Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 110/ШШ2026/0099

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Төрийн албаны зөвлөл,

            Хариуцагч: Х.Н нарын  хоорондын  төрд учруулсан хохирол гаргуулахтай холбоотой  маргааныг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ханджамц /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Е.Малик, А.Кадирбек /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь  иргэн Х.Нд холбогдуулан “Хохирол 14707806 төгрөг гаргуулах”-аар маргаж байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр тус аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаартай  ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Сийг  урьд эрхэлж байсан тус сургуулийн  барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон байх ба мөн шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 808 дугаар захирамжаар хариуцагч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 14707806 төгрөг нэхэмжлэгч С.Ст төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна. 

3. Төрийн албаны зөвлөлөөс Х.Нд холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 14707806 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэсэн тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 392 дугаар шийдвэрийг  тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 49 дүгээр магадлалаар хэвээр үлдээсэн байх ба  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаар тогтоолоор “хэргийн харьяалал зөрчсөн” үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар уг  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр  Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр  шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй", 102 дугаар зүйлийн 102.1-т "Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно", 103 дугаар зүйлийн 103.1-т "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ" гэж; Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ", 50.2-т "Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан. 

Х.Н нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багш С.Сийг албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан. 

1. Иргэн С.С нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00175 дугаар шийдвэр, Баян- Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар 28-ны өдрийн 212/МА2024/00048 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Сийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу С.Сийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын Б/82 дугаар тушаалаар эгүүлэн ажил, албан тушаалд нь томилсон байна.

            2. Иргэн С.С нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн өдөр болох 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эгүүлэн томилогдсон өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөө гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00808 дугаар шүүгчийн захирамжаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 14,707,806 төгрөгийг хуульд заасан журмын дагуу нөхөн олгохыг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулиас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр С.Сийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,707,806 төгрөгийг нөхөн төлсөн байна. Төрийн албаны зөвлөлөөс хариуцагч Х.Нд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн "Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай" 04/294 дүгээр албан бичгийг хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй байна. 

Иймд хууль бус шийдвэр гаргасан Х.Нээс төрд учирсан хохирол болох 14,707,806 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 100900021501 тоот дансанд төвлөрүүлэхээр Улсын Дээд шүүхийн 2024 оны 25 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Жич: Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/526 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 302/ШШ2025/00392, тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/MA2025/00049 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 001/XT2026/00026 дугаар тогтоолоор Улсын Дээд шүүхийн 2024 оны 25 дугаар тогтоолын дагуу харьяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно” гэв.

5. Хариуцагч Х.Н хариу тайлбартаа:

“Хариуцагч Х.Н би 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар багш С.Сийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гол үндэслэл нь байгууллагын "Бүтэц орон тоо цөөрсөн"-тэй холбоотой юм. Мэргэжлийн боловсролын сургалтын төвийн бүтэц, орон тоог тухайн жилийн батлагдсан төсөвт уялдуулан Төлөөлөн удирдах зөвлөл батлах бөгөөд ингэхдээ тус төвийн захирал Төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц, орон тоо баталсан тогтоолын хүрээнд багш, ажилтнуудыг томилох, чөлөөлөх чиг үүргийг хэрэгжүүлдэг болно.

 Энэ хүрээнд би Мэргэжлийн боловсролын сургалтын төвийн захирлаар ажиллаж байх үедээ Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан тухайн жилийн бүтэц, орон тооны хязгаарт багтаан, хуулийн дагуу олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад заасан "орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн" үндэслэлийг баримтлан багш С.Сийг хөдөлмөрийн гэрээнд заасан журмын дагуу ажлаас чөлөөлсөн болно. Иймд уг тушаал нь дур мэдэн буюу санаатай хууль зөрчсөн үйлдэл бус, дээд удирдлагын зохих шийдвэрийг хэрэгжүүлсэн хуулийн хүрээний үйл ажиллагаа болно. 

Маргааныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 175 дугаар шийдвэрээр С.Сийг урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон байна. Уг шүүхийн шийдвэрийг үндэслэн Мэргэжлийн боловсролын сургалтын төв нь багш С.Сийг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгохдоо түүний урьд ажиллаж байсан орон тоонд шинэ хүн томилон ажиллуулаагүй байсан бөгөөд тус орон тоонд ногдох цалин хөлс, урсгал зардлын хэмнэлтийг нөхөн олговор болгон олгосон тул уг олговор нь улсын төсвөөс гарсан нэмэлт зардал биш, аль хэдийнээ хэмнэгдсэн мөнгийг буцаан олгосон хэлбэр болж байгааг тогтоох боломжтой байна.

 Нэхэмжлэгч нь гэм хорын нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 болон 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг дэх заалтад тулгуурласан байна. Дурдсан заалтуудын дагуу гэм хорын хариуцлага хүлээлгэхийн тулд  дараах бүрэлдэхүүний дөрвөн шинж зайлшгүй нэгэн зэрэг бүрдсэн байх шаардлагатай: а) хохирол бодитоор учирсан байх; б) хохирол учруулсан үйлдэл буюу  эс үйлдэхүй хууль бус байх; в)үйлдэл болон хохирлын хооронд шалтгаан холбоо байх; г) гэм буруугийн субьектив байдал-санаатай буюу болгоомжгүй байх гэх шаардлагууд байдаг.  

Дээрх бүрэлдэхүүний шинжтэй хамаатуулан шалгаж үзвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх заалт болон Мэргэжлийн боловсролын сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн орон тоо цөөрүүлэх тогтоолын хүрээнд ажилтнаа чөлөөлсөн тул уг үйлдлийг "хууль бус" гэж тодорхойлох хангалттай үндэслэл байхгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч "илтэд болгоомжгүй" хандсан гэж дүгнэжээ. Гэвч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан "болгоомжгүй байдал" гэдэг нь ердийн анхаарал тавих үүргээ ноцтойгоор үл биелүүлсэн тохиолдолд тогтоогддог бөгөөд хариуцагч нь Төлөөлөн удирдах зөвлөлийн зохих шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор хуулийн хүрээнд тушаал гаргасан нь ийм болгоомжгүй байдалд хамааруулах боломжгүй юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэгт заасан "хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл" гэсэн нөхцөл хоёулаа биелэгдэхгүй байна. 

Мөн зардлын эх үүсвэрийн хувьд С.Ст олгосон 14,707,806 төгрөгийн нөхөн олговор нь тус орон тоонд шинэ хүн томилон ажиллуулаагүйн улмаас аль хэдийнээ хэмнэгдэж байсан цалин хөлс, урсгал зардлын хэмнэлтээс санхүүжсэн тул улсад нэмэлт хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэл байхгүй болно. Иймд нэхэмжлэлд дурдсан хохирол нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан "захиргааны байгууллагад учирсан хохирол"-д хамаарахгүй болно.

Нэхэмжлэгч нь Улсын Дээд шүүхийн 2024 оны 25 дугаар тогтоол болон Захиргааны ерөнхий хуулийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан байна. Гэвч дурдсан заалтын дагуу буцааж нэхэмжлэх боломж нь "гэм буруутай" гэдэг нөхцөл зайлшгүй тогтоогдсон байхыг шаарддаг. Миний хувьд Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй захирал байсан тул гэм буруу тогтоогдоогүй нөхцөлд хариуцлага хүлээлгэх боломжгүй болно.

 Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдэд болон хариу тайлбарт тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч  Е.Малик шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн  498.5 дахь хэсэгт зааснаар хуулиар эрх олгогдсон эрх бүхий байгууллага өөрт учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаас буцаан шаардаж гаргуулахын тулд тухайн албан тушаалтан өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан байх нь хэрэгт авагдсан баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдсон байхыг шаарддаг. 

Эрх зүйн онол болон шүүхийн практикт шууд санаатай үйлдэл гэдгийг өөрөө үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан ойлгож, түүний улмаас хохирол, эд хөрөнгийн сөрөг үр дагавар учрахыг хүсэж үйлдсэнийг ойлгодог. Харин С.Сийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн үйл баримтаас болон шүүхийн шийдвэрээс нь харахад Х.Н нь С.Стэй хувийн таарамжгүй  харилцаа байсны улмаас эсхүл өс хонзонгийн сэдлээр Б/143 тоот тушаалыг гаргаагүй. 

Харин Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/280 дугаар тушаалаар баталсан элсэлтийн хяналтын тоо, баталгаажсан код хангагдаагүй. Тухайлбал, бетон арматурчны ангид 1 суралцагч, барилгын өрөг угсрагч ангид 3 суралцагч элссэн тул сургуулийн гүйцэтгэлийн санхүүжилт болон салбарын яамны нормативын дагуу 2 анги хаагдаж, сургалтын цаг байхгүй болсон объектив нөхцөл байдал үүссэний улмаас тухайн Б/143 тоот тушаалыг гаргасан гэж дүгнэж байгаа.

Хоёрдугаарт, илтэд болгоомжгүй үйлдэл мөн тогтоогдоогүй. Х.Н захирлын хувьд С.Сийг шууд халалгүйгээр 2023 оны 9 дүгээр  сарын 01-ний өдрөөс 11 дүгээр  сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд элсэлт авах боломж олгож, сургууль удирдах зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцүүлсэн. Мөн яамнаас баталсан багшийн цагийн нормативд үндэслэн шийдвэр гаргасан байдаг. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан орон тоо цөөрсөн гэх зохицуулалтыг байгууллагад үүссэн бодит нөхцөл байдалд тулгуурлан өөрийн итгэл үнэмшлийн үүднээс хэрэглэсэн гэж үзэж байгаа. Ийнхүү материаллаг хуулийн заалтыг тайлбарлан хэрэглэснийг иргэний хэргийн шүүх тушаалыг хүчингүй болгосон явдал нь тухайн албан тушаалтныг илтэд болгоомжгүй, эсхүл санаатай хууль зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болохгүй.

Шүүх хуралдааны эхэнд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт гаргасан үе шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар дээр “бид нар С.С төрд ажиллаагүй мөртлөө төрөөс цалин авсан гэж энэхүү хохирлыг нэхэмжилж байгаа” гэж тайлбарлалаа.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар төр буцаан шаардахтай холбоотой харилцаанд анхдагч заавал байх шаардлага нь бодит хохирол буюу эд хөрөнгийн алдагдал бий болсон байх явдал байдаг. С.Сийг ажлаас чөлөөлөх хугацаанд түүний ажиллаж байсан барилгын өргөн мэргэжлийн багшийн орон тоонд шинээр өөр хүн ажилд аваагүй, өөр этгээдэд давхар цалин олгогдоогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Үүнтэй холбоотой С.Сийн цалингийн нэхэмжлэл дээр мөн дурдагддаг. Нэгэнт орон тоон дээр давхар зардал олгогдоогүй, хэмнэгдсэн цалингийн санг ажилтанд нөхөж олгосон тул улсын төсөвт бодитойгоор эд хөрөнгийн хохирол учирсан гэж санхүүгийн болон хууль зүйн хувьд үзэх боломжгүй гэж дүгнэж байгаа. 

Гуравдугаарт, захиргааны хэргийн шүүх Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлийг хэрэглэхтэй холбоотойгоор тайлбар гаргая. Захиргааны хэргийн шүүх иргэний эрх зүйн ерөнхий болон тусгай зохицуулалтыг хэрхэн хэрэглэх тухай зарчмын хувьд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байгаа.

Нийтийн эрх зүйн актын улмаас ажилтанд хохирол учирсан тохиолдолд Иргэний хуулийн  498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар анхдагч хариуцлагыг төр буюу тухайн захиргааны байгууллага өөрөө хариуцан арилгадаг, дараа нь барагдуулсан хохирлоо буруутай албан тушаалтнаас буцаан нэхэмжлэхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг зөвхөн гэм хор арилгах ерөнхий зарчмын хувьд эш татаж болох боловч бодит хариуцлага хүлээлгэхдээ  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан бүрэлдэхүүний шинжийг заавал хангасан байх ёстой. 

Ингэхдээ дээр дурдсанчлан Х.Н өөрөө ямар нэгэн байдлаар бие даан шийдвэр гаргаагүй байдаг. 2 хүчин зүйл нөлөөлсөн, нэгдүгээрт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 280 дугаар тушаал,  мөн Мэргэжлийн боловсролын сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 10  дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай тогтоолууд шууд нөлөөлсөн. Тухайн 1 дугаартай тогтоолын 2 дахь заалтад тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Х.Нд  үүрэг болгосон байдаг. Хэрвээ Х.Н нь өөрөө тухайн үед эс үйлдэхүй гаргасан бол үүнтэй холбоотойгоор мөн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй асуудал  яригдаж болохоор байсан, эсвэл  албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэж  өөрт нь сахилгын шийтгэл ноогдуулах эрсдэл бий болж байсан учраас С.Стэй холбоотой шийдвэрийг гаргасан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэгдүгээрт,  Х.Н Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байх хугацаанд  С.Сийг ажлаас чөлөөлсөн.  Уг тушаалыг иргэний хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн.  Тухайн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон  тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гагцхүү С.С багшийн хөдөлмөрлөх эрх хөндөгдсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа.

 Төрийн албаны зөвлөлийн Төрийн албаны тухай хуулийн  50 дугаар зүйлийн 50.1,  50.2-т заасан шаардах эрхийн гэм буруугийн үндэслэл болсон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн  498.5 дахь хэсгийг хэрэглэх бол энэ хэсэгт гэм буруугийн хэлбэрт шүүх дүгнэлт хийдэг. Тэгэхээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт гэм буруугийн бүрэлдэхүүн бий болсон гэж үзэхийн тулд нэгдүгээрт, шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй гэм буруугийн хэлбэр бүрдсэн байх ёстой.  Х.Н яагаад С.С багшийг ажлаас нь чөлөөлөх  болсон хууль үндэслэлийн талаарх тайлбарыг хариуцагч өөрөө гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн 2023 оны хичээлийн жилийн элсэлтийн тооноос хамаараад багшийн орон тоо хасагдсан, тиймээс нэг багшийг ажлаас нь чөлөөлсөн.  Энэ нөхцөл байдалтай холбоотой нотлох баримтыг шүүх өнөөдөр хавтаст хэрэгт  авах ёстой. Захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг цуглуулах чиг үүрэг хүлээдэг. Мэргэжлийн  сургалт үйлдвэрлэлийн төвийн Удирдах  зөвлөлийн 2023 оны тогтоолын 25 дахь заалт дээр элсэлтийн тооноос хамаараад хэдэн багш ажиллуулах гэдгийг сургууль эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ гэж зохицуулсан. Тэгэхээр элсэгчийн тоо хэд байгаад багшийн орон тоо хасагдсан гэдэг асуудлыг ч гэсэн өмнөх 2 шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтээр тодорхой дүгнээгүй. Өнөөдөр бид Х.Ний гаргасан шийдвэрийн гэм буруугийн санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэдэг асуудлыг ярихын тулд энэ нотлох баримтыг авхуулах зайлшгүй шаардлагатай байсан. Тэгэхээр энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар Х.Н нь гэм буруугийн шууд санаатай болон илтэд болгоомжгүй хэлбэрээр хууль бус тушаал, шийдвэр гаргаж, төрд хохирол учирсан гэх нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болчхож байгаа. 

Гэм буруугийн эрх зүйн үндсэн зарчим гэж байгаа. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан хариуцлага хүлээлгэх зарчим гэж үйлчилдэг. Өнөөдөр гэм хорын асуудал буюу шууд санаатай юу ,эсвэл илтэд болгоомжгүй шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан эсэх асуудал яригдана. Хоёрдугаарт, шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл нь тогтоогдсон бол гэм хорын хэмжээг  тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, хохирогчийн ашиг сонирхол, хоёрдугаарт, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулсны гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж, энэ хохирлыг Х.Нээс гаргуулах эсэх асуудал дээр хууль зүйн дүгнэлт хийнэ.  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл  өмнөх 2 шатны шүүхийн шийдвэрийг үндэслээд нэхэмжлэл гаргасан гэдгийг тайлбарлаж хэлж байгаа. 2 шатны шүүхийн шийдвэр буюу Баян-Өлий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар зөвхөн Х.Ний гаргасан тушаал, шийдвэр хууль бус болохыг тогтоож, 14 000 000  төгрөгийн цалин, нөхөн олговрыг С.Ст олгохоор шийдвэрлэсэн. 

Гэхдээ  Х.Ний гаргаж байгаа тушаал шийдвэрийн  үр дагавар буюу шууд санаатай эсхүл илт болгоомжгүйгээр төрд хохирол учирсан эсэх асуудлыг тухайн шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй. Тухайн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зөвхөн С.С багшийн хөдөлмөрлөх эрх хөндөгдсөн эсэх асуудлыг л шийдвэрлэсэн. Түүнээс биш төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны  хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэх явцад төрд хохирол  учирсан эсэх асуудлыг энэ шүүхийн шийдвэрээр тогтоох боломжгүй. Ийм учраас өнөөдөр нэхэмжлэл гаргаж буй этгээд буюу Төрийн албаны зөвлөлөөс үүнтэй холбоотой баримтыг нь гаргаж өгөөд нотлох ёстой. Энэхүү хуульд заасан эрх үүргээ нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн зүгээс  хэрэгжүүлээгүй. 

Хоёрдугаарт, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан.  Өөрөөр хэлбэл, Х.Н албаны үүргээ зөрчсөн, гэм буруутай үйлдлийн улмаас гэм хор учирсан бол төр хариуцна, дараа нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5,  489.2 дахь хэсэгт зааснаар  гэм хорыг  санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээдээс тухайн байгууллагад учирсан хохирлыг шаардана. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд бас зохицуулалт байдаг.

Өөрөөр хэлбэл, энэ нэхэмжлэлийг  тухайн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргадаг. Төрийн албаны төв зөвлөлд Монгол Улсын хэмжээнд байгаа 213 мянга гаруй төрийн албан хаагч, 4300 гаруй захиргааны байгууллагын өмнөөс нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй.  Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1  дэх хэсэг нь тодорхой хэмжээний хязгаартай юм. Энэ төлбөр Мэргэжлийн  сургалт үйлдвэрлэлийн төвөөс төлөгдсөн. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс энэ төлбөртэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэл гаргаж байгаа асуудал нь зөв үү гэдэг асуудал нь яригдана.

Мөн  шүүх хэрвээ эцсийн байдлаар Х.Ний энэ шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан байна гэдэг дүгнэлтэд хүрэх юм бол төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан Х.Ний ажиллах хугацаанд гаргаж байгаа шийдвэр  нь тухайн төрийн үйлчилгээний байгууллагын дээд шатны эрх бүхий албан тушаалтнууд, удирдах зөвлөлийн шийдвэртэй шууд холбоотой, энэ шийдвэрийг хэрэгжилтийн явцад С.Сийг чөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нөхцөл байдлыг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт холбож, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд С.Сийг ажлаас чөлөөлсөн,мөн гэм хор учруулж байгаа этгээдийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзаж хохирлын хэмжээг шүүх өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд багасгаж шийдвэрлэж өгнө үү. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэвэл  Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжилж байгаа 14000000 төгрөгийн хэмжээг 50 хувиар бууруулж өгнө үү” гэв. 

 

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:
 

1.Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн   “Төрд учруулсан хохирол 14707806 төгрөг гаргуулах” шаардлагатай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал  Х.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багш С.Сийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь  чөлөөлсөн  байна.

С.С нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00175 дугаар шийдвэрээр Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Сийг урьд эрхэлж байсан тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Тус шүүхийн шийдвэрийг эс  зөвшөөрч хариуцагчийн гаргасан гомдлыг  Баян- Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын  28-ны өдрийн 212/МА2024/00048 дугаар магадлалаар хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /Хавтаст хэргийн 6,7-20,21-28 дах тал/

3. Уг анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын /албан үүргийг хавсран гүйцэтгэгч Х.Раушан/ 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар С.Сийг тус өдрөөс Барилгын өргөн мэргэжлийн багшаар эгүүлэн томилсон байх ба С.Сээс ажилгүй байсан хугацааны  цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжилснээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00808 дугаар захирамжаар Баян-Өлгий аймаг дахь  Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Х.Раушан нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 14707806 төгрөгийг нэхэмжлэгч С.Ст төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Улмаар  Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142 дугаар тушаалаар С.Сийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 14707806 төгрөг олгохыг зөвшөөрснөөр 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр  Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн төсвөөс  С.Ст ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 14707806  төгрөгийг шилжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 29,30-32,33-34 дэх тал/  тус тус тогтоогдож байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “”нэхэмжлэл” гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж,

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус зааснаар  төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тусгайлан эрх олгосон байх тул Төрийн албаны  зөвлөл нь  нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.

Мөн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулиас 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаар албан бичгээр “Х.Ний гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төрд  14707806 төгрөгийн бодит хохирол учирсан байх тул төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэм  буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх арга хэмжээ авч өгөх” талаар Төрийн албаны зөвлөлд хүсэлт гаргасан, Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04/294 дүгээр албан бичгээр Х.Нд “..хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 14707806 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж хохирлыг барагдуулах, тогтоосон хугацаанд хохирлыг төлөөгүй тохиолдолд шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх“ талаар мэдэгдэл хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 36-37,38-39 дах тал/ тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

5.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-т “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

Эдгээр зохицуулалтаас үзэхэд, захиргааны албан тушаалтны шийдвэр нь хууль бус бөгөөд  түүний улмаас иргэнд хохирол учирсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд хохирлыг төр барагдуулж, дараа нь шийдвэр гаргасан албан тушаалтнаар  нөхөн төлүүлэх зарчимтай ба тухайн захиргааны албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг төрөөс барагдуулсан нь нэгэнт тогтоогдсон нөхцөлд захиргааны албан тушаалтны хувьд хууль бус шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцах  нь төрийн албанд баримтлах зарчимд нийцнэ.

6. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд, хариуцагчаас  төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж дүгнэхээр байна.

 Тодруулбал, Х.Ний Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ажилтан С.Сийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан  “орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаар тушаалыг  Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 130/ШШ2024/00175 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, ажилтныг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснээр тухайн ажлаас чөлөөлсөн шийдвэр  хууль бус болох нь  тогтоогдсон.

Улмаар  уг хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирол болох ажилтан С.Сийн  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт   төсвөөс 14707806 төгрөг  зарцуулснаар төрд хохирол учирсан байгаа  тул Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн багш С.Сийг албан тушаалаас хууль бусаар чөлөөлсөн хариуцагч  Х.Ний үйлдэл нь төрд нийт 14707806 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэхээр байна.

7.Хариуцагч Х.Нээс “Мэргэжлийн боловсролын сургалтын төвийн захирлаар ажиллаж байх үедээ Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан тухайн жилийн бүтэц, орон тооны хязгаарт багтаан, хуулийн дагуу олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад заасан "орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн" үндэслэлийг баримтлан багш С.Сийг хөдөлмөрийн гэрээнд заасан журмын дагуу ажлаас чөлөөлсөн болно. Иймд уг тушаал нь дур мэдэн буюу санаатай хууль зөрчсөн үйлдэл бус, дээд удирдлагын зохих шийдвэрийг хэрэгжүүлсэн хуулийн хүрээний үйл ажиллагаа болно. …Төлөөлөн удирдах зөвлөлийн зохих шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор хуулийн хүрээнд тушаал гаргасан нь болгоомжгүй байдалд хамааруулах боломжгүй юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэгт заасан "хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл" гэсэн нөхцөл хоёулаа биелэгдэхгүй байна” гэж маргасан.  

Хариуцагч Х.Ний хувьд  "орон тоо цөөрсөн" гэсэн үндэслэлээр  С.Сийг тус аймаг  дах Мэргэжлийн боловсролын сургуулийн багшийн албан тушаалаас  чөлөөлсөн бөгөөд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00175 дугаар шийдвэрээр “...Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн Удирдах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн байгууллагын бүтэц, орон тоог  нэгдүгээр хавсралтаар баталсны 26-д багшийн орон тоог  орон тооны дээд хязгаарт багтаан элсэлт, төгсөлтөөс хамааран сургууль шийдвэрлэнэ гэж баталсан.

...Мэргэжлийн болон техникийн  боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийн 3.5 дах заалтад захирлын хийж гүйцэтгэх 13 төрлийн үүрэг заасны 3.5.3 дах заалтад “сургуулийн бүтэц орон тоог тогтоохдоо багш суралцагчийн тооны дундаж харьцааг үндэслэн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтооно“ гэж заасан ба  багш нарын орон тоог суралцагчийн  тооны дундаж харьцааг үндэслэн тогтоож, эрхийн актаар шийдвэрлэхээр үүрэг болгосон.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан  орон тоо цөөрүүлсэн гэдэгт тухайн байгууллагын бүтцээс албан тушаалын  нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг ойлгох  бөгөөд аливаа байгууллага нь зорилгодоо нийцүүлэн , батлагдсан төсөвтөө багтаан дотоод зохион байгуулалт, бүтэц, орон тоогоо  өөрчлөн тогтоож, тухайн шинээр тогтоосон бүтэц, орон тоогоор ажиллахын тулд өмнө ажиллаж байсан ажилтантай байгуулсан  хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлах эрхтэй боловч энэхүү ажиллагаа хуульд нийцсэн, бүтэц, орон тоог  өөрчилсөн үндэслэл тогтоогдсон байхыг шаардана.

...Гэвч хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилд барилгын өргөн мэргэжлийн багшийн орон тоо 8 байгаад 6 болж цөөрсөн тул нэхэмжлэгч С.Стэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн  гэж тайлбарладаг боловч тус сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн бүтэц орон тоонд  маргаан бүхий барилгын өргөн  мэргэжлийн багшийн орон тоо 8 байсныг 2023-2024 оны хичээлийн жилд 6 болж багасгасан эсэх талаар  албан ёсны эрхийн акт гаргасан эсэхээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй.

...Хариуцагч нь татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж нотлох үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн болно” гэж,

Баян- Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын  28-ны өдрийн 212/МА2024/00048 дугаар магадлалаар “...Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургууль нь ажилтан С.Сийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг “орон тоог цөөрүүлсэн” үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь нотлох баримтуудад үндэслэгдээгүй, хариуцагч байгууллагаас тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоо гүйцээгүй учир элсэлтийн тоо багасаж,  заах хичээлийн цаг хорогдож, орон тоо цөөрсөн гэх боловч энэ үйл баримт нь бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул энэ талаарх ажилтны гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Орон тоог цөөрүүлсэн гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг ойлгох бөгөөд энэ талаар тухайн байгууллагын ижил төрлийн орон тооноос тус ажил, албан тушаалын байр тодорхой үндэслэлээр, тодорхой тоогоор багассаныг ажил олгогч нотлох шаардлагатай.

Тус сургуулийн орон тооны бүрэлдэхүүнээс үзвэл С.Сийн ажиллаж байсан “Барилгын өргөн мэргэжлийн онол, дадлагын үндсэн багш”-ийн орон тоо 2021-2022 оны хичээлийн жилд 8, 2022-2023 оны хичээлийн жилд мөн 8 орон тоотой тус тус батлагдаж, 8 багш ажиллаж байжээ. 2023-2024 оны багшийн ажлын байрны орон тоог ажил олгогчийн удирдах зөвлөлөөс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор “орон тооны дээд хязгаарт багтаан элсэлт, төгсөлтөөс хамааран сургууль шийдвэрлэнэ” гэж журамлаад, улмаар Боловсрол, шинжлэх ухааны Сайдын 2023 оны А/280 дугаар тушаалаар баталсан Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2023-2024 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоог эш үндэс болгож “сургуулийн зүгээс элсэлт авах арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлж, удирдан зохион байгуулсан боловч 2023-2024 оны хичээлийн жилийн элсэгчдийн тоо хяналтын тоонд хүрээгүй” гэх шалтгаанаар “Барилгын өргөн мэргэжлийн онол, дадлагын үндсэн багш”-ийн орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажилтан С.Сийг ажлаас чөлөөлсөн үндэслэл бодитой тогтоогдоогүй байна.

... Тус сургуульд элсэгчдийн тоо хяналтын тоонд хүрээгүй явдал нь ажилтны ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааралгүй, ажилтныг үүнд буруутгах хууль зүйн үндэслэлгүй, харин сургуулийн элсэлтийг зохион байгуулах нь ажил олгогчийн чиг үүрэг учраас тус сургуулийн “Барилгын өргөн мэргэжлийн онол дадлагын үндсэн багш”-ийн орон тоо цөөрсөн гэх үндэслэл бодитой тогтоогдоогүй гэх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй ба чухам ажилтан С.Сийг сонгон авч түүний ажиллаж байсан орон тоог цөөрүүлсэн буюу ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад нийцээгүй, хууль бус болох нь тогтоогджээ” гэж тус тус дүгнэж шийдвэрлэжээ.

Дээрх байдлаар шүүхийн шийдвэрээр “ажил олгогч нь  хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй боловч энэхүү шийдвэр нь нотлох баримтад үндэслэгдээгүй, шийдвэрийн үндэслэлтэй холбоотойгоор  чиг үүргээ хэрэгжүүлснээ нотолж чадаагүй, шийдвэрийн үндэслэл нь бодитой тогтоогдоогүй” гэж дүгнэж,  ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгосон байгаа энэ тохиолдолд хариуцагчийг  өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нь  хор уршиг, гэм хор учруулж болохыг урьдаас мэдэх боломжтой байсан боловч хариуцлагагүй хандсаны улмаас уг хор уршгийг бий болгосон  “илтэд болгоомжгүй үйлдлээр”  гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

8.Мөн хариуцагч Х.Н нь “...Шүүхийн шийдвэрийг үндэслэн Мэргэжлийн боловсролын сургалтын төв нь багш С.Сийг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгохдоо түүний урьд ажиллаж байсан орон тоонд шинэ хүн томилон ажиллуулаагүй байсан бөгөөд тус орон тоонд ногдох цалин хөлс, урсгал зардлын хэмнэлтийг нөхөн олговор болгон олгосон тул уг олговор нь улсын төсвөөс гарсан нэмэлт зардал биш тул улсад нэмэлт хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэл байхгүй болно. Иймд нэхэмжлэлд дурдсан хохирол нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан "захиргааны байгууллагад учирсан хохирол"-д хамаарахгүй болно” гэж маргажээ.

9.Төрийн албаны тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1."төрийн алба" гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг; 3.1.2."төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг”,  57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно”  гэж тус тус заасан.

Хариуцагчаас  дээрх байдлаар төрд хохирол учраагүй гэж маргах боловч төрийн албан хаагч нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авахаар хуульчилсан ба  хариуцагчийн хууль бус  шийдвэрийн улмаас албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлээгүй  албан хаагчид ажиллаагүй хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн журмаар  төсвөөс гаргуулж  олгосон байх тул төрд хохирол  учирсан гэж үзэх үндэслэлтэй. 

10. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төрд учруулсан хохирол 14707806 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д   заасныг  тус   тус    баримтлан    нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн  шаардлагыг   бүхэлд нь хангаж, Х.Нээс  14707806 /арван дөрвөн сая долоон зуун долоон мянга найман зуун зургаа/ төгрөг гаргуулан, төрийн сангийн дансанд оруулсугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан  улсын орлого болгосугай.    

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ