| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 181/2024/03851/И |
| Дугаар | 191/ШШ2025/03435 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/03435
| 2025 04 23 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Х овогт Бийн Мын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах, дугаар регистртэй, “Э” ХХК-д холбогдох
111.213.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б,
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2022 оны 10 сарын 13-ны өдөр “Э” ХХК-тай дугаар гудамжид баригдах 7 давхрын 41.19 мкв орон сууцыг худалдан авахаар Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тухайн гэрээний 1.3-т заасанчлан барилгын гүйцэтгэгч компани орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах ёстой ба нөгөө талаас манай зүгээс гэрээнд заасан үүргийн дагуу 2022 оны 11 сарын 01-ний өдрийн дотор 3 удаагийн гүйлгээгээр нийт 74.142.000 төгрөгийг “Э” ХХК-ийн хаан банкны тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл барилга маань ашиглалтад ороогүй каркас хэвээрээ байна. Хариуцагчийн тухайд өнөөдрийг хүртэл гэрээний үүрэг гүйцэтгэхтэй холбоотой ямар нэгэн үйлдэл хийхгүй үл тоосон байдалтай байгаа ба бидний мөнгөөр бизнесээ босгочхоод дахин нэмж хохироосоор байна. Иймд хариуцагчаас 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар бүхий Орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 74.142.000 төгрөг, алданги 37.071.000 төгрөг буюу нийт 111.213.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Бид дараах байдлаар эвлэрч байна. Б.М 111.213.000 төгрөг нэхэмжилснээс 27.071.000 төгрөгөөс татгалзаж 84.142.000 төгрөгийг “Э” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид дараах байдлаар эвлэрэв. Нэхэмжлэгч нь 111.213.000 төгрөгөөс нэхэмжилснээс 27.071.000 төгрөгөөс татгалзаж, “Э” ХХК нь 84.142.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан 111.213.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид шүүх хуралдаанд дараах нөхцөлөөр тохиролцоонд хүрч эвлэрэн хэлэлцсэн тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид эвлэрч, нэхэмжлэгч Б.М нь 111.213.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 27.142.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Э” ХХК нь 84.142.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцэн харилцан тохиролцжээ.
Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Мын нэхэмжлэлтэй “Э” ХХК-д холбогдох 111.213.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн нэхэмжлэгч нь 111.213.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 27.071.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Э” ХХК нь үлдэх 84.142.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 714.015 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 578.660 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Мад олгосугай.
3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН