| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2311013191565 |
| Дугаар | 2025/ДШМ/82 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/82
2025 01 14 2025/ДШМ/82
Б.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
хохирогч Н.И-н өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Б.С,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/803 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2311 01319 1565 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б-н С, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, ....., ..... боловсролтой, ........ мэргэжилтэй, ..... ......., ам бүл .., ...................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ............../;
Шүүгдэгч Б.С нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н.И-н эзэмшлийн .................... зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөт байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 160х63см хэмжээтэй цагаан саарал өнгийн хулдаас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.С тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Энэ хэрэгт .............дүүргийн цагдаагийн мөрдөгч Бат, 2 дугаар хэлтсийн мөрдөгч А.Гантулга нарын хэрэг нээж, мөрдөн байцаалтад хэвийн журмаар мэдүүлгээ өгч цаашид мессежээр харьцах журмаар явсан. ........... ........-д болсон гэх хэрэгт Б.С нэг ч удаа очоогүй, хэнийх рүү ч ороогүй байхад тухайн асуудалд огт хамааралгүй нотлох баримт Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ш-н зуслангийн байшин, газрын зураг, бусад материалууд, мөн гэрчилгээнүүд авагдсаныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31-ээр хууль зөрчиж гаргуулж авсан. Хэрэгт хамааралгүй өөр газрын нэртэй гэрчилгээнүүдийг хавтаст хэргээс гаргуулах асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээс эхлээд шаардсан. Гэтэл 7-8 сарын турш гэм буруугийн шүүх хуралд шилжих үндэслэлгүй байсан учир шүүгч С.Батжаргал, туслах Мөнхтогтох, хяналтын прокурор Багшбаяр, Очгэрэл нарт ЭХША-ны 31-ийг хангаагүйгээр залилан хийх зорилгоор буюу хавтаст хэрэгт авагдсан хамааралгүй нотлох баримт болсон ........ зуслангийн асуудал болгон хавтаст хэргийн нэрийг 2024 оны 11 дүгээр сарын 11-нд ......... болгож зарласан нь нотлогдсон. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Улсын Их Хурлын тогтоол шийдвэр гаргасныг Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-аар огт шалгаж үзээгүй байвал бас хариуцлага хүлээх ёстой. 2023 онд Тагнуулын ерөнхий газраас Учрал гэдэг ажилтан шалгаж, газар усны нэрийг солиогүй гэсэн хариу өгүүлсэн. Ийм учраас төрийн дээд шатны байгууллага хавтасны нэрийг хуйвалдан сольж, хамааралгүй нотлох баримтаар шийдвэр гаргасныг давж заалдах хурал дээр ярина. 2023 оны 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст Н.И-г шалгуулж дууссан. Тусдаа ............-н асуудал. Хэрвээ ........... нэр дээр хэрэг үүссэн хавтаст хэргийн хэрэг болсон байршил нь ............ байсан бол олон нотлох баримт байна. Хяналтын прокурор О.Багшбаяраас газрын нэрийг тодруулахад А, Ш хоёр өөр зуслан, А дээрх хэрэг гэсэн. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг шүүхийн шатанд ирээд мөрдөгч, прокурор нарын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хавтас хэрэг нэртэй гүтгэлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “хэргийн оролцогч нар хавтас хэргээс хамааралгүй буюу хууль бус, хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг хүчингүй болгуулах, буцаах журмаар тунаж үлдсэн нотлох баримтаар гэм буруугийн шүүх хуралдаан руу шилжинэ” гэж заасныг тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгч хуучин хуулийн хэрэглээгээр буруу тайлбарласан. Ийнхүү тайлбарлахдаа аман хэлбэрээр надтай заргалдаад, заргаа алдсан иргэн И.Г болон М.О нарт Улсын ерөнхий прокурын газрын прокурор н.Бямбадорж нь өөрийн найзууддаа Ш газрын гэрчилгээ гаргаж өгсөн байдаг. Энэ гэрчилгээ нь яагаад тухайн хэрэгт хамааралгүй вэ гэхээр нэгдүгээрт хууль зөрчиж гаргуулсан. Хоёрдугаарт хэрэг үүсэхдээ А ын 15-9 гэх тоот хаягаар үүссэн. Хохирогч Н.И-н өөрийн гараар бичсэн өргөдөлд ...................... тоот гэж байдаг. Мөн миний бие нь газрын гэрчилгээг нотлох баримтаас хасуулах талаар урьдчилсан хэлэлцүүлгээс эхлээд шаардсан. Гэтэл 7-8 сарын турш А ын 15-9 гэх тоот хаягаар хэрэг нээгдээд явж байсан атал гэнэт гэм буруугийн шүүх хуралдаанд дээр Ш болгоод өөрчилсөн. Гэм буруугийн хуралдаан болохоос өмнөх процесст оролцохдоо н.Бямбадоржийн газаргүй, зуслангүй хүмүүст найз нөхдийн журмаар албан тушаалаа ашиглан гаргаж өгсөн Ш зуслангийн гэрчилгээг хавтас хэргээс хасуулах, Ш-н зуслангийн байшингийн зураг, газрын зураг, хашааны зургуудыг хавтас хэргээс гаргаж өгөөч гэх хүсэлтийг удаа дараа гаргасан байхад хэргийн оролцогчид хүсэлт гаргаагүй гэж прокурорт бичсэн байдаг. Үүнд гомдолтой байна. А гэх нэртэй үүссэн хэрэг яагаад Ш гэх нэртэй болоод өөрчлөгдчихдөг юм бэ, хавтаст хэргийн нэрийг сольсон. Хавтас хэргийн 2311013191565 гэх дугаар хэвээр атал хавтас хэрэг дээрх нэр хаяг өөрчлөгдсөн байна. Хэргийн дугаар нь нэг атал хоёр өөр байршилтай зуслангийн асуудал яригдаж байгаа нь шударга ёсны шүүх дээр байж болзошгүй, хууль дээдэлдэг шүүгч нарын хувьд анхаарах ёстой асуудлыг нэг юм.
Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Газар усны албан ёсны нэрийг зөвхөн Улсын Их Хурал өөрчилнө.” гэж заасны дагуу Улсын Их Хурлаас тодруултал Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш зусланг А нэрээр солихоор Их хурал авч хэлэлцээгүй, гаргасан тогтоол шийдвэр байхгүй гэх Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны Засаг дарга н.Батгэрэлийн албан бичгийг шүүхийн мэйл хаягаар явуулсан. Газрын нэр ус солигдоогүй байхад нэг хавтас хэрэгт А эсхүл Ш гээд бичээд байгааг ойлгохгүй байна. Ш бол миний зуслан. Миний хуулийн хугацаанд авсан газар юм. Ямар учраас А гэх нэртэй хэрэг нээчихээд, явцын дунд Ш болгож өөрчилсөн бэ гэх асуудал дээр шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж шийтгэх тогтоол гаргасан тул гомдол гаргасан.
Мөн газрын албанаас хэрэг маргаанаа шүүхээр шийдвэрлүүл гэж хэлсэн боловч шүүхээр ороогүй байхад дээрх 2 хүн Н.Бямбадоржоор газрын гэрчилгээ гаргуулж, нэр шилжүүлж авсан Н.И-н үйлдэл яагаад зөв болж байгаа юм бэ, анхан шатны шүүх залилан хийж буй хүмүүсийн талд яагаад хэргийг шийдээд байдаг юм бэ, хэргээ уншдаггүй, хэргийн агуулга, утгыг ойлгохгүй шүүгч нар их байсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хууль зөрчсөн хэн боловч хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Эрүүгийн хуулийн 22.1, 22.12 дугаар зүйлд зааснаар газаргүй иргэдэд гэрчилгээ гаргаж өгсөн н.Бямбадоржийг прокурорын байгууллагаас яагаад шалгахгүй байгаа юм. Би Авилгатай тэмцэх газарт 4, 5 удаа өргөдөл өгсөн боловч хэрэг нээхээс татгалздаг. Авилгатай тэмцэх газрын комиссар н.Батбаатарт хандахад бид хэрэг үүсгээд явуулдаг, харин прокурорын байгууллага хянадаг гэсэн. Хууль зөрчсөн нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх шийдвэр гаргасан. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлуудыг заасан байдаг. Тус хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжгүй буюу өөрийн өмчлөлийн орон байр руу нэвтэрсэн, 1.4 дэх хэсэгт тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй хэмээн хуульчилсан. ... Тогтоолыг хэрэгсэхгүй, хүчингүй болгосон болохоос хугацаанаас болж хэрэгсэхгүй болсон асуудал биш. Анхан шатны шүүхийн шүүгч хуулийг буруу хэрэглэсэн гэдэгт та бүхэн санал нийлнэ гэдэгт итгэж байна. ...” гэв.
Хохирогч Н.И-н өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт оролцсон бүх хүмүүсийг шалгуулдаг. Энэ хүнд шалгуулаагүй хүн байхгүй. ... Энэ хэрэг 2024 оны 04 дүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүх дээр очсон. Шүүх хуралдаан 12 удаа шүүгдэгчээс шалтгаалж хойшилсон. Улмаар шүүх хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зарлагдаж, шүүх хуралдаан болсон. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо гэдэг нь 19 дүгээр хороо байж байгаад, 2023 онд хоёр хуваагдаад 24 дүгээр хороо болж салсан. Чингэлтэй дүүргийн газрын албаны гаргасан Н.И-н нэр дээрх газар эзэмших гэрчилгээ байдаг. Энэхүү газар нь 3-4 хүний нэр дамжсан. Шүүгдэгч Б.С нь газрыг авсан хүн бүр дээр очиж, хэл ам хийдэг. Анх н.Г гэх хүн аваад, мөн энэ хүний хэл ам хийснээс болоод н.О гэх хүнд шилжүүлсэн байдаг. Хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сард Н.И-н гэр бүлийн хүн тухайн газар амьдарч байгаад угаартаж өөд болсон. Түүнээс хойш очоогүй байж байгаад 2024 оны 06 дугаар сард хохирогч Н.И нэгэнт хүн өөд болсон тул зарахаар болж тухайн газар дээр очтол цоожийг эвдчихсэн, ханан дээр нь зарж болохгүй гэх зэргээр сараачаад хаячихсан байсан. Ийнхүү хамгийн анх цагдаагийн байгууллагад Ш гэх хаягаар дуудлага, мэдээдэл өгсөн. А гэх хаяг огт байхгүй. Миний бие тухайн газрыг ямархуу байр байдалтай байгааг харахаар хохирогч Н.И-тай хамт очтол шүүгдэгч Б.С гэх хүүхэн хаалгыг дэлгэчихсэн, үүдэнд нь нарлачихсан сууж байсан. Улмаар дахин цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Одоо болтол байшин нь шүүгдэгчийн хийсэн цоожтой байгаа. Анхан шатны шүүх хуралдааны үеэр энэ талаар ярьсан боловч шийтгэх тогтоолд дурдаагүй. Иймд тухайн байшингийн цоожийг солих талаар дурдаж өгнө үү. Тухайн байшинд хохирогч Н.И болон хүүхдүүдийнх нь хувцас байдаг. Байшин дотор байсан эд зүйлийг ухаад, үүдэнд нь овоолоод хаясан байсан. 2024 оны 10 дугаар сард “Дамно” гэх нэртэй хөрөнгийн үнэлгээний газарт үнэлгээ хийлгүүлж, үнэлгээний газар 190.000 төгрөг гэж тогтоосон. Тухайн хохирлыг Н.И шүүгдэгчийн энэ их хэл амнаас залхаад “авахгүй” гэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүх хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс тухайн хохирлыг давхар гаргуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.С нь гурван асуудлын хүрээнд гомдол гаргасан. Тодорхой албан тушаалтнуудтай холбоотой асуудал тухайн хэрэгт байхгүй. Н.И-тай холбоотой гомдлын дагуу хэрэг үүсгэж, шалгагдсан. Тухайн хорооны газрыг Дүүргийн Иргэдийн хурлаар шийдвэрлэдэг. Хэргийн газрын үзлэг .......................... тоот гэх газар хийгдсэн. Тухайн нутаг дэвсгэр нь 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт харьяалагддаг. Газар эзэмшигчийн гэрчилгээнд Ш гэдэг нь гудамжны нэршлээр бичигдсэн байдаг. Газрын хувьд анхнаасаа н.О гэх хүн дээр байж байгаад И.Гн гэх хүний нэр дээр шилжсэн. И.Г нь Н.О гэх хүний нэр дээр шилжүүлж, улмаар Н.И гэх хүний нэр дээр шилжүүлсэн үйл баримт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.С нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н.И-н эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Ш-н зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.И-н “... Би 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ....... дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш-н зусланд хашаа байшинг О гэх хүнээс худалдаж авсан. Тэгтэл манай тэр хашаа байшинг Б.С гэдэг эмэгтэй булаацалдаад байгаа. Манай байшинд хууль бусаар удаа дараа нэвтэрч цоожийг нь эвдэлж хаясан байсан. Энэ байдал нь гурван удаа давтагдаж байна. Манай байшинг дотор нь ороод 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл өөрийнхөө цоожийг зүүгээд бид нарыг оруулахгүй байна. Байшингаас доторх эд зүйлсийг нь гаргаж хаяад дулаалгын ханан дахь хөөсөнцрийг хуулж дотор тавьсан, хувцас хунарыг бас алга болгосон байсан. ... Би 2023 оны 06 дугаар сард тухайн байшингаа зарахаар шийдээд 20-ны өдрийн үед очиж цэвэрлэгээ хийсэн. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 15.000.000 төгрөгөөр зарахаар тохирч, худалдаж авах хүмүүстэйгээ хамт очтол манай байшингийн хаалга онгорхой, цоож эвдэрсэн байдалтай байсан. ... /1 хх 16-20, 98/,
гэрч М.О-н “... Манайх ........... дүүргийн .. дүгээр хороо, Ш-н зусланд газартай байсан, тэр газар нь Зунжингаас цаашаа 200 орчим метр зайтай хашаа байсан. Түүнийгээ би зарах гээд үнэгүй.мн сайтад зар өгсөн байсан, тэр зарынхаа дагуу Н.И-тай холбогдож байгаад газраа зарж байсан. Би тэр газрыг анх авахдаа бас л зарын дагуу Гн гэдэг хүнээс 2019 онд зарын дагуу ярьж байгаад үнэгүй.мн сайтаас асууж байгаад 10.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд Н.И-д 12.000.000 төгрөгөөр зарж байсан. 2019 онд тэр газрыг Г-с худалдан авч байхад тэр хүн С гэдэг эмэгтэй хүн надтай ярьж байсан, би одоо гар утасных нь дугаарыг нь мартчихсан байна. Тэр эмэгтэй ярихдаа “чи наадах газраа авбал өөрөө хохирно шүү” гэж хэлээд байсан. “Та ямар учиртай хүн юм бэ” гэхэд тэр эмэгтэй өөдөөс “наадах газар чинь миний газар байгаа юм” гэж хэлээд байсан тул би “танд тэгээд яг албан ёсны бичиг баримт нь байгаа юм уу” гэж асууж байсан. Тэр эмэгтэй “би шүүхээр явж байгаа” гэх зэргийн юм хэлээд байсан. ...” /1 хх 106/,
гэрч И.Г-ны “... Би тэр газарт амьдарч байсан. Гэхдээ яг одоо он, сарыг нь сайн санахгүй байна. ... Тэр газраа би анх өөр хүнээс худалдаж авсан. Тэр нь Ц гэдэг залуугаас 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан санагдаад байна. Тэр газар нь миний нэр дээр шилжсэн. Тэр газрыг нь анх Ц-с худалдаж авч байхад хашаа байшин юу ч байхгүй хоосон газар л байж байсан. Би өөрөө хашаа барьж байсан, түүнийгээ яг кадастрын зургийнх нь дагуу зуслангийн хайс татаж байсан. Тэр үед модоор жижигхэн хашаа барьж байсан. Би тэр өөрийнхөө барьж байсан жижигхэн модон хашаан дотроо өөр газраас жижигхэн зуслангийн модон амбаар буюу байшин авчирч тавьж байсан. ... Тэр зуны жижигхэн амбаар нь манай хадам аавын амбаар, түүнийгээ анх Шар хаданд хашаанд нь байж байхад нь бид нар 2002 онд Дамбадаржаагийн Сэлхийн зусланд айлын хашаанд аваачиж нэг жил зусланд гарч байсан. Тэгээд дараагаар нь Сэлхийн зуслангаас зөөгөөд Ш-н зусланд авчирч байсан. ...” /1 хх 194-195/,
гэрч Ж.Ц-н “... Тэр үедээ би нэг хүнээс зуслангийн газрыг нь бусдад зуучилж өгөөд найздаа шилжүүлэн өгч байсан. Тэр газар нь болохоор манай эхнэрийн дүү М.О гэгч хүний нэр дээр байсан газрыг нь өөрийнхөө таньдаг найз болох И.Г гэгчид шилжүүлэн өгч байсан. Тухайн үедээ манай дүү О нь газраа зараад Г-с 700.000 төгрөг авч байсан нь одоогоос 20 орчим жилийн өмнөх болсон асуудал гэж би санаж байна. Тэр газар нь болохоор ..............., Ш зуслангийн газар байсан. ... Тэр хавийн газар нь угаасаа зэлүүд огт хүн амьтан байхгүй хоосон тал газар байсан. Тэгээд сүүлдээ хүмүүс зуслангийн газар болгож хувь хүмүүс эзэмшиж авсан юм байна лээ. Ямар нэгэн барилга байгууламж, хүн амьдарч байсан гэх ул мөр байхгүй. Хашаа ч байхгүй, зэрлэг газар байсан. ... Би яг одоо он, сар, өдрөө сайн мэдэхгүй байна. Одоо бодоход 2003 он юм уу 2004 он юм шиг санагдаад байна, одоо бараг 20 жил болсон байхаа гэж бодож байна. Яг тэр үед газар худалдаж байхад Г гэгчийг газар авч байх үед хэн нэгэн хүн гарч ирээд маргалдсан асуудал байхгүй. Харин сүүлд нь хэсэг хүмүүс гарч ирээд газрын маргаан үүсгээд байгаа гэж хэлж байсан. ...” /1 хх 197/,
гэрч М.О-н “... Би тухайн үед тэр газрыг авч байсан юм. Уг газарт ямар ч айл амьтан, хашаа, байшин байхгүй, хоосон зэлүүд газар байхаар нь хөөцөлдөж байгаад дүүргийн газрын албаар дамжуулан хамгийн анх гэрчилгээг нь гаргуулж өөртөө авсан. Тэр үед миний санаж байгаагаар 2004 онд хөөцөлдөж байсан санагдаад байна. ... Тэр газраа 0.07 га талбайгаа манай хүргэн ах болох Ц гэгч нь “найздаа өгмөөр байна, чи шилжүүлж өгөөч” гэхээр нь би тэр залууд нь өгч байсан. Одоо нэр, утсыг нь ч мэдэхгүй. Тухайн үед 2003, 2004 оны үед байсан санагдаж байна, ямар ч байсан өөрийнхөө хувийн хэргийн материал бүрдүүлэлт хийж байгаад дүүргийн газрын албанд шалгуулаад тэр газраа хэн нэгний нэр дээр нь байна уу, үгүй юу гэж асууж байгаад дараагаар нь би өөрийнхөө нэр дээр гаргуулж авч байсан. ...” /2 хх 27/,
гэрч Я.Ж-н “... Тухайн байшин нь миний үеэл дүү Н.И-н нэр дээр байдаг. ... Тэр эмэгтэйтэй 7 сарын эхээр тэрүүгээр явж байхдаа таартал байшингийн хаалгыг онгойлгоод, дотор орсон байхаар нь очтол “Би С байна, энэ миний газар, байшин байгаа юм” гээд надтай маргалдаад байсан. ...” /1 хх 85-86/,
гэрч Ш.Ү-н “... Өнөөдрийн байдлаар дүүргийн засаг даргын 2022 оны А/219 дугаартай захирамжаар Н.И-д нэгж талбарын 1501312748 дугаартай газрыг эзэмшүүлсэн хүчин төгөлдөр газар байна. ...” /1 хх 117, 99-104/ гэсэн мэдүүлгүүд,
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт /1 хх 25/, Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа /1 хх 26/, Газар эзэмших гэрчилгээний хуулбар /1 хх 27/, Иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /1 хх 67-70/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-г оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөт байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгч Б.С-с “... А ын 15-ын 9-д болсон гэх хэрэгт нэг ч удаа очоогүй, хэнийх рүү ч ороогүй байхад тухайн асуудалд огт хамааралгүй нотлох баримт болох Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ш-н зуслангийн байшин гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэдийгээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 3/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 4-7/ зэрэг гэмт хэрэг гарсан газрыг .........А ... гэх хаягаар бичсэн байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн газар нь ................., Ш зуслан дахь газар болох нь хэрэгт авагдсан хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 99-102/, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 103-104/, хохирогч Н.И /1 хх 16-20, 98/, гэрч М.О /1 хх 106/, И.Г /1 хх 194-195/, Ж.Ц /1 хх 197/, М.О /2 хх 27/, Я.Ж /1 хх 85-86/ нарын мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Түүнчлэн, хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт “... нэгж талбарын дугаар 1501312748, ... газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн мэдээлэл Н.И...” /1 хх 25/, Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа “... гэрчилгээний дугаар 1501312748, Н.И, Ш, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар ...” /1 хх 26/, Газар эзэмших гэрчилгээний хуулбар “... ............., нэгж талбарын 150131... дугаар бүхий 725 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2202003287 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов. ...” /1 хх 27/, Иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /1 хх 67-70/ зэрэг нотлох баримтуудаар ........... хороо, Ш зуслангийн нэгж талбарын 150131... дугаар бүхий 725 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар нь Н овогтой И-н эзэмшлийнх байна.
Тухайн 150131... тоот нэгж талбар бүхий газрыг 2004 онд М.О эзэмшиж эхэлсэн, үүнээс хойш 2022 оныг хүртэл М.О-с И.Г-д, И.Г-с М.О-т, М.О-с Н.И-д худалдан борлуулж байсан талаар гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан газар эзэмших гэрчилгээ /2 хх 14, 1 хх 242, 40, 39/-нүүдээр давхар нотлогдон тогтоогдсон байх ба тухайн газар дээр байгаа зуслангийн байшинг И.Г-н зөөвөрлөн авчирсан талаар мэдүүлсэн байна.
Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, дээрх нэгж талбар бүхий газарт шүүгдэгч Б.С нь зуслангийн газар болоод байшин эзэмшдэг болох нь нотлогдоогүйн гадна зөвхөн нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбайн зураг /1 хх 52, 53/-наас өөрөөр түүний эзэмшил, өмчлөлийн газар мөн эсэх талаарх баримт хэрэгт алга.
Шүүгдэгч Б.С нь Н.И-н зөвшөөрөлгүйгээр, түүнийг эзгүй үед зуслангийн байшинд нь нэвтрэн орсон үйлдэл нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж буйн илрэл бөгөөд түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Үүнээс гадна, хүний халдашгүй чөлөөтэй байх жам ёсны эрхээс үүдэлтэй хуулиар баталгаажсан эрхэд хэн боловч хөндлөнгөөс дур мэдэн халдаж үл болох бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй, Иргэний …орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж зааснаар баталгаажсан.
Хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/803 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ М.АЛДАР