| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
| Хэргийн индекс | 125/2026/0016/З |
| Дугаар | 125/ШШ2026/0023 |
| Огноо | 2026-06-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 125/ШШ2026/0023
2026 06 12 125/ШШ2026/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Боловсролын газрын даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, тэмдэглэл хөтлөгчөөр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчээс 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх төгрөгийг гаргуулах мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
2.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* нь Жаргалант сумын ЕБ-ын ******* сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2025 оны 8 сараас ажиллаж байгаа бөгөөд Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 тоот "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалаар надад ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тус тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалт, Ховд аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/171 дүгээр захирамжуудыг үндэслэн Аймгийн Онцгой комиссын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн дунд олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ, бүх төрлийн секц, дугуйланг хязгаарласан үед сурагчдыг цуглуулж нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан гэжээ.
Аливаа шийдвэр ойлгомжтой, тодорхой байх ёстой. Гэтэл энэхүү сахилгын шийтгэл оногдуулсан тушаалд ******* миний бие Ховд аймгийн Засаг даргын 2026.03.13-ны өдрийн А/171 дүгээр захирамж болон аймгийн Онцгой комиссын тогтоолыг зөрчсөн гэсэн байна.
Ховд аймгийн Онцгой комиссын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0******* тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/171 дүгээр захирамжаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдын дунд олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ, секц, дугуйлан явуулахыг хязгаарласан, энэхүү хязгаарласан гэх спорт, соёл урлаг, секц, дугуйлангийн арга хэмжээнд бие даалтын 7 хоногт Улаан загалмайн хорооноос зохион явуулсан анхны тусламжийн мэдлэг олгох сургалт хамаарахгүй юм.
Энэхүү арга хэмжээ явагдсаныг миний бие мэдээгүй, менежер *******, нийгмийн ажилтан ******* нар нь дур мэдэн явуулсан байсан бөгөөд тухайн үйл ажиллагаа болоод дууссаны дараа менежер бие даалтын долоо хоногийн төлөвлөгөөг батлуулахаар надад оруулж ирсэн. 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болох гэж байсан. Үүнтэй холбоотой төлөвлөгөөг харж байгаад баталъя гээд тухайн өдрөө батлаагүй. Харин дараа өдөр нь хуралдаа суучихаад үдээс хойш үйл ажиллагаатай танилцаад баталсан. Тэгэхэд сургалтын арга хэмжээ дуусчихсан байсан.
Мөн улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан ажлын хувьд хүүхдүүдийг цуглуулаагүй, харин тухайн үед сургууль дээр байсан сурагчдын хүрээнд үйл ажиллагаа явуулсан гэж ойлгосон.
Тухайн байгууллага албан тушаалтан нь бусдын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдээс тайлбар авч нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байтал өөрийн сэжиг таамгаар сайн судалж нягтлалгүйгээр шууд сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй.
Энэхүү сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь цаашид намайг захирлын сонгон шалгаруулалтад оролцуулахгүй байх сөрөг эрх зүйн үр дагаварт хүргэж байна.
Иймд Ховд аймгийн Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2026 оны 3-р сарын 26-ны өдрийн Б/21 тоот "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
2.2. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг даргын "Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай" 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/171 тоот захирамж, Аймгийн Онцгой комиссын 07 тоот тогтоол гарч, тус сургуулийн сурагч менингококкт халдварт өвчний улмаас нас барсан, сургуулийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдын дунд олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ бүх төрлийн секц дугуйланг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 03 дугар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хязгаарласан болно.
2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцээр бие даалтын долоо хоног явагдсан. Бие даалтын долоо хоногт хийх ажлын төлөвлөгөөг захирлын тушаалаар баталдаг. Тэр төлөвлөгөөнд соёл, спортын ямар ажил хийх вэ гэдэг чиглэл гарсан байгаа. Үүнд хэд хэдэн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байгаа. Ховд аймгийн Боловсролын газраас 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цахим хурал хийхдээ бүх сургуулийн захирал, эрхлэгч нарт хүүхдийг олноор цуглуулах, бөөгнөрөх бие даалтын долоо хоногийн ажил хийж болохгүй гээд амаар хэлсэн байхад Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургууль 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Улаан загалмайн хороотой хамтраад хүүхдүүдийг олноор бөөгнүүлсэн ажлыг зохион байгуулсан.
Боловсролын газраас ирсэн чиглэл, аймаг орон нутгийн дээд шатны байгууллагаас гарсан захирамж, тогтоол, чиглэл мэдээллийг тухайн сургуулийн удирдлага анхааралдаа авч хариуцлагатайгаар биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа гэв.
Иймд ******* сургуулийн захирал *******ыг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилтын хүрээнд ажил үүргээ гүйцэтгээгүй, аймгийн Засаг даргын захирамж болон Аймгийн онцгой комиссын шийдвэрийг зөрчсөн гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 заасны дагуу 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 5/21 тоот тушаалаар өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч *******ын маргаж буй асуудал нь хөдөлмөрийн эрх зүйн маргаан тул Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д хууль тогтоомж хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж байгаа. Тухайн ажилтан буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа юу гэдэгтэй шууд холбоотой. Хөдөлмөрийн тухай хуулийн гол үндсэн зарчим байгаа. Энэ нь тухайн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн арга хэмжээ авна.
Гэтэл Боловсролын ерөнхий хууль, аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэж сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулж болох уу гэдэг асуудал яригдана. Хэм хэмжээ зөрчсөн үйлдэл болгонд арга хэмжээ аваад байдаггүй. Харин Хөдөлмөрийн тухай хуультай холбоотой хэм хэмжээнүүдээр арга хэмжээ авах ёстой.
Хариуцагч өөрөө сонсох ажиллагаанд, өнөөдрийн шүүх хуралдаанд, хариу тайлбартаа ч тодорхой үндэслэл гаргаж мэтгэлцээгүй, нотлох баримт ч өгөөгүй байгаа нь тухайн маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн дотоод хэмжээний ийм заалтыг зөрчсөн, эсхүл Хөдөлмөрийн тухай хуулийн энэ заалт зөрчсөн гэдэг нь тодорхой байх ёстой. Тодорхойгүй ойлгомжгүй байдал нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт тодорхой ойлгомжтой байх шаардлагыг хангахгүй байна.
Аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/101 дүгээр захирамж болон аймгийн Онцгой комиссын тогтоолоор тухайн хугацаанд сургууль цэцэрлэгийн ямар үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож байгаа юм бэ гээд үг үсэг, таслалын хувьд ижилхэн байгаа.
Өгүүлбэрт байгаа таслалын наана цаана өөр утга илэрхийлдэг. “... Сурагчдыг цуглуулж нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж, олон нийтийг хамарсан спорт, соёл урлаг, секц, дугуйлангийн арга хэмжээ гэж тодорхой заасан байгаа. Гэтэл Ховд аймгийн Онцгой байдлын газраас өөрөө холбогдох сургалтуудыг хязгаарлалт тогтоосон хугацаанд бүх сургуулиудаар ороод яваад байсан.
Аймгийн Засаг даргын захирамжийн санаа бол тухайн өвчний тархалт хамрах хүрээг харгалзан үзээд Менинкогоккт халдварт өвчин нь бага насны хүүхдүүдэд халдварладаг учраас ерөнхий боловсролын ******* сургуулийн 1-5 ангийн хүүхдүүдийг цахимаар хичээллэх талаар тусгасан.
Улаан загалмайн хорооноос зохион байгуулсан үйл ажиллагааны нь байгууллагын төлөвлөгөөнд дурдсанаар 6 дугаар ангиас дээш ангийн хүүхдүүдийн дунд зохион байгуулагдана гэж тусгагдсан. Энэ төлөвлөгөөний хувьд тухайн Улаан загалмайн хорооноос үйл ажиллагаа явагдсаны дараа батлуулсан байдаг.
Уг үйл ажиллагаа явагдсаны дараа хариуцаж явуулсан хүн нь тухайн сургуулийн нийгмийн ажилтан байсан гэдэг нь гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Энэ нь сахилгын арга хэмжээ авах үндэслэлд хамаарахгүй байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид,тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/94 дүгээр тушаалаар Жаргалант сумын ерөнхий боловсролын ******* сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна.
1.2. 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд менингококкт халдварт өвчний 2 тохиолдолд илэрч, 1 тохиолдол нас барсан тухай асуудлыг хэлэлцэн Жаргалант сумын ******* сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын хичээл, сургалтыг 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл цахимаар хичээллэхээр, 2026 оны 3 сарын 13-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдын дунд олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ, секц, дугуйлан зэрэг үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан захирамж гаргахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон[1], уг асуудлаар Ховд аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/171 дүгээр захирамж[2] гарч, 2026 оны 3 сарын 13-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдын дунд олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ, секц, дугуйлан зэрэг үйл ажиллагаа явуулахыг хязгаарлаж, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Боловсролын газарт даалгаж шийдвэрлэжээ.
1.3. Дээр дурдсан менингококкт халдварт өвчний улмаас нас барсан 1 тохиолдол нь тус Жаргалант сумын ерөнхий боловсролын ******* сургуулийн бага ангийн сурагч болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон, уг үйл баримттай талууд маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
1.4. Эрүүл мэндийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар менингококкт халдварт өвчний тандалт, халдварын хариу арга хэмжээ, лабораторын оношилгооны зааврыг тус тус хавсралтаар баталсан, тандалтын зааврын 2-т “Менингококкт халдварын тархвар судлал”-аас үзвэл уг халдварт өвчин нь агаар дуслын замаар халдварладаг, өвчний нууц үеийн хугацаа 1-10 хоног, халдвартай байх үе нь шинж тэмдэг илрэхээс 7 хоног, антибиотик эмчилгээ эхэлснээс 24 цаг хүртэлх хугацаанд халдвартай, бүх насны хүн өвчлөх эрсдэлтэй хэдий ч 5 хүртэлх насны болон дархлаа дарангуйлах эмчилгээнд хамрагдаж буй, мөн хавсаргын дутагдалтай хүмүүс илүү өртөмхий, нэг гэрт амьдардаг болон цэцэрлэг, сургуулийн нэг ангийн хүүхдүүдийг ойрын хавьтал гэж үзэхээр тус тус заажээ.
1.5. Ховд аймгийн Улаан загалмайн хорооноос 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын ******* сургуулийн багш, сурагчдад анхны тусламжийн мэдлэг олгох сургалт зохион байгуулсан ба Ховд аймгийн Онцгой комиссын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0******* тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/171 дүгээр захирамжаар 2026 оны 3 сарын 13-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ, секц, дугуйлан явуулахыг хязгаарласан үед сурагчдыг цуглуулж, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч *******т маргаан бүхий захиргааны актаар өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
1.6. Нэхэмжлэгчээс “... Ховд аймгийн Онцгой комиссын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0******* тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/171 дүгээр захирамжаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдын дунд олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ, секц, дугуйлан явуулахыг хязгаарласан, энэхүү хязгаарласан гэх спорт, соёл урлаг, секц, дугуйлангийн арга хэмжээнд бие даалтын 7 хоногт Улаан загалмайн хорооноос зохион явуулсан анхны тусламжийн мэдлэг олгох сургалт хамаарахгүй, энэхүү арга хэмжээг зохион байгуулсныг миний бие мэдээгүй, арга хэмжээг зохион байгуулахаар тусгасан бие даалтын долоо хоногийн үйл ажиллагааны төлөвлөгөө нь арга хэмжээ явагдсаны дараа буюу 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан...” гэх агуулгаар,
1.7. Хариуцагчаас “...Ховд аймгийн Засаг даргын захирамжаар сургууль, цэцэрлэгийн сурагчдын дунд олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ, секц, дугуйлан явуулахыг хязгаарласан, хэдийгээр спорт, соёл урлаг, секц, дугуйлан гэж дурдсан хэдий ч Улаан загалмайн хорооноос зохион явуулсан анхны тусламжийн мэдлэг олгох сургалт нь олон нийтийг хамарсан арга хэмжээ, Боловсролын газраас 2026 оны 3 сарын 18-ны өдөр бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай цахим хурал хийж бие даалтын 7 хоног зохион явуулах ажлаа цахимаар хийх үүрэг чиглэл өгсөн...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.
Хоёр: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
2.1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж зааснаар маргааны үйл баримтад холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэх нь зүйтэй байна.
2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно”, 123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”, 123.2.1-д “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах” гэж тус тус заасан.
2.3. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл ажилтан ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулахаар заасан байна.
2.4. Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Боловсролын газрын даргатай 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэрээний 4.2-т “Ажилтан дараах үүргийг хүлээнэ”, 4.2.1-д “...байгууллагаас баталсан журам, тушаал шийдвэрийг чанд мөрдөж, .... хариуцлагатай ажиллах”, гэж, 5.1-д “Ажил үүргийн зөрчил”, 5.1.1-д “Ажил олгогч нь ... энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй ажилтанд гаргасан зөрчлийн шинж чанар, түүний давтамж, учирсан хохирол, хугацааг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын хариуцлага оногдуулна” гэж, Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтын 1-р зорилт арга хэмжээний хүрээний 2-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах” гэж тус тус дурджээ.
2.5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.3-д дурдсан менингококкт халдварт өвчний улмаас тус сургуулийн бага ангийн 1 сурагч нас барсан энэхүү тохиолдолд сургуулийн гүйцэтгэх удирдлагын хувьд Ховд аймгийн Онцгой комиссын тогтоол, Ховд аймгийн Засаг даргын захирамжаар тогтоосон олон нийтийг хамарсан үйл ажиллагааны хязгаарлалтыг чанд мөрдөж, Ховд аймгийн Боловсролын газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй, энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй тул маргаан бүхий актаар нэхэмжлэгчид хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.
2.6. Өөрөөр хэлбэл Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-д "хязгаарлалтын дэглэм" гэж засаг захиргаа, нутаг дэвсгэр, голомтын бүсэд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох, иргэн, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа болон эрхийг хязгаарлахыг хэлэхээр заасан, энэ тохиолдолд Ховд аймгийн Засаг даргын Ховд аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/171 дүгээр захирамжаарерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдын дунд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан байхад түүнийг зөрчсөн болох нь гэрч *******ийн “... төлөвлөгөө батлагдсан эсэхийг мэдэхгүй, менежер бид хоёр ярилцаад анхны тусламжийн мэдлэг олгох сургалт зохион байгуулах саналыг аймгийн Улаан загалмайн хороонд санал тавьж 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан, уг арга хэмжээнд 30 гаруй сурагч, бусад нь багш ажилчид байсан...” гэх мэдүүлэг, гэрч *******ын “...манай ангийн 13 хүүхэд уг үйл ажиллагаанд оролцсон, ахлах ангийн голдуу хүүхдүүд, багш, ажилчид уг арга хэмжээнд оролцсон...” гэх мэдүүлэг, Улаан Загалмайн Хороо Ховд гэх фэйсбүүк цахим хуудас дахь 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “...Бие даалтын 7 хоногийн хөтөлбөрийн хүрээнд, нийгмийн ажилтан *******ийн санал хүсэлтийн дагуу ******* захиралтай 7-р сургуулийн сурагчдад Монголын Улаан Загалмайн үйл ажиллагаа, зорилго чиглэл, хүмүүнлэгийн үйлсийн талаар танилцуулж, анхны тусламжийн мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.Сургалтын үеэр сурагчдад онолын мэдлэгээс гадна анхны тусламжийн практик дадлага ажил үзүүлж, амьдралд хэрэгжүүлэх чадварыг нэмэгдүүлэн ажиллалаа. Мөн ******* багштай 6-р анги, ******* багштай 4Б ангийн хамт олон хүмүүнлэгийн байгууллагад гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлж, санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо...” гэх сургалтын үйл ажиллагааны талаарх зурагтай мэдээлэл, Жаргалант сумын ******* сургуулийн нийгмийн ажилтан *******ийн 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ” дадлага сургалтын тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
2.7. Нэхэмжлэгчээс “...Ховд аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/171 дүгээр захирамжаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдын дунд олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ, секц, дугуйлан явуулахыг хязгаарласан, энэхүү хязгаарласан гэх спорт, соёл урлаг, секц, дугуйлангийн арга хэмжээнд Улаан загалмайн хорооноос зохион явуулсан анхны тусламжийн мэдлэг олгох сургалт хамаарахгүй...” гэх агуулгаар тайлбарлан маргасан. Хэдийгээр аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/171 дүгээр захирамжид “...спорт, соёл урлагийн арга хэмжээ, секц, дугуйлан...” гэж дурдсан хэдий ч агуулгын хувьд менингококкт халдварт өвчний үед олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар хязгаарласан байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
2.8. Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.3-д дурдсан менингококкт халдварт өвчний улмаас тус сургуулийн бага ангийн 1 сурагч нас барсантай холбоотой Ховд аймгийн Засаг даргын 2026 оны А/171 дүгээр захирамжаар олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан байхад халдвар тарахаас урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авах, тодруулбал олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж болохгүй талаар багш, ажилчдадаа мэдэгдэж, олон нийтийг хамарсан арга хэмжээг таслан зогсоох ёстой байтал “...Улаан загалмайн хорооноос зохион явуулсан анхны тусламжийн мэдлэг олгох сургалт зохион байгуулсныг миний бие мэдээгүй...” гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн арга хэмжээ зохион байгуулагдах үед өрөөндөө байсан...” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.
2.9. Мөн нэхэмжлэгчээс “...анхны тусламжийн мэдлэг олгох сургалтын арга хэмжээг зохион байгуулахаар тусгасан бие даалтын долоо хоногийн үйл ажиллагааны төлөвлөгөө нь уг арга хэмжээ явагдсаны дараа буюу 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан...” гэж тайлбарлан маргаж байгаа ба бие даалтын 7 хоногт зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө хэзээ батлагдсан нь хэрэгт хамааралгүй, тодруулбал олон нийтийг хамарсан “Анхны тусламжийн мэдлэг олгох сургалт” бодит байдал зохион байгуулагдсан, уг үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан тул уг төлөвлөгөө хэзээ батлагдсан нь хамааралгүй гэж үзлээ.
2.10. Нэхэмжлэгчээс “...хязгаарлалт тогтоосон үед буюу 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Онцгой байдлын газраас тус сургуулийн сурагчдад “Аюулгүй амьдрах ухаан” сэдвээр сургалт зохион байгуулсан, Улаан загалмайн хорооноос зохион явуулсан анхны тусламжийн мэдлэг олгох сургалт нь хязгаарлалтын дэглэм зөрчөөгүй...” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ “...Улаан загалмайн хорооноос зохион явуулсан анхны тусламжийн мэдлэг олгох олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулсан...” гэж тайлбарлан маргаж байхад Ховд аймгийн Онцгой байдлын газраас тус сургуулийн сурагчдад “Аюулгүй амьдрах ухаан” сэдвээр сургалт зохион байгуулсан нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамааралгүй тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
2.12. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил тогтоогдсон, хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд тохирсон шийтгэл оногдуулсан, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4******* зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын Ховд аймгийн Боловсролын газрын даргад холбогдуулан гаргасан, “Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4******* зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР