| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/01095/И |
| Дугаар | 191/ШШ2025/02398 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/02398
2025 03 24 191/ШШ2025/02398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод байрлах, “Х” ХХК /РД:/,
И.Сг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
И.С нь манай компанитай 2022 оны 07-р сарын 26-ны өдөр тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4.499.900 төгрөгийг сарын 2.55 хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч И.С нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung Galaxy A52 128 GB Blue загварын гар утас, Toshiba 50М550КР загварын зурагтыг "П ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч И.С барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 01-р сарын 16-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4.636.866.32 төгрөг төлөх байснаас 448.380 төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 4.188.486.32 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 794 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн тоот хаягаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШЗ2024/14077 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд И.Сг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК нь И.Сг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК нь И.Стай 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 4.499.900 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд 3.521.681 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлд И.С нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
И.С нь тоотод бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШЗ2024/14077 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн CVL2511990001008728 дугаартай “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн CVL2511990001008729 дугаартай “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр И.С нь оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн дугаар регистртэй, эмэгтэй, Б овогт Иын Сг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар И.Сг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН