| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2405000001133 |
| Дугаар | 2025/ДШМ/83 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 17.2.3.2., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/83
2025 01 14 2025/ДШМ/83
К П В-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Баянмөнх,
шүүгдэгч К П В, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, Д.Дэлгэрцэцэг,
орчуулагч Х.Энхбат,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч О.Жанчивнямбуу, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/899 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч К П В, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар К П В-д холбогдох 2405 00000 1133 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
......... улсын иргэн К П В, 19.. оны .. дүгээр сарын 28-ны өдөр .....-ын ... мужийн ....... дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, холын зайн бариа засалч, усан онгоцны жолоодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ...-ын ...... мужийн ..... дүүрэгт оршин суух хаягтай, Монгол Улсад оршин суух тодорхой хаяггүй, Монгол Улсад урьд ял шийтгэлгүй, /......../;
Шүүгдэгч К П В нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г В” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “В М” дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийн худалдагч, иргэн Г.У-г зэвсэг буюу хутга ашиглан, хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй 1 шил архийг,
мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г В” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “В М” дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийн худалдагч, иргэн Б.Б-г зэвсэг буюу хутга ашиглан, хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй 1 шил архийг,
2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г В” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “В М” дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийг хариуцан ажиллуулж байсан иргэн Н.Б-г зэвсэг буюу хутга ашиглан, хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй 1 шил архийг тус тус авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: К П В-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч К П В-г “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К П В-н цагдан хоригдсон нийт 88 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5 дахь заалт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К П В-н орчуулагчийн зардал 390.000 төгрөгийг гаргуулж орчуулагч У.Эрдэнэчимэгт олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардлыг гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг хэргийн оролцогчдод нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг, шүүгдэгч К П В нь гэмт хэргийн хохиролд 71.452 төгрөгийг хохирогч Н.Б-т төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч К П В давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Намайг К П В гэдэг. Орос улсын иргэн. Би 51 настай, био мэдрэхүйн сэтгэл зүйч мэргэжилтэй. /мэргэжлийн дипломыг шүүхэд өгсөн/. Сурсан мэдсэн зүйлээрээ бусдыг эмчилж, бусдад тусалж ирсэн бөгөөд Монгол улсад Буддын шашны гүн ухаанд суралцахаар ирсэн. 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Г В хотхонд түрээсээр байр хөлсөлж суусан. Тэр өдрөөс долоо хоногийн дараа бусад Оросуудаас миний эрүүл мэндийн шинжилгээний хариу муу гэсэн талаар олж мэдсэн. 3 жилийн өмнө хүнд хагалгаанд орж байсан бөгөөд ходоодны 70 хувийг авахуулсан. Тийм ч учраас сэтгэл санаагаар их унасан бөгөөд эмчлэх эмний мөнгө байхгүй тул архи ууж өвчнөө дардаг байсан. Тэр үед Вилла ситигийн хажууд байдаг В М дэлгүүрээс ихэвчлэн архи авч уудаг байсан. Тэр дэлгүүрт 2 эмэгтэй, нэг эрэгтэй ажилладаг. 07 дугаар сарын 23-ны өдөр эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай байсан ба эмчлүүлэх мөнгө байхгүй учир өөрт байх үнэт эдлэлүүдийг зарж өөрийгөө эмчлүүлэхээр зэхсэн. Надад мөнгөн аяга болон мөнгөн гинжнүүд байсан бөгөөд ойролцоогоор 2 сая орчим төгрөгийн үнэд хүрэх үнэт эдлэлүүд байсан. Миний байнга үйлчлүүлдэг В М дэлгүүрт үнэт эдлэл зардаг хэсэг байсан бөгөөд тэнд ажилладаг залууд өөрийн үнэт эдлэлүүдийг 1 сая 500 мянган төгрөгөөр зарахаар ярилцсан. Тэгэхэд залуу толгой дохиж зөвшөөрөх тэмдэг үзүүлсэн. Тэгээд миний авчирсан үнэт эдлэлүүдийг өөрийнхөө өрөөнд хийж түгжин надад 1 шил архи өгсөн бөгөөд маргааш гэдгийг дахин дахин хэлж байсан. Би ч маргааш л өгөх юм байна гэдгийг ойлгосон. Тэрэнтэй маргах хүч тэнхээ надад байсангүй. Би ч түрээсийн байрандаа очиж амраад маргааш өдөр нь иртэл тэр залуу байсан бөгөөд хувцаснаас минь заамдан авч гадагшаа хаалга руу түлхэж гаргасан. Тэгээд дэлгүүрийн үүдний хаалганы модноос нэгийг авч тэр модоор намайг унатал зодсон. Сэхээ ороод хартал өмдний 2 тал цус болсон байв. Тэрээр над руу чангаар орилж, модоор намайг цохих гэж сарвайв. Би тэрнээс маш их айсан. Учир нь, тэр явдлаас 2 жилийн өмнө миний ах яг энэ байдлаар нас барж байсан. Миний толгой хүчтэй өвдөж байсан тул өвдөлтийг үл анзааран тэр газраас зугтааж гэр лүүгээ орсон. Гэрт орж ирэхэд миний бие муудав. Тийм учраас надад үлдсэн 600 мянган төгрөгийн үнэд хүрэх мөнгөн эдлэлүүдийг авч гаран гэрийн ойролцоо байсан жип машинтай залууд 300 мянган төгрөгөөр зарав. Тэр мөнгөөр эмнэлэгт үзүүлэх боломжгүй тул буцаад гэрлүүгээ оров. Маргааш өглөө нь Вилл март дэлгүүрт архи авахаар дахиж оров. Миний бие маш муу, цаашаа явах тамир тэнхээ байсангүй. Тэр үед миний халаасанд мөнгөн эдлэл зарсан мөнгө болон утсан хиамны үлдэгдэл, халаасны хутга зэрэг байв. Тэрийг харсан худалдагч миний хутгыг авч үзсэн. Би ч лангуунаас архиа авч, мөнгийг нь өгөөд гарахаар зүглэсэн. Худалдагч надаас юм асуухад юм ойлгоогүй. Миний хараа маш муу бөгөөд биеэрээ эргэж хараад худалдагчид маргааш авах архиныхаа мөнгийг урьдчилж өгөв. Маргааш өдөр нь дэлгүүрээс дахин орж архиа авахад тэр хүмүүс надад архийг минь өгөөгүй. /Орост өмнөх өдөр нь мөнгөө өгөөд маргааш нь юмаа авч болдог, эсвэл зээлж болдог тул тэрэн шиг санав./ Миний хувьд гэмт хэрэг үйлдээгүй, дээрмийн шинжтэй үйлдэл гараагүй, мөн тухайн газрын камерын бичлэгүүдэд миний буруугүйг батлах нотлох баримтууд байгаа, мөн дэлгүүрт ажилладаг залуу намайг байнга зодож дарамталдаг байсан тул миний бие маш гомдолтой байна. Иймд эрхэм шүүгчид холбогдох журмын дагуу шударга үнэнээр миний буруугүйг тогтоож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч К П В-н өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлын үндэслэл нь:
Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагч яллах дүгнэлт уншиж сонсгосноор шүүхийн хэлэлцүүлэг эхэлдэг ба шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын яллагч яллах дүгнэлт уншиж сонсгосны дараа шүүгдэгчээс “... улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлт, танд гардуулсан яллах дүгнэлттэй таарч тохирч байгаа...” эсэхийг асуудаг, шүүгдэгч К.П.В нь орчуулагчаар дамжуулан тохирохгүй байгаа талаар хэлсэн. Тухайлбал, прокурорын надад гардуулан өгсөн орос хэл дээрх яллах дүгнэлтэд “... намайг буу, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж бичсэн байна, надад буу байгаагүй..., Оросын холбооны Улсын Эрүүгийн хуулиар шийтгэнэ гэж бичсэн..., мөн зөрүүтэй маш олон зүйл бичигдсэн байна..., хохирогч дэлгүүрийн эзэн Б, худалдагч У, У нарыг шүүх хуралдаанд оролцуулахыг хүсэж байна, тэд миний нүүрийг хараад шүүхэд үнэнийг хэлээсэй гэж хүсэж байна” гэж хэлж, хүсэлт гаргасан. Мөн хуулийн 35.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт улсын яллагчийн яллах дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч үг хэлж болно гэж заан хуульчилсан тул шүүгдэгчийн өмгөөлөгч бид шүүхэд хандан тухайн орос хэлээр орчуулуулан шүүгдэгчид гардуулсан яллах дүгнэлт хууль зөрчиж байгаа талаар тайлбарласан. Шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй бөгөөд хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, 2-т заасныг тусгахдаа ОХУ-ын Эрүүгийн хуульд заасан зүйлчлэлээр, ОХУ-ын шүүхээр шийдвэрлэхээр тусгагдсан нь хуулийг ноцтой зөрчсөн байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн хэмээн гомдолтой байна. Шүүх хохирогч нарын мэдүүлгүүд, мөн хэрэгт мөрдөгч нарын дэлгүүрийн камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидиг үндэслэн үйл баримт, гэм буруугийн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолын үндэслэлээ болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн. Орчуулагч хэмээн мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байсан ОХУ-д сурдаг оюутан гэх бас Б-т 80.000 төгрөг төлсөн гэж К.П.В-д хэлсэн байдаг. Хохирогч Н.Б нь 3 хүнээс хохирлоо гаргуулсан гэж үзэхээр байна.
Шүүхийн нотлох баримт шинжлэн судлах шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан, хэрэгт хавсарган ирүүлсэн камерын дүрс бичлэг болох сидиг бүхэлд нь тоглуулан үзсэн бөгөөд шүүхийн дүгнэлтэд дурдаад буй камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч нарын өгсөн мэдүүлэгтэй огт тохирдоггүй, тэнд хэн нэгэн рүү хутга гаргаж чичилсэн, айлган сүрдүүлсэн, гарт байгаа ууттай зүйл нь хутга гэж ч харагддаггүй. Шүүх бүрэлдэхүүнд байсан хоёр эмэгтэй шүүгч бухимдан “өөр бичлэг байхгүй юм уу, юу нотолж байгаа юм, тайлбар энэ тэр хэлээч, хамгаалаач” гэж ууртай хэлж байж улсын яллагч энэ бичлэгээр нотлогдож байна гэж хэлж байсан нь шүүх хуралдааны дүрс бичлэгт байгаа. Хэрэгт авагдсан сиди нь камерын бичлэгт үзлэг хийсэн гэх тэмдэглэлтэй огт таарч тохирохгүй байхад шүүх нотлогдож тогтоогдож байна гэж үзсэнд гомдолтой байна.
Шүүх “эд зүйлийн үнэ төлбөрийг төлөхгүйгээр авсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өмдний халааснаас 200.000-400.000 төгрөг байснаа би өгсөн гэдэг, мөн сиди бичлэгт шүүгдэгч өмдний халааснаасаа олон тооны мөнгөн дэвсгэрт эмх цэгцгүй байдалтай худалдагчийн өмнөх лангуун дээр гаргаж тавьж байгаа дүрс бичлэг байдаг. Худалдагч Б нь тухайн мөнгийг 2500 төгрөг байсан гэх боловч яг хэдэн төгрөг төлсөн эсэхийг нь шалгаж тогтоосон баримт байдаггүй, энэ талаар захирал гэх Н.Б нь ч мэдүүлээгүй байдаг.
Бидний шүүх хуралдаан дээр үзэж шинжлэн судалсан сиди бичлэг, мөрдөн шалгах ажиллагааны үед камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч нарын мэдүүлгүүдтэй мөн л таардаггүй зөрүүтэй байдаг. Харин шүүх “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв” гэсэн нь үндэслэлгүй.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, камерын дүрс бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэгт дүгнэлт хийхэд шүүгдэгч нь дэлгүүрийн лангуун дээрх архийг авсны дараа хохирогч нарт хутга харуулах, “мөнгөө төл” гэсэн хохирогчийн зүй ёсны шаардлагын хариуд хохирогч нар луу хутга чичлэх үйлдэл гаргаж, төлбөр төлөхгүйгээр эд зүйлийг авч гарч байна. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь хохирогч нарын сэтгэл зүйд айдас төрүүлэхүйц, эсэргүүцэл үзүүлэхгүйгээр эд зүйлийг шүүгдэгчид шилжүүлэн өгөх хохирогч хариу үйлдэл үзүүлсэн тохиолдолд шүүгдэгч хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжтэй байх тул дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэх нь хэргийн бодит байдалд нийцнэ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн дээрх үйлдэлд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хохирогч руу чиглэн довтолсон идэвхитэй үйлдэл харагдахгүй ч эд зүйлийг авсны дараа хутга үзүүлж айлган сүрдүүлсэн нь “эд зүйлээ өгөхгүй бол хүч хэрэглэнэ” гэж заналхийлсэн сэтгэхүйн довтолгоо байсан гэж шүүх дүгнэлээ гэжээ. Хохирогч нарын хэн аль нь орос хэл мэдэхгүй, шүүгдэгч монгол хэл мэдэхгүй, хэн аль нь ойлголцоогүй, шүүхийн дүгнэсэн “мөнгөө төл” гэсэн хохирогчийн зүй ёсны шаардлагыг ойлгоогүй гэдгийг мэдүүлэгтээ хэн аль нь мэдүүлдэг.
Хоёр. Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлтдээ: Шүүх шүүгдэгч нь хохирогч байгууллага болох В М нэртэй дэлгүүрийн лангуун дээрээс гурван удаагийн үйлдлээр 0,75 литрийн нийт 3 шил Хараа нэртэй архийг өөрийн биед авч явсан хутгыг үзүүлэн эд зүйлийн үнэ төлбөрийг төлөхгүйгээр авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв. Хохирогч Н.Б, Б.У, Б.Б нарын мэдүүлэг, Дамно ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болно гэжээ.
1. Шүүгдэгч нь өөрийн үнэ бүхий эд зүйлийг дэлгүүрийн эзэн болох хохирогч Н.Б-т худалдсан байсан ба дэлгүүрээс авч гарсан архийг өөрийн худалдсан эд зүйлийн хариу төлбөрт авч байсан гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байх ба энэ талаарх үйл баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдаж байна гэжээ. Шүүгдэгч шүүхэд мэдүүлэхдээ: “... би мөнгөн халуун сав, мөнгөн эрх зэргээ мөнгөний хэрэг болоод дэлгүүрт зарах санаатай орж ирэхэд дэлгүүрийн эзэн /Б-г хэлнэ/ залуу миний эдгээр үнэ бүхий зүйлийг маань булааж аваад надад жижиг архи өгөөд “маргааш , маргааш” гээд хөөж гаргахдаа өшиглөж зодсон..., тэгээд би миний авах мөнгө байгаа болохоор хасаад тооцчихно гэж бодоод архи авсан...” гэдэг. Энэ нь хохирогч Н. Б-н мэдүүлгээс үзэхэд нотлогдож байна гэж үзэж байна. Тухайлбал, хохирогч Н.Б нь “...эдгээр худалдагчийг хүнсний дэлгүүрт ажлаа хийж байхад нь удаа дараа ОХУ-ын иргэн хутга барьж орж ирээд айлган сүрдүүлж архи аваад гарсан гэж 3 удаа хэлсэн бөгөөд тухайн үед нь би очиж чадаагүй байсан. ... Тухайн гадаад иргэн гэх залуу Хараа нэртэй архи 0.5 болон 100 граммын архийг 1 удаагийн үйлдлээр, дараагийн 3 үйлдэл нь 0,75 граммын хараа архи авч гарсан байдаг, нийт 80.000 төгрөгийн орчим хохирол учруулсан байна. В М нэртэй хүнсний дэлгүүрт 2024 оны 07 сарын 25-нд У-г байх үед, 2024 оны 7 сарын 26-ны өдөр Б худалдагчийг байх үед, 2024 оны 7 сарын 27-ны өдөр намайг байх үед тус тус орж ирээд 3 удаа Хараа нэртэй архи авч гарсан. /хх 63-68 тал/. Ямар учраас нийт 4 удаа архи зөвшөөрөлгүй, хутгаар айлган сүрдүүлж аваад байхад Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, худалдагч нар тус бүрийг ажиллаж байхад нэг, нэг удаа 0,75 граммын хараа архи авч гарсан гэж мэдүүлдэг. Эхний буюу 1 удаагийн 500 буюу 100 грамм хараа архи авсан гэдгийг хохирогч Н.Б нь тодорхой хэлэхгүй, цагдаад дуудлага өгч гомдол гаргахдаа 3 удаа архи орж ирж авсан гэдэг. Хохирогч Б нь худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгчийг монгол хэл мэдэхгүй, улмаар согтуу байх үед нь далимдуулан эд зүйлийг нь өөрөө харин дээрэмдсэн юм биш биз гэх эргэлзээтэй байдал байна гэж үзэхээр байхад шүүх дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Түүнчлэн Дамно ХХК-ийн 2024 оны 8 сарын 14-ний өдрийн №24-303 дугаартай шинжээчийн дүгнэлт 1 шил 100 грамм архи, 1 шил 0,5 грамм архи, 0.75 граммын 3 шил Хараа архи, нийт 5 ширхэг архины үнэлгээ гаргасан байдаг. /хх 136-137/
2. Хохирогч Н.Б нь хохирлын мөнгөний тухайд: К.П.В-ын танил Гансүхэд ар гэрээс нь мөнгө ирүүлэн, дамжуулж 80.000 төгрөг төлсөн байдаг. Мөн шүүгдэгч нь орон сууц хөлслөн иргэн Нарантуяад 6.400.000 төгрөг төлсөн байсан бөгөөд баригдан хоригдсон тул гэрээ цуцлагдан төлсөн төлбөрөөс Н.Б-т 80.000 төгрөг төлсөн гэж хасаж тооцсон байдаг.
3. Дээрэмдэх гэмт хэргийн шинж нь хохирогчийн эсэргүүцлийг няцааж эд хөрөнгийг авсан идэвхитэй үйлдэл байдаг. Хохирогчийг алгадах, цохих, түлхэх, хоолойг нь боох, эд хөрөнгөө өгөхгүй бол ална, эрүүл мэндэд нь хохирол учруулна гэх мэтээр айлган сүрдүүлсэн хэлбэртэй, хохирогчийг эсрэг чиглэсэн байхыг ойлгоно. Хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэгт бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгоно. Энэхүү хүчирхийлэл нь идэвхитэй үйлдлээр илэрсэн байхыг шаарддаг. Шүүгдэгчийн хувьд хутгаар чичлэх, далайх гэх мэт ямар ч үйлдлийг хийгээгүй нь камерын бичлэгээс харагддаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх Баянгол дүүргийн 26, эсвэл 3-р хороо гэх мэтээр хоёр өөр хороонд болсон юм шигээр хэрэгт бичсэн. Цаг хугацааны хувьд ч зарим хуудаст 2023 он... гэж бичигдсэн, орчуулагч нарын хувьд шаардлага хангахгүй, диплом бичиг баримт авагдаагүй, оюутан хүртэл оролцсон, орчуулга бүрэн гүйцэд хийгдэж чадаагүй. К ч ойлгоогүй, бас ойлгуулж чадаагүй гэдэг. Шүүх хурал дээр оролцсон орчуулагч бүрэн гүйцэд орчуулж чадахгүй, шүүгдэгчийн хэлсэн зүйлийг орчуулахгүй орхигдуулах, оновчгүй үг, өгүүлбэр хэрэглэж, утга санааг өөрчлөх гэх мэт асуудал гаргаж байсныг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс сануулж эсэргүүцэл илэрхийлж байсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 12 сарын 05-ны өдрийн 322-р тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2-т заасан хариуцлага хүлээхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 дэх хэсэгт заасан өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй гэж тодорхойлсон. Мөн Улсын Дээд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрхэн ойлгож хэрэглэх талаар албан ёсны тайлбар гарсан байхад шүүх анхаарч үзсэнгүй хэмээн гомдолтой байна. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч К П В-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй, харилцан үл ойлголцол гарсан, энэ нь гэмт хэргийн шинжгүй” гэх дүгнэлтийг гаргасан. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6 дугаар зүйлд тус тус зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад агуулгын хувьд зөрөөгүй гэх үндэслэлээр аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй хууль зөрчсөн гэж үзэж гомдолтой байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан. ... Хэрэгт эргэлзээтэй үйл баримт олон байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч К П В-н өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн тогтоол болон улсын яллагчийн яллах дүгнэлтийн орчуулга шүүгдэгчид буруу ойлголт төрүүлэхээр орчуулсан зүйл олон байсан. Агуулгын хувьд өөрчлөгдөн орчуулагдсан нь шийтгэх тогтоол ойлгомжтой нэг мөр байна гэх зарчмыг зөрчиж байна. Шүүгдэгчийг дэлгүүрт 3 удаа орж архи авсан гэдэг. Тухайн дэлгүүр 8 камертай, камерууд маш сайн бичлэг хийгддэг. Бид анхан шатны шүүх хуралдаанаар камерын бичлэгийг шинжлэн судалсан. Тус бичлэгт шүүгдэгч дэлгүүрт ороод, худалдагчтай харилцан ярилцаад хутгаа үзүүлж байгаа үйл явдал харагдана. Улмаар архийг аваад, лангуун дээр халааснаасаа мөнгөнүүд гаргаж тавиад гарна. Шүүгдэгчийг гарангуут худалдагч дуудсан бололтой шүүгдэгч буцаад хаалгаар шагайдаг. Ингэхдээ хутгыг барьсан хэвээр, хутга ууттай байдаг. Ийм л нэг удаагийн үйлдэл байхад 3 удаагийн үйлдлээр гэсэн нь ойлгомжгүй байна. Айлган сүрдүүлсэн үйлдэл хийсэн гэдэг нь эргэлзээтэй. Дээрэмдэх гэмт хэргийн шинж нь бусдын эд зүйлийг хууль бусаар авахын тулд заналхийлэх, довтлох байдлаар илэрдэг. Довтлогоо эхэлснээр дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үздэг. Гэтэл шүүгдэгч нь хохирогч нарыг айлгаад, хутгаар далайлгаж, айлган сүрдүүлж, эд зүйлийг авч гарсан зүйл тогтоогддоггүй. Хэргийн үйл баримт хангалттай тогтоогдоогүй, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байна. Үүнээс гадна орчуулгын алдааг залруулах шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хавтас хэргийн хүрээнд, цугларсан нотлох баримтад үндэслэн дээрх шийдвэрийг улсын яллагчийн зүгээс гаргасан. Тухайн гэмт хэрэг нь “В М” дэлгүүрт 07 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд үйлдэгдсэн нөхцөл байдлууд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шүүгдэгчийн шүүх хуралдааны явцад тухайн дэлгүүрээр үйлчлүүлсэн талаарх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн бодит үйл баримт нотлогдон тогтоогдсон.
Бид хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд л үйл баримтыг ярих ёстой. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар өмнө ийм харилцаатай байсан, мөнгийг өгсөн гэх зүйлүүдийг удаа дараа ярьдаг боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. ... Хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Өмнө нь эд хөрөнгө, мөнгөн эдлэлүүдийг зарсан, түүний хариу төлбөрт дэлгүүрээс архи авсан гэх агуулгатай зүйлийг шүүгдэгч, өмгөөлөгч нар ярьдаг. ... Дээрэмдэх гэмт хэргийн тухайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, илээр авах үйлдэл байдаг. Шүүгдэгчийн хувьд 3 удаагийн үйлдлээр тухайн дэлгүүрээр үйлчлүүлж архи авахдаа хутгаа харуулсан. Худалдагч руу зүй бус үйлдэл хийсэн нь камерын бичлэгт харагддаг. Мөнгө гаргаж тавьсан тухай ярьдаг. Хохирогч Г.У-н мэдүүлэгт “...2300 орчим төгрөг надад өгсөн тул би мөнгийг нэмж авахаар араас нь гартал надад дахин хутгаа үзүүлсэн тул би айгаад ойртож чадаагүй...” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч рүү ойртохгүй, ямар нэгэн үйлдэл хийхгүй байгаа нь хохирогчид айдас төрүүлсэн гэсэн үг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, шүүгдэгчийн эрх ашиг хөндөгдөхвий гэх асуудлыг нэн тэргүүнд тавьж ажилласан. Мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч, орчуулагч нарыг тогтмол оролцуулсан. Орчуулагчаас шүүгдэгч өөрөө татгалзсан. Гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл өмгөөлөгч нараас мөрдөх болон прокурорын байгууллагад гомдол гаргаагүй. Иймд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Орчуулгын тал дээр эргэлзээтэй асуудлууд их гарсан. Орчуулга хийх эрхтэй субъект байсан тул мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан. Орчуулгын талаар тайлбар орчуулагчаас авахад “... Орос хэлний тухайд маш олон салаа утгаар орчуулагддаг, зэвсэг гэх үгийг тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад янз бүрээр орчуулдаг тул би ерөнхийд нь зэвсэг гэдэг байдлаар орчуулсан, надад санаатай буруу, худал орчуулсан зүйл байхгүй. Би шүүх дээр энэ талаар тайлбарлаж болно” гэх зүйлийг хэлсэн. Ямар нэгэн байдлаар шүүгдэгчийг хэн нэгний аминд хүрсэн, буудсан гэх зүйл хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүхээс ч шүүгдэгчийг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулж шийтгээгүй. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/899 дүгээр шийтгэх тогтоол үндэслэлтэй байгаа тул хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч К П В нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г В” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “В М” дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийн худалдагч, иргэн Г.У-г зэвсэг буюу хутга ашиглан, хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй 1 шил архийг,
мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г В” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “В М” дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийн худалдагч, иргэн Б.Б-г зэвсэг буюу хутга ашиглан, хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй 1 шил архийг,
2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г В” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “В М” дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийг хариуцан ажиллуулж байсан иргэн Н.Б-г зэвсэг буюу хутга ашиглан, хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй 1 шил архийг тус тус авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Б-н “... Би 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүнсний дэлгүүртээ өөрөө суух болсон бөгөөд манай дэлгүүрт худалдагч хийдэг 2 эмэгтэй тухайн хутгатай гадаад улсын иргэнээс айгаад дэлгүүрт суухаа больсон тул би тус өдөр дэлгүүртээ сууж байтал 21 цагийн орчимд ОХУ-ын иргэн хар өнгийн хутгатай орж ирсэн ба надад хутга барьснаа харуулаад шууд архины лангуу руу очиж, архи аваад хойд талын хаалга руу гарсан бөгөөд би араас нь гарахад гадаа гараад миний урдаас хутгаараа сүрдүүлэх маягийн өргөлт авч хутгаараа хэд хэдэн удаа далайсан. Би тухайн үйлдлээс нь сандарч балмагдаж дэлгүүр лүүгээ орсон бөгөөд тухайн иргэн цааш яваад өгсөн тул цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн гадаад улсын иргэн гэх залуу Хараа нэртэй архи 0,5 болон 100 граммын архийг 1 удаагийн үйлдлээр, дараагийн 3 үйлдэл нь 0.75 граммын хараа архи авч гарсан байдаг, нийт 80,000 төгрөгийн орчим хохирол учруулсан байна. ...” /1 хх 63-68/,
хохирогч Б.У-н “... Намайг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дэлгүүр дээр худалдагчаар сууж байх үед өмнө нь манай дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан орос хүн согтуу, гартаа хутга барьчихсан орж ирсэн. Тухайн үед цаг 10 цаг 00 минут болж байсан байх, одоо сайн санахгүй байна. Тэр орос хүн дэлгүүрт орж ирээд шууд дэлгүүрийн архины лангуу руу очоод 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авсан. Би тэр хүнийг халамцуу согтуу байхаар нь тооцоо хийхгүй байх гэж бодоод худалдагчийн касс дээрээс түүний хажууд буюу архины лангуу руу очоод түүнд хандаж “архи өгөхгүй” гэж хэлээд гараараа татгалзаж буй үйлдэл үзүүлсэн. Тэгтэл тухайн орос хүн над руу хараад гартаа байсан хутгаа надад харуулаад, дараа нь над руу чичилж буй мэт үйлдэл үзүүлсэн. Би хутга гаргаад над руу чичлэх үед айж сандраад эсэргүүцэл үзүүлж чадалгүй архиа өгөөд явуулсан. ...” /1 хх 72-73/,
хохирогч Б.Б-н “... Манай дэлгүүрээр 2024 оны 07 дугаар сарын сүүлээр орос хүн орж ирэн үйлчлүүлдэг болсон. ... намайг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орой 21-22 цагийн үед дэлгүүр дээр ажиллаж байх үед манайхаар үйлчлүүлдэг орос хүн дахин ирсэн. Тэрээр тухайн үед гартаа хутга барьчихсан, согтуу дэлгүүрт орж ирсэн. Би түүний барьсан хутгыг хараад тэрээр өргөн, иртэй хэсгийнхээ эсрэг талд нүхтэй байсан. Дэлгүүрт тэр орос хүн хутгатай орж ирээд шууд архины лангуу руу яваад тэндээс 0.75 литрийн “Хараа” нэртэй архи аваад эргээд дэлгүүрээр тооцоо хийлгүй гарах гэж оролдсон. Би тухайн үед орос хүний араас “тооцоогоо өгөөч” гэж хэлэхэд тэрээр надад 2300 төгрөг өгсөн тул дахин түүнд хандан “дутуу мөнгө өгчихлөө” гэж хэлэхэд дэлгүүрийн лангуу дээр байсан архийг түүнээс авах гэхэд тэрээр урдаас гартаа барьсан байсан хутгаа харуулж намайг сүрдүүлэх мэт болсон. Тухайн үед би хутга хараад хутгалуулчхаж магадгүй гэж айгаад архиа булааж авч чадаагүй, тухайн орос хүнийг явуулсан. ...” /1 хх 77-78/,
гэрч С.Н-н “...Би Баянгол дүүргийн 26 дугаар хороонд байрлах Г В 1045 байрны 6 давхрын 53 тоот 2 өрөө байрыг түрээслүүлэхээр 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зар тавьсан. 2024 оны 07 дугаар сарын 02-нд 9900... утасны дугаараас миний охины дугаар руу холбогдоод “байр түрээслэх гэсэн юм, гадаадын хүн түрээсэлж суух юм, уг хүн бол хүн эмчилдэг үзмэрч хүн, би орчуулагчаар нь ажиллаж байгаа юм” гэж хэлээд байрны үнийг нь тохиролцоод байрандаа оруулсан. ... Эхний хэдэн хоногтоо архи уухгүй, томоотой хүн шиг харагдсан боловч, байрны оршин суугчид над руу “энэ орос иргэн өдөр болгон лифтэнд шээсэн байна” гэх зэрэг гомдлуудыг гаргахаар нь би хорооны цагдаад гомдол гаргасан. Мөн 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 104Б байрны дэлгүүрийн худалдагч над руу “таны байрыг түрээсэлж сууж байгаа Орос иргэн орж ирж хутга бариад айлган сүрдүүлж дэлгүүрээс бараа аваад явчихлаа” гэж хэлсэн. ...” /1 хх 87-88/,
гэрч И.Д-н “...Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г В хотхоны сууц өмчлөгчдийн холбоонд үйлчлэгчээр ажилладаг. ОХУ-ын иргэн К П В гэх хүнийг мэднэ. ... Тэрээр манай байранд оршин суух үедээ дандаа согтуу байдалтай харагддаг байсан. Сүүлдээ архи уудгаасаа болоод асуудал үүсгэж эхэлсэн. Манай Г В хотхоны 104а байрны давхарт үйл ажиллагаа явуулдаг В М дэлгүүрээс хутгатай архи авсан тухай тус дэлгүүрийн худалдагч Б.Б гэх хүн надад хэлсэн. ...” /1 хх 100-101/,
гэрч С.У-н “... Орос хүн манай байранд 07 сард түрээсээр амьдарч байсан. Тэрээр амьдрах хугацаандаа дандаа согтуу байдаг байсан. Түүний гуйлга гуйж байгаа байдал нь жаахан түрэмгий мэт, явж байгаа хүмүүсээс зуурч татаж, чангааж, замыг нь хаах зэрэг ёс бус үйлдэл гаргадаг байсан тул хүмүүс их дургүйцээд цагдаад мэдэгдсэн. хамгийн сүүлд 104а байрны 1 давхрын В М дэлгүүр рүү хутгатай орж архи айлган сүрдүүлж авсан тухай дэлгүүрийн эзэн нь байрны оршин суугчдад мэдэгдсэн, мөн тэрээр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн орос хүний үйлдэл даамжирсаар дийлдэхгүй болсон. ...” /1 хх 108-109/,
гэрч Т.Т-н “...намайг 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр орой гэрээсээ гараад гадагшаа хүнтэй уулзахаар явж байтал манай байранд 2024 оны 07 дугаар сард түрээсээр амьдарсан орос хүн даалин мэт зүйлээр ороосон хутга барьчихсан надтай зөрсөн. Тэрээр хутга барьсан байсан тул би түүнээс айгаад зайгаа барьж харилцсан. Нөгөө орос хүн хутга барьчихсан хүмүүсээс мөнгө гуйгаад айлгаад байсан учир би цагдаагийн 102 дугаар утсанд өөрийнхөө 95951679 дугаараас “хутгатай орос хүн хүмүүсээс мөнгө нэхээд байна” гэх дуудлага, мэдээлэл өгсөн. ...” /1 хх 112-113/,
гэрч Г.Б-н “... Тухайн орос хүнийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шалгахаар өрөө рүү нь ороход тэрээр өөрийнхөө гарыг зүсчихсэн, бага зэрэг согтолттой байж байсан. ...” /1 хх 115-116/,
гэрч Б.Б-н “... Манай эмнэлэгт ОХУ-ын иргэн К П В архины хордлогод орсон гэх урьдчилсан оноштой ирсэн тул түүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, шинжилгээ хийж, онош тодруулахад тэрээр хүнд зэргийн архины хордлогод орсон, зүүн гарын шуу хэсэгт зүсэгдсэн мэт шархтай болох нь тогтоогдсон. ...” /1 хх 118-119/ гэсэн мэдүүлгүүд,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 15/, “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1 хх 136-137/, Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 24- 30, 36-38, 39-42/, Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 45-50/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч К П В-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг хутга буюу зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх К П В-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгч К.П.В нь “... би гэмт хэрэг үйлдээгүй, дээрмийн шинжтэй үйлдэл гараагүй, камерын бичлэгүүдэд миний буруугүйг батлах нотлох баримтууд байгаа, мөн дэлгүүрт ажилладаг залуу намайг байнга зодож дарамталдаг байсан тул маш их гомдолтой байна. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэгээс “... Орос хэлээр орчуулагдсан шүүгдэгчид гардуулсан яллах дүгнэлт нь хууль зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, 2-т заасныг тусгахдаа ОХУ-ын Эрүүгийн хуульд заасан зүйлчлэлээр, ОХУ-ын шүүхээр шийдвэрлэхээр тусгагдаж, хуулийг ноцтой зөрчсөн байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан сиди нь камерын бичлэгт үзлэг хийсэн гэх тэмдэглэлтэй огт таарч тохирохгүй байхад шүүх нотлогдож тогтоогдож байна гэж үзсэнд гомдолтой, анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...” гэсэн тус тус давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч К.П.В нь 2024 оны 07 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хороонд нийт 3 удаагийн үйлдлээр “В М” дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийн худалдагч Г.У, Б.Б, Н.Б нарт зэвсэг буюу хутга ашиглан, хүч хэрэглэхээр заналхийлэн 3 шил архи авсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Дээрэмдэх гэмт хэргийн “хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэх шинж нь хохирогчийг тодорхой болон тодорхой бус хүчин зүйлийн нөлөөнд оруулж, айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрч болох бөгөөд шүүгдэгчийг хүч хэрэглээгүй, хохирогчийн бие махбодид гэмтэл учруулаагүй гэсэн шинжээр дээрмийн гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Тухайлбал, шүүгдэгч К.П.В нь бусдын эд зүйлийн дээрэмдэн авах хүсэл зорилгоо хэрэгжүүлэхдээ хутгыг зэвсгийн чанартай ашиглаж, хохирогчийг айлган, өөрийн нөлөөнд оруулж, хутгаа илээр барьж яваад дэлгүүрээс төлбөр төлөхгүйгээр эд зүйл авч гарч байгаа нөхцөл байдал нь дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжийг хангасан гэж үзнэ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, К.П.В-н үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилжээ.
Харин прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн албан ёсны эх хэл дээр орчуулахдаа агуулгын болон найруулгын зөрчилтэй орчуулсныг үгүйсгэхгүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дээрх хууль зүйн дүгнэлтийг өөрчлөх, үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзнэ.
Мөн шүүгдэгчийн “... Миний байнга үйлчлүүлдэг В М дэлгүүрт үнэт эдлэл зардаг хэсэг байсан, тэнд ажилладаг залууд өөрийн үнэт эдлэлүүдийг 1 сая 500 мянган төгрөгөөр зарахаар ярилцсан. ... тэр залуу хувцаснаас минь заамдан авч гадагшаа хаалга руу түлхэж гаргаад дэлгүүрийн үүдний хаалганы модноос авч намайг унатал зодсон...” гэсэн гомдлын хэсэг үндэслэлгүй бөгөөд дээрх үйл явдал болсон гэх баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч К.П.В-н бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Н.Б-н “... дэлгүүртээ сууж байтал 21 цагийн орчимд ОХУ-ын иргэн хар өнгийн хутгатай орж ирсэн ба надад хутга барьснаа харуулаад шууд архины лангуу очиж архи аваад хойд талын хаалга руу гарсан бөгөөд би араас нь гарахад гадаа гараад миний урдаас хутгаараа сүрдүүлэх маягийн өрөлт авч хутгаараа хэд хэдэн удаа далайсан. ...” /1 хх 63-68/, хохирогч Б.У-н “... тухайн орос хүн над руу хараад гартаа байсан хутгаа надад харуулаад дараа нь над руу чичилж буй мэт үйлдэл үзүүлсэн. Би хутга гаргаад над руу чичлэх үед айж сандраад эсэргүүцэл үзүүлж чадалгүй архиа өгөөд явуулсан. ...” /1 хх 72-73/, хохирогч Б.Б-н “... Дэлгүүрт тэр орос хүн хутгатай орж ирээд шууд архины лангуу руу яваад тэндээс 0.75 литрийн “Хараа” архи аваад эргээд тооцоо хийлгүй гарах гэж оролдсон. Би тухайн үед орос хүний араас “тооцоогоо өгөөч” гэж хэлэхэд тэрээр надад 2300 төгрөг өгсөн тул дахин түүнд хандан “дутуу мөнгө өгчихлөө” гэж хэлэхэд дэлгүүрийн лангуу дээр байсан архийг түүнээс авах гэхэд тэрээр урдаас гартаа барьсан байсан хутгаа харуулж намайг сүрдүүлэх мэт болсон. Тухайн үед би хутга хараад хутгалуулчхаж магадгүй гэж айгаад архиа булааж авч чадаагүй тухайн орос хүнийг явуулсан. ...” /1 хх 77-78/ гэсэн мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэх нөхцөл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэгийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох...” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.П.В-н анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/899 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К П В, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К П В нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ М.АЛДАР