Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 319/ШШ2025/00865

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, *******-28, ******* цогцолборт байрлах, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* овогт *******ын д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хэрэглээний төлбөр 149,616.92 төгрөг, гар утасны төлбөр 549,083.28 төгрөг, хүү 39,933.33 төгрөг, нийт 735,633.54 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43627329 тоот "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж тээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" байгуулан дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “ZTE Blade A73” 5G, Grey утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ"-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 146,616.92 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 549,083.28 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 39,933.33 төгрөг нийт 735,633.54 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Ц. нь “******* *******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 735,633.54 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Ц.д холбогдуулан “Хэрэглээний төлбөр 149,616.92 төгрөг, гар утасны төлбөр 549,083.28 төгрөг, торгууль 39,933.33 төгрөг, нийт 735,633.54 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох хэрэглээний төлбөр 149,616.92 төгрөг, гар утасны төлбөр 549,083.28 төгрөг, хүү 39,933.33 төгрөг, нийт 735,633.54 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,205 төгрөгийн тал нь болох 11,102.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.гээс 11,102.5  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

7. Хариуцагч Ц. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн “Хэрэглээний төлбөр 149,616.92 төгрөг, гар утасны төлбөр 549,083.28 төгрөг, хүү 39,933.33 төгрөг, нийт 735,633.54 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц. хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,205 төгрөгийн тал нь болох 11,102.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.гээс 11,102.5  төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д  олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                         Ө.БАХЫТБЕК