Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 327

 

 

 

 

 

                                                 

 

 

 

 

                   

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С овогт С.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810008360379 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, спортын сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн С овогт С Х.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Х нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 19 дүгээр гудамж 8 тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч Б.Иын нүүр, хүзүүг маажин, жаазны хүрээгээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг:

 

Шүүгдэгч С.Х: “...Би өөрөө гэртээ наамал хийж, эгч нартаа өгч заруулаад сард 300.000-400.000 төгрөгний орлого олдог. Энэ орлого тогтмол биш. Хийсэн хэргээ буруу гэж бодож, дүгнэлт хийж байгаа. Хохирогчтой эвлэрсэн, бие нь зүгээр болсон. Одоо хамт амьдарч байгаа. Иймд надад оногдуулах торгуулийн ялыг 5-6 сарын хугацаанд төлөхөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Х надад уурлаад “чи миний ээж, аавыг доромжиллоо” гээд миний баруун шанаа хэсэгт гараараа цохиод, намайг орноос унагаагаад толгой дээр хөлөөрөө 2-3 удаа дэвссэн. Тэгтэл Б.Дөлгөөнтамир ах түүнийг салгасан чинь хананд өлгөсөн байсан цаг, жааз зэргийг авч над руу авч шидсэн. Тэр ханын цаг нь миний баруун чамархай хэсэгт оносон. Тэгээд над руу хүрч ирээд хумсаараа миний нүүр, хүзүү хэсгийг самардаад намайг ална гээд гал тогооноос заазуур авч гартаа бариад “муу ч гэсэн чамтайгаа шүү” гээд дайраад байсан. Гэхдээ заазуураар намайг цохиогүй. Б.Дөлгөөнтамир ах С.Хаас заазуур булааж авах гээд хоёр гарынх нь шуунаас барьчихаад булаацалдаж ноцолдож байгаад давхаралдаад унасан. Тэгэхээр нь би дүү Б.Идэрхүү рүү яриад “цагдаа дуудаарай, С.Х миний нүүрийг маажчихлаа” гэж хэлсэн. ...Миний дух, баруун хөмсөг, баруун хацар, шанаа, хамрын нуруу, эрүү, уруул, зүүн завьж, хүзүүнд зулгаралт гэмтлүүдийг С.Х хумсаараа маажиж учруулсан. Харин зүүн чамархайн хуйханд няцрал гэмтлийг С.Х над руу хананы цаг шидэн онож учруулсан...” /хх-ийн 17-19/ гэсэн,

 

Гэрч Б.Дөлгөөнтамир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр хоёр хэрэлдээд эхэлсэн. Тэгэхээр нь би гайхаад хараад байж байтал эхнэр С.Х нь Б.Иыг орноос түлхэж унагаагаад дээрээс нь дэвсэхээр нь би С.Хыг салгаад Б.Иыг босготол С.Х орон дээр гараад ханандаа өлгөсөн цаг, жаазтай зурагнуудаа Б.И руу шидээд цаг билүү жаазаар Б.Иын толгойд оносон. Тэгэхээр нь би Б.Иын урд очоод зогстол хананд үлдсэн бусад зүйлсээ аваад газарт шидээд Б.Иыг “чамайг бол барчихна шүү” гээд байсан...”/хх-ийн 27-29/ гэсэн,

 

Шүүгдэгч С.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...би Б.Иыг орон дээрээс түлхэж унагаагаад хөлөөрөө жийгээд нүүрийг нь нэг гараараа маажсан. Тэгээд Б.И бостол Б.Дөлгөөнтамир ах бид хоёрын дундуур ороод салгасан чинь манай хүүхэд сэрээд уйлахаар нь би хүүхэд рүүгээ буйдан дээгүүр гүйтэл ханын цаг ойччихсон юм. Тэгтэл Б.И намайг “гэрийн хамаг юм эвдлээ” гэхээр нь би гэрийн чинь юм хүүхдээс чинь илүү байна уу гээд хананд байсан жаазыг аваад Б.И руу шидэхэд хананд ойсон хүрээ нь Б.Иын толгойг оносон юм шиг байсан. Тэгээд би Б.И дээр очоод цохих гэсэн боловч Б.Дөлгөөнтамир ах голоор ороод ойртуулахгүй байсан.” /хх-ийн 44-47/ гэсэн мэдүүлгүүд,

 

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4191 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.И-н биед дух, баруун хөмсөг, баруун хацар, шанаа, хамрын нуруу, эрүү, уруул, зүүн завьж, хүзүүнд зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 33/ гэсэн дүгнэлт,

 

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 8, 10/,

- Шүүгдэгч С.Хын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 50-54/

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 57-61/ зэрэг болно.

 

Түүнчлэн уг хэргийн шүүгдэгч С.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа илэрхийлж, хохирогч, шүүгдэгч хэн аль нь холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаснаар холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурор 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 51 дугаартай тогтоол гаргаж, улмаар шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулах ажиллагааг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зохицуулалтад нийцсэн байна.  

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Хын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дүгнэлт:

 

Шүүгдэгч С.Х нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 19 дүгээр гудамж 8 тоотод оршин суух өөрийн гэртээ хамтран амьдрагч Б.Иын нүүр, хүзүүг маажин, жаазны хүрээгээр толгойд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Иын: “...С.Х нь миний баруун шанаа хэсэгт гараараа цохиод намайг орноос унагаагаад толгой дээр хөлөөрөө 2-3 удаа дэвссэн. Тэгтэл Б.Дөлгөөнтамир ах түүнийг салгасан чинь хананд өлгөсөн байсан цаг, жааз зэргийг авч над руу авч шидсэн. Тэр ханын цаг нь миний баруун чамархай хэсэгт оносон. Тэгээд над руу хүрч ирээд хумсаараа миний нүүр, хүзүү хэсгийг самардаад намайг ална гээд гал тогооноос заазуур авч гартаа бариад “муу ч гэсэн чамтайгаа шүү” гээд дайраад байсан. Гэхдээ заазуураар намайг цохиогүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 17-19, 20-21/ гэсэн,

Гэрч Б.Дөлгөөнтамирын: “...Б.Иыг орноос түлхэж унагаагаад дээрээс нь дэвсэхээр нь би С.Хыг салгаад Б.Иыг босготол С.Х орон дээр гараад ханандаа өлгөсөн цаг, жаазтай зурагнуудаа Б.И руу шидээд цаг билүү жаазаар Б.Иын толгойд нь оносон. Тэгээд орноос бууж ирээд Б.И руу дайраад нүүр, хүзүүг нь хумсаараа самардчихаар нь би голоор нь ороод тэр хоёрыг салгасан...” /хх-27-29/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Б.И-н биед дух, баруун хөмсөг, баруун хацар, шанаа, хамрын нуруу, эрүү, уруул, зүүн завьж, хүзүүнд зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-ийн 33/ гэсэн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4191 тоот дүгнэлт,

Шүүгдэгч С.Хын: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...би Б.Иыг орон дээрээс түлхэж унагаагаад хөлөөрөө жийгээд нүүрийг нь нэг гараараа маажсан. Тэгээд Б.И бостол Б.Дөлгөөнтамир ах бид хоёрын дундуур ороод салгасан. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгч туслана уу” /хх-ийн 45-47, 67/ гэсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь үл ялих шалтгаанаар халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч С.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул шүүгдэгч С.Хыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.      

 

Шүүгдэгч С.Х нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Б.И нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-ийн 20-21/ хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл шаардлага гаргаагүй байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгч С.Хаас гаргуулах баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Х нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч С.Х урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хх-ийн 54/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.    

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, хохирогч Б.И нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал, шүүгдэгч сард тогтмол биш 300,000-400,000 төгрөгийн орлого олдог тул торгуулийн ялыг 5-6 сарын хугацаанд хэсэгчлан төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн түүний санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч С.Хд 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэглэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.     

 

Энэ хэрэгт шүүгдэгч С.Х нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, мөн хохирогч Б.И нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт С.Хыг гэр бүлийн хүчирийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.Х-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт С.Х нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, мөн хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР