Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 125

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

          Улсын яллагч: Б.Б 

Шүүгдэгч: Д.С, Б.Н 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн С, Б овогт Бийн Н нарт холбогдох 1812002630152 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ,,,суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ,,, гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Дгийн С/РД:/, 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ,, суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ,,гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Бийн Н/РД:/

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.С, Б.Н нар нь бүлэглэж 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн ,, гэх газарт иргэн Д.Рг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн 1812002630152 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

* Хохирогч Д.Рн өгсөн:

“...2018 оны 04 дүгээр сарын 22-ны орой Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг Хужир гэх газар байх Ч.Мын гэрт мотоцикльтой очсон. Тэгэхэд би архи уучихсан байсан. Тэгээд Ч.Мын гэрт ортол Д.С, Б.Н хоёр Ч.Мтай хамт нэг шил архи хувааж уугаад сууж байсан, би ч хамт суугаад юм ярьж суусан. Тэгсэн Д.С бид хоёр хоорондоо маргалдаад байж байтал Д.С намайг шуналтай гуйлгачин гэж хэлэхээр нь би уурандаа босч ирээд Д.Сг нэг удаа цохиод авсан. Тэгсэн С намайг зөрүүлээд цохиход хажуугаас Б.Н намайг нарийн богино шургааг модоор толгой руу цохьсон. Тэгээд намайг газарт унахад хоёулаа нийлээд нуруу болон толгой руу олон удаа цохиж зодсон. Манайхтай өвөлжиж, хаваржсан Төв аймгийн Заамар сумын иргэн Батцэцэг гэх залуу явахдаа нутгийн хүмүүст “Би Д.Рад хамт өвөлжиж хаваржсаны хариуд банкны мөнгөнөөс нь 1.000.000 гаруй төгрөг төлөлцсөн дээр нь явахдаа 10 гаруй ямаа өгсөн” гэж хэлсэн байсан. Үнэндээ надад тэгж өгсөн зүйл байгаагүй. Тэрийг нь С буруу ойлгосон, би одоо Батцэцэгээс хэдэн төгрөг авах ёстой гэж хэлэхэд намайг шуналтай гуйлгачин гэж хэлээд бид хоёр маргалдсан. Д.С намайг нүүр рүү нэг удаа шанаадаж, газарт унасан байхад толгой дээр хэд хэдэн удаа дэвссэн. Б.Н миний толгой руу нарийн шонгоор нэг удаа цохиж газар унахад нуруу руу 3 удаа цохиж зодсон. Би архи уусан байсан. Би Д.Сг нэг удаа нүүр рүү нь цохисон тэрнээс өөр цохиж зодсон зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх саналтай байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/, 

* Гэрч Ч.Бын өгсөн: 

“...2018 оны 04 дүгээр сарын 22-ны шөнийн 00 цагийн орчим намайг гэртээ унтаж байхад манайд Д.С, Б.Н хоёр халамцуу орж ирсэн. Тэгээд надтай авч орж ирсэн тал шилтэй архиа хуваагаад уугаад сууж байхад гаднаас Д.Р халамцуу орж ирсэн. Бид нар хоорондоо ярьж сууж байхад  Д.С, Д.Р хоёр хоорондоо маргалдах шинжтэй болоод ирсэн. Тэгсэн гэнэт Р босч ирээд Сг сууж байхад нь нүүр рүү нь нэг удаа шанаадаад авсан. Тэгсэн С босч ирээд зөрүүлээд нүүр рүү нь шанаадсан. Тэгсэнээ Р за за одоо хоёулаа нэг нэг болсон шүү гээд хоорондоо гар барилцаад байсан. Тэгээд гайгүй болчихоод сууж байснаа Д.Р хэлэхдээ Д.С хоёулаа цохилцож авсан нь хоёр дахь удаагаа боллоо шүү гэж хэлэхэд Д.С юунаас боллоо гэж байснаа санах шиг болсон. Өмнөх маргалдсан асуудлаа ярьж байснаа Б.Нгийн ээжтэй холбоотой асуудал яриад Д.Р, Б.Н хоёр барилцаад авсан. Тэгээд Б.Н Д.Рг цохиод авахад газар уначихсан, тэгэхэд би Б.Нг барьж авахад Д.С очиж Д.Рг гараараа цохиод авсан. Тэгээд хоорондоо маргалдаж байгаад салцгаасан. Д.С, Б.Н хоёр бид хоёрын буруу боллоо уучлаарай гээд Д.Рас уучлалт гуйхад Д.Р би та хоёрын хэр баяныг чинь харна аа гээд гэрээс гараад мотоциклио унаад явах гэж байгаад мотоцикльтойгоо газар унасан, тэгээд яваад өгсөн. Араас нь Д.С, Б.Н хоёр уучлалт гуйж учраа олно гээд явцгаасан. Д.Рн толгойноос цус гарчихсан байсан. Өөр гэмтэл бэртэлийг би анзаараагүй. Манай эхнэр бид хоёр байсан. Д.С, Б.Н, Д.Р гурав орж ирсэн, өөр ямар нэгэн хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар тал/ 

* Гэрч Л.Ггийн өгсөн:

“...2018 оны 04 дүгээр сарын 22-ны орой Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг Хужир гэх газар гэртээ унтаж байхад гаднаас Б.Н, Д.С хоёр орж ирээд манай нөхөртэй тал шил архи авчихсан байснаа ярьж суунгаа ууж байхад гаднаас Д.Р орж ирсэн. Тэгээд дөрвүүлээ нийлээд юм ярьж сууж байснаа гэнэт Д.Р, Д.С хоёр муудалцаад нэг нэгийгээ цохиж авсан, тэгээд юу болсоныг мэдэхгүй хоорондоо маргалдацгаагаад Б.Н ч Д.Рг цохиж аваад, Д.С ч цохиж аваад байсан. Тэгэхээр нь би айгаад гэрээс гарчихсан, хэсэг хугацааны дараа нэг юм салцгаагаад Д.Р нь түрүүлээд мотоциклио унаад явсан, араас нь Д.С, Б.Н нар нь явахаар нь би гэртээ орж буулгасан зүйлүүдийг янзалчихаад унтаж амарсан. Би юу ярьж байсныг нь анзаарч сонсоогүй болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан мал идээ ярьж байснаа маргалдсан. Тухай үед Д.Рн толгойноос цус гарчихсан байсан. Эхлээд гэрт Д.Р Д.Сг нэг удаа цохьсон, зөрүүлээд Д.С нэг удаа цохьсон, тэгээд байж байгаад дахиад барилцаад муудалцаад эхлэхээр нь гэрээс гарчихсан болохоор мэдэхгүй байна. Тухайн үед манай нөхөр бид хоёр байсан. Д.С, Б.Н, Д.Р гурав орж ирсэн, өөр ямар нэгэн хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/ 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 01-ний  өдрийн  208 дугаартай дүгнэлтэнд:

“...Д.Рн биед тархи доргилт, нурууны баруун доод хэсэгт цус хуралт, зулайн зүүн хэсэгт жижиг шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тархи доргилт нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нурууны буруун доод хэсэгт цус хуралт, зулайн зүүн хэсгийн жижиг шарх гэмтэл нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал / 

* Яллагдагч Д.Сгийн өгсөн: 

“...Би Д.Ртай маргалдаж түүний цохиж зодсон нь үнэн. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар ярьсан болохоор дахин ярьмааргүй байна. Би эхлээд Д.Ртай маргалдаж нэг нэг удаа бие биенийгээ цохиж авсан, дараа нь Д.Р, Б.Нтай муудалцаж, тэгээд Б.Н Д.Рг цохиход газар унахад нь би гараараа толгой руу нь нэг удаа цохьсон. Б.Н нь эхлээд гараараа гэдэс рүү нь цохиход газар унаад дараа нь жижиг нарийн модоор толгой руу нь нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-48 дугаар тал/ 

* Яллагдагч Б.Нгийн өгсөн: 

“...2018 оны 04 дүгээр сарын 22-ны орой С ах бид хоёр Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг Хужир гэх газар байх Бын гэрт очсон. Тэгсэн Д.С ах өврөөсөө тал шил архи гаргаж ирээд тэрийг нь уугаад сууж байхад гаднаас Д.Р гэрт согтуу орж ирсэн. Тэгээд бид нар хоорондоо юм яриад сууж байгаад С ах, Р хоёр хоорондоо маргалдсан тэгсэн Д.Р босч ирээд С ахыг цохиод унагасан, тэгсэн Д.С ах босч ирээд зөрүүлээд нэг удаа цохьсон тэгээд тэр хоёр маргалдаж байснаа хоорондоо гар бариад учраа олж байсан, би тэр үед хэнтэй ч юу ч яриагүй сууж байсан. Тэгсэн Д.Р над руу юм ярьж миний ээжийг дандаа хов зөөдөг балай авгай гэж ярихаар нь миний уур хүрээд нэг удаа элэгдэж, цохисон, тэгэхэд Д.Р газар унасан. Б ах намайг бариад авсан. Тэгсэн над руу дайраад орилоод байхаар нь би гэрт нь байсан газар шаачихсан байсан жижиг хурганы хашааны шонг аваад нэг удаа толгой руу нь цохьсон. Тэгээд Б ах намайг бариад авсан, тэгээд л хоорондоо маргалдаж байгаад салаад явцгаасан. Намайг Д.Рэнчинлхагвийг элэгдэж унагасны дараа Д.С ах очиж толгой руу нь цохьсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар тал/ 

*Хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлт/хх-ийн 72-74 дүгээр тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-56 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн “Хужирт” гэх газарт иргэн Д.Р нь бусдад зодуулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.С, Б.Н нар нь бүлэглэж үйлдсэн болох нь хохирогч Д.Рн “...2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн “Хужирт” гэх газарт Д.С бид хоёр хоорондоо маргалдаад байж байтал Д.С намайг шуналтай гуйлгачин гэж хэлэхээр нь би уурандаа босч ирээд Д.Сг нэг удаа цохиод авсан. Тэгсэн Д.С намайг зөрүүлээд цохиход хажуугаас Б.Н намайг нарийн богино шургааг модоор толгой руу цохьсон. Тэгээд намайг газарт унахад хоёулаа нийлээд нуруу болон толгой руу олон удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бын”... Д.Р, Б.Н хоёр барилцаад авсан. Тэгээд Б.Н Д.Рг цохиод авахад газар унчихсан, тэгэхэд би Б.Нг барьж авахад Д.С очиж Д.Рг гараараа цохиод авсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Ггийн ”... Д.Р, Д.С хоёр муудалцаад нэг нэгийгээ цохиж авсан, тэгээд юу болсоныг мэдэхгүй хоорондоо маргалдацгаагаад Б.Н ч Д.Рг цохиж аваад, Д.С ч цохиж аваад байсан. Тэгэхээр нь би айгаад гэрээс гарчихсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч  Д.С, Б.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 208 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Д.С, Б.Н нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. 

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.С, Б.Н нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Д.С, Б.Н нар нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтэй эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.С, Б.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

Шүүгдэгч Д.С, Б.Н нар нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тэдэнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.С, Б.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь: 

 

1.  Шүүгдэгч Бовогт Дгийн С, Б овогт Бийн Н нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Б.Нг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С, Б.Н нар нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С, Б.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.С, Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.С, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ГАНДОЛГОР