэгдүүлэх дүн

Тайлбар

1

660,000.00

150

Гэм хор арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 150 дахин нэмэгдүүлнэ.

2

660,000.00

5

Нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлнэ.

Тооцоолол:

  1. 660,000.00*150=99,000,000
  2. 660,000.00*5* /71 нас-31нас/=132,000,000.00

2.1.1. “2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000.00 төгрөгөөр тогтоосон байна”.

2.1.2. “71 нас буюу Статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан 2022 оны нийт хүн амын дундаж наслалт болно” гэж заасныг үндэслэн сэтгэл санааны хохиролд шүүгдэгч Ц.Бэс 66,000,000.00 (жаран зургаан сая), ажил олгогч "Эм Эн Эн Ти" ХХК-аас 66,000,000.00 (жаран зургаан сая) төгрөг тус тус гаргуулж шийдвэрлэж өгнө үү.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт, хуулийн хүрээнд тус хэргийн хамт хянан шийдвэрлэх боломжтой байхад, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, зарим хэсгийг иргэний журмаар дахин нэхэмжлэхээр үлдээсэнд гомдолтой байх тул Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 408 дугаар шийтгэх тогтоолын 7 дахь хэсэгт өөрчлөлт оруулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хүүхдүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээж, тэдэнд учирсан хохирол, хор уршгийг буруутай этгээдүүдээс гаргуулахаар хохирол, хор уршгийг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Түмэндэмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал байна” гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад хэлэх тайлбаргүй байхгүй” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүх хэргийг шийдэлгүй 2 жил боллоо гээд байна. Энэ хугацаанд зөвхөн хохирогч талын давж заалдсан гомдлоор шийтгэх тогтоол хүчингүй болж дахин шийдэгдсэн. Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн байна. Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул манай зүгээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн байна. Сэтгэл санааны хохирлын хувьд шүүх хууль зөрчиж шийдвэрлэхгүй. Хэрэв үйлдвэрлэлийн осол гэж тогтоогдвол эрүүгийн хэрэг энд яригдахгүй. Тэтгэмжийн зөрүүний тухайд шүүх нээлттэй үлдээсэн байна. Харин өмгөөлөгчийн хөлс нь хохирол биш тул гаргуулсан нь буруу гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын өмгөөлөгчийн хөлс гаргуулсан хэсгийг өөрчилж бусдыг нь хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбаргүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д түүний өмгөөлөгч Д.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.

4.Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирол, хор уршгийн талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно” гэсэн дүгнэсэн боловч шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон” гэмт хэрэг нь хоёр эсхүл түүнээс дээш тооны хүний амь нас хохирсон үр дагавартай, цаашлаад уг гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний гэр бүлд хор уршиг учирдаг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаардаг.

 Эрүүгийн хэриуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй.

Өмнө нь Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ДШМ/50 дугаар магадлалаар “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Бд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хэт хөнгөдсөн, ...Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.” гэж дүгнэсээр байхад дахин энэ төрлийн алдааг давтан гаргаж байгааг дурдах нь зүйтэй байна.

7. Иймд шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

8. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д, түүний өмгөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээснийг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 408 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ц.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС

Р.МӨНХ-ЭРДЭНЭ