Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01373

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01373

 

 

Л.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/01001 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Л.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Энхбаатарт холбогдох

 

Өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй

 

Хариуцагчийн 13 440 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал

Хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би С.Энхбаатартай 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /13321/ С.Данзангийн гудамжны 19 дүгээр байрны 13 тоотод байрлах, 32.3 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг 34 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Тухайн өдрөө С.Энхбаатар нь миний Хас банк дахь 5002127149 тоот дансанд 34 000 000 төгрөг шилжүүлсэн хэдий ч тэрээр 9 000 000 төгрөгийг бэлнээр буцаан авч, надад 25 000 000 төгрөгийг өгсөн. Би С.Энхбаатараас авсан дээрх мөнгийг өөртөө ашиглаагүй бөгөөд Ж.Энхчимэг гэдэг хүнд өгсөн ч өнөөдрийг хүртэл мөнгөө олж авч чадалгүй залилуулсан юм. Би орон сууцаа худалдах сонирхолгүй байсан тул гэрээнээс татгалзаж 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 8 000 000 төгрөг, 12 дугаар сарын 11-ний өдөр 17 000 000 төгрөгийг тус тус С.Энхбаатарт буцаан шилжүүлсэн. Гэвч С.Энхбаатар нь надад өгсөн 25 000 000 төгрөгөө буцаан авсан хэрнээ нэмж 6 000 000 төгрөгийн хүүг намайг төлөх ёстой гэж үзэн дээрх мөнгийг төлбөл байрыг чинь буцаан шилжүүлье гээд миний нэр дээр байрыг шилжүүлээгүй. Иймд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс худалдагч тал татгалзсантай холбогдуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16-р хороолол, /13321/ С.Данзангийн гудамжны 19 дүгээр байрны 13 тоотод байрлах 32.3 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Энхбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Наранцэцэг нь нэхэмжлэлдээ бодит болсон үйл явдлын талаар дурдаагүй байна. Би 34 000 000 төгрөгийг дансаар өгсөн. Үүнээс 9 000 000 төгрөгийг худалдан авсан байрыг бүрэн суллаж өгсний дараа өгөхөөр 9 000 000 төгрөгийг түр буцааж авсан. Харин нэхэмжлэгчийн хүсэлт гуйлтыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 8 000 000 төгрөгийг хүү, алдангид төлсөн, дараа нь 12 дугаар сарын 11-ний өдөр 17 000 000 төгрөгийг төлсөн, бусад мөнгийг өгөх ёсгүй.  Надад өгөх ёстой мөнгөнийхөө тухай бичээгүй байна.

Анх 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр С.Энхбаатар нь Л.Наранцэцэгт 34 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний барьцаа болгож Л.Наранцэцэг нь өөрийн орон сууцыг барьцаалах байснаа болиод орон сууцаа худалдах санал гаргасныг хүлээн зөвшөөрсөн. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Л.Наранцэцэгтэй харилцан тохирч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, С.Данзангийн гудамж, 19 дүгээр байрны 13 тоот хаягт байрлах 32.2 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 34 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар гэрээ байгуулан, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Гэвч С.Энхбаатар нь уг орон сууцыг Л.Наранцэцэгт буцаан шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч С.Энхбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Л.Наранцэцэг нь С.Энхбаатараас мөнгө зээлэхийг хүссэн бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 34 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл, 4 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцоод зээлийн гэрээ байгуулсан. Тэрээр зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн орон сууцыг тавина гэсэн боловч ...орон сууцаа худалдахаар боллоо гэхэд нь би худалдаж авахаар болсон. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхээ надад шилжүүлсэн. Надаас авсан мөнгөө хүнд өгсөн тухайг нь мэдсэн болохоор тэр хүндээ залилуулчихлаа гээд гуйсныг нь би ойлгож, хүссэнийх нь дагуу тохиролцоо хийсэн. Бидний тохиролцсоноор Л.Наранцэцэг нь 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд тооцоогоор надад 13 440 000 төгрөгийг төлөх ёстой. Иймд Л.Наранцэцэгээс 13 440 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй байна. Үндсэн нэхэмжлэл нь талуудын хоорондын байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой. Зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлээгүй, худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн. Бодит байдалд зээлийн гэрээ үүсээгүй тул хүү, төлбөр яригдахгүй. Хэдийгээр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч энэ харилцаа нь худалдах, худалдан авах харилцаанд шилжсэн. Талуудын хоорондын 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн тохиролцооноос харахад зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Бодит байдалд мөнгө шилжээгүй, нэмэлт нөхцлийн 2.2 дахь хэсэгт энэ нэмэлт нөхцөл нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг шууд хүчингүй болгох эрх зүйн үндэслэл бүхий хэлцэл биш. Л.Наранцэцэг нь энэхүү нэмэлт нөхцлийн 2.1 дэх хэсэгт заасан үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан.

2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ямар ч төлбөр тооцоо хийгээгүй. Байрны төлбөр гэх мөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 21, 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд шилжүүлсэн. Тэгэхээр 2.2 дахь нөхцөл рүүгээ шилжсэн. Зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Энэ талаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236 дугаар зүйлийн 236.1.3 заасан. Зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон учраас зээл төлбөрийн асуудал яригдахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, С.Данзангийн гудамж, 19 дүгээр байрны 13 тоот хаягт байрлах 32.2 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Л.Наранцэцэгт буцаан шилжүүлэхийг хариуцагч С.Энхбаатарт даалгаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Л.Наранцэцэгээс 6 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч С.Энхбаатарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7 440 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 225 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Наранцэцэгээс 110 950 төгрөгийг гаргуулж хариуцагч С.Энхбаатарт, хариуцагч С.Энхбаатараас 327 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Наранцэцэгт тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд нийцээгүй. Талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч татгалзсанд хариуцагч буруугүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Гэрээгээр талууд 34 000 000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авахаар тохиролцсон ч бодит байдалд хариуцагч нь тухайн өдөр 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгч үлдсэн 9 000 000 төгрөгийг буцаан авсан. Харин 9 000 000 төгрөгийг хариуцагч байрыг сулласны дараа өгнө гэж тохиролцсон нь зөвхөн хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараас харагддаг. Нэхэмжлэгч нь ийм тохиролцоо хийгээгүй бөгөөд С.Энхбаатар нь зээлийн гэрээний дагуу хүү, алданги шаардсан. Нэхэмжлэгчийн хувьд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн. Энэ тохиолдолд гэрээнээс татгалзсан нь дан ганц нэхэмжлэгчийн хүсэл зоригоор болсон гэж үзэн, хариуцагч талын тайлбараар гэрээнээс татгалзсантай холбогдуулан хохиролд 6 000 000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205, 227 дугаар зүйлд нийцэхгүй.

Талууд 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ, мөн сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 8 дугаар сарын 01-ний өдөр 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр болгох тухай гэсэн 3 төрлийн хэлцэл хийсэн. 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хэлцлээр талууд 2 гол нөхцлийн талаар тохиролцсон бөгөөд гол нөхцлийн 2.2-т заасны дагуу 2.1-т заасан нөхцөл биелээгүй тохиолдолд сүүлд байгуулсан буюу 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байна гэж тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан өмнөх үүргийг солихоор тохиролцсон хэлцэл байгаа тул өмнөх үүргийн харилцаа дуусгавар болдог. Тохиролцооны дагуу өмнөх үүргийн харилцаа нь зээлийн гэрээний үүрэг байсан тул зээлийн гэрээний дагуу 4 сарын хүү хэмээн 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгаа боловч тухайн маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүйг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Л.Наранцэцэг, хариуцагч С.Энхбаатарт холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн өмчлөх эрхийг буцаан даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түүнээс зээлийн гэрээний үүрэгт 13 440 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

С.Энхбаатар нь Л.Наранцэцэгт 34 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаагаар зээлдүүлэхээр тохиролцон 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээг талууд мөн сарын 06-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ болгон өөрчилж, Л.Наранцэцэг өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 19 дүгээр байрны 13 тоот хаягт байрлах 32.2 м.кв талбай бүхий орон сууцаа 34 000 000 төгрөгөөр худалдан, мөн өдрөө өмчлөх эрхийн гэрчилгээг С.Энхбаатарын нэр дээр шилжүүлэн, эд хөрөнгийн үнэд 25 000 000 төгрөг авсан байжээ. Л.Наранцэцэг нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дээрх худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах хүсэлт гаргасныг С.Энхбаатар хүлээн авч талууд 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хэлцлээр гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хэрхэн буцаах үүргийн талаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн болон худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хас банкны орлогын баримт, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хүсэлт, зээлийн гэрээг хүчин төгөлдөр болгох хэлцэл зэрэг бичмэл нотлох баримт болон тэдгээрийн тайлбараар тогтоогджээ. /хх-22, 34-35, 37-39 дэх тал/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаангүй, харин гэрээний төрөл болон гэрээнээс татгалзснаас гэрээний гүйцэтгэлийг буцаан шилжүүлэх үүрэг, үүргийн биелэлтийн талаар маргасан байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болохоор заасан бөгөөд зохигчид 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хэлцлээр худалдах-худалдан авах гэрээний үүргээс харилцан татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийн үнийг зээлийн гэрээний нөхцлөөр буцаан төлөхөөр тохиролцсон. Иймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүсэх тул нэхэмжлэгч Л.Наранцэцэг нь өмчлөх эрхээ буцаан шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй боловч анхан шатны энэ үйл баримтын талаар зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний үндсэн үүрэгт хамаарах хуулийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй байгааг залруулан өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх хариуцагч С.Энхбаатарын, нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 440 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохоор байна гэж үзэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасанд нийцэж байна.

Учир нь талууд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хэлцлээр өмнөх гэрээнээс татгалзан, орон сууцны үнэд төлсөн 25 0000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлснээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. /хх-22 дахь тал/ Иймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, тооцогдохгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Л.Наранцэцэг нь зээлийн гэрээний үүргээс үндсэн зээл болох 25 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчийн ХААН банк дахь дансаар шилжүүлсэн талаар хэн аль маргаангүй. Зохигчид зээлийн гэрээг 4 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүү авахаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар тохиролцсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн хүү шаардах эрхтэй.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийг зээлийн үүргээс хүү төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн түүнээс 6 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцэх тул хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримталсныг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Харин талууд 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хэлцлээр гэрээний хариуцлага тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан анз авах талаар мөн зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар бичгээр гэрээ хийгээгүй байх тул хариуцагчийн энэ шаардлагатай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/01001 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1, 282 дугаар зүйлийн 282.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД