| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 181/2024/01549/И |
| Дугаар | 191/ШШ2025/03981 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/03981
2025 05 07 191/ШШ2025/03981
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, шүүгч О.Аззаяа, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Х овогт Бын М,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Б овогт Дийн У нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт байрлах, “М” ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан хохирол 98.966.663 төгрөг, түрээсийн байрны төлбөрт төлсөн 14.000.000 төгрөг, хохирол үнэлүүлэхэд төлсөн 800.000 төгрөг, нийт 113.766.663 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.М, Д.У,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.И,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцож,
Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтаангүйгээр ирээгүй хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.М, Д.У нар нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохирол 98.966.663 төгрөг, түрээсийн байрны төлбөрт төлсөн 14.000.000 төгрөг, хохирол үнэлүүлэхэд төлсөн 800.000 төгрөг, нийт 113.766.663 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.М нь 2021 оны 06-р сарын 23-ны өдөр “М” ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Л.Бтай тоот дугаар бүхий “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, тус гэрээний дагуу хаягт байрлах хотхоны тоотод нийт 219,11 м.кв талбайтай амины орон сууцыг захиалсан. Нэхэмжлэгч нар нь удалгүй шинэ амины орон сууцыг хүлээн авч, дотоод засварыг хийж байрандаа орсон бөгөөд 2022 оны 5 сар гэхэд амины орон сууцынхаа төлбөр тооцоог бүрэн дуусгасан. Хэдийгээр захиалагч амины орон сууцны хөлсийг бүрэн төлж барагдуулсан ч гүйцэтгэгч тал болох “М” ХХК нь тус амины орон сууцыг банкны барьцаанд байгаа гэх шалтгаанаар жил гаруй хугацаанд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхгүй байсаар 2023 оны 05-р сарын 02-ны өдөр улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдэн, тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч эхнэр Д.Уийн нэрээр гаргаж өгсөн болно. Гэтэл 2023 оны 11-р сарын 19-22-ны өдрүүдэд буюу нэхэмжлэгч нар хөдөө орон нутаг зорчсон байх үед байрны шатны доод талын шалан доорх халаалтын далд шугам задарч тус шугамаас их хэмжээний халуун ус алдаж нэхэмжлэгч нарын амины орон сууц, тухайн сууцад байсан гэрийн тавилга, эд хогшилд их хэмжээний хохирол учирсан. Нэхэмжлэгч нар нь тус гэмтлийн талаар мэдсэн даруйд хариуцсан орон сууцны контор болох “О” ХХК-д мэдэгдэж ус хаалгах арга хэмжээг авч, мөн өөрт учирсан хохирлын хэмжээгээ тогтоолгохоор 2023 оны 11-р сарын 27-ны өдөр “Итгэл Эстимэйт” ХХК-д хандан үнэлгээ хийлгэсэн. Тус “Итгэл Эстимэйт” ХХК нь “Хохирол үнэлгээний тайлан гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд 26.958.718 төгрөгийн хохирол, амины орон сууцад 24.220.530 төгрөгийн хохирол тус тус учирсныг үнэлж тогтоосон болно. Нэхэмжлэгч нар нь хохирлын үнэлгээгээ тогтоолгосны дараа “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.3-д “гүйцэтгэгч нь орон сууцны чанарт барилгын хууль тогтоомжийн дагуу баталгаа гаргах ба баталгаат хугацаанд гарсан аливаа техник, инженерийн шугам сүлжээний тоноглолын зэрэг ашиглалтын буруугаас шалтгаалаагүй, гүйцэтгэгчийн гаргасан алдаанаас үүдэлтэй эсвэл үйлдвэрийн чанараас шалтгаалсан доголдлыг арилгана” гэж заасны дагуу удаа дараа “М” ХХК-д хандан амины орон сууцын далд халаалтын шугам гэмтэж, их хэмжээний хохирол учирсан тухайгаа мэдэгдэхэд “бидэнд одоо хамаагүй ш дээ, орон сууцны контор хариуцна” гэсэн хариуг өгч огтхон ч тоохгүй байсанд дахин 2024 оны 01-р сарын 05-ны өдөр албан ёсоор цахим шуудангаар барилгын чанарын доголдлын улмаас өөрт учирсан хохирлын үнэлгээний тайлангаа илгээн холбогдох арга хэмжээг авч, учирсан хохирлыг барагдуулж өгөхийг хүссэн хүсэлтээ илгээсэн боловч “хариуцагчийн гүйцэтгэх захирал Л.Б гадаад улсад байгаа тул тодорхой хариуг өгөх боломжгүй байна, захирлыг ирэхээр нь хариу мэдэгдье, манайх хурлаар танай асуудлыг хэлэлцэнэ” гэх мэтээр хойшлуулсаар тодорхой хариу өгөхөөс татгалзаж өнөөдрийг хүргээд байна. Тиймээс нэхэмжлэгч нар өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа билээ. Талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “Гүйцэтгэгч нь ...хууль тогтоомж, барилгын норм чанар стандартад нийцсэн орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгнө" гэсэн үүрэг хүлээсэн атал маш муу чанартай материалаар шугам хоолойгоо хийснээс үүдэн чанарын шаардлага үл хангасан, далд доголдол бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч талд шилжүүлснээс үүдэн их хэмжээний хохирол нэхэмжлэгч талд учраад байгаа бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч нарт нарын доголдолтой ажлын гүйцэтгэл болох амины орон сууцыг хүлээлгэн өгсөн нь дараах байдлаар нотлогдож байгаа болно. Үүнд: Ус алдсан хэсэг нь шатны доод талын шалан доор байрлах халаалтын далд шугам ба хүний гар хүрэх боломжгүй, цементэн шалны доор байрлах, мөн оршин суугчдын ашиглалтын буруугаас үүсэх боломжгүй гэмтэл юм. Мөн тус байрлах хотхоны хэд хэдэн амин орон сууцны шугамд гэмтэл гарч, ус алдах тохиолдлууд ихээр гарсаар байгаа болно. Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны дагуу өөрт учирсан бүх хохирол, зардлаа нэхэмжлэх эрхтэй бөгөөд хариуцагчаас анхнаасаа чанарын доголдолтой амины орон сууц хүлээлгэн өгснөөс үүдэн өөрт учирсан эд хөрөнгийн шууд хохирол болох 51.179.248 төгрөг, мөн нэхэмжлэгч нар нь 0-6 хүртэлх бага насны 3 хүүхдүүдтэй тул тус ус алдсан, халаалт нь доголдсон, засварлах зайлшгүй шаардлагатай амины орон сууцад амьдрах боломжгүй болсон тул нэмэлт зардал гарган сарын 2.800.000 төгрөгөөр орон сууц түрээсэлж байгаа бөгөөд түрээсийн байрны төлбөрт төлсөн 11.200.000 төгрөг, учирсан хохирлоо үнэлүүлэхэд төлсөн 800.000 төгрөг, нийлээд 12.000.000 төгрөгийг зардал гаргасан тул нийт 63.179.248 төгрөгийн хохирол, зардлыг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна. Тиймээс, доголдолтой орон сууц хүлээлгэн өгснөөс үүдэн гарсан хохирол, зардал болох нийт 63.179.248 төгрөгийг хариуцагч “М ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Иргэн М нь 2021 оны 06 дугаар сарын 23 өдөр тоот “Орон сууц захилга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан хотхоны тоот амины орон сууцыг 750.000.000 төгрөгөөр тооцон урьдчилгаа төлбөр, бартер солилцоо, хүүгүй хувь лизинг гэсэн төлбөрийн бүтэцтэйгээр худалдан авсан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ны 3-р зүйлийн З.З-т “Гүйцэтгэгч нь орон сууцны чанарт барилгын хууль тогтоомжийн дагуу баталгаа гаргах ба баталгаат хугацаанд гарсан аливаа техник, инженерийн шугам сүлжээний тоноглолын зэрэг ашиглалтын буруугаас шалтгаалаагүй, гүйцэтгэгчийн гаргасан алдаанаас үүдэлтэй эсвэл үйлдвэрийн чанараас шалтгаалсан доголдлыг арилгана. Доголдлын талаарх гомдлыг гүйцэтгэгч газар дээр нь үзэж, баримт үйлдэн засна” гэж заасны дагуу гомдол гаргасан бололтой гэвч хотхон нь 2017.05-р сард баригдаж эхэлсэн ба 2018 онд барилгын ажил 70%-н гүйцэтгэлд хүрснийг холбогдох байгууллагууд баталсны дагуу дутуу барилгын гэрчилгээ 70%тайгаар гарсан улмаар 2020.03 сард барилгын ажил бүрэн дууссанаар “Үл хөдлөх Эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ” “М” ХХК-ийн нэр дээр гарсан бөгөөд энэ хугацаанаас эхлэн барилгын чанарын баталгааны хугацаа эхлэн 2023.3-р сард дууссан болно. 2019 оны 10-р сарын 1 нээс тус хотхоныг УБДС ТӨХК-тай гэрээ байгуулан халаалт, хэрэгцээний халуун усаар хангаж эхэлсэн.Улмаар халаалтын улирлын хугацаанд шугам болон халаалтын зүгшрүүлэлтийг манай компани хариуцан хянаж шалгаж байсан ба 2020.03 сард “О” ХХК-д Хотхоны иж бүрэн гадна болон дотор халаалт агаар сэлгэлт, цэвэр ус ариутгах татуургын шугам сүлжээний зангилаа шугам узелийг хүлээлгэн өгсөн.Үүнээс хойш 2023.03 сар хүртэл тус “О” ХХК-тай хамтран тус халаалт цэвэр ус болон ариутгах татуургын шугам сүлжээг хянаж засаж залруулж явсан. Тус хотхоны Гадна халаалт болон Цэвэр усны шугамыг ОХУ-д үйлдвэрлэсэн А ХХК-н монгол улсад оруулж ирэн борлуулдаг цайран трубагаар хийж гүйцэтгэсэн. Орон сууцны дотор халаалтын шугамыг Герман улсад үйлдвэрлэсэн Немсоzy нэрийн Монгол улсад стандартад нийцсэнийг тухайн үеийн нэршлээр “Барилга, Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг үндэслэн “Б” ХХК-иас худалдан борлуулж байсан тус PVC шугамаар хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч тал болох М нь тухайн байрыг засалгүйгээр гэрээ хийх өдөр ямар байсан түүгээр нь хямдралтай үнээр худалдан авсан бөгөөд дотор заслын ажил хийх явцад шугамд нөлөөлөхүйц ямар алдаа гаргасныг бид мэдэх боломжгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэхгүй бүтэн жил болсон нь тухай дурдсан байсан. Энэ нь захиалагч Б.М нь тоот гэрээнд заасан графикт төлбөрийг 2022 оны 4-р сард төлж барагдуулах үүргээ биелүүлээгүйн улмаас компани эдийн засгийн хүндрэлд орсон учраас банканд барьцаалан зээл авсан.Улмаар 2022 оны 10 сарын 17-нд буюу 6 сар хэтрүүлэн төлбөрөө бүрэн төлж дууссанаар бид тухайн үл хөдлөх хөрөнгийг банкнаас чөлөөлөх ажил эхэлсэн ба манай компаниас хамааралгүйгээр хойшилсон болно. Манай компани нь барилга барьдаг компани бөгөөд ямар нэгэн барилгын материал үйлдвэрлэдэггүй зөвхөн Монгол улсад ашиглах худалдан борлуулахыг зөвшөөрөн гаалийн бүрдүүлэлт хийсэн цаашлаад тухайн барилгын материал нь Монгол улсын барилгын стандарт нормд нийцсэн чанарын шаардлага хангасныг холбогдох эрх бүхий төрийн байгууллагуудын нотолсон сорилт шинжилгээний дүн бүхий материалыг ашигладаг болно. Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй төлбөрийг төлөх хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж буйгаа илэрхийлэн энэхүү тайлбарыг хүргүүлж байна. Энэхүү тайлбарыг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд манай компанийн зүгээс тухайн материалыг Монгол улсад нэвтрүүлсэн Хил гаалийн байгууллагаас эхлэн, чанарын дүгнэлт гаргасан Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн лаборатори,манай компанид нийлүүлсэн “Б” ХХК мөн найдвартай ажиллагаа бүхий узелээр дамжуулан хэрэглэгчид халаалт дулаан түгээж буй УБДС ТӨХК, тус хотхоны дэд бүтцийн ашиглалт хариуцагчаар ажиллаж буй “О” ХХК гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хуулийн хүрээнд маргаан үүсгэн хууль хяналтын байгууллагад хандан хэн буруутай этгээдийг олж тогтоосны дараа тухайн этгээдээр нэхэмжлэгч талын хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай Орон сууц захилга, хөрөнгө оруулалтын гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууцанд гарсан гэмтлийн дүгнэлт, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ”, хохирол үнэлгээний ажлын төлбөр, фото зураг, 2 хуудас gmail, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн Хохирол үнэлгээний тайлан, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн өдрийн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн Хохирол үнэлгээний тайлан, Б.Мийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 4 хуудас зарлагын баримт, тоот гэрээний ажил дүгнэсэн акт, протокол, 2 хуудас шилжүүлгийн баримт, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдринй Ажил гүйцэтгэх гэрээ, Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: “М” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, тус гэрээний дагуу хаягт байрлах хотхоны тоот нийт 219.11 м.кв талбайтай амины орон сууцыг худалдан авсан. 2023 оны 11 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд байрны шатны доод талын шалан доорх халаалтын далд шугам задарч тус шугамаас их хэмжээний халуун ус алдаж гэрийн тавилга, эд хогшилд их хэмжээний хохирол учирсан. Орон сууцны контор болох “О” ХХК-д мэдэгдэж ус хаалгах арга хэмжээг авсан. Өөрт учирсан хохирлын хэмжээгээ “Итгэл Эстимэйт” ХХК-д хандан үнэлгээ хийлгэсэн. Иймд эд хөрөнгөд учирсан хохирол 98.966.663 төгрөг, түрээсийн байрны төлбөрт төлсөн 14.000.000 төгрөг, хохирол үнэлүүлэхэд төлсөн 800.000 төгрөг, нийт 113.766.663 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Б.Мтэй “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, тус гэрээний дагуу хаягт байрлах, хотхоны тоот, нийт 219.11 м.кв талбайтай амины орон сууцыг хүлээлгэн өгсөн. Манай компани тухайн амины орон сууцыг барьж дуусгаад холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн. Тиймээс Б.М, Д.У нарын эд хөрөнгөнд ус алдсаны улмаас учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Б.М, “М” ХХК нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагджээ. Тус гэрээний дагуу “М” ХХК нь хаягт байрлах хотхоны тоот, нийт 219.11 м.кв талбайтай амины орон сууцыг захиалагч Б.Мд хүлээлгэн өгсөн, амины орон сууцны нийт үнэ 750.000.000 төгрөгийг Б.М төлж барагдуулсан. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний агуулгаас үзэхэд зохигчид худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэхээр байх ба, талуудын тохиролцоо Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ.
Дээрх гэрээний дагуу, 2023.05.02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр маргаан бүхий амины орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Д.У болсон байх ба, 2024.03.04-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч Д.У, Б.М нар нь эхнэр, нөхөр болох нь тогтоогдоно.
Ийнхүү нэхэмжлэгч Б.М, Д.У нар нь хаягт байрлах хотхоны тоот амины орон сууцандаа амьдарч байх хугацаанд буюу 2023 оны 11 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд шатны доод талын шалан доорх халаалтын далд шугам задарч, их хэмжээний халуун ус алдаж гэрийн тавилга, эд хогшилд их хэмжээний хохирол учирсан, ус алдсан тухайд талууд маргаагүй.
6.Улмаар хариуцагч “М” ХХК-д халаалтын шугам гэмтсэн талаар нэхэмжлэгч нар нь мэдэгдсэн байх ба, тухайн үед “О” ХХК-ийн инженер С.Н болон холбогдох хүмүүс ирж ус алдсан нөхцөл байдалтай танилцсан, 2024.02.20-ны өдрийн О ХХК-ийн инженер С.Нн орон сууцанд гарсан гэмтлийн дүгнэлтэд “...гэмтлийн шалтгааныг халаалтын далд шугам гэмтсэн гэж, гэмтэлтэй шугамыг солих гэж, ус алдсаны улмаас паркетан шал хөвсийсөн, хананы обой, будаг хуурсан, буйдан норсон, сандал ширээ хөгцөрсөн, цонх хагарсан, цахилгаан бараа гэмтсэн, гал тогооны тавилга хөвсийсөн...” гэж тус тус бичигджээ.
Нэхэмжлэгч нар нь дээрх ус алдсан шалтгааны улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор Итгэлт эстимэйт ХХК-нд хандсан байх ба, тус байгууллагын 2023.12.11-ний өдрийн хохирол үнэлгээний тайлангаар үүссэн хохирлын хэмжээ буюу засварын ажлын зардал 14.289.850 төгрөг, материалын зардал 9.930.680 төгрөг, нийт 24.220.530 төгрөгөөр, 2023.12.12-ны өдрийн үнэлгээний тайлангаар эд хөрөнгийн хохирлын хэмжээ буюу засвар, цэвэрлэх үйлчилгээ хийх шаардлагатай эд хөрөнгийн үнэлгээ 588.500 төгрөг, эвдэрсэн эд хөрөнгийн үнэ 5.987.352 төгрөг, эвдэрсэн тавилгын үнэ 20.382.866 төгрөг, нийт 26.958.718 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба, тус үнэлгээний тайлангийн хавсралт зургуудаас норсон хувцас, шавар болсон телевизийн удирдлага, норсон ханын зураг, сандал, буйдан, хивс, цана цохисон хагарсан шилтэй цонх гэх зэрэг гэмтсэн эд зүйлийн бодит байдал харагдана.
7.Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “…Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна…” гэж, 14 дүгээр зүйлийн 14.6-д “…Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна...” гэж,
Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.-т “гүйцэтгэгч нь орон сууцны чанарт барилгын хууль тогтоомжийн дагуу баталгаа гаргах ба баталгаат хугацаанд гарсан аливаа техник, инженерийн шугам сүлжээний тоноглолын зэрэг ашиглалтын буруугаас шалтгаалаагүй, гүйцэтгэгчийн гаргасан алдаанаас үүдэлтэй эсвэл үйлдвэрийн чанараас шалтгаалсан доголдлыг арилгана. Доголдлын талаарх гомдлыг гүйцэтгэгч газар дээр нь үзэж, баримт үйлдэн засна” гэж тус тус заасан.
Хууль болон гэрээний дээрх зохицуулалтаас үзвэл, маргаан бүхий амины орон сууцыг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах 1 жилийн хугацаа 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дууссан, харин орон сууцны гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын 3 жилийн хугацаа нь 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болохоор байна. Харин Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасан тухайн амины орон сууцны зүгшрүүлэх болон хэвийн ашиглалтын хугацаанд буюу 2023 оны 11 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд нэхэмжлэгч нарын амины орон сууцанд ашиглалтын буруугаас шалтгаалаагүй инженерийн шугам сүлжээний тоноглолын буюу халаалтын далд шугам гэмтсэн гэмтлийг хариуцагч “М” ХХК засварлах үүрэгтэй байтал, энэхүү үүргээ биелүүлээгүй, биелүүлэхийг нэхэмжлэгч нар удаа дараа шаардахад солино, засна гэсээр засварлаагүй болох нь тогтоогдсон.
8.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “…Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй…” гэж тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлийн хаягт байрлах хотхоны тоотод байрлах амины орон сууцны халаалтын далд шугамыг завсарлах буюу сантехникийн шинэчлэлтийн ажил, сантехникийн завсар хийлгэхэд авсан материалын шууд зардалд 16.335.500 төгрөг төлж, өөрөөсөө зардал гарган тухайн шугамыг засаж, хэвийн байдалтай болгосон нь нэхэмжлэгч нарын тайлбар, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зарлагын баримт, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4 ширхэг зарлагын баримт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул энэхүү зардлаа хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.
Иймд хариуцагч М ХХК нь Барилгын тухай хууль, Иргэний хууль болон гэрээний дээр дурдсан зохих заалтуудын дагуу амины орон сууцны халаалтын далд шугамыг завсарлахад нэхэмжлэгч нараас гарсан бодит зардал болох 16,335,500 төгрөгийг нэхэмжлэгч нарт хариуцан төлөх үүрэгтэй байх тул түүнээс 16,335,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 97.431.163 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн, маргаан бүхий амины орон сууцны халаалтын далд шугам гэмтсэний улмаас их хэмжээний ус алдаж, эд хөрөнгөд гэмтэл учирч нэхэмжлэгч нар амины орон сууцандаа амьдрах бодит боломжгүй болсон. Улмаар 2023.12.01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлсөх гэрээгээр нэхэмжлэгч нар нь иргэн П.Жы өмчлөлийн, тоотод байрлах 77.15 м.кв, гурван өрөө орон сууцыг 2023.12.01-ний өдрөөс 2024.04.01-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, сарын 2.800.000 төгрөгөөр хөлслөн амьдарч, түрээсийн төлбөр төлсөн болох нь тогтоогдоно.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын үндэслэл болгосон “О” ХХК-ийн орон сууцанд гарсан гэмтлийн дүгнэлтээр халаалтын далд шугам юунаас болж гэмтсэнийг тодорхойлоогүй, ийнхүү ус алдсан шалтгаанд хариуцагч “М” ХХК-ийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй ба, үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Б.М, Д.У нарын 884.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 239.627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М, Д.У нарт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 16.335.500 /арван зургаан сая гурван зуун гучин таван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М, Д.У нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 97.431.163 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Б.М, Д.У нарын 884.734 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 239.627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М, Д.У нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД О.АЗЗАЯА
Т.ЭНХТУЯА