| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2403002710691 |
| Дугаар | 2025/ДШМ/167 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/167
2025 01 30 2025/ДШМ/167
Б.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
хохирогч С.Ж, Д.Д,
хохирогч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Дамбажийжин,
шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, Э.Жанчивдорж,
иргэний нэхэмжлэгч “Р И ББСБ” ХХК-ийн төлөөлөгч М.Билгүүн,
иргэний хариуцагч Б.Э-н өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1259 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, Э.Жанчивдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Э-д холбогдох 2403 00271 0691 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-н Э, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ..... аймгийн ...... суманд төрсөн, . настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “С..” сүлжээ дэлгүүрт цагийн ажил эрхэлдэг, .......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......./,
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 29 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 сар 29 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлж, уг ялуудыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн;
Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Их тойруугийн гудамж, “СU” худалдааны төвийн баруун талын авто замд “Lexus Is250” загварын ... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлагаас бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, эсрэг урсгалд орж, жолооч Д.Д-н жолоодож явсан “Toyota Prius Alpha” загварын ... УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Д.Д, Ц.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, С.Ж-н эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Э-г “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар Б.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-н энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-с иргэний нэхэмжлэгч “Р И ББСБ” ХХК-д 15.807.000 төгрөгийг, хохирогч Д.Д-т 22.062.182 төгрөгийг, хохирогч С.Ж-д 69.050.000 төгрөгийг, хохирогч Ц.О-т 23.387.032 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 7.724.004 төгрөгийг тус тус гаргуулж олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.Ж, Д.Д, Ц.О, иргэний нэхэмжлэгч З.Б, Т.А, Б.Э нар нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, Э.Жанчивдорж нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүгдэгч Б.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүх хэргийг хууль заасны дагуу үндэслэл бүхий шийдвэрлэх ёстой. Анхан шатны шүүх нь Улсын Дээд шүүхийн шүүхийн шийдвэрийн тухай тогтоолын 2 дугаар зүйлийн 2.1-д “Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана” гэж заасныг зөрчиж, дараах байдлаар шийдвэрлэжээ. 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Иргэний хариуцагчаар татах тухай” мөрдөгчийн Б.Э-г татсан бөгөөд Иргэний хариуцагч Б.Э-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2. 8.2, 8.6, 25.1, 28.1, 32.1 дүгээр зүйлүүдэд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгсөн. Мөн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Иргэний хариуцагч Б.Э-с мэдүүлэг авсан тэмдэглэлд “...Монгол улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үүрэгтэй холбоотой асуух зүйл байна уу” гэхэд “Би Монгол улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг ойлголоо, ослын улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийг би хариуцан арилгахад татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлгээс харахад иргэний хариуцагч Б.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөөр байтал шүүх хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу Б.Э нь гэм хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцахаар хуулийн зохицуулалттай байна. Иргэний хариуцагч Б.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно” гээд б-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэж заасныг зөрчиж, жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. Иргэний хариуцагч Б.Э болон “Р И ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний 2.1 дүгээр зүйлд “Зээлдэгчээс ББСБ-ын өмнө Зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүрэг биелэгдэж дуусах хүртэл хугацаанд хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх /захиран зарцуулах эрх/-ийг ББСБ-ын нэр дээр шилжүүлж, харин зээлдэгч талд ашиглуулж, эзэмшүүлэхээр тохиролцов” гэж заасны дагуу 2990 УНК улсын дугаартай Lexus автомашин нь Б.Э-н эзэмшлийн автомашин юм. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасны дагуу Б.Э нь ... УНК улсын дугаартай “Lexus” автомашины шударга эзэмшигч юм. Мөн дээрх хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан зохицуулалтыг анхан шатны шүүх нь хэрэглээгүй байна. Түүнчлэн, шүүгдэгч Б.Э шүүх хуралдааны үеэр асуулт, хариултын үе шатанд “...Б.Э нь миний данс руу мөнгө хийж, пиво худалдаж авсан, Сансарын баар орохдоо Б.Э нь машинаа согтуу барьж, явж байгаад дараа нь жолоогоо надад шилжүүлсэн” гэж мэдүүлдэг. Б.Э нь пиво ууж эхлэх үеэс нь эхлээд осол болох хүртэл хугацаанд хамт байсан. Улсын Дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар тогтоолд “...гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг мөрдөгч, прокурор, шүүх, шүүгчийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг болно” гэсэн байна. 2024 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хохирогч С.Ж/-д, Шүүх шинжилгээний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих) зэрэг гэмт хэргийн хохирогчдод хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож болох бөгөөд ...шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ. Сэтгэцэд учирсан хор уршгийн 5-р зэрэглэлийг тогтоов” гэдэгт хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй талаар гарын үсэг зураагүй байна. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дугаар зүйлийн 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэж, мөн 2.3-д “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж заасны дагуу хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /Иргэний нэхэмжлэгч З.Баатархуягт: Шүүх шинжилгээний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Эрүүгийн хуулийн ...27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих) зэрэг гэмт хэргийн хохирогчдод хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож болох бөгөөд ...шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ. Сэтгэцэд учирсан хор уршгийн 2-р зэрэглэлийг тогтоов” гээд “Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэдэгт гарын үсэг зурсан байна. Иргэний нэхэмжлэгчээр тогтоосон атлаа хохирогч гэж үзэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон нь тухайн загварыг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ гэсэн атлаа иргэний нэхэмжлэгчид танилцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1259 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Ц.Жавхлантөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцан арилгах үүрэг нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохиролд хамаарах ба жолоочийн буруугаас бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг тээврийн хэрэгслийг өмчлөх, эзэмших эрхтэй этгээд хариуцах агуулга хуульд тусгагдаагүй гэдэг өрөөсгөл дүгнэлт хийсэн. Эсрэгээрээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасан “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж үгүйсгэсэн агуулгатай дүгнэлт хийсэн. Иргэний нэхэмжлэгч, хариуцагчтай холбоотойгоор давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна. Хэрэгт авагдсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягтыг хүлээн зөвшөөрсөн эсэх дээр гарын үсэг зуруулаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн нөхцөл байдал үүссэн гэж үзэж байх тул үүнд дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Э.Жанчивдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар нарийвчлан зохицуулсан. Үүнд, тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч зам тээврийн осолд гэм буруутай эсэхээс үл хамааран бусдад учирсан хохирлыг хариуцдаг онцлогтой. Гэтэл энэ хэрэгт иргэний хариуцагч Б.Э-тай огт холбогдсонгүй. Иргэний хариуцагч Б.Э нь жолоодох эрхгүй атлаа Б.Э-д пиво авах зардал өгч, машин барих үүргийг өгсөн. Мөн Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан. Фидуцийн гэрээг харахад өмчлөгч нь “Р И ББСБ ” ХХК боловч эзэмшиж, ашиглаж байсан этгээд нь Б.Э юм. Б.Э нь шүүгдэгчтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, түүнд даалгавар өгч, зам тээврийн осол болох үед хамт байсан. Хохирол төлбөрийг огт хариуцахгүй байгаа энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 409, 497, 111 дүгээр зүйлүүдэд заасан хууль хэрэглээ бүхэлдээ алдагдсан гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэхийг хүсэж байна. ...” гэв.
Хохирогч С.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би эрүүл мэндээрээ хохирсон. Манай гэр бүл ч давхар хохирч байна. Би унтахдаа суугаагаараа унтдаг болсон. Хохирол төлөхгүй байна. Би сумын эмнэлгээс аймгийн эмнэлэг рүү, аймгийн эмнэлгээс хот руу байнга явж байна. Миний эмчилгээ дуусаагүй. Би 2 сард тархины хагалгаанд орно. Энэ ослоос болж хоёр нүд юм харахгүй байгаа. Миний хувьд Б.Э, Б.Э хоёрын аль нэг нь хохирол төлбөрийг надад төлөх ёстой. ...” гэв.
Хохирогч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирлоо барагдуулж авмаар байна. Би тэтгэврийн зээл авч машин авсан. Б.Э гэдэг хүнийг оролцуулах хэрэгтэй гэж бодож байна. Тэр хүн өөрөө машинд байсан. Б.Э ослын газар хэмжилт хийхэд байгаагүй. Эхлээд байж байгаад зугтсан. Араас нь явсан боловч буцаж ирээгүй. ...” гэв.
Хохирогч Ц.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ослын газарт Б.Э байгаагүй. Бид нар сандралдаад “түргэн дуудаад өгөөч” гэхэд хоёр эмэгтэйтэй хамт зам гарч явсан. Хоёр жолоочид гомдолтой байна. Би өнгөрсөн 4, 5 сарын хугацаанд 3 удаагийн хагалгаанд орсон. Маш их хэмжээний эдийн засгийн болон эрүүл мэндийн хохирол учирсан. Ийм байхад 2 жолооч эхний шүүх хуралдаан болох хүртэл 6 сарын хугацаанд ганц ч удаа биднээс “бие чинь яаж байна” гэж асуугаагүй. Мөрдөгчийн хэлснээр би бодит хохиролтой холбоотой баримтууд бүрдүүлсэн. Хохирол 38.000.000 төгрөг орчим байснаас хассаар байгаад 32.000.000 төгрөг болсон. Хамар нь эвдэрсэн хар машинаас хямдхан байгаадаа гомдолтой байна. ...” гэв.
Хохирогч Ц.О-н өмгөөлөгч Б.Дамбажийжин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шударга эзэмшигч гэдгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу тайлбарлаж байгааг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас 2 хүн маш хүнд гэмтсэн. Ослын улмаас Ц.О нь бүтэн 4 сар хэвтэрт, хүнд нөхцөлд байсан. Одоо ч биеийн байдал дээрдээгүй, зовуурьтай байна. Миний үйлчлүүлэгчид гуч гаруй сая төгрөгийн хохирлын асуудал үүссэн. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, өөрийн үнэлэмжээр хасаж шийдвэрлэсэнд сэтгэл дундуур байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, хохирлын үнэлгээг үндэслэлтэй шийдвэрлэж өгнө үү. Мөн сэтгэл санааны хохирлыг хамгийн багаар тогтоосонд гомдолтой байна. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч М.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирлын үнэлгээг тогтоогдсон хэмжээгээр шүүх шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.
Иргэний хариуцагч Б.Э-н өмгөөлөгч Э.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээр хавтаст хэргийн 39-42, 59-60 дугаар талд Б.Э-н мэдүүлэг байдаг. Б.Э-д зөвшөөрөл өгөөгүй байхад тэрээр машинд орж ирээд асаагаад аваад явсан гэж мэдүүлдэг. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт эзэмшигч нь өөрөө томилсон, шилжүүлэн өгсөн бол тухайн хариуцлагыг хүлээхээр заасан. Гэтэл шүүгдэгч нарын өмгөөлөгч буруу ойлгож, Б.Э-р хохирлыг нөхөн төлүүлнэ гэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс баримтын хэмжээнд хохирогч нарын төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-г иргэний хариуцагчаар татаж, ажиллагаа хийсэн боловч шүүх зөвхөн Б.Э-с төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Сэтгэцэд учирсан хохирлыг жишиг аргачлалын дагуу гэмтлийн зэргээр тогтоож, хохирогчид танилцуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-г драйгер үлээлгээгүй. Учир нь, ослын газар байгаагүй, эргэж ирсэн гэж мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох гэдэгт гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал бүрэн гүйцэд тогтоох ажиллагааг хамааруулан ойлгодог.
Шүүгдэгч Б.Э-д холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотлогдоогүй, тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.3 дахь хэсэгт заасан “... гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...” зэргийг нэг мөр, зайлшгүй эцэслэн шалгаж тогтоогоогүй атлаа ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай болжээ.
Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ж, Д.Д, Ц.О нараас “... ослын газарт Б.Э байгаагүй ...” талаар тогтвортой мэдүүлсэн.
Зам тээврийн осолд холбогдсон жолооч осол хэргийн газрыг явганаар болон тээврийн хэрэгслээр орхиж явахгүй байх, улмаар эрүүл мэндийн хохирол учирсан хохирогчид цаг алдахгүйгээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж гэмт хэргийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болох хохирол, хор аюулыг багасгах, эрүүл мэндийн хохирол, зөрчигдсөн эрх нөхөн сэргээгдэх хугацааг богиносгох зэрэг ач холбогдлыг харгалзан хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийг заасан ба энэ нь зам тээврийн осол гаргасан жолоочийг үүрэгжүүлж, хариуцлагажуулсан, түүнд хамааралтай зохицуулалт юм.
Гэтэл прокуророос Б.Э-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоолгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн, улмаар анхан шатны шүүх дээрх байдалд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.
Үүнээс гадна, хохирогч С.Ж-н эрүүл мэндэд нүдний хараа бууралт гэмтэл учирсан эсэхийг шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар нэмж тогтоох, мөн хохирогч Ц.О, С.Ж, Д.Д нарт энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу тогтоож, дүгнэлт гаргах ажиллагааг зайлшгүй нэмж хийлгэх нь зүйтэй.
Иймд хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байхад хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1259 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ М.АЛДАР