Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/02463

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/02463

 

 

ХХХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01804 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХХ ХХК-д холбогдох

 

Худалдан авсан талбайн үнийн зөрүү болон гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс алдангид нийт 309 299 476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХХ

ХХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч: ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч  итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... ХХХХ ХХК нь ХХХХ ХХК-тай 2008 оны 7 дугаар сарын 23-нд худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Пийс тауэр оффисын 1 дүгээр давхарт үйлчилгээний талбай захиалсан. Анх 206 м.кв талбайг 1890 ам.доллар буюу 1 ам.долларыг 1156 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохиролцсон. Компанийн зүгээс төлбөр тооцоог гэрээнд заасны дагуу цаг хугацаанд нь бүрэн төлж дуусгасан. Гэрээнд заасны дагуу ХХХХ ХХК нь 2009 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулж чадаагүй. 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр талбайг хүлээлгэж өгсөн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд заасны дагуу ХХХХ ХХК нь 289,14 м.кв талбайг хүлээлгэж өгөх ёстой байсан. Талбайг хүлээж авсны дараа эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хэмжилт хийлгэхэд 253,55 м.кв буюу 35,89 метр квадратаар дутсан. 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 2 талаасаа тооцоо нийлсэн акт үйлдэж, талбайгаа хүлээлцэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан. Энэ барилга 2009 онд багтааж ашиглалтанд орно гэж бүх хөрөнгөө зарцуулж, үйл ажиллагаагаа зохицуулсан байтал бүтэн 2 жилийн дараа ашиглалтанд орсноос болж манай компанид ихээхэн хүндрэл учирсэн, мөн хүлээж авсан талбай нь хэмжээндээ хүрээгүй, эд хөрөнгийн доголдолтой байсан. Иймд гэрээний 3.2-т заасныг үндэслэн хугацаа хэтэрсэн 2010 оны 3 дугаар сарын 1-нээс 2014 оны 4 дүгээр сарын 3-ныг хүртэлх нийт 1428 хоногийн алдангид 111 198 36 ам.доллар, 1 хоногт 77,87 ам.доллар болсныг гэрээ байгуулах өдрийн Монгол банкны ханшаар буюу 1 ам.доллар 1 156 24 төгрөгөөр тооцоход 128 571 991 76 төгрөг болж байгаа. Гэрээнд заасны дагуу захиалагч тал 289,14 м.кв талбайг хүлээж авах ёстой байтал 35,89 м.кв талбайгаар дутуу талбайг хүлээн авсан. Тэгэхээр 1 м.кв нь 1 890 ам.доллар буюу нийт 67 832 1 ам.доллар болж байна. Үүнийг 1 156 24 төгрөгт шилжүүлэхээр 78 430 187 3 төгрөг болж байгаа бөгөөд алданги болон дутуу талбайн үнийг нэмж нийт 207 002 178 9 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Ханшийн зөрүү 87 175 066 3 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа 309 299 476 9 төгрөг болж өөрчлөгдсөн. Анх ХХХХХ ХХК нь гэрээ байгуулсан боловч ХХХХ ХХК-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг гаргуулсан.  ХХХХ ХХК болон ХХХХ ХХК-ийн  хэмжилт хийсэн дүгнэлтүүд хүчин төгөлдөр хэвээр байгаа, хавтаст хэрэгт авагдсан. ХХХХ ХХК-ийн гаргасан дүгнэлтийг зөв гарсан гэж үзэж байна. Хариуцагч 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр талбайг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч хүлээн авч, талууд акт үйлдсэн учир энэ үе хүртэл алдангийг тооцож нэхэмжилсэн. Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу 289,14 м.кв талбай гэж итгэж хүлээж авсан бөгөөд хэмжиж авах боломжгүй байсан. Мэргэжлийн байгууллагаар хэмжүүлсний дараа доголдолтой гэдгийг мэдсэн, Орон сууц, барилгын баталгаат хугацаа нь Барилгын тухай хуулиараа 3 жилийн хугацаатай. Тэгэхээр гомдлын шаардлага буюу 6 сарын хугацааг энд тоолох шаардлагагүй. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл байхгүй. 2014 оны 4 дүгээр сарын 4 хүртэл энэ гэрээ хэрэгжиж байсан, үүний дагуу төлбөр тооцоо хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэл болон алдангид 309 299 476 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон хариуцагчийн өмгөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

... ХХХХ ХХК нь ХХХХХ ХХК-д холбогдуулан 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний 3.2-т зааснаар алданги нэхэмжилсэн. Гэтэл гэрээний заалтад алдангийг гэрээний нийт үнийн дүнгийн тодорхой хувиар тооцохоор талууд тохиролцсон байдаг. Энэ нь Иргэний хууулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги эсхүл 232.5 дахь хэсэгт заасан торгуулийн аль нь болох нь эргэлзээтэй байна. Хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэж тодорхойлно заасан тул хуульд нийцээгүй алдангийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. 2013 оны 8 дугаар сараас хойш талбайг ашиглаж байсан. Хуульд заасан доголдлыг илрүүлэх хугацаа өнгөрсөн ба нэхэмжлэгч 2014 оны 4 дүгээр сарын 4-нд талбайг хүлээж авсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба  343.9 дэх хэсэгт зааснаар доголдлыг  6 сарын дотор илрүүлж, ХХХХХ ХХК-д мэдэгдсэн бол тус хугацаанаас хойш 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох байсан. Гэтэл нэхэмжлэгч тал доголдлыг 6 сарын дотор илрүүлээгүй учир шаардах эрхээ алдсан байна. Талууд талбайн хэмжээг тодорхойлоод гэрээ байгуулсан ба Мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэх бүрэн боломжтой байсан. Үүнээс гадна 2014 оны 4 дүгээр сард гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Гэтэл талуудын хооронд үүрэг 2008 онд үүссэн, харин 2014 онд талбайн хэмжээ болон үнийн дүнд өөрчлөлт орж, гэрээ байгуулагдсан. Тиймээс алданги тоолох эрх зүйн үндэслэлгүй.  2008 оны гэрээний 3.2-д заасан алдангийн зохицуулалтыг 2014 оны гэрээндээ заагаагүй бөгөөд талууд хооронд алданги тооцохгүй байх зарчмаар гэрээнд өөрчлөлт оруулсан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6., 255 дугаар зүйлийн 255.1.1.-д заасныг баримтлан хариуцагч ХХХХХ ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт болон алдангид 309 299 476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХХХ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 704 457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ давж заалдах гомдолдоо:

... Шүүх материаллаг болон процессын хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. 2008 онд байгуулагдсан гэрээг анхнаасаа Худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж Иргэний хуулийн 243.1 дэх хэсгээр зүйлчилсэн нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэгч "ХХХХ" ХХК болон хариуцагч "ХХХХ" ХХК нарын хооронд байгуулагдсан 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн "Худалдаа үйлчилгээний барилгын ажлын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-г Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэхдээ талууд гэрээнд өрөөний зохион байгуулалт, загвар, талбайн хэмжээ, давхрыг тогтоож захиалга хийснийг, хариуцагч тал тодорхой хугацааны дараа ажлын үр дүнг бий болгож байж хүлээлгэж өгөхөөр тохирсон байгааг тус тус анхаараагүй бөгөөд энэ нь цаашдаа Иргэний хуулийн Худалдах, худалдан авах гэрээний бүлгийн шаардах эрх болох 255.1 дэх зүйлийг хэрэглэхэд хүргэсэн байна. Талууд уг нь Иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, хэрвээ худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бол худалдагч нь аль хэдийн буй болсон эд зүйлийг шилжүүлж өгөх үүрэг хүлээдэг. Гэтэл шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь худалдан авч байгаа талбайн хэмжээ дутуу байгаа доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэж үзээд дутуу талбайн үнэд төлсөн 93 552 419 төгрөг шаардах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв шүүх ажил гүйцэтгэх гэрээ болох талаар зөв дүгнэлт хийсэн бол, хариуцагч тал 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр талбайг хүлээлгэж өгсөн. Хүлээж авсны дараа 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр "ХХХХ" ХХК-иар хэмжилт хийлгэхэд 253,55 м.кв буюу 35,89 метр квадратаар дутсан. Ажлын үр дүнг хүлээж авах үед доголдлыг нэхэмжлэгч тал буюу захиалагч мэдээгүй. Уг доголдлыг мэдсэнээс хойш 6 сарын дотор шүүхэд хандсан нь хугацаа хэтрүүлээгүй байгаа. Дутуу талбайн хэмжээ гэдэг бол хариуцагчийн хэлж байгаа шиг нүдээр харангуут олж тогтоож болдог тийм доголдол биш. Тийм ч учраас барилгын дотоод талбайн хэмжилтийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж хийдэг бөгөөд хэрхэн хэмжих тухай зааврыг эрх бүхий байгууллага баталсан байна. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс энэхүү маргааныг бүхэлд нь хянаж, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа 2 үндэслэл дурдсан нь ба хэмжилтийг хийсэн шинжээчийн бүрэлдэхүүнд байгаа шинжээч дүгнэлтэд гарын үсгээ зураагүй нь процессын алдаа болсон, нэхэмжлэлийг гаргаж байгаа "ХХХХ" ХХК, ХХХ , "ХХХХ" ХХК эдгээр субъектын хооронд шаардах эрх шилжсэн эсэх тухайд дүгнэлт өгөөгүй гэдэг үндэслэл байсан. Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талаас 2 удаа хэмжилтийн зардлыг төлж, дахин хэмжилт хийгдсэн байдаг. 2 удаа хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрөөгүй, ижил байсан. Анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ өмнөх магадлалд заагдсан асуудлаар ажиллагаа явуулах ёстой байсан. Өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас алдангийг гаргаж шийдвэрлэсэн ба үүнийг магадлалаар буруутгаагүй, энэ магадлал хүчинтэй хэвээр гэж ойлгож байна. Гэтэл энэ удаагийн шийдвэрээр алдангийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий тайлбар хийж чадаагүй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн тодорхойгүй гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд талуудын тохиролцоогоор тогтоосон алдангийг тооцохгүй байх хэмжээний үндэслэл биш байна. Шүүх шийдвэртээ 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн "Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-ний 3.2-т "Байр ашиглалтанд орох хугацаа 60 хоногоос илүү хугацаагаар хойшлогдсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0,1 хувьтай тэнцэх алданги хөрөнгө оруулагч төлнө" гэх заалт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт ".. хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж заасантай нийцээгүй байна гэжээ. Дээрх гэрээний заалт хууль зөрчөөгүй харин ч алдангийн хэмжээг бага байхаар талууд тохирон гэрээндээ заасан байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ ХХК нь хариуцагч ХХХХХ ХХК-д холбогдуулан худалдан авсан талбайн үнийн зөрүү болон гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс алдангид нийт 309 299 476 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч ХХХХ ХХК болон ХХХХ ХХК-иудын хооронд 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ХХХХХ ХХК нь ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Peace Tower худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 1 дүгээр давхрын 206 м.кв талбайг 1 м.кв-ыг 1 890 ам.доллараар тооцон худалдаж авах, талбайг 2009 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. Зохигчид нэхэмжлэгч байгууллагаас гэрээний үүрэгт нийт 620 666 197 төгрөг төлсөн асуудлаар маргаагүй байна. Харин талууд үл хөдлөх эд хөрөнгө биет байдлын доголдолтой, гэрээний үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүйгээс алданги төлөх эсэх асуудлаар маргасан байна.

 

Зохигчид 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр шинэчлэн байгуулсан байх бөгөөд уг гэрээ нь анх байгуулсан гэрээний үргэлжлэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ. /1хх-ийн 12-15 тал/ Анхан шатны шүүх талууд 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн гэрээгээр тогтоож, харилцан тохиролцсон байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар ХХХХХ ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01 тоот Зөвлөлийн хурлын тогтоолоор ХХХХ ХХК болон ХХХХХ ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний шаардах эрхийг бүхэлд нь ХХХХ ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч байгууллага хариуцагч байгууллагаас 2010 оны 3 дугаар сарын 1-нээс 2014 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэлх 1423 хоногийн алдангийг гаргуулах шаардлагын үндэслэлээ 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний 3.2 дахь заалтыг үндэслэжээ.

 

Гэрээний 3.2-т байр ашиглалтад орох хугацаа 60 хоногоор хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0.1 хувьтай тэнцэх алдангийг хөрөнгө оруулагчид төлнө гэж заасан байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд анхан шатны шүүх талуудын алдангийн талаарх тохиролцоо нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

 

Мөн зохигчид хүлээн авсан талбайн хэмжээний талаар маргаж, шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтийг үндэслэн Тоонто гранд ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий худалдаа үйлчилгээний талбайн хэмжээг 251,41 м.кв гэж тогтоосон байна. /2хх-ийн 22-30 тал/ Энэ нь талуудын тохиролцсон хэмжээнээс 37,73 м.кв-аар дутуу байх тул доголдолтой эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгсөн гэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдан авах гэрээгээр тохирсон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт зааснаар худалдан авагч энэ хэмжээний хувьд доголдолтой эд хөрөнгийг хүлээн авсан бол гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн талбайн зөрүү төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага дээрх хуулийн зохицуулалтад хамаарахаар байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн шийдвэр буруу биш байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд зохигчид 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр тохирсон талбайн хэмжээ 206 м.кв байсныг дараагийн гэрээ буюу 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн гэрээгээр 289,14 м.кв болгон өөрчилж, тус өдөр хариуцагч гэрээний зүйлийг хүлээн авсан, 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан зэргээс үзэхэд эд хөрөнгийг хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Түүнчлэн орон сууцны талбайн зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01804 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХХХХ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 704 457 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО