| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2026/0085/З |
| Дугаар | 110/ШШ2026/0101 |
| Огноо | 2026-08-19 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 110/ШШ2026/0101
|
|
|
|
НэхэмжлэгчА.А,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Яайн Сьезд,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байдолдагийн Жанерке нарын хоорондын нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1.Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “А.Ад өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, А.Ад 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч А.Ан өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газраас татгалзсан хариу өгснөөр уг шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргасан байна.
3. Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлөөс уг гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэж, хариу өгөөгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчээс 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба аймгийн Нийгмийн даатгалын газраас “2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөлийн хурлын шийдвэрээр иргэний хүсэлтийг хангах боломжгүйгээр шийдвэрлэсэн” гэж 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 238 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн тул мөн өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
Мөн аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлөөс 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “А.Ад хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон болно.
4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн А.А нь одоо 55 настай, улсад 20-оос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөлд нефть операторчноор буюу шатахуун түгээгч “Рысжан” ХХК-д 10-аас доошгүй жил ажилласан тул хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох бичиг баримтуудыг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч нарт танилцуулсан боловч тэд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуг амаар өгсөн.
Ингээд А.А 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр мөн өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох асуудлыг тус газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн тэтгэвэр тогтоох шийдвэр гаргаж өгөхийг хүсэж гомдол гаргасан байна. Гэвч уг гомдлыг гаргаад 1 сар өнгөрч байгаа боловч одоо хүртэл тус салбар зөвлөлөөс хариу өгөөгүй байна.
Иргэн А.Ан ажиллаж байсан албан тушаал болох шатахуун түгээгч, нефть операторчин албан тушаал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дугаартай “Жагсаалт, журам батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтын хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.19-ийн бүлэгт зааснаар хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарч байгаа юм.
Иймд иргэн А.Ад өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал нь хууль бус болохыг тогтоож, иргэн А.Ад 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
5. Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын газрын хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Нэхэмжлэгч А.А нь тус газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу зөвлөлийн хуралд оруулж, холбогдох нотлох баримтыг танилцуулж, хурлаас хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангахгүй байна гэж шийдвэрлэсэн.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 04/1091 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийн 2 дах хэсэгт “нефть хангамжийн операторчин” ажил мэргэжлийг хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамааруулах эсэх талаар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан нөхцөлийг хангасан даатгуулагчид хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг баримталж байна.
Уг жагсаалтын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” 2 дахь хэсгийн 195-д заасан 8131-13 кодтой “нефть хангамжийн операторчин” ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллага /шатахуун түгээх станц/-ын нефть хангамжийн операторчин ажил мэргэжил хамаарахгүй. Иймд аймаг, дүүрэг, сумын шатахуун түгээх станцын нефть хангамжийн операторчноор ажилласныг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласнаар тооцохгүй” гэсэн тул дээд газрын зөвлөмжийг баримталсан болно” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн “А.Ад өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, А.Ад 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлтэй байна.
2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 5.1.4.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан.
3. Нэхэмжлэгч А.А нь 1971 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 55 настай бөгөөд 1990-1992 онд хугацаат цэргийн алба хаасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /Хавтаст хэргийн 4-6,33 дах тал/ тогтоогдож байгаа ба Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно: 23.1.3. Монгол Улсын иргэний 1995 оноос өмнө цэргийн жинхэнэ болон хугацаат цэргийн алба хаасан хугацаа”, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж тус тус зааснаар нийтдээ 3 жилийг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор байна.
Мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай /2012 он/ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул нэхэмжлэгч А.Ан ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 8 жилээр /1993-2000 оныг дуустал/ нөхөн тооцсоныг эрх бүхий этгээдээс баталгаажуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /Хавтаст хэргийн 7 дах хуудасны хойд тал/ тус тус тогтоогдсон болно.
4. Нэхэмжлэгч А.А нь 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл “Рысжан” ХХК-ийн шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчноор ажилласан, үүнээс 14 жил 2 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь “Рысжан” ХХК-ийн захирлын 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр, 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн тушаалууд, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/16 дугаартай хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах тухай гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, ажлын байранд дагаж мөрдөх аюулгүйн ажиллагааны зааварчилгаа, 09844094 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн огноотой даатгуулагч А.Ан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 7-9, 10-11, 34-38, 41-44 дах тал/ тус тус тогтоогдож байна.
5.Дээрх тогтоогдсон үйл баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч А.Ан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг тооцоход, “Рысжан” ХХК-ийн шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчин буюу түгээгчээр ажиллаж, шимтгэл төлсөн хугацаа 14 жил 2 сар, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлснийг нөхөн тооцсон хугацаа 8 жил, цэргийн алба хааснаар шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох хугацаа 3 жил, нийт 25 жил 2 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж үзэхээр байна.
6. Хариуцагч талаас нэхэмжлэгч А.Ад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан үндэслэлээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”–ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” 2 дахь хэсгийн 195-д заасан 8131-13 кодтой “нефть хангамжийн операторчин” ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллага /шатахуун түгээх станц/-ын түгээгч, нефть хангамжийн операторчин ажил мэргэжил хамаарахгүй” гэж тайлбарласан.
Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох бусад болзлыг хангаж байгаа талаар маргаагүй, тодруулбал, 20-иос доошгүй жил ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 насанд хүрсэн талаар, мөн 10-аас доошгүй жил “Рысжан” ХХК-ийн шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчноор ажилласан талаар маргаагүй болно.
7. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “"газрын тосны бүтээгдэхүүн" гэж газрын тос болон химийн нэгдлүүдийг боловсруулах замаар гарган авсан бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хий, тос тосолгооны материал, битум, мазут болон бусад бүтээгдэхүүнийг” 4.1.4-т “"түгээх станц" гэж газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгслийг цэнэглэх, савласан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхэд зориулсан барилга, байгууламжийн цогцолборыг” гэж тус тус заасан.
“Рысжан” ХХК-ийн шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчин, шатахуун түгээгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч А.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод гүйцэтгэх ажил үүргийг “шатахуун түгээх станцын бүх үйл ажиллагааг хариуцах,хяналт тавих,шатах тослох материалыг хүлээж авах, хадгалах, ачих , буулгах, түгээх, хэмжилт хийх, түгээгүүр, насосын хэвийн үйл ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээг хийх” гэж, хөдөлмөрийн нөхцөлийг “хортой” гэж тус тус тусгасан.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан шатахуун түгээх станцын түгээгч буюу нефть хангамжийн операторчны гүйцэтгэх ажил үүрэг нь Монгол улсад шатахууны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад хуулийн этгээдийн шатахуун түгээх станцад ажилладаг нефть хангамжийн операторчны гүйцэтгэх ажил үүрэгтэй ижил, хөдөлмөрийн нөхцөлийн хувьд мөн ижил буюу ажлын байрны тодорхойлолтод “хортой” гэж тусгасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 49-53 дах тал/ тус тус тогтоогдож байна.
Мөн шүүхээс нотлох баримт цуглуулах хүрээнд тус аймгийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгч А.Атай ижил нөхцөлд ажил хөдөлмөр эрхэлж байсан иргэн И.Саяхатын тэтгэврийг хэрхэн тогтоосныг шалгахад иргэн И.Саяхат нь “Рысжан” ХХК-ийн шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчноор ажиллаж байсныг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулан үзэж, тэтгэврийг хөнгөлөлттэйгөөр тогтоосон болох нь тогтоогдсон /Хавтаст хэргийн 54-55,62-68 дах тал/ болно.
8. Нэхэмжлэгч А.А нь 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл “Рысжан” ХХК-ийн шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчин, түгээгчээр ажилласан байх ба энэхүү ажил нь тэтгэврийг “хөнгөлөлттэй” нөхцөлөөр тогтоох ажил ,мэргэжилд хамаарах эсэх нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль болон уг хуулийн дагуу гарсан эрх зүйн хэм хэмжээний актаар тус тус зохицуулагдана.
1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална” гэж тусгайлан эрх олгосны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баталжээ.
Уг 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн 14-т “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж заасан.
Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг баталжээ.
Уг жагсаалтын ““2.Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн 2.19. Нефть боловсруулах үйлдвэрийн: 8.Операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн /Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох ажил, мэргэжлийн жагсаалт/; 8.Нефть хангамжийн операторчин /Дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалт/, 13. Ачигч, агуулахын /Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох ажил, мэргэжлийн жагсаалт/ ;13.Шатахуун ачигч, 14.Шатахуун буулгагч /Дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалт/ “ гэж тус тус заасан байна.
Өөрөөр хэлбэл, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн болон өмнө нь үйлчилж байсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын аль алинд нь зааснаар нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн операторчин, шатахуун ачигч, буулгагчийн ажил, мэргэжил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарч байна.
Харин дээрх 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн хэсгийн 14, мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын 2.19-өөс бусад хэсэгт нефть буюу шатахуунтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг ажил, мэргэжлийн жагсаалтыг заагаагүй байна.
Үүнээс үзвэл уг тушаалуудаар Монгол улсад “нефть”-ийн төрлийн бүтээгдэхүүнтэй харьцдаг хамгийн түгээмэл, нийтэд илэрхий “Шатахуун түгээх станц”-ын бүх ажлын байрны ажил, мэргэжлийг “хортой” нөхцөлд хамаарахгүй гэж үзсэн, эсхүл тухайн тушаалуудаар зохицуулахгүй орхигдуулсан гэж ойлгож хэрэгжүүлэх үндэслэлгүй бөгөөд тухайн тушаалуудаар “нефть буюу шатахуун” гэх “хортой” нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг 14, 2.19-т зааснаар тус тус зохицуулсан гэж үзнэ.
9. Дээрх үйл баримтуудыг холбогдох хууль , захиргааны хэм хэмжээний актуудтай холбож үзэхэд Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороогүй байгаа бөгөөд нефть хангамжийн операторчин, шатахуун ачигч, буулгагчийн ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр, эсхүл нефть хангамжийн байгууллагын алинд нь ажиллаж байгаагаас үл хамаараад тухайн ажил, мэргэжлийн чиг үүрэг, онцлог болох “бензин, шатахуун, тэсэрч дэлбэрэх бодистой байнга, ойр харьцдаг, түүнийг түгээх, хэмжих,ачих, буулгах зэргээр шатахууны ууршилттай орчинд ажилладаг” нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөлмөрийн “хортой” нөхцөлд хамаарахаар байхад хариуцагч талаас зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн операторчин хамаарна гэж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын байр нь нефть, бензин зэрэг хортой шингэнтэй шууд харьцдаг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахыг харгалзан үзэхгүйгээр Монгол улсад байхгүй /төслийн шатанд байгаа/ “нефть боловсруулах үйлдвэр”-ийн ажилтнуудад хамааралтай гэж “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын дээрх хэсгийг явцууруулан хэрэгжүүлж “хортой” нөхцөлд хамаарахгүй гэж шийдвэрлэсэн нь дээрх хууль, тушаалын зорилгод нийцээгүй, хууль бус шийдвэр байна.
10. Иймд нэхэмжлэгч А.А нь “10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан” гэх болзлыг хангасан гэж үзэх үндэслэлтэй, хариуцагчийн “Зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн операторчны ажлын байр нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарна” гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй” нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж үзлээ.
11. Дээрх байдлаар нэхэмжлэгч А.Ад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг зөрчсөн, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй” нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнд өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
12. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно” гэж заасан.
Нэхэмжлэгчээс 2026 оны 4 дүгээр сард өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагчаас дээрх үндэслэлээр “тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж хариу өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргасан хугацаагаар бус харин Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан өдрөөс буюу 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.Ад өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, А.Ад 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЕРКЕШ