Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/05

 

 

 

 

 

 

2025            01            23                                                    2025/ДШМ/05                                     

 

Т.Г, Л.Н, Д.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч      М.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Түмэндэмбэрэл

Шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа

Шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Б.Баярмагнай

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл,    Б.Баярмагнай, шүүгдэгч Л.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нарт холбогдох эрүүгийн 2134000000251 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Монгол Улсын иргэн, ......... оны 12 дугаар сарын 05-ны өдөр ......... аймагт төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ............... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх .............. Регистрийн дугаар ...........

 

  1. Монгол Улсын иргэн, ........оны 9 дүгээр сарын 27-ны өдөр .......... аймгийн .........суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ............. оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх ............ Регистрийн дугаар ..........

 

  1. Монгол Улсын иргэн, ......... оны 10 дугаар сарын 09-ний өдөр ......... төрсөн, ..........настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 7, ээж, эхнэр, 4 хүүхдийн хамт .............. оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх .............. Регистрийн дугаар .............

4. Шүүгдэгч Л.Н, Т.Г, Д.Г нар бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг ..........гэх газраас иргэн ..........өмчлөлийн 9 тооны үхэр, иргэн ..........өмчлөлийн 7 тооны үхэр нийт 16 тооны үхрийг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 18,446,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

5. Төв аймгийн прокурорын газраас Л.Н, Т.Г, Д.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

6. Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч ..........нарыг “Бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч ...................... 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ................................нарт тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Гт оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Н, Д.Г нарт тус тус оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийн 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 06-ны хооронд, 2023 оны 6 дугаар сарын 16-аас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд цагдан хоригдсон нийт 145 хоног, шүүгдэгч Л.Н, Д.Г нарын 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 06-ны хооронд тус бүр цагдан хоригдсон 2 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2134000000251 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “DVD”, 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Т.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч ..........эзэмшлийн Цэцэгт тамган тамгатай 807.500 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн морины үнийг шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Г.Зоригтбаатарын эзэмшлийн “Toyota Corolla Fielder” маркийн “..........УБХ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл, иргэний нэхэмжлэгч ..........эзэмшлийн Цэцэгт тамган тамгатай хээр зүсмийн морийг тус тус битүүмжилсэн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Эрүүгийн 2134000000251 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Т.Г 148 хоног, шүүгдэгч Л.Н, Д.Г нар нь энэ хэрэгт мөрдөн шалган ажиллагааны явцад шүүхийн зөвшөөрөлгүй тус тус 2 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Гт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж,  Л.Н, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч, тэдний ял эдлэх хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тус тус тоолохоор тогтоож шийдвэрлэжээ.

 

7.Шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Эрүүгийн 2134000000251 дугаартай Т.Г, Л.Н, Д.Г нарт холбогдох хэргийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг хэрэглэсэнгүй. Анхан шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 256 дугаар тогтоол гаргахдаа энэ ерөнхий ангийн зүйл заалтыг хэрэглэж байсан. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолыг гаргахдаа хэрэглээгүй. Т.Г нь үхэр хулгайлсан гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас буюу 2021 оны 7 дугаар сард анхны мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрч байсан. Одоо ч хүлээн зөвшөөрдөг. Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Т.Гийн хувьд үхрүүдийг нядалж гаргаагүй, махалж мөнгийг нь аваагүй, тохиролцоогүй, олсон ашгаас хуваалцаагүй, сум хөгжүүлэх санд мөнгө төлөх санаа зорилгогүй байсан, материаллаг хор уршиг учруулаагүй онцлогтой. Л.Нг үхэр туугаад ир гэхээр нь тууж аваачиж өгчхөөд буцаад явчихсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т: "гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол" эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, ...өмгөөлөгч Б.Эрдэнэбатын хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн" нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж,  "императив" гэх гадаад үг хэрэглэж тайлбарласан. Мөн улсын яллагч Т.Гт бага ял оногдуулах санал дүгнэлт гаргасан байхад шүүх харгалзаж үзээгүй.

Анхан шатны шүүх "Т.Г гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг", "гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна", "ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж хуульчлагджээ" гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг хэрэглэсэнгүй.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг ноцтой зөрчиж Т.Гт барьцаа 1,000,000 /нэг сая/ төгрөг авсан таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсныг шийдвэрлээгүй орхигдуулсан. Т.Гт 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Ерөнхий шүүгчийн 2023/ЕШЗ/664 дугаартай захирамжаар барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Мөнгө шүүхийн тусгай дансанд байршуулсан байгаа.

...Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч ........... оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

8. Шүүгдэгч Д.Гы өмгөөлөгч Т.Урангэрэл давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Т.Г нарт холбогдох Эрүүгийн 2134000000251 дугаартай хэргийг хянан хэлэлцсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоос шүүгдэгч Д.Гд холбогдох хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Прокуророос дээрх эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэл зөв, улсын яллагчийн яллах дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна гэсэн үндэслэл нь хуульд нийцээгүй байна.

1.Хэргийн жинхэнэ үйл баримт: Шүүгдэгч Л.Н, Т.Г нар мал хулгайлах гэмт хэрэг гарахаас хэд хоногийн өмнө Л.Н Т.Гт машинаа солих мөнгө хэрэгтэй гэдгээ хэлсэн гэдэг. 2021 оны 6 дугаар сарын 30-ны өглөө Т.Г нь "49 карьер" гэх газарт хэдэн үхэр бэлчиж байгааг Л.Нд 11:00 цагийн орчим утсаар хэлэхэд Л.Н нь Т.Гийг туугаад ир гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байна. Л.Н нь хулгайн үйлдлээ хөнгөвчлөн түргэсгэх зорилгоор цагаан өнгийн Портер машинтай Т.Гийг угтсан боловч машин нь шаварт хий эргэж явах боломжгүй болсон тул Л.Н нь явганаар, Т.Г нь хээр морьтойгоо 9 км-н орон зайг туулж Дарцагтын аманд хулгайн малуудаа тууж ирсэн байна. Тэдэнд хулгайн эд зүйлээ хаа нэг газар, хэн нэгнээр харуулж маллуулах шаардлага бий болоход Л.Н нь Т.Гт Д.Гых үхэртэй, хэд хоног харуулаад хариу төлбөрт нь 1 үхэр өгөхөөр ярилцаж тохирсон байна. Ийнхүү Л.Н нь Д.Гтай 14:00 цагийн орчим утсаар ярьж гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хэд хоног харуулаад нэг үхэр өгөхөөр тохирчээ. Харин шүүгдэгч Д.Г нь Т.Гийг Батсүмбэрээс өрөндөө авсан гэсэн үхрүүдийг хулгайн мал гэдгийг огт мэдээгүй байсан байх ба 7 хоног маллаж өгсний хариуд нэг үхэр өгнө гэсэнд нь баярлаж үхрүүдийг нь гэрийнхээ гадна авчирч ил задгай талбайдаа буюу олны нүдэн дээр өөрийн малын болон ногоон талбайдаа бэлчээж, Сум хөгжүүлэх сангаас зээлсэн зээл төлөх хугацаа болсон байсан учраас ажлын хөлс болгон өгнө гэж амласан үхрээ алж махыг нь худалдахаар хот явахдаа Цагдаад баригдсанаар энэ гэмт хэрэг шалгагдах болсон.

2. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүхээс Д.Гыг бусадтай бүлэглэж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо ямар нотлох баримтыг үндэслэсэн нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Гыг бүлэглэж хамтран оролцсон гэм буруутай гэж зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь: Д.Гы үйлдэлд мал хулгайлах гэмт хэргийн шууд санаатай, шунахайн сэдэлт буюу гэмт хэргийн Объектив, Субъектив тал тогтоогдоогүй болно.

Шүүх Д.Гыг бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхдээ: “... Хүн бүр өөрийн санаа бодол, үйлдэл хөдөлгөөнөө нэгтгэж, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн үү? тэдэнд нэгдсэн нэгдмэл санаа зорилго байсан уу? гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо байсан уу? Энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг нэн түрүүнд авч үзэх байсан.

Хэрэгт авагдсан бичгийн болон бусад баримтуудаар шүүгдэгч Д.Г нь бусдын өмчийг өөртөө олж авахын тулд ямар ч идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас түүний хадгалалт хамгаалалтад шилжсэн ба Т.Г нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ өөрийн эзэмшилд үлдээх зорилгоор Д.Гд түр хадгалуулсан үйл баримт хөдөлшгүй тогтоогдсон.

Түүнчлэн гэмт хэрэг илчлэгдсэн цаг хугацаанд шүүгдэгч Д.Г тухайн малуудыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсэн. Мал хулгайлах гэмт хэрэг хэзээ, хэрхэн төгссөнийг анхан шатны шүүх хуулиас гадуур гуйвуулан буруу тайлбарласан.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар: Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд нь Эрүүгийн гэмт хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцөлийг тогтооход ач холбогдолтой. Шүүх тэдгээрийг хэрхэн үнэлж, ямар дүгнэлт хийсэн, энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ямар хэм хэмжээнд тулгуурлаж байгаа талаар тодорхойлох хэсэгтээ дэлгэрэнгүй, тодорхой заасан байх учиртай. Дүгнэлт нь ямар бодит нөхцөл байдалд тулгуурлаж, хуулийн ямар зүйл заалтад үндэслэсэн гэдгийг илэрхийлээгүйд гомдолтой байна. Шүүгдэгч Д.Г нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж төгсөх үед идэвхтэй ямар нэгэн үйлдэл хийгээгүй, бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй, мөн хэд хоног маллахаар авсан хулгайн эд зүйлсийг нууцаар биш ил задгай талбайд нутгийн олон иргэдийн нүдэн дээр идээшлүүлж малласан байсан нь хэрэгт авагдсан гэрчүүдийн 95 хувь буюу гэрч ........................, иргэний нэхэмжлэгч .........., хохирогч ........................, сэжигтэн, яллагдагч Л.Нгийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон.

4. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тухайд: Шүүхийн шийдвэр нь тодорхой, хууль зүйн үр дагавар үүсгэж хууль хэрэглээний үр дүнг хэлбэржүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан шаардлагад нийцэх учиртай. Хэрэг маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв

хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана. Харин хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлын талаар бүрэн бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангадаг.

Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 29 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоол бичих аргачлал"-ын Нэг. Тогтоолын удиртгал хэсэгт заасан хэргийн бусад оролцогчид болох гэрчүүдийн нэрсийг зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана гэснийг; Хоёр. Тогтоолын тодорхойлох хэсэгт 2.1.1 дэх хэсэгт үйл баримт гэмт хэрэг гарсан газар, цаг, хугацаа, гэмт хэрэг үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болон учирсан хохирол, хэр хэмжээ, хор уршгийн шинж хэлбэрээр нь эргэлзээгүй тодорхойлж бичээгүй байна.

Түүнчлэн хэд хэдэн шүүгдэгч нар хамтран оролцсон гэж үзэж байгаа
тохиолдолд хамтран оролцооны хэлбэрийг ялгаж бичээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолын Тогтоох нь гэсэн хэсэгт баримталбал зохих хуулийн зүйл, заалтыг дутуу журамласан.

Тогтоох хэсгийн: 1 дэх хэсэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "хамтран оролцсон", Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "гэмт хэргийн хатгагч" нь шүүгдэгч нарын хэн нь болох нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

5 дахь хэсэгт: Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай бичихээр хуульд заасан байхад эд мөрийн баримтыг хэрхэх талаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг баримталсан.

7 дахь хэсэгт: "...шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нар чухам хэдэн төгрөгийн хохирол төлсөн нь тодорхойгүй..."

9 дэх хэсэгт. "...хохирогч 13 тэдгээрийн өмгөөлөгч..." гэсэн зэрэг нь хуульд заасан логик дэс дараалалгүй, баримталбал зохих хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй, хооронд нь хольж, өөр зүйлүүдийг нэгтгэн хамаатуулсан.

Шүүгдэгч Д.Гы өмгөөлөгч миний өмгөөллийн дүгнэлтэд эрх зүйн
дүгнэлт хийж, няцаан үгүйсгээгүй, 3 хуудас хууль зүйн дүгнэлтийг: ... Өмгөөлөгч
нарын зүгээс гэм буруугийн өмгөөллийн дүгнэлт гаргасан боловч шүүхээс

...өмгөөлөгч нарын саналыг шүүх тус тус хүлээн авах боломжгүй" гэж нэг
өгүүлбэрээр бичсэнээ тайлбарлаагүй, ойлгомжгүй, эрх зүйн бус, хуулийн үг хэллэг
ашиглаагүй байна.

... Миний үйлчлүүлэгчийг анхан шатын шүүхээс гэм буруутай гэж үзэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамтран оролцох хэлбэрийг тогтоохдоо мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хатгагч гэж үзсэн. Прокурор өнөөдрийн хуралдаанд үйлдлээрээ хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт ийм үйл баримт тогтоогдоогүй. Мөн хатгагч гэдэг нь бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг хэлдэг. Ийм үйл баримт тогтоогдоогүй учраас хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

...Мөн магадгүй давж заалдах шатын шүүх шийдвэр гаргахдаа хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахаар бол миний үйлчлүүлэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү..  гэв.  

  9.Шүүгдэгч Д.Гы өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...2024 оны 11 дүгээр саарын 14-ний өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ "...   шүүгдэгч   нар   нь   бүлэглэн   2021 оны 6 дугаар сарын 30-ны   өдөр   Төв   аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутгаас иргэн ..........9 тооны үхэр, иргэн ..........7 тооны үхэр нийт 16 тооны малыг хулгайлж" гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно" гэж заажээ. Шүүгдэгч Д.Г нь Л.Н, Т.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож хохирогч ................ нарын нийт 16 тооны үхрийг хулгайлахаар тохиролцсон гэх нотлох баримт тус хэргийн материалд авагдаагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ" гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Г нь тодорхой тооны үхрийг Төв аймгийн Баянчандмань сумын нутгаас туусан, шүүгдэгч Д.Г, Л.Н нар өөдөөс нь тосож очсон нөхцөл байдал хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад үйл баримтаар дүрслэгддэг. Хуулийн дээрх зохицуулалтууд болон хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Г нь шүүгдэгч нартай урьдчилан үгсэн тохиролцсон болон бүлэглэн гүйцэтгэн бусдын 16 тооны үхрийг хулгайлсан болох ямар ч нотлох баримт байхгүй. Хулгайлах гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар хууль бусаар авч хохирогч этгээдийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхэд хохирол учруулах идэвхтэй үйлдлийг хэлдэг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Гы яг ямар үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинж агуулж байгаа, гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч" нарын яг аль нь болохыг тодорхойлж өгөөгүй.

2. Шүүгдэгч Л.Нгийн гэрчээр өгсөн "... би Д.Г руу утсаар яриад Т.Г үхэр зарна, чи авах юм уу гэхэд Д.Г тэгье гээд утсаа салгасан" гэх мэдүүлэг, мөн түүний яллагдагчаар өгсөн "...тэгээд би Д.Г руу утсаар залгаад Т.Г хэдэн үхэр хараад өгөөч гэж байна гэхэд Д.Г зөвшөөрсөн, гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Т.Гийн яллагдагчаар өгсөн "...Л.Н цагаан өнгийн ачааны машин унаж ирсэн, би тэр машиныг огт ашиглаагүй морио унаж явсан. Бид 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр үхэр хулгайлах талаар утсаар ярьж үгсэж тохиролцсон. Гүнчулуун хулгайн үхэр гэдгийг мэдсэн" гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Д.Г нь дээрх 16 тооны үхрийг хулгайн үхэр гэдгийг мэдсэн эсэх нөхцөл байдал, хэрвээ мэдсэн бол хэзээ мэдсэн эсэх нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, гэрчүүд яллагдагч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, цаг хугацаа үйл баримтын хувьд тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг хуульчилсан ба тус зүйлийн 1.1 дэх хэсэгт "гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн” болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, 1.3 дахь хэсэгт "гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр"-ийг мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны явцад тогтоохоор заасан. Эрүүгийн 2134000000251 дугаартай хэрэгт шүүгдэгч Д.Гыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж мал хулгайлсан гэх үйлдэлд дээрх нөхцөл байдлууд огт тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Г нь бусдын 16 тооны үхрийг тодорхой хугацаанд өөрт байлгасан, тодорхой тооны үхрийг нядалж зарж борлуулсан түүнээс ашиг олсон үйл баримт хавтаст хэрэгт авагддаг. Энэ нь гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө, мал болохыг мэдсээр байж зарж борлуулсан ашиг олсон нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасан тул эрүүгийн 2134000000251 дугаартай хэрэгт шүүгдэгч Д.Гы үйлдлийг давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.” гэв.

 

10. Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Шүүхэд судлагдсан баримтууд дотор намайг Л.Н, Т.Г нартай бүлэглэж олон тооны малыг хулгайлсан гэх баримт огт байхгүй байсан. Харин Т.Г өөрийнхөө хулгайлсан малаа надаар харуулахын тулд 9 км зайнаас тууж Дарцагтын аманд авчирсан. Т.Г нь Д.Гыг пиво ууж байхдаа хулгайн мал гэдгийг зон совингоороо мэдсэн байх ёстой гэж, зарим мэдүүлэгтээ хулгайн мал гэдгийг мэдэж байсан, заримдаа хулгайн мал гэдгийг мэдээгүй байсан гэх зэргээр олон янзын тогтворгүй мэдүүлгүүдийг өгч байсан.

Шүүгдэгч Т.Гийн мэдүүлгүүд тогтворгүй, зөрүүтэй талаар мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч Б.Эрдэнэбатын хамт сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө Д.Г хулгайн мал гэдгийг мэдээгүй гэдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Г мэдсэн гэдэг. Ингэж зөрүүтэй мэдүүлсэн шалтгаанаа мөрдөгч дарамтлаагүй, айсандаа, сандраад тэгж хэлсэн гэдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлэг чинь үнэн үү, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг чинь үнэн үү? гэсэн асуултад мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн гэж хариулдаг. Д.Г хулгайн үхэр гэдгийг зөн совингоороо мэдсэн байх ёстой гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

Эд мөрийн баримтаар хураагдсан СД-д Т.Г нь манай өмгөөлөгч Б.Эрдэнэбат хэлэхдээ “...Д.Г хулгайн үхэр гэдгийг мэдэж байсан юм биш үү гэхээр нь би мэдэж байсан” гэж хэлсэн байдаг. Т.Гийн дээрх мэдүүлгүүдээс гадна намайг хулгайн үхэр гэдгийг мэдэж байсан ба бусадтай бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэх ямар ч баримт байхгүй. Би Т.Гийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатад маш их гомдолтой байгаа ба тусад нь Өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргах болно. Б.Эрдэнэбат өмгөөлөгч намайг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдолгүй болохыг прокурор тогтоосоор байхад Д.Г нь ял завших гээд байна, энэ хэргийг Т.Гтой бүлэглэж үйлдсэн гэж үндэслэлгүй гомдол, хүсэлт бичсээр байгаад намайг хохироосонд гомдолтой байна.

Харин Л.Н нь Д.Г намайг хулгайн мал гэдгийг анхнаасаа мэдээгүй гэдгийг тогтвортой мэдүүлсэн байна. Иймд ямар ч баримтгүйгээр намайг бусадтай бүлэглэж мал хулгайлах гэмт хэрэг хийсэн гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийж, 2 жилийн хорих ял оноож, хилсээр шийтгэсэн шийдвэрийг хянаж, буруугүй болохыг тогтоож өгнө үү...” гэв.

11. Шүүгдэгч Л.Н давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ”...1. 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймаг Баянчандмань сумын нутаг Эрдэн 3 дугаар баг 49-н карьер гэх газраас иргэн ..........өмчлөлийн 9 тооны үхэр, иргэн ..........өмчлөлийн 7 тооны үхэр нийт 16 тооны үхрийг буюу олон тооны бод малыг Т.Г, Д.Г нартай бүлэглэн хулгайлж бусдад 18,446,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учруулсан гэм буруутайд тооцсон нь үндэслэл муутай байна. Миний хувьд эдгээр бод малыг огт хулгайлаагүй байхад мөрдөгч прокуророос мал хулгайлсан гэж таамаглан шүүх рүү шилжүүлсэн, шүүхээс ял оногдуулан шийдвэрлүүлсэнд маш их гомдолтой байна.

2. Шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч Л.Н, Д.Г нар бусадтай бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлж хохирогч нарт хохирол учруулсан үйл баримт нь нотлогдон тогтоогдож байх тул тэдний өмгөөлөгч Ж.Нарантуяа, Т.Урангэрэл нарын саналыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дээрх саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв” гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн шүүх шийдвэр гаргахдаа хүндрүүлэн зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, улсын яллагчийн яллах дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна, энэ хэрэгт нотолбол зохих асуудлыг хангалттай шалган тогтоосон гэж таамаглан шийдвэрээ гаргасан нь ойлгомжгүй байна.

3. Манайх 5 хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь 3 нас хүрээгүй бага насных, эхнэр эрхэлсэн ажилгүй бага насны олон хүүхдүүдийг асарч хамгаалан гэртээ байдаг. Эхнэр минь энэ хэргээс болж их ч зовж, зүдэрч, сэтгэл санаагаар ихэд унаж байна. Мөн өндөр настай ээж маань зүрхний өвчтэй, элэг нь өөхөлж хатуурлын шинж тэмдэгтэй, эмчийн байнгын хяналтад байдаг. Би амьдрахын тулд улирлын чанартай бүхий л ажлыг хийж эхнэр хүүхдийнхээ эмчилгээний болон ахуйн хэрэгцээндээ хэрэглэх мөнгө олж амьдарч ирсэн.

4. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолд “шүүгдэгч Л.Нд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Л.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” хэмээн үнэн зөвөөр шударгаар шийдвэрлэсэн байдаг.

Т.Г нь хэргийн бүх асуудлыг сайтар мэдэж байгаа бөгөөд тууж ирсэн малаа намайг оролцсон болгож илтэд худлаа ярьж гэмт хэрэгт хамтран оролцсон мэтээр зориуд гүтгэн олон хүүхэдтэй амьдралын төлөө өнөө маргаашийг чадан ядан өнгөрөөж байгаа ядарсан надад дарамт үзүүлж намайг бичиг үсэг мэдэхгүйг далимдуулан зохиомол байдал үүсгэж үр хүүхдүүдийг минь зовоож уйлуулж байгаад миний бие болон ар гэрийнхэн маань Т.Г гэгчид насан туршдаа гомдохын зэрэгцээ харамсаж сууна.

5. Миний хувьд энэ хэргийг үйлдээгүй, урьд өмнө ч хулгай хийж байгаагүй, би түүнтэй утсаар хамтран хулгай хийх талаар огт ярьж байгаагүй. Тухайн үед Т.Гт сайхан сэтгэл гаргаж ундаа, ус зэргийг аваачиж өгөхдөө одоо хүртэл харамсаж байна. би бусадтай бүлэглэн хэний ч малыг хулгайлаагүй тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

 

12.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Түмэндэмбэрэл гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа тодорхой ганц, нэгэн алдаа гаргасан байна. Үүнд: 1. Тогтоох хэсгийн 9 дэх хэсэгт техникийн шинжтэй алдаа гаргасан. 2. Таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байсан. Үүнийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх хууль зүйн боломжтой. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд болон талуудын гомдол, мэтгэлцээний үндсэн дээр гаргасан шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Г нь Л.Н, Т.Г хоёрын тууж ирсэн үхрийг хашаандаа 2 хоног байлгаад байгаа нь үйлдлээрээ хамтран оролцож байгаа хэлбэр бөгөөд энэ нь нотлогдон тогтоогдсон тул дахин тогтоох шаардлагагүй үйл баримт юм.

...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад заасан тэдгээрийн 13 өмгөөлөгч гэдэг байдлаар гаргасан техникийн шинжтэй алдааг засварлаж, мөн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлээгүй орхигдуулсныг шийдвэрлэж, анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна” гэв.

 

13.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Л.Н бичиг үсэг мэдэхгүй, сургуульд сураагүй болох баримт хэрэгт авагдсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн.., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар сэдэлт, санаа зорилгыг нь шалгаагүй.., Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний талаар огт дурдаагүй орхигдуулчихсан. Шүүх хуралдаанд 3 өмгөөлөгч орсон байхад 13 өмгөөлөгч ороогүй гэж буруу бичсэн.., Мөн таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудал үндэслэлтэй бичигдэх ёстой. Яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан байдаг ба хамтран оролцох хэлбэрийг  маш тодорхой тогтоох ёстой байтал ялгаж, салгаж мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Яллах дүгнэлтээ таамаглал байдлаар үйлдсэн.

...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгохоос илүүтэйгээр шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатын шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, Л.Н, Д.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

14.Шүүгдэгч Т.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нарт холбогдох эрүүгийн 2134000000251 дугаар хэргийг шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Б.Баярмагнай, шүүгдэгч Л.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

1. Эрүүгийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь цаашид хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог болно.

2.Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хуулийн хүчин төгөлдөр болсон давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ДШМ/65 дугаар магадлалаар “...шүүгдэгч Т.Г нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт өөрийн адуугаа хайн явж байх үедээ хохирогч ..........9 тооны, ..........өмчлөлийн 7 тооны буюу бусдын нийт 16 тооны үхрийг өөрийн унаж явсан хээр зүсмийн мориор туун явж байхдаа Л.Нтай утсаар ярьж "Дарцагтын ар" гэх газарт очих үед Л.Н нь цагаан өнгийн "Маяти" маркийн автомашинтай ирж тосож авч уг машин нь шаварт хий эргэн цааш явах боломжгүй болсон тул Л.Н нь машинаа орхин явганаар Т.Гийн хамт үхрүүдийг туун "Хавцгайтын эх" буюу "Хөтөл" гэх газарт Д.Гд хүргэн өгч, Д.Г нь уг үхрүүдийг туун явж хашаанд оруулан хашсан байдаг.

Улмаар Д.Г, Л.Н нар нь өөрсдийн эхнэрүүдийн хамт дээрх үхрүүдээс 3 тооны үхрийг нядлан, Д.Г нь шүүхийн шийдвэрийн дагуу зээл төлөх гэж байгаа хэмээн хэлж Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Ч.Ганчимэгээс малын гарал үүслийн бичиг гаргуулан авч махыг нь тээвэрлэн Улаанбаатар хотод аваачин худалдан борлуулсан үйл баримтын талаар тусгагдсан байдаг.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын 2022 оны 10 дугаар
сарын 17-ны өдрийн 23 тоот тогтоолоор яллагдагч Д.Гд холбогдох хэргийг
"...Т.Г, Л.Н нартай санаатай нэгдэж бусдын олон тооны малыг
хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай тогтоогдоогүй..." гэх,

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.Нд холбогдох хэргийг "...хулгайлах гэмт хэрэг бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд Л.Нгийн хувьд шүүгдэгч Т.Гийг хууль ёсны өмчлөлийн эд зүйлс, өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч захиран зарцуулах боломж буй болгосны дараа буюу гэмт хэрэг төгссөний дараа Л.Н, Д.Г нар ирсэн талаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогддог гэх Эрүүгийн хуулийг үндсэн агуулгаас нь өөрөөр ойлгон буруу тайлбарлаж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж тэдэнд холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон...” гэх дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3.Төв аймгийн Прокурорын газрын дээд шатны прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Д.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгосон, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ..........өмчлөлийн 9 тооны үхэр, хохирогч ..........өмчлөлийн 7 тооны үхэр нийт 16 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг хэн хэзээ, хаана, ямар арга хэрэгсэл ашиглаж хууль бусаар өөрийн эзэмшилдээ авсан, мөн хулгайн мал болохыг мэдсээр байж хэн хэн хэзээ хаана хүлээн авч хашаалсан, үхрээс гурвыг нядалж махыг нь худалдан борлуулсан талаарх үйл баримтыг шалгаж нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон байна.

 

4.Харин Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллагдагч Т.Г, Л.Н, Д.Г нарыг бүлэглэж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 147Б дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч нар тухайн гэмт хэрэг үйлдэх явцад ямар үйлдэл, хүсэл, зорилгоор нэгдсэн талаар тодорхой тусгаагүй байхад анхан шатны шүүх хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзсэн.

Мөн шүүгдэгч Л.Н, Д.Г нарын холбогдсон гэмт үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хэрхэн хангасан, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр шүүх хуралдааны шатанд хэрхэн нотлогдсон талаар дүгнэлт өгөөгүй, энэ талаар маргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, Б.Баярмагнай, Ж.Нарантуяа нарын тайлбарыг няцаасан хууль зүйн дүгнэлтийг нотлох баримтад тулгуурлан хийгээгүй атлаа шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон, шүүгдэгч нарт ямар үндэслэлээр ялыг ялгамжтай оногдуулсан нь ойлгомжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой тул мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй хүсэл, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр.

Энэ тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болдог.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл болов.

5.Анхан шатны шүүхээс гаргах шийдвэрийн хэлбэр, бүтэцийн хувьд: Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байх ба удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байхыг хуульчилсан.

  

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах.” гэж тус тус хуульчлагджээ.

Шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нарын гэмт хэрэг үйлдсэн байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тэдний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан тухайн зүйл, заалтыг хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Гт 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.Н, Д.Г нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус оногдуулж,...шийдвэрлэв...” гэх дүгнэлт хийсэн байгаа ч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрхэн хэрэглэж ял оногдуулсан нь тодорхой бус болжээ.

Түүнчлэн шүүх дээрх дүгнэлтийг хийсэн атлаа шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын ял хөнгөрүүлэх саналд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.” гэх зөрүүтэй  дүгнэлт хийсэн  нь ойлгомжгүй, шүүхэд эрх олгосон дээрх хуулийн заалтыг хэрэглэсэн эсэхэд эргэлзээ үүсгэж байна.

 

6. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн гаргасан алдаа, зөрчлийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх эрхтэй ч дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд шууд хамаарч байна.

 

7.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэхдээ шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Гы өмгөөлөгч Т.Урангэрэл, Б.Баярмагнай нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “...гэмт хэргийн хамтран оролцох хэлбэр, хэргийн зүйлчлэл болон шүүхийн шийдвэрийн бүтэцтэй холбогдуулан ...” гаргасан хэсгийг хүлээн авч, гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

8.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

9. Анхан шатны шүүх Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаар “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтад “Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шийтгэх /цагаатгах/ тогтоол боловсруулах аргачлал”-ын 1.1-т “...бусад оролцогч болох иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хохирогч, гэрч, шинжээч нарын нэрсийг зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана...” гэснийг цаашид анхаар нь зүйтэй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Гы өмгөөлөгч Т.Урангэрэл, Б.Баярмагнай нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “...гэмт хэргийн хамтран оролцох хэлбэр, хэргийн зүйлчлэл болон шүүхийн шийдвэрийн бүтэцтэй холбогдуулан ...” гаргасан хэсгийг хүлээн авч, хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

  ШҮҮГЧИД                                     А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                     З.ТҮВШИНТӨГС