| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 191/2025/01015/И |
| Дугаар | 191/ШШ2025/02403 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/02403
2025 03 24 191/ШШ2025/02403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Ж овогт Цийн М,
Н.Гыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.М,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Ц.М миний бие нь 2024 оны 09 сарын 02-ны өдөр иргэн Н.Гад 132.000.000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлүүлсэн. Н.Га нь зээл авахдаа надад тоот хаягт байрлах, улсын дугаартай, 61.51 м.кв талбай бүхий 3 өрөө өөрийн орон сууцыг барьцаанд тавьсан. Тус зээлийг өгөхөд Н.Гын ах гэх хүн байсан ба уурхайд ажиллуулах гэж байгаа гэх зүйлийг хэлж байсан. Бид зээлийн гэрээ, барьцааны гэрээг албан ёсоор байгуулж, нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээнд зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй нөхцөлд зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлдэгч нь зээлдүүлэгчид 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Н.Га нь зээл авснаасаа хойш үндсэн зээл болон зээлийн хүү нэг ч төгрөг төлөөгүй. Н.Га нь зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй байсан тул би Н.Гаас үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн хамт 161.040.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан боловч шүүхээс хариуцагч нь хаягтаа байдаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд Н.Гыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.М нь Н.Гыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.М нь Н.Гатай 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 132.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд 161.040.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлд Н.Га нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
Н.Га нь тоотод бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/02986 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн CVL2511990001008716 дугаартай “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн CVL2511990001008717 дугаартай “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Н.Га нь оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн дугаар регистртэй, эрэгтэй, Б овогт Нн Гыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Гыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Ц.М -д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН