Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 936

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ-ийн нэхэмжлэлтэй, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох “Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272 дугаар тушаал, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/129 дүгээр, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/133 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны “5 дугаар” танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨХК.

Хариуцагч: Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга.

Хаяг: Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, Засгийн газрын 7 байр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/129, 2014 оны 11  дүгээр сарын 04-ний өдрийн Б/133 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай.

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яамны харьяа “Монгол цэрэг констракшн”, “Транссэргэлт” ТӨҮГ-ууд болон “Батпромимпекс” ХХК-ийг нэгтгэн, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ болгон өөрчилж Батлан хамгаалах яамны харьяанд байгуулсан юм.

Уг тогтоолтой холбогдуулж Батлан хамгаалахын сайдын 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/58 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж дээрх ТӨҮГ-ийн үйл ажиллагааг зогсоож татан буулгах, өмч хөрөнгийг шилжүүлэх, нэгтгэх ажлууд хийгдэж 2015 оны 5 дугаар сар 01-ний байдлаар дуусгавар болон эрх үүрэг “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨҮГ-т шилжиж ирээд байна.

“Круйз интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх хурандаа В.Лувсанпүрэв нь ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэн иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан ба шүүх Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан тул бид үл зөвшөөрч уг захиргааны акт нь анхнаасаа хууль бус байсан хэмээн үзэж дараах үндэслэл тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. “Круйз интернэшнл” ХХК нь “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ, иргэн Д.Мэндбаяр, А.Бассувд нарын 50:50 хувийн хөрөнгө оруулалттай аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд компанийн тухай хууль, компанийн дүрмээр үйл ажиллагаа нь зохицуулагдах бие даасан хуулийн этгээд юм.

2. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга нь “Круйз интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар хурандаа В.Лувсанпүрэвийг томилсон, чөлөөлсөн болон ажилгүй байсан хугацааны цалинг “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨҮГ-аас нөхөн олгуулахаар гаргасан 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/129, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/133 дугаар тушаалууд нь “Төрийн албаны тухай” хуулийн 3.1, 3.2, 3.3, “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 3.1, 3.2, Батлан хамгаалахын сайдын 2008 оны 65 дугаар тушаалаар батлагдсан "Офицерын алба хаах журам”-ын 2.1, “Компанийн тухай” хуулийн 2.1, 2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй хүчин төгөлдөр бус тушаал гэж үзэж байна.

3. В.Лувсанпүрэв нь 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-аас цалинжсан байдаг. “Круйз интернэшнл” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нөгөө тал Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг хууль бус хэмээн үзэж хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам В.Лувсанпүрэвийг захирлаар огт ажиллаагүй, тамга тэмдэг хүлээлгэж өгөөгүй, төлөөлөн удирдах зөвлөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, түүнийг ажилласныг гэрчлэх ажлын цагийн бүртгэл аль аль талд байдаггүй гэх мэдүүлгийг авилгатай тэмцэх газарт үүсгэсэн 2014250003796 тоот эрүүгийн хэрэгт холбогдуулан Д.Мэндбаяр, В.Лувсанпүрэв нар нь гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Энэ нь Төрийн нарийн бичгийн даргын тушаал хууль бус байсныг давхар нотолж байна.

Угтаа бие даасан хуулийн этгээд болох хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлыг компанийн төлөөлөн удирдах зөвлөл томилж, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр цалинжуулах ёстой.

4. Хурандаа В.Лувсанпүрэв нь бодит нөхцөл байдлыг мэдсээр байж асуудлыг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх үүднээс удирдах дээд шатны байгууллагадаа илтгэлгүй цаг хожиж, улмаар цэргийн жинхэнэ алба хаасан хугацаагаа ахиулж цэргийн тэтгэвэрээ өндөр тогтоолгох, ажиллахгүйгээр сул цалин авах гэсэн хувийн санаа зорилго агуулж байсан нь тодорхой харагдаж байна.

5. “БХАҮН” ТӨҮГ-ийн одоогийн удирдлага нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын өмнө гаргасан эдгээр тушаалуудыг цаг хугацааны хувьд мэдэх ямар ч бодит боломжгүй байсан бөгөөд В.Лувсанпүрэвийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэрийг 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гардаж авсны дараа уг тушаал хууль бус гэдгийг судалж мэдсэн бөгөөд захиргааны хэргийг шийдвэрлэх хүртэл иргэний хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан болно.

6. В.Лувсанпүрэвийн ажилгүй байсан хугацааны цалинг хууль бус тушаал гаргасан, ажил олголгүй олон сар жил болгож асуудлыг шийдвэрлээгүй удсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан, эсвэл төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн компани хариуцах ёстойгоос биш төсвөөс татаас авдаггүй, өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр үйл ажиллагааны орлогоос санхүүждэг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хариуцах хууль зүйн үндэсгүй юм.

Иймд Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын “Круйз интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар хурандаа В.Лувсанпүрэвийг томилсон, чөлөөлсөн болон ажилгүй байсан хугацааны цалинг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-с нөхөн олгуулахаар гаргасан 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/129, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/133 дугаар тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд В.Лувсанпүрэв шүүхэд гаргасан тайлбартаа: “1. Миний бие анх Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 272 дугаар,  2014 оны Б129 дүгээр тушаалаар цэргийн хурандаа цолтой, төрийн тусгай албан хаагчийн  эрх зүйч байдалтайгаар одоогийн “Батлан хамгаалах аж үйдвэрийн нэгдэл “ТӨҮГ, хуучнаар “Монгол цэрэг жуулчин” ТӨААТҮГ-ын харьяа “Круйзе интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба томилогдсон цагаас 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэн ажиллаж байсан.

 Гэтэл намайг уг албан тушаалаас ямар нэгэн байдлаар чөлөөлөгдөөгүй атал миний хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, цалин хөлсийг маань олгохгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

 Уг цалин хөлсийг олгох талаар маргаан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд иргэний хэрэг үүсгэн хянагдаж байгаа болно.

 Ийм байхад нэхэмжлэгч гэх “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ бодит байдлыг илтэд мушгин гуйвуулж миний цалин хөлсийг олгох хугацааг сунжруулахын тулд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэн намайг хохироон чирэгдүүлж байна.

Үүнээс үзэхэд В.Лувсанпүрэв миний ажилд томилогдсон тушаал хүчин төгөлдөр хэвээр байгаа, маргаан бүхий Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/133 дугаар тушаал хууль ёсны үндэслэп бүхий байна. Учир нь уг маргаан бүхий тушаал нь дээрх тушаалуудыг үндэслэн зөвхөн миний цалин тэтгэмжтэй холбоотой гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” Төрийн өмчит үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/129, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/133 дугаар тушаалуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272 дугаар тушаалаар В.Лувсанпүрэвийг хамтарсан хөрөнгө оруулалттай “Круйзе интернейшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, мөн тус Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/129 дүгээр тушаалаар 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цэргийн тэтгэвэр тогтоолгохоор цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр чөлөөлж, 36 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/133 дугаар тушаалаар “Круйзе интернейшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан В.Лувсанпүрэвийн 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажил хүлээж байсан цалинг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Төрийн өмчит үйлдвэрийн газраас олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн дүрмийг зөрчин гүйцэтгэх захирлыг томилсон Төрийн нарийн бичгийн даргын дээрх тушаалууд хууль бус гэж маргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаар тогтоолоор “Монгол цэрэг констракшн”, “Транссэргэлт” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болон “Батпромимпекс” ХХК-ийг нэгтгэн “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулжээ.

Энэ нь “Круйзе интернейшнл” ХХК-ийн хувьцааны 50 хувийг “Спейшл интенейшнл” ХХК-иас Батлан хамгаалах яамны “Монгол цэрэг жуулчин” ТӨААТҮГ худалдан авч Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэнэ.” гэж зааснаар түүний эрх үүрэг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ-т нийлсэн нь   “Круйзе интернейшнл” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн, хуралдааны тогтоол, 6 дугаар сарын 13-ны өдрийн “Эрх шилжүүлэн авах гэрээ”, 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-гээр нотлогдсон байна.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272 дугаар тушаал, түүнийг хэрэгжүүлэхээр гарсан 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/129, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/133 дугаар тушаалууд Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 –д “Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.”, 62.2-т “Төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ хуулийн 62.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.”, 62.2.3-т “компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;”  гэж хуульчилсан зохицуулалттай нийцээгүй байна.

“Круйзе интернейшнл” ХХК-ийн дүрмийн Компанийн удирдлага, түүний эрх хэмжээ гэсэн 6 дугаар зүйлийн1 дэх хэсэгт “Компанийн удирдах буюу эрх барих дээд байгууллага нь үүсгэн байгуулагчийн хурал болно.”, 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6-д “гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөх, үйл ажиллагааны эрх, үүрэг хариуцлагын хэмжээ хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэргийг хуулийн хүчин төгөлдөр гэрээгээр баталгаажуулна;”, Гүйцэтгэх захирлын бүрэн эрх, хариуцлага гэсэн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь /захирал нь/ компанийн дүрэм болон үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд заасан эрх, хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.”, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага /захирал/ нь үүсгэн байгуулагчтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.” гэж тус тус зохицуулжээ.

Үүнээс үзэхэд “Круйзе интернейшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Компанийн хууль болон тус компанийн дүрмийн хүрээнд тухайн компанийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр томилогдон ажиллах хууль зүйн зохицуулалттай байсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Монгол Улсын яам Төрийн нарийн бичгийн даргатай байна. Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ.”, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д “Төрийн нарийн бичгийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 9.6.1-д “яамны аппаратын ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах,.....мөрдүүлэх;” гэж хуульчилснаас үзэхэд Төрийн өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох эрх хэмжээ яамны Төрийн нарийн бичгийн даргад хуулиар олгогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т ”Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, эд хөрөнгийн талаарх бүрэн эрхийг уг асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.” гэсэн нь Батлан хамгаалах яамыг Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө гэсэн зохицуулалт агуулаагүй бөгөөд Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Яамыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ гэсэнтэй нийцээгүй гэж үзнэ.

Нөгөө талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар “Круйзе интернейшнл” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Д.Мэндбаяр бөгөөд түүнийг чөлөөлсөн, өөрчилсөн компанийн үүсгэн байгуулагчийн шийдвэр гараагүй байхад тус компанийн гүйцэтгэх захирлаар В.Лувсанпүрэвийг томилсон нь үндэслэлгүй байна.            

Иймд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/129, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/133 дугаар тушаалуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.2.3, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 9.6.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг тус тус баримтлан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/129, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/133 дугаар тушаалуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР