| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2026/0103/З |
| Дугаар | 110/ШШ2026/0104 |
| Огноо | 2026-08-25 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 110/ШШ2026/0104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “ЭӨ” ХК,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Шындаулет,
Гомдлын шаардлага: “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1071946 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг тус тус хүчингүй болгох” тухай зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мукапил, гомдол гаргагчийн өмгөөлөгч Е.Малик, хариуцагч улсын байцаагч Б.Шындаулет, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Гомдол гаргагч “ЭӨ” ХК нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан, “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1071946 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг тус тус хүчингүй болгох”-оор гомдол гаргасан.
2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчаас 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1071946 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “ЭӨ” ХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах даалгавар гаргасан байна.
3. Уг шийтгэл оногдуулсан шийдвэр, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах даалгаврыг эс зөвшөөрч “ЭӨ” ХК-аас 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна.
4.Гомдол гаргагч “ЭӨ” ХК гомдлын шаардлагын үндэслэлдээ:
“ Нэг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж, гомдол гаргагчийн эрхийг хангаагүй:
Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуульд заасан ажиллагааны журам, оролцогчийн эрхийг хангах үүргээ биелүүлээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт холбогдогч нь ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх; тайлбар гаргах; өөрийгөө өмгөөлөх; өмгөөлөгч авах; нотлох баримт гаргах; нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах; зөрчлийн хэрэгтэй танилцах; ажиллагаанд биечлэн оролцох зэрэг эрхтэй болохыг хуульчилсан.
Гэтэл компанийн эрх бүхий төлөөлөгч миний бие 2026 оны 06 дугаар сарын 11- ний өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Бүгд Найрамдах Казахстан Улсад албан томилолтоор ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар хуульд заасан журмын дагуу дуудаж мэдэгдээгүй, тайлбар авах ажиллагаа явуулаагүй, хэрэгтэй танилцах, нотлох баримт гаргах, өмгөөлөгч оролцуулах боломжоор хангаагүй. Ийнхүү эрх бүхий албан тушаалтан буюу оролцогчийн эрхийг хангахгүйгээр шийдвэр гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дээрх шаардлагыг ноцтой зөрчсөн бөгөөд уг ажиллагааны улмаас гарсан шийдвэр хууль ёсны байх боломжгүй юм.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаатай холбоотой зохицуулалтын дагуу захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх шийдвэр гаргахаас өмнө тухайн этгээдэд тайлбар гаргах бодит боломж олгох үүрэгтэй. Энэ шаардлагыг биелүүлээгүй нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн байна.
Хоёр. Бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр шийдвэр гаргасан:
"ЭӨ" ХК нь Өлгий суманд хэрэгжүүлж буй "Кутты мекен" орон сууцны төслийн хүрээнд 2014 оноос эхлэн зураг төслийн магадлалын дүгнэлт гаргуулж, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн хүрээнд төслийг хэрэгжүүлж ирсэн. Төслийн барилгын ажлыг "Жанат" ХХК нь барилгын тухай хууль тогтоомж, барилгын норм, дүрмийн дагуу гүйцэтгэж байгаа бөгөөд төслийн хүрээнд нийт 15,000 м.кв талбай бүхий 81 айлын 10 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга баригдаж байна.
Компанийн зүгээс барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл авах талаар аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт удаа дараа албан бичгээр хандсан боловч хуульд заасан хугацаанд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл, зөвшөөрөлгүй болсон нөхцөл байдал нь компанийн санаатай хууль зөрчсөн үйл ажиллагаанаас бус, төрийн байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа удааширсантай холбоотой үүссэн байхад эрх бүхий албан тушаалтан уг нөхцөл байдлыг огт үнэлээгүй байна. Иймд эрх бүхий албан тушаалтан хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоож, ач холбогдол бүхий нөхцөл бүрийг шалгаж тогтоох хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
Гурав. Маргаан бүхий даалгавар нь захиргааны актын тодорхой байх шаардлагыг хангаагүй:
2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ЗХБ-50 дугаартай даалгаварт "зарим барилгууд", "зарим барилга байгууламж", "гадна шугам сүлжээ" гэх ерөнхий ойлголт хэрэглэсэн бөгөөд ямар объект, ямар байршил, ямар хууль зөрчсөн талаар тодорхой заагаагүй.Түүнчлэн "зөрчлийн үр дагаврыг арилгах" гэж заасан атлаа ямар үр дагавар үүссэн, ямар аюул, эрсдэл, хохирол бий болсон талаар огт тусгаагүй байна. Мөн барилгын бүх төрлийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоохыг шаардсан боловч ямар объектод, ямар хугацаанд, ямар нөхцөлөөр биелүүлэхийг тодорхойлоогүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны акт нь ойлгомжтой, тодорхой, биелүүлэх боломжтой агуулгатай байх ёстой. Маргаан бүхий даалгавар нь эдгээр шаардлагыг хангаагүй тул хууль ёсны захиргааны акт гэж үзэх боломжгүй байна.
Дөрөв. Авсан арга хэмжээ нь пропорциональ (зохистой) байх зарчимд нийцээгүй:
Маргаан бүхий даалгавраар барилгын бүх үйл ажиллагаа, угсралт, ашиглалтыг бүхэлд нь зогсоохыг шаардсан нь тогтоогдсон гэх зөрчлийн шинж, цар хүрээтэй харьцуулахад хэт өргөн хүрээтэй бөгөөд компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хэт их хязгаарлалт тогтоож байна. Компанийн зүгээс холбогдох зөвшөөрөл авах талаар эрх бүхий байгууллагад удаа дараа хүсэлт гаргаж, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр ажиллаж байгаа нөхцөлд хамгийн хүнд арга хэмжээг сонгосон нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны зохистой, тэнцвэртэй байх зарчимд нийцэхгүй байна.
Иймд 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ЗХБ-50 дугаартай "Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай" даалгавар болон 1071946 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мукапил шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
Мөн хамгийн ноцтой нь хэргийн материал танилцуулсан тухай ЗХБ24 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 45 минутад танилцуулсан гээд тэмдэглэл үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тухай тэмдэглэлийг мөн өдрийн 11 цаг 37 минутад аль хэдийн үйлдэж дуусгасан байна. Энэ нь улсын байцаагчийн хэргийг шалгаж шийдвэрлэхээс өмнө шийдвэрээ урьдчилан гаргасан, ажиллагааг хуурамчаар явуулсан болохыг хөтөлбөргүй нотолж байна.
Нэмж хэлэхэд, Б.Шындаулет байцаагч уг гомдлыг шийдвэрлэхэд дараах процессын болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Уг гомдлыг шийдвэрлэхэд хамт ажилладаг, ашиг сонирхлын хувьд хараат этгээдүүдээс гэрчээр мэдүүлэг авсан. Гэрчээр мэдүүлэг авахад мэдүүлгийн асуултыг хөтөлж, тулгасан байдлаар асуусан байна. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлд заасан гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг бүрэн зөрчсөн байгаа.Тухайн байгууллагын хэлтсийн дарга Х.Асхар гэдэг хүнээс мэдүүлэг авахдаа нэгэнт үйлдэгдсэн гэж урьдчилан дүгнэсэн, зааварласан шинжтэй асуулт асуусан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйл болон 4.14 дүгээр зүйлийг зөрчиж байгаа тул нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжгүй хууль бус нотлох баримт юм.
Дуудан ирүүлэх хуудсыг хэрэгт хавсаргасан байгаа. Уг дуудан ирүүлэх хуудсыг тухайн үед яг хэнд өгсөн, хэн гардаж авсан нь тодорхойгүй байгаа. Дуудан ирүүлэх хуудас дээр тухайн дуудан ирүүлэх хуудсыг гэр бүлийн хамаарал бүхий гишүүд, нэг бол хамт амьдардаг хүмүүст нь гардаж хүлээлгэж өгөх журамтай байдаг. Энийг бас зөрчсөн байгаа. Мөн шуудангаар явуулсан гэсэн боловч яг хэнд, хэзээ хүлээлгэж өгсөн нь маш тодорхойгүй. Тухайн үед “ЭӨ” компанийн захирал Тилеуберди гадаадад явж байсан болохоор энэ дуудах хуудсыг авах боломжгүй байсан, дуудах хуудас өгсөн гэдгийг мэдэх боломжгүй байсан. Энэ дээр бас алдаа гаргасан.
Шалгалтын тэмдэглэл нь бас нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Шалгалтын тэмдэглэлд хамгийн эхний нүүрэн дээр шалгуулагч этгээд гэдэг дээр ямар хаяг дээр үйл ажиллагаа явуулж байгаа, хэнийг шалгасан тухай бичих ёстой байсан. Харин эрх бүхий албан тушаалтан үүнд өөртэй хамт очсон мэргэжилтэн Асугийн хувийн мэдээлэл, овог нэр, регистрийн дугаар, утасны дугаарыг нь биччихсэн байгаа. Мөн тухайн газрыг шалгаж байгаа гэж тэмдэглэл үйлдсэн, хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй, тэмдэглэлийн доор нь Асу гэж гарын үсэг зурсан.Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэмдэглэл үйлдэх журмыг зөрчсөн гэж үзэж байгаа.
Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл мөн хэргийн материал танилцуулсан тэмдэглэл үйлдсэн байгаа. Хялбаршуулсан журмаар тэмдэглэл үйлдэхэд тэмдэглэлийн хамгийн сүүлийн багана дээр 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 37 минутад дуусгаж, тэмдэглэлийг оролцогч “Эрчимбаян-Өлгий” ХК-д уншиж, танилцуулан гарын үсэг зуруулав гэсэн байгаа. Энэ нь бодит байдал дээр нийцэхгүй байгаа. Ямар ч уншиж танилцуулсан, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй байгаа. Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл дээр мөн адилхан 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 45 минутад хэргийн материал бас танилцуулж дууссан гээд тэмдэглэл үйлдсэн. Энэ нь нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэдэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тэмдэглэл үйлдэхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “зөрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж заасан байгаа. Тэгэхээр холбогдогчийг оролцуулахгүйгээр дур мэдэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шууд торгуулийн арга хэмжээ авсан нь хууль бус, үндэслэлгүй шийдвэр юм. Эрх бүхий албан тушаалтан Б.Шындаулет Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа явуулах бүх процессыг зөрчиж, шийтгэлийн хуудас оногдуулсан байгаа. Тухайн шийдвэр нь илт хууль бус гэж үзэж байна” гэв.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Е.Малик шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
““Кутты мекен” орон сууцны төсөлд нийтдээ 80 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ба нийт 7 барилга баригдсан. Өмнө нь 4 давхар 4 барилга баригдсан байсан. Одоо 10 давхар 3 барилга баригдаж байгаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдах хүртэл угсралтын ажил явж байсан. Гэхдээ одоо зогсож байгаа.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлууд байдаг. Өнөөдөр эрх бүхий албан тушаалтнаас ямар, ямар зөрчлүүд гарсан гэж үзэж байгаа юм бэ гэж тодруулсан. Ингэхдээ нийт 4 төрлийн зөрчил дурдаж ярьж байгаа. Эдгээрийн гурван зөрчил нь Барилгын тухай хуульд заасан зөрчлүүд, нэг нь Хот байгуулалтын тухай хуульд заасан зөрчлүүд байгаа.
Холбогдогчийн зүгээс тухайн зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүдийн нэг нь бид нар зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ аваад явж байгаа. Тухайн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон бусад холбогдох баримт бичгүүдийг бид нар өөрсдөө боловсруулах боломжгүй. Гэхдээ үүнтэй холбоотойгоор холбогдох байгууллагуудад хүсэлтүүдийг гаргаж байгаа гэж тайлбарладаг. Тухайлбал, аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үүнтэй холбоотой хүсэлтүүдийг гаргаж байсан. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг ч гэсэн нэхэмжлэлдээ хавсаргаж гаргаж өгсөн. Харин төрийн байгууллагуудын зүгээс үүнтэй холбоотойгоор хариу үйлдэл хийгээгүй буюу зохих арга хэмжээг авч чадаагүй.
Ингэхдээ энэхүү зөрчил зөвхөн тухайн барилгын захиалагч этгээдийг буруутай мэтээр шийдвэр гаргасан явдалд гомдолтой байгаа. Магадгүй, зөрчил гаргасан байж болно. Тухайн барилга угсралтын ажил нь зөвхөн нэг жилийн дотор явагдаж байгаа зүйл биш. 2022,2023,2024,2025 онуудад үргэлжилж явж байгаа, үүнийг эрх бүхий албан тушаалтны зүгээс сайн мэдэж байсны хувиар 2023, 2024 онуудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад шийтгэл ногдуулж байсан. Тухайлбал, 4 давхар 4 барилгын эхний 2 барилгатай холбоотойгоор зөрчлүүдэд шийтгэл ногдуулж байсан гэсэн хэдий ч дахиад өнөөдрийн байдлаар бид нарын маргаж байгаа шийтгэлийн хуудсан дээр энэ зөрчлүүд нь давхар явж байна. Эрх бүхий албан тушаалтан өөрөө албан даалгавар өгдөг. Үүнтэй холбоотойгоор тухайн холбогдогч этгээд нь зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ аваад явж байхад нь торгож байгаад гомдолтой байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг хуульчилж өгсөн. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн хуулийн шаардлага байдаг. Энэ зөвхөн захиргааны үйл ажиллагаанд байхаас гадна зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчимд хамаарна. Хэрвээ эрх бүхий албан тушаалтнаас аливаа шийдвэр гаргаж байгаа бол зорилгодоо нийцсэн байх ёстой, бодит нөхцөлд тохирсон байх ёстой, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэхүү зарчим мөн алдагдсан гэж үзэж байгаа.
Тухайлбал, 2 үндэслэл байгаа. Нэгдүгээрт, өмнө нь ногдуулсан байсан зөрчлүүдтэй холбоотой асуудал байгаа. Энэ дээр давхар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл ногдуулсан. Хоёрдугаарт, гаргасан гээд байгаа зөрчлүүд нь Хот байгуулалтын тухай хууль зөрчсөн, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн гээд байгаа зөрчлүүд нь зөвхөн 2026 оны 6 сард гарчихсан зөрчлүүд биш, 2014 онд гарсан зөрчлүүд юм. Тухайн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа ч гэсэн энэ зөрчлүүд илэрчихсэн байсан. 2022 оны байдлаар тухайн 4 барилгын ажил явж байхад нь илэрчихсэн зөрчил байсан. Энэтэй холбоотой шийтгэл ногдуулах боломж нь байсан. Өмнө нь шийтгэлийн хуудас ногдуулаагүй, өөрөө зориуд байдлаар эс үйлдэхүйгээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэх асуудал байгаа. Хамгийн сүүлд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч байгаагүй үед нь холбогдогчдыг байлцуулахгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь хууль бус юм. Ийм учраас тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь бүхэлд нь хүчингүй болох ёстой гэж үзэж байгаа.
Эрх бүхий албан тушаалтны даалгавартай холбоотой дурдаж хэлэхэд тухайн дурдаж байгаа зөрчлүүдийг арилгахаар явж байгаа, өмнө нь ч гэсэн үүнтэй холбоотой эрх бүхий албан тушаалтны даалгаврууд өгөгдөж байсан. Нэгэнт 80 тэрбум төгрөгөөр банкнаас зээл аваад, хөрөнгө оруулалт хийгдэж байгаа, төсөл нь зогсчих юм бол компаниас гадна захиалагч этгээдүүд хохирох эрсдэлтэй. Дээрх үндэслэлүүдээр тухайн шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны даалгавар нь хүчингүй болгох ёстой юм. Гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
5.Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“2014 онд Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Ерөнхий төлөвлөгөөний схем зургийн хэсэг газарт хэсэгчилсэн хороолол, хотхон төлөвлөж өгсөн. Ерөнхий төлөвлөгөөний дагуу Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хороолол төлөвлөгдсөн газарт “ЭӨ” ХК 5-8 давхар нийтийн орон сууц барих зориулалттай газартай байсан ба энэ газарт Кутты мекен хорооллын 648 айлын 9 орон сууцыг төлөвлөлтийн дагуу барихаар болсон. Ерөнхий төлөвлөгөөнд энэ газрын баруун талд 1000 айлын орон сууцны хороолол төлөвлөгдсөн байсан. Тийм учраас тэдгээр хорооллуудын гадна шугам сүлжээний /дулаан, цэвэр ус, цахилгаан, холбоо дохиолол болон бохирын цооног/ зураг төслийг 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэний зураг төсөл боловсруулах даалгаврын дагуу батлуулж аймгийн төвийн шугамаас хангахаар болсон.
Тэр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тойм зураг дотор 9 барилга байх ёстой гэж заасан. 3 эгнээгээр нийтдээ 9 барилга баригдах ёстой байсан боловч 1 дүгээр эгнээ 4 ширхэг болсон, 2 дугаар эгнээ 10 давхартай 3 барилга баригдаж байгаа. Нэгдүгээрт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд заасан 9 барилга нь хийгдээгүй, төлөвлөлт нь буруу төлөвлөгдсөн. Шугам сүлжээ нь батлагдсан зураг төслийн дагуу төвөөс холбогдох ёстой байсан боловч одоогоор холбогдоогүй, ямар нэгэн гадна шугам сүлжээний зураг төсөл байхгүй. 5-8 давхрын орон сууц барихаар зөвшөөрөл олгогдсон байхад баригдаж байгаа 10 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьж байгаа. Тухайн газарт зөвхөн орон сууцны хороолол байх ёстой. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь 1,2 дугаар ээлжийн барилгад өгөгдсөн, 3,4 дүгээр ээлжийн барилга дээр өгөгдөөгүй. 1,2 дугаар ээлжийн барилга дээр төлөвлөлтийн даалгавар өгөгдөхөд 9 давхар барилга барьж болохгүй гэж тусгасан. Дээрх дурдсан зөрчлүүд нь гэрчийн мэдүүлэг, холбогдох материалуудаар нотлогдож байгаа учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Энэ дээр заавал холбогдогчийг оролцуулах шаардлагагүй гэж үзнэ. Тилеуберди нь өөрөө байсан ч шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх боломжгүй.
Хяналт шалгалт хийх явцад одоо 4 давхар 4 орон сууц барьсан, 10 давхар 3 орон сууц барьж байна. Энэ барилгуудын шугам сүлжээг батлагдсан зураг төслийн дагуу хийгээгүй ба мөн энэ газрын баруун талд байгаа “Жанат” ХХК-ийн эзэмшдэг 8312029342 нэгж талбарын дугаартай таримал ой, ойжуулалт хийгдэж буй гэх ашиглалтын төрөлтэй газарт барьсан зөвшөөрөгдөөгүй уурын зуухаас дулаанаа авч 4 давхар барилгуудын эхний 2 барилгыг ашиглаж эхэлсэн. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу зураг төсөл батлуулж, барилгын ажлын зөвшөөрөл авна гэж заасан.
Одоо энэ баригдсан 4 давхар 4 орон сууцуудад Барилгын хөгжлийн төвийн магадлалын дүгнэлт гарсан. Эхний 2 барилгад барилгын ажлын зөвшөөрөл олгогдсон. Гэвч Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-т "Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна" гэж заасан. Энэ заалтыг зөрчин батлагдсан зураг төслүүдийг харвал Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэсэгчилсэн хэсэгт байгаа 3 эгнээгээр нийт 9 барилга барих, гадна шугам сүлжээг төвөөс хангах, газрын зориулалт 5-8 давхар нийтийн орон сууц барих ёстой гэдэг шаардлагуудыг бүрэн хангахгүй баталсан зураг төсөл тул энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Мөн энэ батлагдсан зургууд Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан зураг төсөлд заасан шаардлагуудыг хангахгүй, зөрчиж байгаа тул энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.9-т заасны дагуу зураг төслийн магадлалаас татгалзах үндэслэл болно. Энэ хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу магадлалд орсон зураг төслийн үндэслэн олгосон барилгын ажлын зөвшөөрөл хүчингүй болно. Энэ хороолол барьж байгаа хэсэг газар аймгийг цэвэр усаар хангах төвлөрсөн ус хангамжийн бүст хамаарна. Энэ бүсийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар 2022 оны оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 118 дугаар тогтоолоор баталсан. Энэ тогтоолын хавсралтад байгаа мөрдөх журмын 3.9-ийн 3.9.11, 3.9.12-т газар олгож барилга бариулахыг хориглосон байгаа зөрчилтэй. Миний бие энэ зөрчлүүдийг шалган шийдвэрлэж Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлагаа хүлээлгэн зөрчлийн үр дагавар арилгах даалгавар өгч зөрчлүүдийг арилгах хүртэл барилгуудын бүх үйл ажиллагааг түр зогсоох даалгавар өгсөн болно.
Гомдол гаргагч талаас компанийг торгоход иргэн Тилеубердийг дуудаж, хэргийн материалыг түүний гэр бүл, хамаатан саданд өгөөгүй гэж байна. Би үүнийг зөвшөөрөхгүй байгаа. Би иргэн Тилеубердийг торгоогүй, “ЭӨ” компанийг торгосон. “ЭӨ” компани нь 100 гаруй ажилтантай. Албан бичгээр хүргүүлэхэд тухайн компанид ажиллаж байгаа ажилтан хүлээж авсан. Тилеуберди нь хүлээн авах боломжгүй байсан гэж ярьж байсан. Тэр хүн тухайн үед гадаад улсад явж байсан ч гэсэн цахимаар холбогдож, хүлээж авах боломжтой байсан. “ЭӨ” компанийг торгоход түүний ар гэрт нь хүлээлгэж өгөх шаардлага байхгүй гэж үзэж байна.
Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна гэж заасан. Энийг давхар хангаагүй. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг заасан. Үүнд, салбарын хууль тогтоомжийн дагуу материалаа бүрдүүлэх, зураг төсөл батлуулах, тэрний дагуу барилгын ажлын зөвшөөрөл авах, тухайн барилгыг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах чиг үүрэг хүлээсэн байгаа. Одоогоор улсын комисс ажиллаагүй барилгыг ашиглаж байгаа. Үүнийг хуулиар хориглочихсон. Шийтгэлийн хуудсанд энэ бүх зөрчлийн заалт тус бүрийг бичих шаардлагагүй гэж үзэж, хамгийн өндөр заалтаар нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулсан байгаа. Харин албан даалгаварт тухайн зөрчсөн зөрчлүүдийг бүгдийг нь бичсэн. Уг бүх зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсооё гэж заасан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Гомдол гаргагч “ЭӨ” ХК-ийн “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1071946 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг тус тус хүчингүй болгох” шаардлагатай гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна.
2. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1071946 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “зураг төсөл батлуулахдаа хотын хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн,газрын зориулалт, барилгын давхар төлөвлөлт зөрсөн” гэсэн үндэслэлээр “ЭӨ” ХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар 50000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх ба хариуцагчаас шүүх хуралдаанд шийтгэлийн хуудсаар “ЭӨ” ХК-ийн барьсан 4 давхар бүхий 4 барилгын зураг төсөлтэй холбогдуулан торгох шийтгэл оногдуулсан гэж тайлбарласан болно.
3. Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1-т “Хот байгуулалтын тухай хуульд заасан: 1.3.барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх хуульд заасан журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,
Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.3."хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" гэж хот, тосгоны хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн хот байгуулалтын үндсэн баримт бичгийг; 3.1.12."хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө" гэж хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 8.1.1.хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Хот байгуулалтын баримт бичгийг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, сонгон шалгаруулалтаар шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага боловсруулна”, 11.4-т “Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулахад хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан норм ба дүрэм, журмыг мөрдөж, барилга байгууламжид тавигдах шаардлага, тэдгээрийн дэд бүтцийн хангамж, ногоон байгууламж, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлыг тусгана”, 12 дугаар зүйлийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно: 24.1.5.холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх” гэж,
Орон сууцны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Орон сууц, түүний дэд бүтцийг шинээр барих, шинэчлэх, өргөтгөх арга хэмжээг орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ”, 9.5-д “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна” гэж тус тус заасан.
4. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, Өлгий хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мөрдөж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
Уг Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүний дагуу боловсруулсан “Эрчим” ХК-ийн 648 айлын орон сууцны “Кутты мекен” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, уг орон сууцны барилгын эскиз зураг, гадна дулаан хангамжийн ажлын зурагт зааснаар 3 эгнээ, нэг эгнээнд 3 , нийт 9 орон сууц буюу 5 давхар 6 орон сууц, 6 давхар 3 орон сууц барихаар төлөвлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 89-90,91-93,95-97,197 дах тал/ тус тус тогтоогдож байна.
5.Өлгий сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 98 дугаар захирамжаар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс 22400 м.кв газрыг “5-8 давхар нийтийн орон сууц”-ны зориулалтаар “ЭӨ” ХК-д 12 жилийн хугацаагаар эзэмшүүлж,0000231745 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
“ЭӨ” ХК-ийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “Кутты мекен” орон сууцны хотхоны 4 давхар бүхий 4 орон сууцны 1,2 дугаар ээлжийн барилгын ажлын зураг төсөл нь 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр, 3,4 дүгээр ээлжийн барилгын ажлын зураг төсөл нь 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр батлагдаж, магадлалын дүгнэлт гарсан болох нь тус тус хэргийн нотлох баримтаар /Хавтаст хэргийн 148-159,160 дах тал/ тогтоогдож байна.
Мөн 2026 оны 6 дугаар сарын байдлаар гомдол гаргагч “ЭӨ” ХК-ийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “Кутты мекен” орон сууцны хотхонд нэг эгнээнд байрлах 4 давхар бүхий 4 барилга баригдаж дууссан, урд талд нь нэг эгнээнд байрлах 10 давхар бүхий 3 барилга баригдаж байгаа болох нь хэргийн нотлох баримтаар /Хавтаст хэргийн 13,17,25,57-66 дах тал/ нотлогдсон болно.
6.Түүнчлэн “ЭӨ” ХК-аас аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Э/246 дугаар албан бичгээр “2014 онд батлагдсан Баян-Өлгий аймгийн ерөнхий төлөвлөгөөнд “Кутты мекен” хороолол нь 5 давхар орон сууцны барилгуудаас бүрдэх нийт 648 айлын орон сууц барихаар тусгагдсан болно. ...Үүнтэй холбогдуулан хорооллын нийт айлын тоо анхны төлөвлөлтөөс багассан бөгөөд төлөвлөлтөд тодорхой хэмжээний өөрчлөлт ороод байна.Иймд “Кутты мекен” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд шаардлагатай өөрчлөлт оруулах саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлэлцүүлэгт оруулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан.
Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/67 дугаар албан бичгээр “...Иймд өмнө нь ”Кутты мекен” хорооллын орон сууц, түүний дэд бүтцийг шинээр барих арга хэмжээг орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ, зөвшөөрөлгүй, дур мэдэн өөрчлөхгүй байх , барилгын үйл ажиллагааг барилгын ажлын зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн учраас зөрчлүүдийг арилгаж, дээр дурдсан хууль тогтоомжийг мөрдөж ажиллах. “Кутты мекен” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дур мэдэн өөрчилсөн асуудлыг аймгийн Засаг даргаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлт гаргуулан, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр тодотгол хийлгээд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан тогтоол гаргуулах” гэсэн зөвлөмж хүргүүлсэн.
“ЭӨ” ХК-аас аймгийн Засаг даргад 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Э/102 дугаар албан бичгээр ““Кутты мекен” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгэх ажлыг өөрийн зардлаар зохион байгуулах”, 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Э/110 дугаар албан бичгээр “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар ээлжит хуралдаанаар “Кутты мекен” төслийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгах” хүсэлт гаргасан нь хэргийн нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 14,37-38,40,213 дах тал/ тус тус тогтоогдож байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 136 дугаар тогтоолоор /Хавтаст хэргийн 41-42 дах тал/ аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд өндөр өртөгтэй төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран хэрэгжүүлэх дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслийн жагсаалтыг баталсан байх ба уг жагсаалтын дэс дугаарын 12-т ““Кутты мекен” хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дахин боловсруулах” гэж тусгагдсан байна.
7. Эдгээр үйл баримтуудаас үзэхэд, гомдол гаргагч “ЭӨ” ХК-ийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “Кутты мекен” орон сууцны хотхоны баригдаж дууссан нэг эгнээнд байрлах 4 давхар бүхий 4 барилгын зураг төсөл нь Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх гэсэн шаардлагыг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Мөн гомдол гаргагч “ЭӨ” ХК нь орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн асуудалтай холбоотойгоор “Кутты мекен” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг өөрийн зардлаар дахин боловсруулах хүсэлт гаргасан байгааг дурдах нь зүйтэй.
8. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “"барилга байгууламжийн зураг төслийн магадлал" гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг”; 4.1.30-д “"зураг төсөл" гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг энэ хуулийн 23.2-т заасан эх загвар зураг /эскиз/ болон ажлын зургийн үе шатуудад ажлын 15 өдөрт багтаан хийнэ”, 25.4-т “Энэ хуулийн 25.2, 25.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно”, 25.6-д “Магадлалын дүгнэлт татгалзсан, зөвшөөрсөн гэсэн хоёр хэлбэртэй байна. Магадлалын татгалзсан дүгнэлт барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болно” гэж тус тус заасан.
Эдгээр заалтуудаас үзэхэд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийгдэж, зөвшөөрсөн дүгнэлт гарсан тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгох үндэслэл болохоор зохицуулжээ.
9. Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зөрчил үйлдсэн тохиолдолд хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан ба дээр дурдсанаар “ЭӨ” ХК-ийн “Кутты мекен” хотхоны 4 давхар бүхий 4 барилгын сүүлийн ээлжийн барилгын зураг төсөлд 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр магадлалын дүгнэлт гарсан байх тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хугацаа өнгөрөөгүй байна гэж үзлээ.
10. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 0074991 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар ““Кутты мекен” орон сууцны хороололд баригдаж буй орон сууцны барилгын үндсэн бүтээцэд өөрчлөлт оруулж, барилгын хэмжээг анх тогтоосон хэмжээнээс багасгаж барьж буй зураг төсөлд дахин магадлал хийлгээгүй” гэсэн үндэслэлээр “ЭӨ” ХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т заасныг баримтлан 10000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, эрх бүхий албан тушаалтны даалгавраар зөрчлийг арилгах хүртэл барилга угсралтын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг үүрэг болгосон.
Мөн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 0219331 дүгээр “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын үйл ажиллагаа явуулсан буюу “Кутты мекен” хотхоны 1,2,3 дугаар барилгын болон тус хотхоны бохирын шугамыг татсан” гэсэн үндэслэлээр “ЭӨ” ХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-т заасныг баримтлан 10000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, эрх бүхий албан тушаалтны даалгавраар зөрчлийг арилгах хүртэл барилга угсралтын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг үүрэг болгосон нь хэргийн нотлох баримтаар /Хавтаст хэргийн 162-178,179-195,223 дах тал/ тус тус тогтоогдсон.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 0074991 дугаар шийтгэлийн хуудсаар “Кутты мекен” орон сууцны хороололд баригдаж буй 24 м х18 м хэмжээтэй 1 дүгээр орон сууцны барилгад холбогдуулж “барилгын зураг төсөлд магадлал хийлгээгүй” гэсэн үндэслэлээр, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 0219331 дүгээр шийтгэлийн хуудсаар “Кутты мекен” хотхоны 1,2,3 дугаар орон сууцны барилга болон орон сууцны барилгад холбох бохирын шугамын угсралтын үйл ажиллагааг барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн гэсэн үндэслэлээр тус тус торгох шийтгэл оногдуулсан.
Харин маргаан бүхий акт болох 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1071946 дугаар шийтгэлийн хуудсаар “Кутты мекен” хотхоны 4 давхар бүхий 4 барилгын /1,2,3,4 дүгээр/ батлагдсан зураг төсөл нь Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх гэсэн шаардлагыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан байх тул гомдол гаргагч талын “өмнө нь гаргасан зөрчилд дахин хариуцлага хүлээлгэсэн” гэх маргаан нь үндэслэлгүй байна.
11. Иймд “ЭӨ” ХК-ийн “Кутты мекен” хотхоны 4 давхар бүхий 4 барилгын зураг төсөл нь Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх гэсэн шаардлагыг зөрчсөн болох нь тогтоогдож байгаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаа өнгөрөөгүй байх тул Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1071946 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалт болон 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” заасантай нийцсэн байна гэж дүгнэлээ.
12. Зөрчлийн тухай хуулийн 3.9 дүгээр зүйлийн 1-т “Хууль, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах, учирч болзошгүй хохирол, хор уршгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна” гэж,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:1.10.хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах;1.11.зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх;1.12.зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд шийтгэл оногдуулсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, зөрчлийн үр дагаврыг арилгахтай холбоотой зардлыг нөхөн төлөөгүй бол албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргах”, 6.6 дугаар зүйлийн 6-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ энэ хуулийн 7.4 дүгээр зүйлд заасны дагуу зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээг авч болно”, 7.4 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх, тээврийн хэрэгслийг саатуулах, тусгай талбайд хүргэх зэрэг арга хэмжээ авч болно” гэж тус тус заасан.
13.Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгавраар барилгын бүх төрлийн үйл ажиллагааг /угсралт болон ашиглалт/ түр зогсоох арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг “ЭӨ” ХК-д даалгасан ба хариуцагчаас шүүх хуралдаанд эрх бүхий албан тушаалтны даалгавар нь тус компанийн барьсан 4 давхар бүхий 4 барилга болон барьж буй 10 давхар бүхий 3 барилга, гадна инженерийн шугам сүлжээнд хамааралтай гэж тайлбарласан болно.
14. Эрх бүхий албан тушаалтан хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах бүрэн эрхтэй боловч зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ нь тухайн шийтгэл оногдуулсан зөрчилтэй холбоотой буюу тухайн зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор холбогдох арга хэмжээ авахаар зохицуулсан.
Гэтэл хариуцагч улсын байцаагч нь 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1071946 дугаар шийтгэлийн хуудсаар “ЭӨ” ХК-ийн “Кутты мекен” хотхоны 4 давхар бүхий 4 барилгын зураг төсөл нь Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх гэсэн шаардлагыг зөрчсөн зөрчилд шийтгэл оногдуулсан мөртлөө 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгавраар “ЭӨ” ХК-ийн “Кутты мекен” хотхоны баригдсан 4 давхар бүхий 4 барилгаас гадна барьж буй 10 давхар бүхий 3 барилга, гадна инженерийн шугам сүлжээний бүх төрлийн үйл ажиллагааг /угсралт болон ашиглалт/ түр зогсоох арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй байна гэж үзлээ.
15.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргагч “ЭӨ” ХК-ийн захирал М.Тилеуберди оролцоогүй байх ба эрх бүхий албан тушаалтнаас холбогдогчийг 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагт дуудсан мэдэгдэх хуудсыг 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тус компанид хүргүүлсэн, компанийн захирал М.Тилеуберди нь 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 20-ны өдрийг хүртэл Бүгд Найрамдах Казахстан Улсад томилолтоор ажилласан нь хэргийн нотлох баримтаар /Хавтаст хэргийн 70-72 ,227-234 дэх тал/ тус тус тогтоогдож байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:2.3.хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 6.6 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, эсхүл стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Эрх бүхий албан тушаалтнаас “ЭӨ” ХК-ийн гаргасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх ба зөрчлийн хэргийн материалаас үзэхэд зөрчлийг хариуцагч 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр илрүүлж, зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой тогтоогдсон гэж үзэж, 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3, 6.6 дугаар зүйлийн 1-д заасантай тус тус нийцсэн байна.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцуулахаар зөрчлийн холбогдогчийг дуудан ирүүлж болно” гэж заасан ба эрх бүхий албан тушаалтнаас холбогдогчийг дуудсан нь, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хугацаанд холбогдогч томилолтоор гадаадад явсан үйл баримт тогтоогдсон.
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн талаар холбогдогчоос мэдүүлэг аваагүй бөгөөд холбогдогч тухайн үед гадаад руу явсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас холбогдогчийн хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрхээ эдлээгүй байх боловч энэ нөхцөл байдал нь тус компанийн гаргасан зөрчил тогтоогдсон энэ тохиолдолд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
16. Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврын “ЭӨ” ХК-ийн “Кутты мекен” хотхоны барьж буй 10 давхар бүхий 3 барилга, гадна инженерийн шугам сүлжээнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, даалгаврын “ЭӨ” ХК-ийн “Кутты мекен” хотхоны 4 давхар бүхий 4 барилгад холбогдох хэсэг, 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1071946 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 3.9 дүгээр зүйлийн 1, 12.5 дугаар 1 дэх хэсгийн 1.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 6, 7.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “ЭӨ” ХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврын “ЭӨ” ХК-ийн “Кутты мекен” хотхоны барьж буй 10 давхар бүхий 3 барилга, гадна инженерийн шугам сүлжээнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох даалгаврын “ЭӨ” ХК-ийн “Кутты мекен” хотхоны 4 давхар бүхий 4 барилгад холбогдох хэсэг болон 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1071946 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЕРКЕШ