Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2018/0261

 

-

 

 

 

 

2018 оны 05 арын 02 өдөр

Дугаар 221/МА2018/0261

Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Д.О, түүний өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2018/0005 дугаар шийдвэртэй, Б.Э-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 111/ШШ2018/0005 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.Э-ыг Баянговь сумын Санхүүгийн албаны даргын ажилд, албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 8 391 699 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э-д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Б сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгожээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ... Б.Э нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг сумын Засаг дарга 1 дүгээр гарын үсэг зурж, Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч 2 дугаар гарын үсэг зурж гүйлгээ хийх байтал өөрөө сумын санхүүгийн албаны даргаар ажиллаж байх хугацаандаа 2 дугаар гарын үсгийг өөрөө зурж, өөрөө хянан баталгаажуулж, төрийн сангийн гүйлгээг өөрөө хийдэг байсан ба нэгдмэл сонирхолтой этгээд Засаг дарга асан Б.М-тай хамтран албан тушаалаа урвуулан ашиглан иргэдээс санал аваагүй, эрэмбэлээгүй, хурлын шийдвэргүйгээр хөрөнгө зарсан ноцтой зөрчил нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний  өдрийн хяналт шалгалтаар тогтоогдсон.

Мөн ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглан сум хөгжүүлэх сангаас нөхөр Б.Б-ийн нэр дээр 2013 онд 5 000 000 төгрөг зээлээд өдийг хүртэл өгөөгүй.

Баянхонгор аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсээс Б сумын санхүүгийн албаны үйл ажиллагаанд зөвлөн туслах шалгалтаар санхүүгийн алба нь хангалтгүй ажиллаж байна гэсэн дүгнэлт гарч байсан.

Б.Э нь өргөсөн тангарагаа зөрчин, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байна. Ажил олгогчийн зүгээс гаргасан шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай болон бусад хууль эрх зүйн акт, тушаал шийдвэрт нийцэж байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2018/0005 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгад дүгнэлт өгөөгүй, уг дүгнэлт өгөхөд зайлшгүй шаардагдах нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4, 121.3.7-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх маргаан бүхий акт болох Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалыг “Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийн аль нэгийг заагаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хариуцагч өөрөө хийгээгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.

Хариуцагч Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалыг гаргахдаа аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэсэн, уг тогтоолд нэхэмжлэгч Б.Э-ыг төрийн сангийн гүйлгээг хянах албан тушаалтан атлаа өөрөө зарцуулах, хянан баталгаажуулах 1, 2 дугаар гарын үсгийг  зурсан, Орон нутгийн хөгжлийн сангийн шийдвэргүйгээр Засаг даргыг мөнгө зарцуулахад хоёр дугаар гарын үсэг зурсан нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй, санхүүгийн сахилга батыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарган, үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг даалгажээ.

Үүнээс үзвэл маргаан бүхий захиргааны актаар Б.Э-ыг дээрх тогтоолд дурдсан зөрчил гаргасан гэж үзсэн, энэ талаараа хариуцагч тайлбар гаргасан байхад актад зөрчлийг дурдаагүй гэж анхан шатны шүүх хүчингүй болгосон нь учир дутагдалтай байна. Мөн санхүүгийн хяналт шалгалт хийх эрх бүхий этгээд хяналт шалгалт явуулж дүгнэлт гаргасан байхад хариуцагч Тамгын газрын даргыг өөрөө нөхцөл байдлыг тогтоох байсан гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна.

Маргаан бүхий актын үндэслэл болсон Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолд Б.Э-ын гаргасан гэх зөрчлүүдийг дүгнэн цаашид авах арга хэмжээг дурдсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ энэ талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай байна.

Учир нь нэхэмжлэгч Б.Э нь тайлбартаа[1] дээрх хяналт шалгалтаар илэрсэн гэх зөрчил болон хариуцагчаас түүнийг буруутгаж байгаа тайлбар бүрийг үгүйсгэж, “Баяр наадам, сургуулийн ой болох гээд яаралтай шийдэх шаардлага байсны улмаас Засаг даргын өгсөн үүргийн дагуу гарын үсэг зурсан, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга өвчтэй, нягтлан ажлаас гарсан байсан, албан тушаалаа урвуулсан үйлдэл гаргаагүй. ... аймгийн Засаг даргын бүрэн эрхэд сумын санхүүгийн албаны даргыг томилж чөлөөлөх эрх олгоогүй ... ” гэх зэргээр түүнийг төрийн албанаас халах үндэслэл болсон гэх зөрчлүүдийг эс зөвшөөрч маргажээ.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаарх холбогдох баримтыг цуглуулаагүй, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх зөрчил тус бүрт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн маргаан бүхий актад Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан боловч Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг хамт баримталсан тул маргаан бүхий актыг Төрийн албаны тухай хуульд үндэслээгүй гэж үзэхгүй бөгөөд харин шүүх мөн хуулийн 25.1.1-д заасан төрийн албан хаагчийг халах урьдчилсан нөхцөл “удаа дараа” албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл байсан эсэх, захиргааны байгууллагаас уг хуулийг зөв хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

Давж заалдах шатны шүүх зөрчил тус бүртэй холбоотой баримт хэрэгт авагдаагүйгээс хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. 

Иймд нэхэмжлэгч Б.Э нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх зөрчил тус бүртэй холбоотой баримтыг цуглуулж, дүгнэлт өгч маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасанд нийцсэн эсэхийг тогтоох шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2018/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 


[1] Хэргийн 82-86 дугаар тал