| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0243/э |
| Дугаар | 262 |
| Огноо | 2018-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,
улсын яллагч Д.Мөнхцэцэг,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 1710007670203 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэсайхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух, Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Э.Б
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч П.Бг зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Э.Бгөөс: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч П.Б: “...2017 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө нөхрийн ах Б.Эгийн гэрт архи, пиво ууцгаасан, жаахан халж согтоод сахиусын талаар ярьж маргалдсан. Тэгээд нөхрийн ах намайг өөлөөд байхаар нь дургүй хүрээд хэдэн үг хэлчихсэн, тэрнээс болж манай нөхөр ахыгаа өмөөрч намайг зодсон. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
гэрч Б.Э: “...П.Б уурлаад бид нар удам угсаагаа дуудалцаж муудалцсан, манай дүү Э.Б намайг өмөөрч, эхнэрээ заамдаж, толгой руу нь гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Б: “...Юунаас ч болсон юм мэдэхгүй, аав П.Б эгч хоёр маргалдсан, Э.Б ах манай ахтай хэрэлдэж маргалдлаа гээд П.Б эгчийг загнаад барьж аваад толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №12761 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Э.Б: “...эхнэр мөчөөгөө өгөхгүй Б.Э ахын урдаас хэрэлдээд хэл амаар доромжлоод байсан учраас би тэсэхгүй түүнийг гараараа цохиод авсан, би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/,
-Оршин суугаа хаяг, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч П.Бг зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/, хохирогч П.Бгийн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Б.Эгийн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Бын мэдүүлэг /хх-20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №12761 дугаартай
Энэ хэргийн шүүгдэгч Э.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй.
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг тодорхойлсон байдаг ба, тус хуулийн 3 дугаар зүйлд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэх зэрэг этгээдийг ойлгохоор хуульчилжээ.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.
Шүүгдэгч Э.Б нь өөрийн эхнэр П.Бгийн бие махбодид халдаж, түүнийг зодон хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг заасан ба, харин мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь дээрх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тус зүйл, хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно. Хүндрүүлэх нөхцөл байдалд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдснийг” хамааруулахаар хуульчилсан, эдгээр шинжийг хангасан бол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Э.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал
Хохирогч П.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдох бөгөөд учирсан гэмтлийн улмаас учруулсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй /хх-ийн 10-11 дүгээр хуудас/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Э.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан тухай шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-ийн 50 дугаар хуудас/, ял шалгэх хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг баримт хэрэгт авагдсан ба эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.
Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.