2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/01000

 

 

 

 

 

 

 

 

 

                2025         02         03

              191Ш2025/01000

 

 

 

                                     Зохигчийн эвлэрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Х овогт Мын Мийн нэхэмжлэлтэй,

               

Хариуцагч: тоотод оршин суух,  дугаар регистртэй, “Т” ХХК-д холбогдох

             

М.Мгийн 2024 оны 7, 8, 9 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.М,

Хариуцагч Л.Х,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.М миний бие “Т” ХХК-д 2023 оны 12-р сараас эхлэн хуульчийн туслахаар ажиллаж байсан ба 2024 оны 7-р сард ээлжийн амралтаа авсан. Ээлжийн амралт дуусч 8-р сард ажилдаа орох гэсэн боловч гүйцэтгэх захирлын зүгээс ”...Ажил эхлэх болоогүй, компанид ажил орж ирээгүй байна...” хэмээн мэдэгдсэн. Миний зүгээс гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор гэрээр асарч, сувилж байсан тул энэхүү байдлыг тодруулах боломжгүй байсан. 2024 оны 9-р сард ажилдаа буцаж орох гэтэл миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байсан. Сарын турш маргасны үр дүнд тус компанид 10-р сараас эргэн ажиллах болсон боловч миний 7, 8, 9 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг одоог хүртэл төлөлгүй намайг хохироож байна. Хариуцагчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай шийдвэрийг надад мэдэгдээгүй одоо ч надад энэхүү баримтыг гаргаж өгөөгүй, өөрсдийн санаачлагаар цуцалсан үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг зөрчсөн байна. Миний бие хууль бусаар ажлаас халагдсан тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.2.5-д заасан албан журмаар даатгуулах эрх бүхий этгээд мөн юм. Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар цуцалсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн 7,8,9 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нь М.М миний 2024 оны 7,8,9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү  гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Мгийн 2024 оны 7, 8, 9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул уг зөвшөөрлийг баталж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд  

 

ҮНДЭСЛЭХ нь:

                     

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан М.Мгийн 2024 оны 7, 8, 9 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд хариуцагч “Т” ХХК нь М.Мгийн 2024 оны 7, 8, 9 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлнө гэсэнг нэхэмжлэгч М.М нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5, 106.6 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                              

                                                                                

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.М.Мгийн нэхэмжлэлтэй “Т” ХХК-д холбогдох М.Мгийн 2024 оны 7, 8, 9 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгахыг хүссэн хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох М.Мгийн 2024 оны 7, 8, 9 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, “Т” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч М.Мд олгосугай.

 

3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ДАВААСҮРЭН