Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2026/0103

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “С” ХХК,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.А,

            Хариуцагч: Баян-Өлгий  аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал  К.Х,

            Хариуцагч: Баян-Өлгий  аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын  2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/12 дугаар тушаалаар байгуулсан Үнэлгээний хороо,

            Хариуцагч Баян-Өлгий  аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын  2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/12 дугаар тушаалаар байгуулсан Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ан А,

            Гуравдагч этгээд: “А” ХХК,

            Гуравдагч этгээд  “А” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч:С.Ж,

Гуравдагч этгээд: “Б” ХХК нарын  хоорондын   тендер шалгаруулалттай холбоотой маргааныг хянан  хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Альфараби,  хариуцагч  Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, гуравдагч этгээд “А” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч  “С” ХХК нь Баян-Өлгий  аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал болон тус сургуулийн захирлын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/12 дугаар тушаалаар байгуулсан Үнэлгээний хороонд холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулиас зарласан БӨАБУСЕБС/20260102003 дугаартай “Дотуур байрны хоол хүнс худалдан авах” тендер шалгаруулалтын 1, 2, 3, 4 дүгээр багцын үнэлгээний үр дүн болон Үнэлгээний хорооны 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэлийн холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, тус багцуудад хуулийн дагуу дахин үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд даалгах, Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын болон “А” ХХК-ийн хооронд байгуулсан /багц 1, багц 3/, мөн “Б” ХХК-ийн хооронд байгуулсан /багц 2, багц 4/ худалдан авах ажиллагааны гэрээнүүдийг тус тус хүчингүй болгох, “С” ХХК-ийг 1, 2, 3, 4 дүгээр багцуудын шаардлагыг хангасан, хамгийн сайн үнэлэгдсэн оролцогчоор тогтоож, худалдан авах ажиллагааны гэрээ байгуулах эрх олгохыг Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралд даалгах”-аар маргаж байна. 

2. Үнэлгээний хорооны 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар уг тендер шалгаруулалтын багц 1, багц 3-д   “А” ХХК, багц 2, багц 4-т “Б” ХХК-тай тус тус  гэрээ байгуулах эрх  олгох зөвлөмж гаргасан,  тухайн багцуудад “С” ХХК шаардлага хангаагүй тул  тендерээс татгалзаж шийдвэрлэснээр Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаас 2026 оны 5 дугаар сарын 18, 20-ны өдөр “А” ХХК-тай мах, махан бүтээгдэхүүн болон гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ ,  2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Б” ХХК-тай жимс, хүнсний ногоо  болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнүүдийг тус тус байгуулсан .

           3. Нэхэмжлэгч “С” ХХК-аас уг тендер шалгаруулалтын талаар гаргасан гомдлыг Сангийн яамны 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 03/5620 дугаартай албан бичгээр  буцаасан байх ба  Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаас дээрх компаниудтай гэрээ  байгуулсан тул 2026 оны  5 дугаар  сарын 29-ний өдөр шүүхэд  нэхэмжлэл гаргажээ.       

4. Нэхэмжлэгч “С” ХХК  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

        “Нэхэмжлэгч “С” ХХК нь захиалагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулиас зарласан БӨАБУСЕБС/20260102003 дугаартай “Дотуур байрны хоол хүнс” хүнсний материал худалдан авах цахим тендер шалгаруулалтад хууль тогтоомж болон тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу бүх материалаа цахим системээр /www.tender.gov.mn/ бүрэн гүйцэд илгээж оролцсон. Гэвч хариуцагч Үнэлгээний хорооны 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №02 дугаартай хурлын тэмдэглэл болон 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 85 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр манай багц 1, багц 2, багц 3, багц 4-өөс “Бүтээгдэхүүний шинжилгээний хуудас болон тохирлын гэрчилгээ ирүүлээгүй” гэх ганц үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг баримтлан үндэслэлгүйгээр татгалзаж, “А” ХХК болон “Б” ХХК-иудыг шалгаруулсан шийдвэр гаргажээ.

Манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч 2026 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сангийн яаманд урьдчилан шийдвэрлүүлэх гомдол гаргасан. Сангийн яамнаас тус гомдлыг хянаад 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хариу тайлбар/шийдвэрийг гаргасан боловч тус бичгийг манай компани 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдөр цахим шуудангаар албан ёсоор хүлээн авч танилцсан. Сангийн яамны хариу тайлбарт дурдсан үндэслэлүүдийг няцааж, бодит байдлыг тогтоолгохоор манай компани 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сангийн яаманд дахин гомдол гаргасан. Гэвч Сангийн яамнаас  2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хариу бичигтээ “Гомдол гаргах хугацаа хэтэрсэн” гэх шалтгаанаар манай дахин гаргасан гомдлыг хэлэлцэлгүйгээр буцааж, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг эцэслэсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацаандаа шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. 

Үнэлгээний хорооны энэхүү шийдвэр, үнэлгээний үйл ажиллагаа нь дараах хууль зүйн ноцтой үндэслэлүүдээр илтэд хууль бус бөгөөд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Нэг тендерийн хүрээнд өөрийгөө үгүйсгэсэн, логикийн ноцтой зөрчилтэй шийдвэр гаргасан тухайд:

Үнэлгээний хорооны 02 дугаартай хурлын тэмдэглэлээс үзэхэд, манай "С" ХХК-ийг Багц 1, 2, 3,4-өөс "Бүтээгдэхүүний шинжилгээний хуудас, тохирлын гэрчилгээ ирүүлээгүй" гэж хассан мөртлөө Багц 5 (Сүү, сүүн бүтээгдэхүүн)-д манай компанийг шаардлага хангасан гэж үзэж, шалгаруулан гэрээ байгуулах эрх олгосон байна.

Манай компани тус тендерт оролцохдоо багц тус бүрээр тусдаа хуулийн этгээдийн хувиар биш, нэг урилгатай нэгдсэн цахим тендерт материалаа нэг системээр, нэг хавтас файл болгон илгээсэн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, гурил, талх боовны хууль ёсны Тохирлын гэрчилгээнүүд болон Лабораторийн шинжилгээний дүнгийн хуудаснууд бүгд нэг цахим материал дотор цуг илгээгдсэн. Хэрэв манай компанийн ирүүлсэн техникийн материал, тохирлын гэрчилгээнүүд үнэхээр дутуу байсан бол хороо манайхыг Багц 5-д шалгаруулах хууль зүйн боломжгүй байсан. Энэхүү логикгүй шийдвэр нь Үнэлгээний хороо манай компанийн материалыг бодитоор бүрэн хянаж үнэлээгүй, манай компанийг зориуд хасаж, бусад компаниудад давуу байдал олгох зорилгоор бодит байдлыг мушгин гуйвуулж, хууль бус үнэлгээ хийснийг шууд баталж байна.

Худалдан авах ажиллагааны цахим систем дээр тус тендер шалгаруулалтын үнэлгээний явц, статус нь 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл "НЭЭСЭН" буюу үнэлгээ албан ёсоор үргэлжилж байсан статустай байсан. Хуулийн дагуу тендерийн үнэлгээний хугацаа дуусаж, систем хаагдахаас өмнө Үнэлгээний хороо эцсийн шийдвэр гаргаж, оролцогчийг хасах эрхгүй. Гэтэл Үнэлгээний хороо хуульд заасан хугацааг үл тоомсорлон, статус нээлттэй байхад буюу 7 хоногийн өмнө 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж (Протокол №02), манай компанийг хасахаар урьдчилан тохирч шийдвэрлэсэн байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх зарчим болон худалдан авах ажиллагааны цахим журмыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. 

Үнэлгээний хороо манай "С" ХХК-ийн ирүүлсэн тендерийн саналд "Бүтээгдэхүүний шинжилгээний хуудас", "Тохирлын гэрчилгээ" хавсаргагдсан байсаар атал бодит нөхцөл байдлыг зориуд мушгин гуйвуулж, дутуу мэтээр үнэлсэн. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар тендерийг хянан үзэхдээ оролцогч бүрд тэгш хандах үүрэгтэй. Гэтэл шалгаруулсан гэх "А" ХХК болон "Б” ХХК нь тендерийн баримт бичигт заасан үндсэн шаардлагуудыг хангаагүй, материал нь илт дутуу, дотуур байрны хоол хүнсний материалын техникийн тодорхойлолтыг нотолж чадахгүй байхад "шаардлага хангасан" гэж үзэж давуу байдал олгосон байна. Энэ үйлдэл нь “тэгш эрхтэй, шударга, ил тод, өрсөлдөх боломжтой байх" зарчмыг шууд зөрчиж, манай компанийн шударгаар өрсөлдөх эрхийг хязгаарласан. 

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоох үүрэгтэй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар материал эргэлзээтэй эсвэл тодорхой бус байвал цахимаар тодруулга авах эрхтэй бөгөөд төрийн мэдээллийн сангаас шүүж үзэх бүрэн боломжтой байсан.

Манай компани Стандарт, хэмжил зүйн газрын хүчин төгөлдөр №БӨД6897, №СА-MNS/25/08/95, №СА-МNS/25/08/96 дугаартай Тохирлын гэрчилгээнүүд болон итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн №26-89, №26-90, №26-91 дугаартай Шинжилгээний дүнгийн хуудаснуудаа бүрэн илгээсэн байхад Үнэлгээний хороо ямар ч тодруулга авалгүйгээр, бодит байдлыг шалгалгүй шууд татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр нь "бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх" шаардлагыг зөрчсөн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтуудыг удирдлага болгон Үнэлгээний хорооны хууль бус үнэлгээг хүчингүй болгож, манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

           5. Хариуцагч Баян-Өлгий  аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал   хариу тайлбартаа:

“Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар Е.Бөкенээр ахлуулсан төрийн албан хаагчдаас бүрдсэн үнэлгээний хороо байгуулагдсан. Дотуур байрны хоол хүнс, материал худалдан авахтай холбоотой баримт бичгүүдийг шаардлагын дагуу цахим худалдан авах ажиллагааны систем болох www.tender.gov.mn сайтад бүрэн байршуулсан. 

Үнэлгээний хорооны хурал 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр болж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шалгарсан болон татгалзсан бүх оролцогчид албан ёсны мэдэгдлийг хавсралтын хамт хуульд заасан хугацаанд хүргүүлэхийг сургуулийн захиралд даалгасан. 

Үнэлгээний хорооны шийдвэрээр: А ХХК - Багц 1, Багц 3, Б ХХК - Багц 2, Багц 4, С ХХК - Багц 5-д тус тус гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн. Үүний дараа 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр "С ХХК"-ийн төлөөлөгч, багш М.Есей нь Сангийн яаманд гомдол гаргасан талаар амаар мэдээлсэн. Гэвч бидэнд ямар нэгэн байгууллага болон тендерт оролцогч компаниудаас албан ёсны гомдол, санал, шийдвэр ирээгүй болно. 

“С” ХХК гомдол гаргасан талаар мэдээлснээс хойш 20 хоногийн дараа тендерт шалгарсан "Б ХХК" болон "А ХХК"-тай гэрээ байгуулсан. Үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шалгарсан компаниудтай гэрээ байгуулсан бөгөөд тендертэй холбоотой бүх материалыг зохих журмын дагуу хүлээлгэн өгсөн болно” гэжээ.

          6. Хариуцагч Баян-Өлгий  аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын  2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/12 дугаар тушаалаар байгуулсан Үнэлгээний хороо хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

          “Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн БӨАБУСЕБС/20260102003 дугаартай “Дотуур байрны хоол, хүнс” нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/12 тоот тушаалаар байгуулагдсан. Үнэлгээний хороо Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн БӨАБУСЕБС/20260102003 дугаартай “Дотуур байрны хоол, хүнс” нийлүүлэх ажлын тендерийг өгөгдсөн техникийн тодорхойлолтын дагуу нэр, төрлөөр нь 5 багц тендер болгож, www.tender.gov.mn сайтад нээлттэй зарлаж, тендерийг хүлээж авч, нээж, үнэлгээ хийсэн. Үнэлгээний хороо 5 багц тус бүрд ирүүлсэн тендерүүдийг хянан үзэхэд,

Багц 1. Мах, махан бүтээгдэхүүний тендерт 3 компани үнийн санал ирүүлсэн “С” ХХК нь бүтээгдэхүүний шинжилгээний хуудас болон тохирлын гэрчилгээ ирүүлээгүй, “Халзанбулаг” ХХК татварт өртэй байна гэж үнэлж татгалзсан. Уг багцад шалгарсан “А” ХХК тендерийн материалаа бүрэн ирүүлсэн байна гэж үнэлсэн.

Багц 2. Жимс, хүнсний ногоо бүтээгдэхүүний тендерт 5 компани үнийн санал ирүүлсэн. “С” ХХК нь бүтээгдэхүүний шинжилгээний хуудас болон тохирлын гэрчилгээ ирүүлээгүй, “АССУ” ХХК, “А” ХХК, “ТӨГРӨГ КӨЛ” ХХК-иуд шаардлага хангасан боловч үнийн санал өндөр байна гэж үнэлж татгалзсан. Уг багцад шалгарсан “Б” ХХК тендерийн материалаа бүрэн ирүүлсэн байна гэж үнэлсэн.

Багц 3. Гурил, гурилан бүтээгдэхүүний тендерт үнийн санал ирүүлсэн “С” ХХК нь бүтээгдэхүүний шинжилгээний хуудас болон тохирлын гэрчилгээ ирүүлээгүй, “Халзанбулаг” ХХК татварт өртэй, “Жанбаглан” ХХК шаардлага хангасан боловч үнийн санал өндөр байна гэж үнэлж татгалзсан. Уг багцад шалгарсан “Аптыншах” ХХК  тендерийн материалаа бүрэн ирүүлсэн байна гэж үнэлсэн.

Багц 4. Хүнсний бүтээгдэхүүний тендерт үнийн санал ирүүлсэн “С” ХХК бүтээгдэхүүний шинжилгээний хуудас болон тохирлын гэрчилгээ ирүүлээгүй, “Өгөөжбарс” ХХК, “Ассу” ХХК, “Төгрөг көл” ХХК, “А” ХХК-иуд шаардлага хангасан боловч үнийн санал өндөр байна гэж үнэлж татгалзсан. Уг багцад шалгарсан “Б” ХХК тендерийн материалаа бүрэн ирүүлсэн байна гэж үнэлсэн.

Багц 5. Сүү, сүүн бүтээгдэхүүний тендерт үнийн санал ирүүлсэн “С” ХХК-ийн тендерийг шалгаруулсан. Шалгаруулсан үндэслэл нь энэ багцад 2 компани үнийн санал ирүүлсэн байсан ба “Халзанбулаг” ХХК-ийн хувьд цахим системээс татсан тодорхойлолтод татварт өртэй байсан. “С” ХХК-ийн хамаарал бүхий этгээд Н.Есей тендерийн материалд хавсрагдаагүй, орхигдсон байна гэж бүтээгдэхүүний шинжилгээний хуудас болон тохирлын гэрчилгээг үнэлгээний хороонд авч ирж эх хувийг нь үзүүлсэн учир бүтээгдэхүүний шинжилгээний хуудас болон тохирлын гэрчилгээг байгааг харж, Дотуур байрны хоол, хүнсний сүүн бүтээгдэхүүний хэвийн нийлүүлэлтийг хангуулахын тулд мөн сүүн бүтээгдэхүүний багцыг дахин зарлаж цаг хугацаа алдаж сүү нийлүүлэлт тасарч хэвийн үйл ажиллагаа алдагдуулахгүй байх үүднээс Үнэлгээний хороо шалгаруулахыг дэмжээд явсан.

Бид нар тендер нээснээс хойш ажлын 15 хоногийн дотор үнэлгээг хийгээд, тендерийг шалгаруулж, цахим системд нийтлэх ёстой. Бид хуулийн хугацаанд үнэлгээг хийсэн.  Нэхэмжлэгч тал мэдэгдэл авсан үед системд үр дүнг нийтлээгүй байна гэж ярьж байна. Тухайн үед системд нийтлэх боломжгүй байсан. Яагаад гэвэл сургуулийн захирлын   гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй албан мэдэгдлийг тухайн компаниуддаа өгөх ёстой. Тэр мэдэгдлийг авангуут бид нар систем дээр  нийтлэх ёстой байсан. Тухайн үед  сургуулийн захирал Улаанбаатар хот руу албан ажлын журмаар явсан байсан учраас хугацаанд нийтлэгдээгүй асуудал байсан” гэв. 

7.Гуравдагч этгээд “А” ХХК  шүүхэд ирүүлсэн тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

       ““А” ХХК нь Бугат сумын ерөнхий боловсролын сургуулиас зарласан БӨАБУСЕБС/20260102003 дугаартай худалдан авах ажиллагааны тендерт оролцож, тендерийн баримт бичигт заасан бүх шаардлагын дагуу материалаа хугацаанд нь цахим системээр хүргүүлсэн болно. Үнэлгээний хороо оролцогчдын тендерийн материалыг үнэлж, хууль болон тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийсний үндсэн дээр манай компанийг багц 1 болон багц 3-т шалгаруулсан тухай мэдэгдлийг 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлсэн. Улмаар захиалагч байгууллага болон “А” ХХК-ийн хооронд 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр худалдан авах ажиллагааны  гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилт эхэлсэн болно. Манай компани гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн зохион байгуулалт, агуулахын нөөц бүрдүүлэлт болон бусад бэлтгэл ажлыг хийж, тодорхой хэмжээний хөрөнгө, зардал гаргасан. 

       Манай компани тендер шалгаруулалтад хууль тогтоомж болон тендерийн баримт бичгийн шаардлагыг бүрэн хангаж оролцсон бөгөөд Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь манай компанийн үйл ажиллагаанаас бус харин Үнэлгээний хорооны эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр учраас “А” ХХК хуульд заасан журмын дагуу шалгарсан. Иймээс Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй нөхцөлд манай компанийг шалгаруулсан үр дүн болон түүнд үндэслэн байгуулсан гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна.  Нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж гэрээг хүчингүй болгох нь гэрээний эрх зүйн тогтвортой байдлыг алдагдуулах бөгөөд хууль ёсны дагуу шалгарсан этгээдийн эрх ашгийг хохироох үр дагавар үүсгэх буюу манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Манай компани Үнэлгээний хорооны шийдвэрт итгэн гэрээ байгуулж, гэрээний үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүгийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэвэл, манай компанийн хууль ёсоор олж авсан эрх зөрчигдөж, компанид эд хөрөнгийн хохирол учирна. Худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон эрх зүйн харилцаа үндэслэлгүйгээр тасалдана. Тендерт шударгаар оролцсон оролцогчийн хууль ёсны ашиг сонирхол хохирох нөхцөл байдал үүснэ.

       Нэхэмжлэгч өөрийн шаардлагыг хангалттай нотлоогүй. Нэхэмжлэгч нь Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж тайлбарласан боловч уг шийдвэр ямар хууль, ямар заалтыг зөрчсөн болохыг эргэлзээгүй нотолсон баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна. Үнэлгээний хорооны шийдвэр нь тухайн үед байсан нотлох баримт, оролцогчдын ирүүлсэн материалд үндэслэн гарсан бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийн субьектив тайлбараар уг шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй. “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

            8. Гуравдагч этгээд “Б” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

     “Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулиас зарласан БӨАБУСЕБС/20260102003 дугаартай “Дотуур байрны хоол хүнс” худалдан авах тендер шалгаруулалтад хуульд заасан шаардлагын дагуу шаардсан бүх бичиг баримтаа бүрдүүлэн хуулийн дагуу оролцсон. Манай “Б”  ХХК-ийн  бүх бичиг баримт нь хуулийн дагуу зөрчилгүй. Шалгаруулсан багцуудын дагуу үйл ажиллагаа явуулдаг буюу хуурай хүнс, жимс ногооны жижиглэн ба бөөний дэлгүүр юм. Тендерийн Үнэлгээний хороо тендерийн баримт бичиг болон холбогдох хууль, журмын дагуу үнэлгээ хийж шалгаруулсан гэж үзэж байна. Дурын иргэн, эсвэл ХХК, албан байгууллага мэтээр дур мэдэн оролцож, шударгаар үйл ажиллагаа явуулж өрсөлдөж байгаа бидний нэр хүндэд үндэслэлгүй халдаж шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргаад байдаг зүйл биш гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын дурдсан үндэслэл нь бодит нөхцөл байдал болон нотлох баримттай нийцэхгүй байна. Тус нэхэмжлэгч “С” ХХК нь талх нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг этгээд юм. Өөр компаниудтай шууд бус гэрээ байгуулж тендерт оролцож, гүйцэтгэлийн үед гуравдагч этгээдээр дамжин бараа материалуудаа ханган нийлүүлдэг. Тус тендерийн багцуудыг тохирлын гэрчилгээ ба бусад бичиг баримтуудаас гадна тодорхой хаяг байршил, тус багцын техникийн тодорхойлолтод заасны дагуу үйл ажиллагаа эрхэлдэг байх хуль журамтай билээ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн  “Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулиас зарласан БӨАБУСЕБС/20260102003 дугаартай “Дотуур байрны хоол хүнс худалдан авах” тендер шалгаруулалтын 1, 2, 3, 4 дүгээр багцын үнэлгээний үр дүн болон Үнэлгээний хорооны 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэлийн холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, тус багцуудад хуулийн дагуу дахин үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд даалгах, Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын болон “А” ХХК-ийн хооронд байгуулсан /багц 1, багц 3/, мөн “Б” ХХК-ийн хооронд байгуулсан /багц 2, багц 4/ худалдан авах ажиллагааны гэрээнүүдийг тус тус хүчингүй болгох, “С” ХХК-ийг 1, 2, 3, 4 дүгээр багцуудын шаардлагыг хангасан, хамгийн сайн үнэлэгдсэн оролцогчоор тогтоож, худалдан авах ажиллагааны гэрээ байгуулах эрх олгохыг Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралд даалгах” шаардлагатай  нэхэмжлэл үндэслэлгүй байна.

2.Баян-Өлгий  аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/12 дугаар тушаалаар  “Дотуур байрны хоол хүнс худалдан авах”  ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулах  Үнэлгээний хороог 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, уг тендерийн урилгыг 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр худалдан авах ажиллагааны цахим системээр нийтэд зарлан мэдээлсэн байх ба нийт 5 багцтай  уг тендерт шалгаруулалтын  “Мах, махан бүтээгдэхүүн”  багц 1-д 3 компани, “Жимс, хүнсний ногоо” багц 2-т  5 компани, “Гурил, гурилан бүтээгдэхүүн” багц 3-д 4 компани, “Хүнсний бүтээгдэхүүн” багц 4-т 6 компани,  “Сүү, сүүн бүтээгдэхүүн” багц 5-д 2 компани тус тус  тендер ирүүлсэн.

3.Үнэлгээний хороо тендер шалгаруулалтад оролцогчдын тендерийг 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нээн энэ талаар тэмдэглэл үйлдэж, улмаар бүх тендерийг хянан үзээд 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр  “Мах, махан бүтээгдэхүүн”, “Гурил, гурилан бүтээгдэхүүн” буюу багц 1, 3 -т  “А” ХХК-ийн, “Жимс, хүнсний ногоо”, “Хүнсний бүтээгдэхүүн” буюу багц 2,  4-т  “Б” ХХК-ийн тендерийг   захиалагчийн тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг хангасан бөгөөд  “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үнэлэн  2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар  тэмдэглэлээр гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж, зөвлөмжийг  захиалагчид өгсөн . 

Нэхэмжлэгч “С” ХХК  нь уг тендер шалгаруулалтын 5 багцад тендер ирүүлсэн  байх ба Үнэлгээний хорооноос “Мах, махан бүтээгдэхүүн” багц 1, “Жимс, хүнсний ногоо” багц 2, “Гурил, гурилан бүтээгдэхүүн” багц 3,  “Хүнсний бүтээгдэхүүн” багц 4-т  “бүтээгдэхүүний шинжилгээний хуудас болон тохирлын гэрчилгээ ирүүлээгүй”  гэсэн үндэслэлээр шаардлагад нийцээгүй тендер  гэж үзэж,   тус компанийн тендерээс татгалзсан байна. 

4.Захиалагч Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаас 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичгээр “С”  ХХК-д  сургуулийн дотуур байрны мах, махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн  нийлүүлэх БӨАБУСЕБС/20260102003 дугаартай “Дотуур байрны хоол хүнс худалдан авах” тендер шалгаруулалтад шаардлага хангаагүй тул шалгараагүй болохыг, мөн багц 1,3-т “А” ХХК, багц 2,4-т “Б” ХХК-ийг гүйцэтгэгчээр  шалгаруулсан  талаар тус тус  мэдэгдсэн, улмаар 2026 оны 5 дугаар сарын 18, 20-ны өдөр “А” ХХК-тай мах, махан бүтээгдэхүүн болон гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, 2026 оны 5 дугаар сарын  20-ны өдөр  “Б” ХХК-тай жимс, хүнсний ногоо  болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнүүдийг байгуулсан  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 84-101,104-126, 2 дах хавтаст хэргийн 99-113,157-159 дэх тал,компаниудын тендер/  тус тус тогтоогдож байна.

5.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 12 дугаар зүйлийн 12.1-т “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана”, 15 дугаар зүйлийн 15.5-д “Гэрээний үүргийг гүйцэтгэхэд хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ шаардах бол тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж   тус тус зохицуулсан. 

Хуулийн дээрх заалтуудын хүрээнд захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын  нөхцөл, шаардлагыг тодорхойлсон тендерийн баримт бичиг  болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1 гэсэн хэсэгт “-Техникийн тодорхойлолтод заасан бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол, чанар аюулгүй байдлын итгэмжлэгдсэн лабораторийн  шинжилгээнд хамруулж, баталгаажуулсан шинжилгээний бичигтэй байна. -Техникийн тодорхойлолтод заасан бараа бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээ ирүүлнэ” гэж тус тус  заасан байна. 

6. Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн “Дотуур байрны хоол хүнс худалдан авах”  тендер шалгаруулалтад нэхэмжлэгч “С”  ХХК-аас цахим системээр илгээсэн тендерт Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-т заасан  баримт бичгүүд болох бараа бүтээгдэхүүний шинжилгээний бичиг, тохирлын гэрчилгээ гэсэн баримт бичгүүд байхгүй болох нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Үнэлгээний хорооны   2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл, нэхэмжлэгч компанийн тендерийн баримт бичгээр тус тус нотлогдсон болно. 

Харин  багц 1,2,3,4-т шалгарсан “А” ХХК, “Б” ХХК-ийн хувьд  бараа бүтээгдэхүүний шинжилгээний бичиг, тохирлын гэрчилгээ гэсэн баримт бичгүүдийг тендерийн баримт бичигтээ ирүүлсэн нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон.  

7.Нэхэмжлэгч талаас “тендер шалгаруулалтад бүх материалаа цахим системээр /www.tender.gov.mn/ бүрэн гүйцэд илгээж оролцсон, 20 төрлийн баримтыг системд бүрэн оруулж баталгаажуулсан, шүүхээс цахим системд хийсэн үзлэгээр  18 төрлийн баримт харагдаж байгаа нь баримтыг устгасан болон бусад техникийн нөхцөл байдалтай холбоотой байх үндэслэлтэй” гэж  маргасан  ба хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар “Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд компаниуд тендерийн бичиг баримтаа илгээхдээ тоон гарын үсгийг ашигладаг. Тухайн тендерийг нээх үед Төрийн худалдан авах ажиллагааны системээс тендер нээх код ирдэг бөгөөд уг кодоор нээхэд тухайн тендерийн баримт бичгийг илгээсэн хуулийн этгээдийн бүх баримт бичиг нээгдэх ёстой. Тухайн хуулийн этгээдээс илгээсэн тендерийн материалыг ямар нэгэн байдлаар өөр этгээд устгах боломжгүй.Нэхэмжлэгч “С” ХХК-ийн удирдлагууд тендер шалгаруулах явцад удаа дараа ирж уулзан, тодруулга авч байсан. Тухайн үед мөн цахимаар илгээсэн баримт бичигт Үнэлгээний хорооноос ямар нэгэн байдлаар нөлөөлөх, устгах боломжгүй талаар тайлбарлаж байсан. Тэгэхээр ямар нэгэн явуулсан тендерийн баримт бичиг устаад алга болчихдог, эсвэл ямар нэгэн өөрчлөлт оруулах  зэрэг асуудал огт байхгүй. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем хуулиар батлагдсан, хамгаалагдсан систем байгаа”  гэсэн  тайлбар гаргасан.

8.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээнэ”, уг тендер шалгаруулалтын баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 13.3-т “Оролцогч өөрийн тендерийн бүх баримт бичиг, мэдээллийн хүчинтэй байдлыг нягтлах үүрэгтэй бөгөөд үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцна”  гэж  тус тус заасан ба шүүхээс төрийн худалдан авах ажиллагааны цахим системд хийсэн үзлэг, Үнэлгээний хорооны 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн нээлтийн тэмдэглэл, 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл, Үнэлгээний хорооноос  ирүүлсэн оролцогч компаниудын тендер зэргээс үзэхэд нэхэмжлэгч компанийн тендерийн баримт бичгийн заримыг устгасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. 

Үүнээс гадна, нэхэмжлэгч “С” ХХК -д  Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 85 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр  “бүтээгдэхүүний шинжилгээний хуудас, тохирлын гэрчилгээ” ирүүлээгүй гэсэн үндэслэлээр  тендер шалгаруулалтад шалгараагүй талаар мэдэгдсэн байх ба  тус компаниас Сангийн яамд гаргасан 2 удаагийн гомдолд  “цахим системд 20 төрлийн баримтыг бүрэн оруулж баталгаажуулсан байхад 18 төрлийн баримт харагдаж байгаа” гэх асуудлын талаар буюу “бүтээгдэхүүний шинжилгээний хуудас, тохирлын гэрчилгээг цахимаар илгээсэн байхад устгасан, эсхүл харагдахгүй байгаа”  талаар  маргаагүй, харин бусад  компанийн тендер шаардлага хангаагүй гэж  маргасан байгаагаас  үзэхэд нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

9.Мөн нэхэмжлэгч талаас  “"С" ХХК-ийг багц 1, 2, 3, 4-өөс бүтээгдэхүүний шинжилгээний хуудас, тохирлын гэрчилгээ ирүүлээгүй гэж хассан мөртлөө багц 5 (сүү, сүүн бүтээгдэхүүн)-д шаардлага хангасан гэж үзэж шалгаруулан, гэрээ байгуулах эрх олгосон байна. Манай компани тус тендерт оролцохдоо багц тус бүрээр тусдаа хуулийн этгээдийн хувиар биш, нэг урилгатай нэгдсэн цахим тендерт материалаа нэг системээр, нэг хавтас файл болгон илгээсэн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, гурил, талх боовны хууль ёсны тохирлын гэрчилгээнүүд болон лабораторийн шинжилгээний дүнгийн хуудаснууд бүгд нэг цахим материал дотор цуг илгээгдсэн. Хэрэв манай компанийн ирүүлсэн техникийн материал, тохирлын гэрчилгээнүүд үнэхээр дутуу байсан бол Үнэлгээний хороо манайхыг багц 5-д шалгаруулах хууль зүйн боломжгүй байсан” гэсэн тайлбар гаргаж,  нэхэмжлэлдээ мах,махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний  шинжилгээний дүн болон тохирлын гэрчилгээг хавсарган ирүүлсэн.

Энэ талаар хариуцагчаас “Сүү, сүүн бүтээгдэхүүний багцад 2 компани үнийн санал ирүүлсэн байсан ба “Халзанбулаг” ХХК-ийн хувьд цахим системээс татсан тодорхойлолтод татварт өртэй байсан. “С” ХХК-ийн хамаарал бүхий этгээд Н.Есей тендерийн материалд хавсрагдаагүй, орхигдсон байна гэж бүтээгдэхүүний шинжилгээний хуудас болон тохирлын гэрчилгээг Үнэлгээний хороонд авч ирж эх хувийг нь үзүүлсэн учир  дотуур байрны хоол, хүнсний сүүн бүтээгдэхүүний хэвийн нийлүүлэлтийг хангуулахын тулд, мөн сүүн бүтээгдэхүүний багцыг дахин зарлаж цаг хугацаа алдаж сүү нийлүүлэлт тасарч хэвийн үйл ажиллагаа алдагдуулахгүй байх үүднээс Үнэлгээний хороо шалгаруулахыг дэмжээд явсан” гэсэн тайлбар гаргасан. 

Уг тендер шалгаруулалтад  нийт  8  компани тендерээ цахимаар ирүүлж, 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тендерийг нээж, улмаар хянан үзэхэд  нэхэмжлэгч “С" ХХК нь тендер шалгаруулалтын  өгөгдлийн хүснэгтэд заасан дээр дурдсан баримт бичгүүдийг  ирүүлээгүй болох нь тогтоогдсон байхад Үнэлгээний хорооноос үнэлгээний явцад тус компанийн хамаарал бүхий этгээдээс бүтээгдэхүүний шинжилгээний хуудас болон тохирлын гэрчилгээг  үзүүлсэн гэсэн үндэслэлээр шаардлагад нийцсэн тендер гэж үзэж,  “Сүү, сүүн бүтээгдэхүүн” багц 5-д  тус компанийг шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасантай тус тус нийцээгүй байна.

Үнэлгээний хорооноос нэхэмжлэгч “С”  ХХК-ийн тендерийг  “Дотуур байрны хоол хүнс худалдан авах” тендер шалгаруулалтын “Сүү, сүүн бүтээгдэхүүн” багц 5-д  хууль бусаар шалгаруулсан нь  бусад 4 багцад шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй . 

10. Дээрх байдлаар Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн “Дотуур байрны хоол хүнс худалдан авах”  ажлын тендер шалгаруулалтын баримт бичиг болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1  хэсэгт заасан шаардлагыг хангаагүй  тул  нэхэмжлэгч “С” ХХК-ийн тендерийг  багц 1,2,3,4-т шаардлагад нийцээгүй тендер  гэж үзэж татгалзсан болон  мөн уг тендер шалгаруулалтын “Мах, махан бүтээгдэхүүн” багц 1-д “А” ХХК-ийн, “Жимс, хүнсний ногоо” багц 2-т “Ассу” ХХК, “А” ХХК, “Төгрөг көл” ХХК, “Б” ХХК-ийн, “Гурил, гурилан бүтээгдэхүүн” багц 3-т  “Жанбаглан” ХХК, “А” ХХК-ийн,  “Хүнсний бүтээгдэхүүн” багц 4-т “Ассу” ХХК, “А” ХХК, “Төгрөг көл” ХХК, “Өгөөж барс” ХХК, “Б” ХХК-ийн тендерийг   захиалагчийн тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг хангасан  гэж үзээд улмаар шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлгээнд оруулж,   багц 1, 3-т “А” ХХК-ийн, багц 2,4-т “Б” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж, зөвлөмжийг  захиалагчид өгснөөр захиалагчаас тус компаниудтай гэрээ байгуулсан нь тус тус хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Үнэлгээний хороо болон захиалагчийн  дээрх  шийдвэр, үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх 26.4.4.тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26.10-т “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” , 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ”,27.2-т “Тендерийн нээлтэд зарлагдсан тендерийн үнэ, үнийн хөнгөлөлтөд үндэслэн харьцуулах үнийг дараах байдлаар тооцно:27.2.1.үнийн хөнгөлөлтийг оролцогчоос ирүүлсэн аргачлалын дагуу тооцох, аргачлал ирүүлээгүй бол тендерийн үнээс тооцох”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох; 28.1.2.шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай; 28.1.3.шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж заасантай  тус тус нийцсэн байна.

Түүнчлэн Үнэлгээний хороо 2026  оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тендерийг  нээснээс хойш хянан үзэх, үнэлэх ажиллагааг хийж,  2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана” гэж заасантай нийцсэнийг дурдах нь зүйтэй. 

11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, …гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан, хуулийн уг заалтын  агуулгаас үзэхэд нэгдүгээрт, захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа  нь хууль бус байх, хоёрдугаарт,энэ хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх гэсэн хуульд заасан нөхцөл нь  давхар хангагдсан тохиолдолд  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох, захиргааны акт гаргахыг даалгах үндэслэлтэй. 

Гэтэл дээрх байдлаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй тендер гэж үзэж татгалзсан нь хуульд нийцсэн, мөн “А” болон “Б” ХХК-ийг захиалагчийн тогтоосон  тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангасан, улмаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлсэн  Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байгаагаас гадна  уг шийдвэрийн  улмаас тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тендер ирүүлсэн “С” ХХК-ийн эрх , хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн  гэж үзэх үндэслэлгүй байна.   

Иймд  “Дотуур байрны хоол хүнс худалдан авах” тендер шалгаруулалтын 1, 2, 3, 4 дүгээр багцад нэхэмжлэгч компанийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж татгалзсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээд 2 компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлсэн  Үнэлгээний хорооны шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн захиалагчийн гуравдагч этгээдүүдтэй байгуулсан гэрээг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, мөн эдгээр актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй  байх тул нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулиас зарласан БӨАБУСЕБС/20260102003 дугаартай “Дотуур байрны хоол хүнс худалдан авах” тендер шалгаруулалтын 1, 2, 3, 4 дүгээр багцын үнэлгээний үр дүн болон Үнэлгээний хорооны 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэлийн холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, тус багцуудад хуулийн дагуу дахин үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд даалгах, Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын болон “А” ХХК-ийн хооронд байгуулсан /багц 1, багц 3/, мөн “Б” ХХК-ийн хооронд байгуулсан /багц 2, багц 4/ худалдан авах ажиллагааны гэрээнүүдийг тус тус хүчингүй болгох, “С” ХХК-ийг 1, 2, 3, 4 дүгээр багцуудын шаардлагыг хангасан, хамгийн сайн үнэлэгдсэн оролцогчоор тогтоож, худалдан авах ажиллагааны гэрээ байгуулах эрх олгохыг Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзээд   нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,  107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 26 дугаар зүйлийн 26.4.1,26.4.2,26.4.4,26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1,28.1.3 дах хэсгийг тус тус  баримтлан нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулиас зарласан БӨАБУСЕБС/20260102003 дугаартай “Дотуур байрны хоол хүнс худалдан авах” тендер шалгаруулалтын 1, 2, 3, 4 дүгээр багцын үнэлгээний үр дүн болон Үнэлгээний хорооны 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэлийн холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, тус багцуудад хуулийн дагуу дахин үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд даалгах, Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын болон “А” ХХК-ийн хооронд байгуулсан /багц 1, багц 3/, мөн “Б” ХХК-ийн хооронд байгуулсан /багц 2, багц 4/ худалдан авах ажиллагааны гэрээнүүдийг тус тус хүчингүй болгох, “С” ХХК-ийг 1, 2, 3, 4 дүгээр багцуудын шаардлагыг хангасан, хамгийн сайн үнэлэгдсэн оролцогчоор тогтоож, худалдан авах ажиллагааны гэрээ байгуулах эрх олгохыг Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралд даалгах”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                        С.ЕРКЕШ