| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/06058/И |
| Дугаар | 191/ШШ2025/03982 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/03982
2025 05 07 191/ШШ2025/03982
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, шүүгч О.Цэнд-Аюуш, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод байрлах, дугаар регистртэй Д овогт Дын Тын нэхэмжлэлтэй
Хариуцагч: төвд байрлах, дугаар регистртэй, “Э” ХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Д.О,
Иргэдийн төлөөлөгч Н.А
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч “Э” ХК-д холбогдуулан Д.Тын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өглөөний 05 цаг 20 минутад гэдэг өөрийнхөө албан ёсны цахим хуудсаар “Залруулга” нэртэй зурган мэдээ оруулсан болно. Уг зурган мэдээний 1 дэх догол мөрт “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Д.Т Өдрийн сонин 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дугаарт “Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байхад “Э” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч 1.2 тэрбумын цалин, урамшуулал авч байна” гэх агуулга бүхий мэдээлэл нийтлүүлжээ” гэж, мөн мэдээний хамгийн сүүлийн 2 догол мөрт “Гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг дээрх журмын хүрээнд тооцохдоо ТУЗ-ийн хараат бус гишүүн Д.Тын мэдээлэлд дурдсан 1.2 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгосон гэх мэдээлэл нь бодит үнэнд нийцэхгүй, олон нийтэд сөрөг буруу ойлголт төрүүлэхүйц хэт өндөр дүнтэй байгааг залруулж байна” гэж, мөн “Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь компанийн нэр хүндэд халдсан бодит мэдээллээс хэт зөрүүтэй мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээсэнд харамсаж байна” гэж тус тус мэдээлсэн байна. Энэ нь дараах хууль зүйн үндэслэлээр миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж байна. Үүнд: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан. “Э” ХК ийн дээр дурдсан мэдээний хар өнгөөр тодруулсан хэсэг нь миний иргэний нэр төр, мөн ажил хэргийн нэр хүндийг гутааж байна. Өөрөөр хэлбэл миний бие ЭТТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний хувьд өөрт олгогдсон, хуралд хэлэлцүүлсэн, иргэдэд нээлттэй мэдээллийн хүрээнд тус хуралдаан дээр ашиглагдсан мэдээллийг үндэслэж иргэдэд хараат бус гишүүний хувьд мэдээлэл өгсөн. Уг мэдээллийг “хэт зөрүүтэй”, “бодит үнэнд нийцэхгүй”, “хэт өндөр дүнтэй”, “олон нийтэд сөрөг буруу ойлголт төрүүлэхүйц” хэмээн залруулсан нь намайг хараат бус гишүүний хувьд худал мэдээлэл тараасан, ажлаа хийж мэддэггүй, бусдыг төөрөгдүүлсэн мэтээр харуулж залруулга хийсэн. Энэ нь би тус компанийн хараат бус гишүүний хувьд олон нийтийн өмнөх ажил хэргийн нэр хүндийг маань унагааж, гутааж байна. Зөвхөн ЭТТ дэх ажил хэргийн нэр хүндээс гадна, иргэн хүний хувьд миний бие олон төсөл, компанид зөвлөхөөр ажиллаж байсан, мөн ажиллах болно. Ингэхдээ, ЭТТ нь намайг ажиллаж буй компанийнхаа эсрэг ажилладаг, худал мэдээлэл тараадаг, ажлаа хийж мэддэггүй мэтээр олон нийтэд гутаан тараасан учир цаашид миний иргэний нэр төр, алдар хүндэд мөн халдаж байна. Иймд хариуцагч ЭТТ-г миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагч “Э” ХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
ТУЗ-ийн хараат бус гишүүн Д.Т нь “Өдрийн сонин”-ийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний Лхагва гарагийн дугаарт “Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байхад “Э” ХК-ийн БЭТ 1.2 тэрбумын цалин, урамшуулал авч байна” гэх гарчигтай ярилцлага нийтлүүлсэн байдаг. Уг нийтлэлд бодит үнэнд нийцээгүй, зөрүүтэй мэдээлэл байсан. Энэ нь олон нийтийг төөрөгдүүлэх, буруу ойлголт үүсгэж болзошгүй байсан тул Компанийн зүгээс тухайн өдөр нь залруулга хийж, өөрийн пэйж хуудасТаа байршуулсныг гутаасан мэдээ гаргасан гэж үзэхгүй байна. Энэхүү залруулгад нэхэмжлэлд дурдсанчлан “компанийнхаа эсрэг ажилласан”, “Худал мэдээлэл тараасан”, “ажлаа хийж мэддэггүй” гэх зэргээр хэн нэгний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл агуулаагүй болно. 2024.08.01-ний өдөр “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн болох Д.Т өдрийн сонинд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч 1.2 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал авч байна, энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байна гэдэг ийм агуулгатайгаар ярилцлага өгсөн байдаг. Улмаар энэ нийтлэл, ярилцлагатай холбоотой мөн өдөр “Э” ХК нь өөрийн албан ёсны цахим хуудастаа залруулга гаргаж, компанийнхаа веб сайт дээр байршуулсан. Энэ гаргасан залруулга маань 1.2 тэрбум төгрөг олгосон гэх мэдээллийнхээ үнэн зөвийг батлаагүй, бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байж ийм мэдээлэл өгч, ярилцлага өгсөн нь буруу ойлголт төрүүлэхүйц зүйл байна гэдэг байдлаар бол залруулга хийсэн. Тухайн асуудал бол “Э” ХК нь Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэрийн асуудал юм. “Э” ХК-ийн зүгээс хийсэн залруулга нь Д.Тын нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бол ажлаасаа халагдсаны дараа эргэж ирж их хэмжээний урамшуулал авсан гэх зүйл дурдагдаж байна. Бүрэн эрхт төлөөлөгч бол ажилд томилогдсон, ажлаас халагдсан, ажлаас гарсан ийм хүн биш. Харин Засгийн газрын тогтоолоор Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдож ирээд томилогдсон хугацаа дууссан ийм эрх бүхий албан тушаалтан. Хавтаст хэрэгт авагдсан 2023.08.08-ны өдрийн баримтаас харах юм бол Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж, “Э” ХК-ийг онцгой ашигтай ажиллуулсан учраас шагнаж урамшуулах нь зүйтэй ба энэ асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан учраас энэ урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэсэн. Түүнээс биш Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч өөрөө эргэж ирж урамшуулал авах хүсэлт гаргасан ийм үйл явдал бол байхгүй. Компанийн тухай хуульд зааснаар төлөөлөн удирдах зөвлөл бол манай компанийн эрх барих дээд байгууллага. Д.Тын хувьд тэр эрх барих дээд байгууллагын гишүүн байсан. Бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд бол компанийг удирдаж байх 18 сарын хугацаанд манай компани өнгөрсөн арван жилийн хугацаанд байсан үзүүлэлтүүдээ биелүүлээд ч хүрэхээргүй их өндөр амжилттай ажилласан. Тодруулбал, онцгой дэглэмийн хугацаанд “Э” ХК нь 66.1 тэрбум ам.долларын үнэлгээтэй 59.2 сая тонн нүүрс борлуулж, Монголбанканд 3.5 тэрбум ам.доллар төвлөрүүлж, улсын төсөвт 5 их наяд төгрөгт нөлөөлж, 7.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 1.2 их наяд төгрөгийн өмнө нь үүссэн байсан хуримтлагдсан өр төлбөрийг бууруулсан амжилттай ажилласан. Нэхэмжлэгчийн хувьд бол иргэдийг мэдэх эрхээр хангаж, хараат бус гишүүнийхээ үүргийг биелүүлсэн гэх зүйлийг хэлдэг. Гэхдээ үүнээс гадна дээр дурдсан компанийн ашигтай сайн ажилласан гэх мэт талыг мөн мэдэгдэж болох байтал заавал хүмүүсийн эмзэглэж болох бухимдаж болох тийм асуудлыг хөндсөн байдаг. Мөн нэхэмжлэгчийн хувьд бол ийм ярилцлага өгөх болсон эх үүсвэрээ ч нотолж чадаагүй. Хэрэв компанийн ашигтай, амжилттай ажилласан талаар ярилцлага өгч, нийтэд мэдэгдсэн бол бид харин ч гишүүндээ талархаж, өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрэхгүй байх байсан.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ:
Нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэв.
4.Нэхэмжлэгчээс Залруулга, Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс Хүний эрх хамгаалагчийн хорооны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өдрийн сонин, “ЭМ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай “Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам” батлах тухай тогтоол,
хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хариу тайлбар, Залруулга, “Э” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай “Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг түр томилох тухай”, “Э” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай “Э” ХК-ийн гүйцэтгэх удирдлагын цалин хөлсийг тогтоох тухай” тогтоол, “Э” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дугаартай “Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид урамшуулал олгох тухай” тогтоол, “Э” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай “Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн үйл ажиллагааг дүгнэж урамшуулал олгох тухай” тогтоол, “Э” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай “Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн онцгой дэглэмийн хугацааны үр дүн, 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааг дүгнэж, урамшуулал олгох тухай” тогтоол, “Э” хувьцаат компанийн дүрэм,
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр “Э” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай “Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн онцгой дэглэмийн хугацааны үр дүн, 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааг дүгнэж, урамшуулал олгох тухай” тогтоол, “Э” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай тэмдэглэл, “Э” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7 дугаартай тэмдэглэл, “Э” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дугаартай “Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид урамшуулал олгох тухай” тогтоол, “Э” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай “Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн үйл ажиллагааг дүгнэж, урамшуулал олгох тухай” тогтоол, “Э” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай “Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам батлах тухай” тогтоол зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч “Э” ХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3.Хариуцагч нь нийтлэл бодит үнэнд нийцээгүй, зөрүүтэй мэдээлэл байсан. Энэ нь олон нийтийг төөрөгдүүлэх, буруу ойлголт үүсгэж болзошгүй байсан тул компанийн зүгээс тухайн өдөр нь залруулга хийж, өөрийн пэйж хуудастаа байршуулсныг гутаасан мэдээ гараасан гэж үзэхгүй, залруулгад нэхэмжлэлд дурдсанчлан “компанийнхаа эсрэг ажилласан”, ‘Худал мэдээлэл тараасан”, “ажлаа хийж мэддэггүй” гэх зэргээр хэн нэгний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл агуулаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Нэхэмжлэгч Д.Т нь “Өдрийн сонин” сонины 2024 оны дугаарт ярилцлага өгсөн байх ба, уг ярилцлага нь “Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байхад “Э” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч 1.2 тэрбумын цалин, урамшуулал авч байна” гэсэн гарчигтайгаар нийтлэгджээ.
Хариуцагч нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өглөөний 05 цаг 20 минутад гэдэг өөрийн байгууллагын албан ёсны цахим хуудсаар нэхэмжлэгч Д.Тын Өдрийн сонинд өгсөн дээрх ярилцлагын дараа “Залруулга” нэртэй зурган мэдээ оруулсан байна.
Уг Залруулгад “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Д.Т Өдрийн сонин 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дугаарт “Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байхад “Э” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч 1.2 тэрбумын цалин, урамшуулал авч байна” гэх агуулга бүхий мэдээлэл нийтлүүлжээ” гэж,
...“Гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг дээрх журмын хүрээнд тооцохдоо ТУЗ-ийн хараат бус гишүүн Д.Тын мэдээлэлд дурдсан 1.2 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгосон гэх мэдээлэл нь бодит үнэнд нийцэхгүй, олон нийтэд сөрөг буруу ойлголт төрүүлэхүйц хэт өндөр дүнтэй байгааг залруулж байна...” гэж,
“...Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь компанийн нэр хүндэд халдсан бодит мэдээллээс хэт зөрүүтэй мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээсэнд харамсаж байна...” гэж тус тус бичигдсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, “Залруулга”, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтад зохицуулсан “Гутаасан мэдээ” гэдэгт бодит байдалд нийцээгүй, иргэн, хуулийн этгээдийг хууль буюу ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, иргэн, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг нь доройтуулсан байхыг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, уг мэдээнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхээр байх ба, түүний тараасан гутаасан мэдээний улмаас нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлж, үнэлэмж нь буурсан тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар шаардах эрхтэй байна.
Харин хариуцагчийн нийтэлсэн “Залруулга”-д нэхэмжлэгч Д.Тын тайлбарласнаар “...хараат бус гишүүний хувьд худал мэдээлэл тараасан, ажлаа хийж мэддэггүй, бусдыг төөрөгдүүлсэн мэтээр харуулсан, ...хараат бус гишүүний хувьд олон нийтийн өмнөх ажил хэргийн нэр хүндийг унагааж, гутаасан, ...намайг ажиллаж буй компанийнхаа эсрэг ажилладаг, худал мэдээлэл тараадаг, ажлаа хийж мэддэггүй мэтээр олон нийтэд гутаан тараасан...” гэх үйл баримт дурдагдаагүй ба, энэ нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т тодорхойлсон “гутаасан мэдээ”-ний шинжид нийцээгүй, уг залруулгын улмаас нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлж, үнэлэмж нь доройтсон гэх байдал баримтаар тогтоогдсонгүй.
5.Тодруулбал, Д.Тын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд зааж буй “Залруулга” гэх нэртэй мэдээгээр иргэн Д.Тын нэр төрийг гутаасан гэж үзэхгүй, уг залруулга нь гутаасан мэдээний шинжид нийцэхгүй байх ба, иргэдийн төлөөлөгч Н.Алтанчимэгийн гаргасан “...нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй...” байна гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд нэхэмжлэгч Д.Тын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлийн тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг баримтлан хариуцагч “Э” ХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоолгож, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Тын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД О.ЦЭНД-АЮУШ
Т.ЭНХТУЯА