Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 110/ШШ2026/0100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш  даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:Х.Ж,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаан даргалагч Б.Д, 

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга Н.Б,

Гуравдагч этгээд: Тилеубердийн Ж нарын хоорондын багийн Засаг даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой маргааныг хянан  хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х. Ж /цахимаар/, түүний өмгөөлөгч С.Нургайып, гуравдагч этгээдийн өмгөөлөгч  Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

1.Нэхэмжлэгч  Х.Ж нь Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаан даргалагч Б.Д болон  иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга Н.Б  нарт холбогдуулан “Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 03 дугаар “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны  үр дүнг хүчин төгөлдөр гэж үзэж, олонхын санал авсан Х.Жыг  багийн Засаг даргад нэр  дэвшүүлэх тогтоол гаргахыг  даалгах” -аар  маргаж байна

            2. Нэхэмжлэгч Х.Ж, гуравдагч этгээд  Т.Ж нар нь Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар  сарын 11-ний өдрийн хуралдаанд оролцож, багийн Засаг даргад   нэр дэвшсэн байх ба  нэр дэвшигчдийн хэн аль нь хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал аваагүй гэсэн үндэслэлээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин санал хураалт явагдаж, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор олонхын санал авсан гэсэн үндэслэлээр  Т.Жыг багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. 

3. Нэхэмжлэгч Х.Ж нь   дээрх тогтоолыг   эс зөвшөөрч 2026 оны  3 дугаар   сарын 03-ны өдөр шүүхэд  нэхэмжлэл гаргажээ.

4.Нэхэмжлэгч Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт  тайлбартаа:

“Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хууль ёсны дагуу зарлагдаж, 2026.02.11-ний нэр дэвшигчдээр Т.Ж, Х.Ж болон миний бие  бүртгүүлсэн. Санал хураалтын дүнгээр миний бие 618 хүний санал авч, олонхын дэмжлэгийг авсан болно. Хурал зохион байгуулагчид хуульд заасан үндэслэлгүйгээр дахин санал хураалт явуулах тухай шийдвэрийг гаргасан бөгөөд, миний нэрийг дэвшүүлэх тогтоолыг гаргахаас татгалзсан.  

2026.02.27-ны өдөр миний бие дахин санал хураалтыг эсэргүүцэж хуралдаанаас намайг Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоол гаргаж өгөхийг шаардсан юм. Нэр дэвшигчийн хувьд 2 дахь хуралдаанд өөрийнхөө талаар танилцуулга хийх боломж олголгүйгээр хуралдааныг дахин явуулж, санал хураалт явуулсан болоод Т.Жыг Засаг даргад нэр дэвшүүлсэн нь хууль бус юм. 

Өлгий сумын Тамгын газрын ажилтан Алмасбек нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хөндлөнгөөс хууль бусаар оролцож, иргэдийн чөлөөт байдалд нөлөөлсөн. Төрийн захиргааны байгууллагын ажилтан нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд зааварчилгаа өгөх, нөлөөлөх эрхгүй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан төрийн албан хаагчийн ёс зүй болон хууль ёсны зарчмыг зөрчсөн үйлдэл юм. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг товлон зарлахдаа хуульд заасан хугацааг баримтлаагүй. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр болно гэж иргэдэд анх зарласан хуралдааныг товлосон өдрөөс нь өөрчлөн 27-ны өдөр зохион байгуулсан нь хууль бус. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулахын өмнө иргэдэд тав хоногийн өмнө албан ёсоор зарлах ёстой байтал уг хугацааг дахин өөрчилж, товлосон хугацаандаа хуралдуулаагүй нь иргэдийн оролцоог хангах боломжийг хязгаарласан. Хэрэв тов өөрчлөгдсөн бол дахин таван хоногийн өмнө иргэдэд зарлах ёстой байсан бөгөөд энэхүү журам зөрчигдсөн нь 27-ны өдрийн хуралдааныг хүчин төгөлдөр бус гэж үзэх хангалттай үндэслэл юм.

2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд нийт 1241 иргэн санал өгсөн гэх боловч энэхүү тоо нь бодит байдалд нийцэхгүй байна. Үүнээс гадна, санал хураалтад тухайн багт албан ёсоор оршин суудаггүй, бүртгэлгүй иргэдийг олноор нь хамруулсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Багийн иргэдийн Нийтийн Хурал бол тухайн багийн оршин суугчдын өөрийн удирдлагын байгууллага тул санал өгөх эрх нь зөвхөн тухайн багт байнга оршин суудаг иргэдэд хамаарна. Гэтэл харьяат бус иргэдийг оролцуулж, ирцийг 1241 болгон хиймлээр өсгөсөн нь сонгуулийн үр дүнг зориудаар гуйвуулах, нэр дэвшигчдийн хоорондын харьцааг өөрчлөх зорилготой байсан гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр дахь хуралдаанд 1475 иргэн санал өгсөн гэх албан ёсны тоо баримт нь бодит байдалд нийцэхгүй, сонгуулийн ирцийг хуурамчаар бүрдүүлсэн. Энэхүү үйл явдлыг нотлох камерын бичлэгүүд хуралд оролцсон иргэдийн тоог эргэлзээгүйгээр батлах болно. Эрх бүхий бус этгээдүүд (багт оршин суудаггүй иргэд) санал хураалтад оролцсон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчиж байна. Сонгуулийн үйл явц хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хууль бус гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн санал хураалтын дүн болон санал тоолох явцад дараах ноцтой зөрчлүүд илэрсэн. Үүнд:  Санал тоолох явцад 2 ширхэг огт тэмдэглэгээгүй “хоосон” саналын хуудас гарч ирсэн нь сонгуулийн санал хураалтын нууцлал болон нэг иргэн-нэг санал гэх зарчмыг алдагдуулсан. Эдгээр хоосон хуудсыг санал өгсөн хүний тоонд оруулж тооцсон нь нийт санал өгсөн иргэдийн ирцийг хиймлээр өсгөх, улмаар нэр дэвшигчийн авсан саналын хувийг бууруулах зорилготой байсан гэж үзэж байна. Миний төлөө өгсөн 1 саналын хуудсыг зориудаар хүчингүй болгож тоолон, саналын дүнгээс хассан. Мөн нэг саналын хуудаст миний нэрийн урд болон хойно тэмдэглэл хийснийг хүчингүйд тооцсон нь сонгогчийн хүсэл зоригийг гуйвуулсан үйлдэл юм. Хэрэв санал хураалтад оролцоогүй буюу хоосон хуудсыг санал өгсөн гэж тооцохгүй байсан бол миний авсан 618 санал нь нийт хүчинтэй саналын олонх болох байсан. Өөрөөр хэлбэл, санал тоолох явцад гарсан дээрх зөрчлүүд нь миний хуулиар олгогдсон сонгогдох эрхийг бодитоор хязгаарлаж, үр дүнг зориудаар өөрчилсөн байна. 

Багийн иргэдийн Нийтийн Хурлаар олонхын санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг даргад нэр дэвшүүлнэ. Энэхүү хуулийн заалтыг зөрчин 2 дахь удаагаа хуралдаан зохион байгуулсан нь эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл юм. Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллагын шийдвэр нь бодит нөхцөл байдалд нийцсэн, үндэслэл бүхий байх ёстой гэж заасан. Иргэдийн хүсэл зоригийг гуйвуулсан, хууль бус хуралдаанаар гарсан тогтоол нь захиргааны акт болохын хувьд хүчингүй байх учиртай.

Иймд 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаар батлагдсан "Т.Жыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай" тогтоолыг хүчингүй болгож, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн анхны хуралдааны үр дүнг хүчин төгөлдөр гэж үзэж, олонхын санал авсан нэхэмжлэгч Х.Ж намайг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Т.Жыг нэхэмжлэгч Х.Жаас 49 хүний илүү санал авсан учраас Засаг даргаар нэр дэвшүүлж байгаа гэсэн тогтоол гаргасан. Гэтэл бодит санал өгсөн, хуралдаанд оролцогчдын тооноос саналын хуудасны тоо илүү гарч,  50- 60 хүний зөрүү гарч ирсэн. Энэ нь үзлэгийн явцад бодитоор нь тогтоогдсон юм. Энэ нь гарах шийдвэр дээр шууд нөлөө үзүүлэхээр тооны хувьд илүү байгаа учраас хуралдааны шийдвэр хууль бус, нэхэмжлэгчийн эрхийг нь зөрчсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх ёстой.

Одоогийн байдлаар бид нар Өзгерис гэдэг хүний нүүр царайг нь таньж мэдэж байгаа. Өзгерисээс гадна хуралдаанд хууль бусаар дахин дахин ороод санал өгөөд байгаа тус багийн иргэд байгаа гэж үзэж байна. Үүнийг санаатайгаар ажлын хэсэг зохион байгуулсан байгаа. Бусдад давуу байдал бий болгохын тулд буюу Т.Жыг Засаг дарга болгохын тулд нэг оролцсон хүнийг 2 дахь удаа бүртгэж, саналын эрхтэйгээр оролцуулсан. Энэ тогтоогдож байгаа хүний хувьд Өзгерисийг л таньж мэддэг, мөн өөрөө 2 удаа санал өгсөн гэдгийг хэлчихсэн  учраас шүүхэд хүсэлт гаргаад энэ нөхцөл байдлыг тогтоолгосон. Өөр тогтоогдох учиртай зөндөө хүмүүс байсан. Гэхдээ нүүр царайг нь танихгүй, мэдэхгүй болохоор камерын бичлэгээс анх орсон 1400 хүнийг дахин  дахин үзэж,  2 дахь удаагаа орсон эсэхийг хянах бас боломжгүй байна.

Дараагийн үндэслэлийн хувьд тус багт оршин суудаггүй олон хүмүүсийг оршин суугчаар  бүртгээд оруулж ирсэн асуудал бас тогтоогдсон. Жишээлбэл,  Айгерим гэдэг хүний хувьд Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаггүй мөртлөө 10 дугаар багийн оршин суугч мэтээр хуралдаанд оролцуулж саналын эрхийг нь олгосон. 1400 хүнийг бүгдийг тус багийн иргэд мөн эсэхийг шалгуулаагүй. Дотроос нь түүвэрлэж аваад судлахад өөр багийн иргэд гарч ирж байгаа. Энэ нь мөн саналын эрхийг нь зөрчиж байгаа үйлдэл юм.Мөн Монгол Улсын хилээр 02 дугаар сарын 07-ны өдөр гарч явсан хүнийг 02 дугаар  сарын 27-ны өдрийн хуралдаанд оролцсон мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж, саналын эрхтэй болгож байгаа. Өөрөөр хэлбэл,  багийн Засаг даргыг иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар  олонхын саналын дагуу сонгох ёстой,гэтэл гадаадад байгаа иргэнийг оролцсон мэтээр хууль бусаар хуурамчаар бичиг баримт бүрдүүлж Засаг дарга болчихсон байдаг.

Мөн санал хураалтын хуудас тоолох ажиллагаа дээр хоосон саналын хуудаснууд бас гарч ирж байсан. Энэ нь бас зохион байгуулалтын хууль бус ажиллагаа гэж үзэж байгаа.  Багийн Засаг даргаар нэр дэвшүүлж байгаа  шийдвэрийг хүчингүй болгох тухай шаардлага нь үндэслэлтэй байна. Нэгдүгээр шаардлагыг хүчингүй болгосноор дахин хуралдаан явагдах эсхүл дараагийн боломж бий болно. 

2 дахь шаардлагын хувьд Т.Жыг нэр дэвшүүлсэн шийдвэр нэгэнт хууль бус тул хамгийн олон хүний санал авч байгаа Х.Жын хувьд олонх гэдгээр Засаг даргад нэр дэвшүүлэх шийдвэр гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэдэг  шаардлага гаргаж байгаа. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

5. Хариуцагч Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны даргалагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: 

“Би 2022 онд Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдож 4 жил ажилласан. 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдсан. Би өмнөх хуралдааны даргын хувьд тухайн хуралдааныг нээж өгсөн. Дараа нь тус багийн Засаг даргад нэр дэвшигч нарын санал хураалт явагдсан. Санал хураалтыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас томилсон Алмасбек ахлагчтай ажлын хэсэг зохион байгуулсан. Би тухайн ажиллагаанд оролцоогүй. Орой тийш ажлын хэсгийн ахлагч Алмасбек утсаар дуудсан. Намайг очиход санал хураалт дууссан байсан. Ажлын хэсгийн ахлагч Алмасбек нь санал хураалтад оролцсон 3 нэр дэвшигчийн аль аль нь олонхын санал аваагүй, тийм учраас хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийн хооронд дахин санал хураалт явагдана, тухайн санал хураалтын товыг шинээр сонгогдсон хуралдааны дарга зохион байгуулна гэж танилцуулаад бэлэн болгосон тогтоолд гарын үсэг зуруулсан. Санал хураалт хэрхэн явагдсан, хэн хэдэн хүний санал авсан, санал хураалтын дүнг хэрхэн гаргасан талаар надад мэдэх зүйл байхгүй болно. Үүнийг санал хураалт зохион байгуулсан ажлын хэсэг тодорхой мэдэж байгаа” гэжээ.

6. Хариуцагч Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга Н.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: 

“Би Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын  даргыг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хийж байна. Манай багийн Засаг даргыг сонгох сонгууль  2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Өлгий сумын 5 дугаар сургуульд болсон. Тус сонгуулийг  Өлгий сумын Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг гарч зохион байгуулсан. Хурлын даргын хувьд би санал хураалтын ажиллагаанд хяналт тавьж ажилласан байгаа. Ажлын хэсгийн ахлагчаар Х.Нурболат байсан. Санал хураалтын ажиллагааг 17:00 цагт дуусаж, ажлын хэсгээс саналын хуудсыг тоолж, энэ ажиллагааг бүх хяналт тавигчид харж байсан. Ажлын хэсэг нь санал хураалтын дүнг танилцуулахад нэр дэвшигч Т.Ж нь нэр дэвшигч Х.Жаас 49 хүний саналыг илүү авсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайн өдөр Т.Жыг багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн 03 дугаар тогтоолыг гаргасан. Миний энэ тогтоол үнэн зөв гарсан, хүчин төгөлдөр эрхийн баримт бичиг тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

7. Гуравдагч этгээд Т.Ж шүүхэд гаргасан тайлбартаа:

“Т.Ж би Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас товлон зарласан багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдаанд 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр биечлэн оролцож, тус багийн Засаг даргад өөрийн нэрээ дэвшүүлэн, улмаар Т.Ж би 540 иргэний, нэхэмжлэгч Х.Ж 618 иргэний, Х.Ж 57 иргэний саналыг тус тус авсан.  Ингээд тус багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, багийн Засаг даргад нэр дэвшигч Т.Ж, Х.Ж нар аль аль нь тус багийн иргэдийн 50-иас дээш хувийн санал аваагүй гэсэн шийдвэр гарган,  2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагаа дахин явуулахаар шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийг тухайн үед Х.Ж зөвшөөрсөн юм. Ингээд 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа дахин явагдсан.  2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр явагдсан Өлгий сумын 10 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагаанд нэхэмжлэгч Х.Ж өөрийнхөө нэрийг дахин дэвшүүлэн оролцож, тэрээр өдрийн турш тус багийн иргэдийг зөөж, уг санал хураалтын ажиллагаанд идэвхтэй оролцсон юм. Хэрвээ Х.Ж нь 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр явагдсан багийн иргэдийн Нийтийн Хурал нь хууль бус гэж үзвэл өөрийн нэрийг саналын хуудсанд оруулахгүй байх буюу оролцохгүй байх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Уг санал хураалтаар Т.Ж би тус багт оршин суугаа иргэдийн олонхын санал буюу 754 иргэний, Х.Ж нь 705 иргэний санал авснаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас Т.Ж намайг Өлгий сумын 10 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг гаргасан юм.  Гэтэл өрсөлдөгч болох Х.Ж нь багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус багийн Засаг даргад Т.Ж би томилогдоогүй байна.  Нэхэмжлэгч Х.Жын нэхэмжлэлд дурдсан саналын тооны луйвар, саналын хуудасны бүртгэл, саналыг хүчингүй болгож хассан үйлдэл, ирцийн тоог зориудаар өсгөсөн гэх асуудлыг би мэдэхгүй байна. Тус багийн иргэдийн Нийтийн Хурал нь Өлгий сумын 10 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын үйл ажиллагааг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр явуулахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн явуулсан гэж үзэж байна. 

Иймд нэхэмжлэгч Х.Жын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тухайн хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал авсан хүнийг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол гарахыг иргэдийн Нийтийн  Хуралд үүрэг болгосон байгаа. Тэгэхээр 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр болсон хуралдаан дээр 3 нэр дэвшигч гурвуулаа сонгуульд оролцсон иргэдийн олонхын саналыг авч чадаагүй. Нэгэнт олонхын санал авч чадаагүй учраас нэхэмжлэгчийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн анхны хуралдааны үр дүнг хүчин төгөлдөр гэж үзэж, олонхын санал авсан нэхэмжлэгч  намайг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой. 

Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж,  хурлыг 02 дугаар сарын 27-ны өдөр буюу баасан гарагт явуулахаар шийдвэрлэсэн байгаа. Нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч тухайн үедээ ямар нэгэн маргаан гараагүй. Санал хураалтын үр дүнгээр Т.Ж нь 754 , Х.Ж нь 705 хүний  санал авснаар тухайн хуралдаанд оролцогчдын олонхын санал авсан Т.Жыг Өлгий сумын 10 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоол гаргасан. Т.Ж 49  хүний саналаар илүү  буюу олонхын санал авсан байгаа. Уг тогтоолыг хууль зөрчсөн  гэж үзэх боломжгүй. Одоо Т.Ж нь Өлгий сумын 10 дугаар багийн Засаг даргаар ажиллаж явж байгаа. 

Х.Жын нэхэмжлэлд дурдсан саналын тооны луйвар, саналын хуудасны бүртгэл, саналыг хүчингүй болох хассан үйлдэл, эцсийн тоог зориудаар өсгөсөн  гэдэг асуудлыг захиргааны хэргийн шүүх тогтоох боломжгүй. Ийм асуудал байж магадгүй, үгүйсгэхгүй, энэ нь төрийн эрхийг хууль бусаар авах гэх эрүүгийн гэмт хэргийн шинжтэй асуудал юм. 02 дугаар сарын 27-ны өдөр сонгууль явуулсан хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгаж, прокурор хяналт тавьж, уг асуудлаар  шүүхийн шийдвэр гарах ёстой. Шүүхийн шийдвэр гарч, улмаар хуулийн хүчин төгөлдөр болсноор  тухайн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн асуудлыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Жын “Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын  2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 03 дугаар “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны  үр дүнг хүчин төгөлдөр гэж үзэж, олонхын санал авсан Х.Жыг  багийн Засаг даргад нэр  дэвшүүлэх тогтоол гаргахыг  даалгах” шаардлагатай нэхэмжлэлийн зарим хэсэг  нь үндэслэлтэй байна. 

2.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна”, 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: 32.8.3.Хурлын хуралдааны даргыг сонгох; 32.8.4.баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус  заасны дагуу 2026 оны 02 дугаар  сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан  Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн  иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад 3 хүн, Засаг даргад  Х.Ж, Т.Ж, Х.Ж нар тус тус нэр дэвшсэн. 

Уг хуралдааныг багийн иргэдийн Нийтийн Хурлын  хуралдааны дарга  Б.Д нээж удирдсан, Хурлын хуралдааны дарга болон Засаг даргыг сонгох  санал хураалтыг нууцаар явуулахаар  хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар шийдвэрлэсэн,  Өлгий сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар  багуудын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх  зорилгоор  байгуулсан ажлын хэсэг санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулсан, багийн иргэдээс тухайн ажлын хэсэг Хурлын хуралдааны дарга болон Засаг даргыг сонгох санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулах талаар маргаагүй буюу зөвшөөрсөн.

Ажлын хэсгээс Хурлын хуралдааны даргад нэр дэвшсэн 3 хүнээс Н.Б хамгийн олон санал авсан, харин багийн Засаг даргад нэр дэвшсэн Х.Ж 618, Т.Ж 540, Х.Ж 57 хүний санал авсан, хүчингүй саналын хуудас 26 гэсэн дүн гаргаснаар иргэдийн Нийтийн Хурлаас хуралдааны даргаар Н.Быг сонгосон 01 дугаартай, багийн Засаг даргад нэр дэвшигчдийн  хэн аль  нь хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал аваагүй тул хамгийн олон санал авсан Х.Ж, Т.Ж нарын дунд дахин санал хураалтыг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр явуулахаар   02 дугаартай тогтоол тус тус  гаргасан.  

Уг 01 дүгээр тогтоолд   багийн иргэдийн Нийтийн Хурлын  өмнөх хуралдааны дарга Б.Д, 02 дугаар тогтоолд шинээр хуралдааны даргаар сонгогдсон Н.Б   гарын үсэг зурж баталгаажуулсан   болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 21,152-156,164-167, 2 дах хавтаст хэргийн 13 дах тал/ тус тус тогтоогдож байна.

3.Нэхэмжлэгч Х.Ж  “2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны үр дүнгээр олонхын санал авсан Х.Жыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн санал хураалтын дүн болон санал тоолох явцад дараах ноцтой зөрчлүүд илэрсэн. Үүнд:  Санал тоолох явцад 2 ширхэг огт тэмдэглэгээгүй “хоосон” саналын хуудас гарч ирсэн нь сонгуулийн санал хураалтын нууцлал болон нэг иргэн-нэг санал гэх зарчмыг алдагдуулсан. Эдгээр хоосон хуудсыг санал өгсөн хүний тоонд оруулж тооцсон нь нийт санал өгсөн иргэдийн ирцийг хиймлээр өсгөх, улмаар нэр дэвшигчийн авсан саналын хувийг бууруулах зорилготой байсан гэж үзэж байна. Миний төлөө өгсөн 1 саналын хуудсыг зориудаар хүчингүй болгож тоолон, саналын дүнгээс хассан. Мөн нэг саналын хуудаст миний нэрийн урд болон хойно тэмдэглэл хийснийг хүчингүйд тооцсон нь сонгогчийн хүсэл зоригийг гуйвуулсан үйлдэл юм. Хэрэв санал хураалтад оролцоогүй буюу хоосон хуудсыг санал өгсөн гэж тооцохгүй байсан бол миний авсан 618 санал нь нийт хүчинтэй саналын олонх болох байсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар олонхын санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуулийн заалтыг зөрчин 2 дахь удаагаа хуралдаан зохион байгуулсан нь эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл юм”  гэж  тодорхойлон маргасан. 

4.Шүүхээс 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны багийн Засаг даргад нэр дэвшигчдийн санал хураалттай холбоотойгоор саналын хуудаст үзлэг хийхэд, нийт 1241 саналын хуудас гарсан бөгөөд үүнээс нэхэмжлэгч Х.Жад  618, гуравдагч этгээд Т.Жад 540, нэр дэвшигч Х.Жт  57 хүн санал өгсөн  болох нь /2 дах хавтаст хэргийн  35-38 дах тал/ тус тус тогтоогдсон.

Уг  нэхэмжлэгч Х.Жад санал өгсөн  618 болон  гуравдагч этгээд Т.Жад санал өгсөн 540 саналын хуудасны дотор  нэр дэвшигчийн нэрийн өмнөх 1 гэсэн тоог дугуйлахаас  өөр  тэмдэглэгээ хийсэн боловч хэнд санал өгсөн нь тодорхой саналын хуудаснуудыг  ажлын хэсгээс хүчинтэйд тооцсоныг шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн болно.

Харин ажлын хэсгээс хүчингүй саналын хуудас гэж тооцсон 26 саналын хуудасны 1 саналын хуудас нь  Х.Жын нэрийн өмнөх 1 гэсэн тоог дугуйлж,  нэрийн хойно өөр тэмдэглэгээ хийсэн  болох нь   шүүхийн үзлэгээр тогтоогдсон ба   уг саналын хуудсаар нэхэмжлэгч Х.Жад санал өгсөн нь тодорхой байгаа, мөн дээрх байдлаар хэнд санал өгсөн нь тодорхой саналын хуудаснуудыг хүчинтэйд тооцсон байх тул уг саналын хуудсыг  хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч Х.Жад санал өгсөн гэж тооцохоор  байна.

Дээрх үйл баримтуудаар Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад оролцсон 1241  хүнээс нэхэмжлэгч  Х.Жын авсан санал 619,   гуравдагч этгээд Т.Жын авсан санал  540,  Х.Жийн авсан санал 57, хүчингүй саналын хуудас 25  болох нь тогтоогдож байна гэж  үзлээ.

5.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно”, 32 дугаар зүйлийн 32.5-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна: 32.5.2.асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 56 дугаар зүйлийн 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна: 56.5.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана; 56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх; 56.5.3.хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус заасан. 

Хуулийн  зохицуулалтаас үзэхэд,  “Хуралд оролцсон иргэд” гэдгийг тухайн Хурлын хуралдаанд биечлэн ирж, санал хураалтад оролцож, санал өгсөн  иргэдийг ойлгох бөгөөд  уг хуралдаанд оролцсон иргэдийн олонхын буюу  50-аас дээш хувийн санал авсан нөхцөлд Засаг даргад нэр дэвшүүлэхээр хуульчилсан байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Х.Жын авсан 619  санал нь 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн  хуралдаанд оролцсон 1241 хүний олонхын саналд  хүрэхгүй буюу   “Хуралд оролцсон иргэдийн олонхын санал авсан байх” хуульд заасан шаардлагыг хангахгүй  байх тул нэхэмжлэгчийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны үр дүнгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах  үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргад нэр дэвшүүлэх дахин санал хураалтыг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр явуулах тухай  02 дугаартай тогтоол  нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т  “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж  заасантай нийцсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

6.Нэхэмжлэгчээс “Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын  2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 03 дугаар “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох“ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хоёр дахь хуралдаанд 1475 иргэн санал өгсөн гэх албан ёсны тоо баримт нь бодит байдалд нийцэхгүй, сонгуулийн ирцийг хуурамчаар бүрдүүлсэн. Энэхүү үйл явдлыг нотлох камерын бичлэгүүд хуралд оролцсон иргэдийн тоог эргэлзээгүйгээр батлах болно. Эрх бүхий бус этгээдүүд  санал хураалтад оролцсон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчиж байна. Сонгуулийн үйл явц хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй” гэж тайлбарлан маргасан.

7. Өлгий сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/63 дугаар  захирамжаар 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх  зорилгоор  байгуулсан ажлын хэсгээс  Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны багийн Засаг даргад нэр дэвшүүлэх  дахин санал хураалтад 1475 хүн оролцсоноос нэхэмжлэгч Х.Ж 705,  гуравдагч этгээд Т.Ж 754  хүний санал  авсан,  хүчингүй саналын хуудас 16 гэсэн дүн гаргаснаар Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Т.Жыг хуралдаанд оролцсон  иргэдийн олонхын санал авсан гэсэн үндэслэлээр багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 22,157-160,161-163 дах тал/ тус тус тогтоогдож байна.

8. Шүүхээс 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн  багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалттай холбоотойгоор саналын хуудаст үзлэг хийхэд, 1 дүгээр хайрцгаас гарсан Х.Жад санал өгсөн  саналын хуудсыг хийсэн  дугтуйгаас  408, 2 дугаар хайрцгаас гарсан Х.Жад санал өгсөн  саналын хуудсыг хийсэн  дугтуйгаас 298, 1 дүгээр хайрцгаас гарсан Т.Жад санал өгсөн  саналын хуудсыг хийсэн  дугтуйгаас  448, 2 дугаар хайрцгаас гарсан Т.Жад санал өгсөн  саналын хуудсыг хийсэн  дугтуйгаас 305 саналын хуудас , 1,2 дугаар хайрцгаас гарсан хүчингүй саналын хуудсыг хийсэн  дугтуйгаас 16 саналын хуудас , нийт 1475 саналын хуудас гарсан бөгөөд үүнээс нэхэмжлэгч Х.Жад  санал өгсөн саналын хуудас 706, гуравдагч этгээд Т.Жад санал өгсөн саналын хуудас 753,  хүчингүй саналын хуудас  16  болох нь тус тус тогтоогдсон. 

Түүнчлэн нэхэмжлэгч талаас тухайн өдрийн санал хураалтад оролцсон нийт иргэдийн тоо 1475 биш гэж маргасантай холбоотойгоор шүүхээс Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд явагдсан 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны санал хураалтын үйл ажиллагааны дүрс бичлэгт үзлэг хийхэд, санал хураалтын үйл ажиллагаа явагдсан 09:00 цагаас 17:00 цаг хүртэлх хугацаанд   1407 хүн санал хураалтад оролцож, саналын хайрцагт саналын хуудас хийсэн буюу санал өгсөн, үүний дотор иргэн Е.Өзгерис 2 удаа санал өгсөн  нь /2 дах хавтаст хэргийн 39-46 дах тал/ тогтоогдсон  тул бодит байдалд 1406 хүн санал өгсөн  байна гэж үзлээ.

2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн санал  хураалтын үйл ажиллагааны дүрс бичлэгийн хувьд  шүүгчийн 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 200 дугаар захирамжаар “Өлгий сумын 10 дугаар  багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 11,27-ны өдрийн хуралдааны үйл явцыг бичсэн тус  хуралдаанууд явагдсан Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд байршилтай бүх камерын бичлэг бүхий нотлох баримтыг хамгаалах хүсэлт”-ийг хангасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлснээр үзлэг хийсэн, уг дүрс бичлэг  нь 09:00-17:00 цаг хүртэлх хугацаанд тасалдаагүй байх ба шүүхээс хийсэн тухайн үзлэгийн ажиллагаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээд оролцож, үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зурсан, мөн дүрс бичлэгийн эхэлсэн, дууссан хугацаа,үйл явцын талаар  буюу үнэн зөв байдлын  маргаагүй болно.

9. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.2."иргэний улсын бүртгэл" гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Иргэний улсын бүртгэл дараах төрөлтэй байна: 6.1.12.оршин суугаа газрын хаягийн” гэж,

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:4.1.4."иргэний улсын бүртгэлийн лавлагаа" гэж иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн гаргасан бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг нотолсон баримт бичгийг”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ”, 18.2-т “Иргэний 180 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа газрын хаяг нь энэ хуулийн 19.1-д заасны дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна” гэж тус тус заасан. 

10.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйл болон дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны Засаг даргад нэр дэвшүүлэх  санал хураалтад  оролцоогүй  Х.Х, П.А, П.А, С.А, И.,Х.Б, Х.Т, Ж.А, Е.А нарыг санал хураалтад оролцсоноор бүртгэсэн гэх нэхэмжлэгчийн маргааныг шалгаж үзэхэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

10.1. Тухайн  2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалтад Х.Х, П.А, П., С.А, И.М Х.Б, Е.А, Х.Т нарын нэр санал хураалтад  оролцож, санал өгснөөр бүртгэгдсэн болох нь,

 10.2. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 10/611 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар Х Х.Х, П.А, П., С.А, И.М Х.Б, Е.А, Х.Т нар  нь Өлгий сумын 10 дугаар багийн оршин суугч,  П.Айгерим нь Өлгий сумын 6  дугаар багийн оршин суугч болох нь,

10.3. Хил хамгаалах ерөнхий газрын 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 02-07а/1931 дугаартай албан бичгээр Х.Х нь Монгол Улсын хилээр 2025 оны  04 дүгээр  сарын 05-ны өдөр, Х.Т нь 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, П.А нь 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, П.А нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарсан ба буцаж орж ирээгүй, И.М нь 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гарсан ба 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр буцаж орж ирсэн нь /1 дэх хавтаст хэргийн 171-237,2 дах хавтаст хэргийн 21-22,28-30,48-49 дэх тал/ тус тус тогтоогдсон.

Иймээс Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалтад санал хураалтад  оролцож, санал өгснөөр бүртгэгдсэн Х Х.Х, П.А, П., С.А, И.М Х.Б, Е.А, Х.Т нар нь тухайн  өдөр  Монгол Улсад байгаагүй, мөн П.Ар нь 10 дугаар  багийн иргэн   биш болох  хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж  дүгнэсэн  болно. 

11.Эдгээр нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд, Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны Засаг даргад нэр дэвшүүлэх  санал хураалтад  1406 хүн оролцож санал өгсөн байхад ажлын хэсгээс 1475 хүн оролцсоноор тооцож, 1475 саналын хуудаснаас санал хураалтын дүнг  гаргасан нь  санал хураалтын үр дүнд ноцтой нөлөөлөхөөр байна.

 Өөрөөр хэлбэл, ажлын хэсгээс санал хураалтад  1475 хүн оролцсоноос нэхэмжлэгч Х.Ж 705,  гуравдагч этгээд Т.Ж 754 хүний санал авсан буюу 2 нэр дэвшигчийн  саналын зөрүү 49 гэж  санал хураалтын дүнг гаргасан, гэтэл  2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр  бодит байдалд санал өгсөн хүний  тооноос саналын хуудасны тоо нь  69-ээр илүү  байгаа, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалтад санал хураалтад  оролцож, санал өгснөөр бүртгэгдсэн 5 иргэн  тухайн өдөр Монгол улсад байгаагүй, уг 5 иргэний  1  нь тус 10 дугаар багийн оршин суугч биш , мөн 1 иргэн  2 удаа санал өгсөн  зэрэг зөрчил нь санал хураалтын дүнд ноцтой нөлөөлөхөөр буюу  нэр дэвшигчдийн  авсан саналын дүнд, улмаар олонхын санал авсан гэж тооцох нөхцөл байдалд нөлөөлөхөөр байна гэж дүгнэлээ.

 Иймд уг санал хураалтын дүнг үндэслэн гуравдагч этгээд Т.Жыг хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал авсан гэж үзэж багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар  тогтоолыг  үндэслэл бүхий, бодит байдалд нийцсэн гэж үзэх, мөн Т.Жыг хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал авсан гэж үзэх үндэслэлгүй тул уг тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй, энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.1-д заасан “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх”  төрийн үйл ажиллагааны үндсэн  зарчим, мөн ардчилсан сонгуулийн тогтолцооны хамгийн суурь зарчим болох “1 хүн - 1 санал" буюу сонгуулийн тэгш эрхийн зарчим   болон 32 дугаар зүйлийн 32.3,32.4, 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.5.3-т заасантай  тус тус нийцнэ  гэж үзлээ. 

12. Иймд  дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Х.Жын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн  хуралдааны 03 дугаар “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны  үр дүнг хүчин төгөлдөр гэж үзэж, олонхын санал авсан Х.Жыг  багийн Засаг даргад нэр  дэвшүүлэх тогтоол гаргахыг  даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.1,32 дугаар зүйлийн  32.2, 32.3,32.4, 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.5.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Жын  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өлгий сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 03 дугаар “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны  үр дүнг хүчин төгөлдөр гэж үзэж, олонхын санал авсан Х.Жыг  багийн Засаг даргад нэр  дэвшүүлэх тогтоол гаргахыг  даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              С.ЕРКЕШ