| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2025/0030/З |
| Дугаар | 110/ШШ2026/0106 |
| Огноо | 2026-09-02 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 110/ШШ2026/0106
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.С,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Маратын Айсауле нарын хоорондын төрийн албан хаагчийн хөдөлмөрийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж. Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, Ө.Эрдэнэ-Очир /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч А.Базар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Ж.С нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр “Аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Ст сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах”-аар маргаж байна.
2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж. Ж.Ст хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулжээ.
3. Уг шийдвэрийг эс зөвшөөрч ажилтан Ж.Сээс гаргасан гомдлыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар тэмдэглэлээр “талууд эвлэрэх боломжгүй гэж үзэн шүүхээр шийдвэрлүүлэх” гэж шийдвэрлэснээр нэхэмжлэгчээс 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч Ж. Ж.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Миний бие Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, дараа нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар даргаар томилогдсон бөгөөд ажлаас чөлөөлөгдөх хүртэл алдаа дутагдал гаргаж, хариуцлага хүлээж байгаагүй. Харин ч миний бие театрын даргаар ажилласан хугацаанд хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт бүхий олон ажлыг хийж гүйцэтгэсэн болно.
Маргаан бүхий захирамжаар Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн театрын 2023, 2024 онуудын санхүүгийн баримтад хийсэн хяналт шалгалтын үед илэрсэн гэх зөрчлийг үндэслэж сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:
Захирамжийн 1.1-т “2023 оны ээлжийн амралтын олговрыг хуулийн дагуу тооцож олгоогүй” гэжээ. Театрын байгууллага нь наадмын дараа 8 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтад гардаг. Сүүлийн жилүүдэд “Нүүдэлчин Монгол” фестивалийг уламжлал болгон Засгийн газраас зохион байгуулдаг болсон. Уг соёлын арга хэмжээнд ажилчид зайлшгүй оролцох шаардлага гардаг. Ээлжийн амралтын хуваарь гардаг боловч ээлжийн амралтаа эдэлж чадаагүй байгаа. Даргын тушаал, ажлын төлөвлөгөө байгаа. Цалинг нь ажилласнаар олгосон. Ажилтнаа журмын дагуу амруулж чадаагүй бол цалинг 1,5 хувийн нэмэгдэлтэй олгох ёстой. Тооцоолж үзэхэд цалингийн зөрүү гардаггүй гэж нягтлан тайлбарлаж байсан. Хэрэв зөрчил гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт “зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасанд нийцээгүй байна.
Захирамжийн 1.2-т “2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн аймгийн Засаг даргын А/942 тоот захирамжийг нөхөн гаргуулсан байна. ...батлагдсан орон тоо 71 байхад 2024 онд 73 албан хаагч буюу 2 албан хаагчийг илүү орон тоогоор ажиллуулсан” гэжээ. Аймгийн Засаг дарга 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2023 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудсаар 92,2 оноогоор дүгнэснээр 2023 оны жилийн эцэст Засгийн газрын 2023 оны 52 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн цалингийн хэмнэлтээс урамшууллын цалин олгогдсон. Тухайд үед миний зүгээс аймгийн Засаг даргын захирамжийг нөхөн гаргуулсан асуудал огт байхгүй. Энэ тухай аймгийн Засаг дарга асан А.К болон ажлын албаны холбогдох хүмүүсээс тодруулж болно. Мөн байгууллагын ажилчдын тайланг авч хэлэлцээд ажилчдаа 100 хувь хүртэл урамшуулсан. Шинээр ажилд орсон ажилтанд урамшуулал олгосон байна гэж дурдаж 2 хүнд акт бичсэн. Жанарыс нь театрт 2021 оноос эхлэн ажиллаж байсан. Тухайн жилд түр чөлөө авч ажилд орсон ба ажлыг нь дүгнэж урамшуулал өгсөн.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/985 дугаар захирамжаар аймгийн Хөгжимт драмын театрын бүтцийг шинэчилж , нийт 103 албан хаагчийн орон тоог баталж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл миний бие Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т зааснаар батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоож ажилласан юм.
Захирамжийн 1.3-т “А/35 дугаар тушаалаар 2023 онд 10 албан хаагчид нийт 9621.3 мянган төгрөг олгосон” гэжээ. Санхүүгийн хяналт, аудитын албаны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай танилцуулгын “НЭГ”-т шалгалтын зорилго нь “...мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт шалгалтын үр өгөөжийг сайжруулахад чиглүүлэн явуулав”, 9 дэх хэсэгт “дээрх илэрсэн зөрчил дутагдлыг цаашдаа засаж залруулах талаар зөвлөгөө өгөв. ...Байгууллагын дарга, нягтлан бодогч нарт Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дахин судалж, санхүү төсөв, өмч хөрөнгийн талаарх эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөсөн болно” гэжээ. Үүнээс үзэхэд, санхүүгийн хяналт шалгалтын гол зорилго нь зөвлөх шинжтэй байсан болох нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалт хийх эрх бүхий этгээдээс цаашдаа анхан шатны баримтыг сайн бүрдүүлэх, холбогдох албан хаагчдын гарын үсгийг зуруулж байх талаар зөвлөгөө өгсөн болохоос албан шаардлага эсхүл төлбөрийн акт үйлдээгүй юм.
Захирамжийн 1.4-т “Засаг даргын захирамжийг зөрчиж 90 хувь буюу 648.4 мянган төгрөгийг илүү авсан” гэжээ. Аймгийн Засаг дарга 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2024 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудсаар 95,1 оноогоор дүгнэснээр Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолоор баталсан гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам болон аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/27 дугаартай захирамжаар 2024 оны эхний 4 улирал тус бүр 50 хувийн урамшуулал олгож шийдвэрлэсэн. Гэтэл хяналт шалгалт хийх эрх бүхий этгээд Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/27 дугаартай захирамжийг буруу ойлгож, 2024 оны 2 улиралд нийлээд 50 хувийн цалингийн урамшуулал олгох ёстой мэтээр үзсэн байна.
Захирамжийн 1.5-т “Муза интертайнмент” ХХК-тай 2 төрлийн нийт 11556.0 мянган төгрөгийн өртэй шууд гэрээ байгуулж тоног, төхөөрөмж нийлүүлж, 1080.0 мянган төгрөгийн урсгал засварын мөнгө шилжүүлсэн, Ш.Ерболын хувийн компани болох “Аяана” ХХК-тай 1 төрлийн нийт 7300.0 мянган төгрөгийн шууд гэрээ байгуулж, хөгжим нийлүүлсэн” гэжээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Хуульд заасан “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгоно. “Муза интертайнмент” ХХК болон уг компанийн эзэн гэх Х.Бахытбек, түүнчлэн “Аяана” ХХК болон Ш.Ербол нарын аль аль нь миний хувьд эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээд биш юм. “Аяана” ХХК-ийн нийлүүлсэн 7,300,000 төгрөгийн хөгжмийг худалдаж авна гэж байгууллагын веб сайтаар нээлттэй зарласан. Гэхдээ өөр компани орж ирээгүй байсан. Би өөрөө судалсан боловч зах зээлийн үнэ нь өндөр байсан. “Аяана” ХХК нь мэргэжлийн чанарын шаардлага хангасан хөгжмийг зэмсгийг нийлүүлж өгсөн. Цахим дэлгүүрт манайд шаардлагатай хөгжмийн зэмсэг байгаагүй тул нээлттэй зарлаж сонгон шалгаруулалтаа хийж үйл ажиллагааг журмын дагуу хийсэн.
Захирамжийн 1.6-д “Ай Ел Нур ХХК-тай 2024 онд шууд гэрээ байгуулсан ба нийт 10 домбор хөгжим нэг бүрийн үнийг 1557.1 мянган төгрөгөөр авахаар зах зээлээс өндөр үнээр нийлүүлсэн” гэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 31.2-т зааснаас бусад тохиолдолд нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээг захиалагч шууд худалдан авч болно” гэж, Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр шууд болон харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар" 02 дугаар тогтоолын хавсралтаар шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг бараа, ажил, үйлчилгээний хувьд 20.0 сая төгрөг байхаар тогтоосон байна. Энэ тохиолдолд театрын хэрэгцээнд зориулж худалдаж авсан “домбор” нь Бүгд Найрамдах Казахстан улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд мэргэжлийн өндөр түвшний хөгжмийн зэмсэг болдог юм. Өөрөөр хэлбэл, эдгээр домбортой ижил төстэй чанартай бараа Монгол Улсын зах зээлд байхгүй юм. Шинжилгээ хийлгэх байдлаар тогтоох боломжтой.
Захирамжийн 1.7-д “”Актай” ХХК-тай шууд худалдан авалтын гэрээ хийсэн мөртлөө “Модон завь” ХХК-ийн нэрээр орлогод авсан, “DJi Avata 2 drone”-ыг шууд худалдан авалтын гэрээгээр 4500.0 мянган төгрөгөөр буюу зах зээлээс өндөр үнээр нийлүүлсэн” гэжээ. “Dji” брендийн албан ёсны цахим хаяг болох сайтад уг дрон нь тухайн үед 1087 ам.доллар буюу 4 орчим сая төгрөгийн үнэ ханштай байсан бөгөөд Монгол Улсад орж ирэх үнэ, тээврийн зардал, гаалийн татвар, нийлүүлэгч компанийн ашиг зэрэг зардлууд нэмэгдээд 4500.0 мянга орчим төгрөг болдог юм. Энэхүү барааг “Актай” ХХК нийлүүлсэн боловч техникийн шинжтэй алдаа гарч орлогын баримтад “Модон завь” ХХК-ийн нэрээр орлогод авагджээ. Дуураймал бараа нь хямдхан байж магадгүй.
Захирамжийн 1.8-д “69 ажилтны 58-д нь ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан олгосон. 68 албан хаагчид 12-16 цагийн илүү цагийн хөлс болгож 12137.7 мянган төгрөг олгосон” гэжээ.
Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай танилцуулгын шалгалтын зорилго ,9 дэх хэсгээс үзэхэд, санхүүгийн хяналт шалгалтын гол зорилго нь зөвлөх шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалт хийх эрх бүхий этгээдээс ур чадварын нэмэгдлийг хэт хавтгайруулж олгож болохгүй талаар зөвлөгөө өгсөн болохоос биш олгож болохгүй гэж албан шаардлага эсхүл төлбөрийн акт үйлдээгүй юм. Угтаа бол, Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 92.3-т зааснаар ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ердийн ажлын өдрийн үргэлжлэл, ээлжийн ажлын цаг, долоо хоногийн ажлын цагийн үргэлжлэл болон ажлын цагийг нэгтгэн бодох ердийн ажлын цагийн нийлбэрээс хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажилласанд тооцох бөгөөд илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгохоор хуульчилсан. Хэрэв ажилтныг илүү цагаар ажиллуулчхаад нэмэгдэл хөлс олгохгүй бол Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн асуудал болох юм.Цагийн бүртгэлээ гараар хөтөлдөг. Тухайн үед Аудитын байгууллагад нотлох баримтаар гаргаж өгсөн.
Захирамжийн 1.9-д “31186.8 мянган төгрөгийн шууд гэрээ байгуулж, худалдан авалт хийж, төлбөрийг бүрэн шилжүүлж tender.gov.mn веб сайтаар ил тод зарлаагүй” гэжээ. Театр албан хэрэгцээндээ theater.bo.gov.mn сайт ашигладаг бөгөөд 31186.8 мянган төгрөгийн үнэ бүхий бараа худалдаж авахдаа энэхүү сайтад зарлал нийтэлж олон нийтэд мэдээлж байсан юм. Түүнчлэн, 31186.8 мянган төгрөгийн шууд гэрээ байгуулж, худалдан авсан бараанууд бүгд цахим дэлгүүр буюу зах зээлийн үнээс хамаагүй хямд үнэ ханшаар худалдаж авсан бараанууд болно. Үүнийг шинжилгээ хийлгэх байдлаар тогтоох бүрэн боломжтой.
Захирамжийн 1.10-д “иргэн, аж ахуйн нэгжээс барилгын материал худалдан авч, зураг төсөв хийлгэлгүйгээр дур мэдэн засвар хийлгэсэн” гэжээ. Тус театр нь 1992 онд ашиглалтад орсноос хойш намайг театрын даргаар томилогдох хүртэл их засвар байтугай урсгалд засвар хийгдэж байгаагүй байдалтай байсан. Миний бие батлагдсан төсвөөс хэмнэлт хийж, дотоод нөөц боломжийг ашиглаж засвар хийлгүүлсэн. Ингэхдээ ихэнх засварын ажлыг байгууллагын ажилчид өөрсдөө хийж гүйцэтгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл батлагдсан төсвөөс гадуур тусдаа зураг төсөв зохиолгож зардал мөнгө гаргуулаагүй юм. Энэ тухай 2024 онд хэвлэгдэн гарсан “Театрын хөгжил өнгөрснөөс өнөөдөрт” үйл ажиллагааны тайлангаас харах боломжтой.Засварт 48,000,000 төгрөг зарцуулсан зүйл байхгүй. 3,000,000, 5,000,000 төгрөгөөр засвар хийсэн ба гарсан дүнг нэмж нэгтгэн их хэмжээний мөнгөөр засвар хийсэн мэтээр харагдуулаад бичсэн байна.
Захирамжийн 1.11-т “2023 онд урамшуулал болон нэмэгдэл хөлсийг давхардуулан олгосон” гэжээ. Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар тэмдэглэлээр цалингийн сангийн хэмнэлтээс төсөвт байгууллагын ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан үзэж нэг сарын үндсэн цалингийн 100 хүртэл хувиар тооцож урамшуулахаар шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т зааснаар ажил олгогч ажилтныг шагнаж урамшуулах үндсэн эрхийг хуульчилснаас гадна мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт зааснаар туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалинг тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байхаар тогтоох бөгөөд үүнд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговрыг энэ хуульд заасны дагуу олгох, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан байдаг.
Захирамжийн 1.12-т “он дамжсан буюу 270327.8 мянган төгрөгийн өртэй гарсан” гэжээ. Эрчим хүчний тухай хуульд зааснаар халаалтын улирал эхлэх, дуусах огноог Эрчим хүчний сайд, эрчим хүчний тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо тус тус тогтоохоор хуульчилсан. Тус аймгийн хувьд халаалтын улирлын эхлэх хугацааг дандаа 9 дүгээр сарын 15-ны өдөр, дуусах хугацааг 5 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоодог бол харин эрчим хүчний тариф ойр ойрхон нэмэгддэг юм. Төсвийн тухай хуульд зааснаар аймгийн Засаг дарга орон нутгийн төсвийн төслийг боловсруулж, танилцуулгын хамт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлдэг билээ. Гэтэл театрын хувьд Засаг дарга зарим жилийн төсвийн төслийг алдаа дутагдалтай боловсруулж, танилцуулгын хамт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлснээс болж, заримдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргаас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хаа хамаагүй судалгаагүйгээр танаснаас болж төсөв дутуу батлагдах, үүнээс болж өр үүсэх, төлбөрийг хугацаандаа төлж чадаагүйн улмаас төлбөрт алданги нэмж бодогдох зэрэг асуудлууд гарсан. Энэ нь төсвийн шууд захирагчийн буруутай үйлдэл гэхээсээ илүүтэй төсвийн ерөнхийлөн захирагчийн алдаа дутагдал юм.
2012 оноос хойш үргэлжилсэн халаалтын өртэй байгууллага байсан. 2021 онд театрын удирдлагаар томилогдох үед төсвөө үр дүнтэй хэмнэж захиран зарцуулж 25,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Дараа нь аймгийн удирдлагууд, Улсын Их Хурлын гишүүд, Соёлын яамд удаа дараа хүсэлт гаргасан ба өнгөрсөн жилд халаалтын өргүй болсон.
Захирамжийн 1.13-т “төрийн байгууллагын буюу орон нутгийн өмчийг үнэ төлбөргүй ашиглуулж бусдад давуу байдал олгосон” гэжээ. Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч нь театрын зөвхөн 2023, 2024 онуудын санхүүгийн баримтад хяналт шалгалт хийсэн атлаа аймгийн Засаг даргын баталсан удирдамжаас хальж, өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар буюу байгууллагын өмч хөрөнгө хамгаалахтай холбоотой асуудлаар танилцуулга бичсэн нь үндэслэлгүй болсон. Үүнээс гадна театр ашиглалтад орсноос хойш олон арван жилийн хугацаанд их засвар хийгдэж байгаагүй олон өрөө тасалгаа байдаг ба үе үеийн дарга нар эдгээр өрөө тасалгааг Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд зааснаар бусдад хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулж ирсэн байна.
Ш.Ербол нь театрт 20-иод жил ажилласан. Жанарыс, Гажайып нарт өрөө гаргаж өгсөн. Байгууллага нь ажилчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах орчныг бүрдүүлж өгөх үүрэгтэй. Байгууллагын нэг давхрыг оффисын зориулалттай ашигладаг байсан. Боловсролын газар шинэ байранд нүүсний дараа сүүлийн 2 жилд ажиллах өрөөтэй болсон байгаа. Бүх ажилчдын бэлтгэл хийх өрөөг хуваарилж өгч ажилласан. Гажайып нь тасгийн дарга юм. Өглөө бүх ажилчдад дасгалаа хийлгэж хүмүүстэй тус тусад нь тулж ажилладаг. Театрын В1 давхарт байсан ашиглагдахгүй өрөөнүүд байсан. Тухайн өрөөнд хаалга, цонх, халаалт байгаагүй. Амбаар шиг өрөөнүүдийг өөрсдөө янзалж ажлаа хийж явж байсан. Каким нар нь театртай хамтран ажилладаг байсан ба шаардлагатай үед гэрэл, тайзны утаа зэргийг авдаг байсан. Театрын байгууллага нь олон жил студигүй байсан ба Ш.Ерболын тоног төхөөрөмжийг ашиглаж ирсэн.
Захирамжийн 1.14-т “улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон” гэжээ. Миний бие театрын даргаар ажиллах хугацаанд улс төрийн нам болон аливаа шашны үйл ажиллагаанд оролцсон тохиолдол байхгүй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хангуулахын тулд маргаан бүхий актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөл болон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх талаар хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариу тайлбараас үзэхэд аймгийн Засаг даргын 2025 оны Б/11 дугаартай захирамжаар Ж.Сийг албан тушаалаас нь халах сахилгын шийтгэл ногдуулахдаа аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 02, 03, 04 дугаартай актууд болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн танилцуулгыг үндэслэсэн бөгөөд дээрх актуудаар санхүүгийн ноцтой зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдсон болно гэж дурдаж өгсөн.
Санхүүгийн хяналт шалгалтын үр дүнгээр 14 зөрчлийг театрын дарга гаргасан гэж байгаа боловч зарим зөрчил нь театрын даргад шууд чиглэсэн биш, нийт ажилтнууд илүү цалин авсан, нягтлангийн буруутай үйлдэл байгаа юм шиг нөхцөл байдлыг тайланд дурдагдана. Шалгалтын танилцуулга гэх баримтыг хяналт шалгалт явуулах эрх бүхий этгээдээс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээд буюу театрын газрын дарга Ж.Ст танилцуулсан байна. Маргаан бүхий акт 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарсан. Хариуцагч талаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдийг татан оролцуулаагүй. Санхүүгийн хяналт шалгалтын үр дүн буюу танилцуулга, актад дурдагдсан зөрчил нь бодитой эсэхийг хянаагүй. Сонсох ажиллагаа хийгдээгүй. Аймгийн Засаг даргын зүгээс хяналт шалгалтын үр дүн буюу танилцуулгатай танилцаад миний үйлчлүүлэгчид санал, тайлбар гаргах боломж олгох ёстой байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана” гэж заасан. Сахилгын шийтгэл авна гэдгийг мэдэгдэх ёстой. Сонсох ажиллагаа явуулсан, тайлбар өгөх боломжоор хангасан талаарх баримтаа гаргаж өгөөгүй. Сонсох ажиллагаа нь хууль журмын дагуу явагдаагүй.
Маргаан бүхий актад Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтуудыг дурдсан байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан. Миний үйлчлүүлэгчийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн тул 6 сарын өмнөх зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Улсын дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийн 2.4 дэх хэсэг, 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолын 15.4.1 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилд сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, сахилгын шийтгэл хүлээгээгүй байсан бол 6 сараас хэтрэхгүй” гэж заасан. 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс өмнөх асуудалтай холбогдуулан ажил олгогч миний үйлчлүүлэгчид сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй болсон байна. 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд хэрэв зөрчил гарсан гэж үзвэл шийтгэл ногдуулах боломжгүй. 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх асуудалд сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй. Зарим зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа нь өнгөрсөн тул хууль зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан гэж дүгнэж байна.
Хөгжимт драмын театр 1991 онд байгуулагдсан,олон дарга ажилласан. Театрын В1 давхрын 13 өрөөг иргэн, хуулийн этгээд ашиглаж ирсэн байна. Ж.С дарга байх үед ийм асуудал гараагүй. Тухайн байгууллагад ажиллаж байсан ажилтнууд тухайн өрөөг ашиглаж байгаа нь тогтоогдсон. Өөрийн гэсэн өрөө байхгүй,ажил олгогчоос уг өрөөнүүдийг ашиглах зөвшөөрөл өгсөн. Уг өрөөг ашиглахаас өмнө ямар байдалтай байсныг гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс хэлсэн ба бид нар өөрсдийнхөө хөрөнгөөр тохижуулж ажиллаж байгаа гэдгийг дурдсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Ажилтан дараах үндсэн эрхтэй: 42.1.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцсэн ажлын байранд ажиллах, энэ талаар бодит мэдээлэл авах” гэж заасан. 4 танхим байдаг ба танхимд ажлаа хийх боломжгүй тул өөрсдийнхөө хөрөнгөөр тохижуулж ажлаа хийж байгаа гэж мэдүүлсэн. Байгууллагын ажилтан бөгөөд өрөөг албаны хэрэгцээнд ашиглаж байгаа нь тогтоогдож байна. Техник тоног төхөөрөмж хангалтгүй юм байна. Ажилтнууд нь хувийн тоног төхөөрөмжтэй, хөгжмийн зэмсэгтэй. Ашиглагдахгүй байгаа өрөө болон ажилчид өөрсдөө тохижуулж авсан өрөөнд байлгадаг. Энийг албанд ашигладаг гэдгийг дурдсан. Үе үеийн удирдлагууд нь дээрх асуудлыг шийдвэрлэж яваагүй. Батлагдсан төсвийн хүрээнд бага багаар театрын албан хэрэгцээнд зориулж drone, төгөлдөр хуур, домбор авах ажиллагааг нэхэмжлэгч зохион байгуулсан байна. Идэвх санаачилгаа гаргаж манлайлсан байна. Тендерийн тухай хуульд зааснаар 20,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр шууд худалдан авч болохыг төсвийн шууд захирагчид зөвшөөрсөн. Ж.С нь театрын даргаар ажиллаж байх хугацаанд театрын веб сайтад зар тавьсан. Хабсатар даргатай Зохиолчдын эвлэл нь Ж.С даргаар ажиллахаас өмнө байсан байгууллага юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор төлбөргүй байлгасан байна. Энэ зүйлд Ж.Сийн ямар буруу байна. Байгууллагын ажилчид нь ашиглахгүй байгаа өрөөг тохижуулж үйл ажиллагаа явуулсан ба үүнд Ж.Сийн ямар буруу байна. Ажил олгогч захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс болж ийм асуудал үүссэн байна. Шүүхийн шатанд байгууллагын ажилчид өрөөг ашиглаж байгаа нь тогтоогдож байна.
Санхүүгийн хяналт шалгалтын үр дүнгээр үр дагавар үүсгэсэн 3 акт гарсан. Санхүүгийн хяналт шалгалтын үр дүнгээр зөвлөмж, улсын байцаагчийн албан шаардлага, төлбөрийн акт гардаг. Төлбөрийн акт нь үр дүн үүсгэдэг. Зөвлөмж нь анхаарах ёстой асуудлыг дурддаг. Танилцуулга нь үр дагавар үүсгээгүй гэж дүгнэж байна.
Маргаан бүхий захиргааны акттай холбоотой гомдол гаргасан боловч Сангийн яамнаас хүчингүй болгосон тул дээрх маргаан бүхий акт хүчин төгөлдөр, зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой гэж тайлбарлаад байна. Тухайн хяналт шалгалтаар тогтоогдсон зүйл нь бодитой байсан уу? гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай. 2024 онд 73 албан хаагч буюу 2 албан хаагчийг илүү ажиллуулсан гэж байна. Бодит байдалд 103 хүн ажиллуулахаар бүтэц, орон тоог нь баталж өгсөн. 2 ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаанд сахилгын шийтгэлийг хүчингүй болгож ур чадварын нэмэгдэл олгосон нь зөрчил гэж үзсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.9 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 123.8-д заасан хугацаанаас өмнө ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцож болох бөгөөд энэ тухай ажилтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасан. Ертай, Нурлан нарт сануулах сахилгын шийтгэл авсан ба тушаал гаргаж сахилгын шийтгэл авсан арга хэмжээг хүчингүй болгосон. Нурлан, Ертай нар сахилгын зөрчилгүй болсон. Дээрх хуулийн зүйл заалтад зааснаар нэхэмжлэгч нь хууль зөрчөөгүй гэж дүгнэж байна. Ажил олгогч маргаан бүхий актыг гаргахдаа эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй Ж.Сийг оролцуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсний дараа сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус. Шүүхийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтаас үзэхэд зарим зөрчил гэж байгаа нь зөрчил биш болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй,нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжтой” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт хийгдсэн шалгалттай холбоотой дүгнэлтийг Ж.Ст холбогдуулж маргаан бүхий актад бичсэн байна. Ж.Сийн хууль зөрчсөн үйлдэл юу байна, бусад албан тушаалтнуудын оролцоо, хөдөлмөрийн гэрээгээр тодорхойлсон чиг үүргээ хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүй эсэхийг дүгнээгүй. Тухайн хүмүүсийн гаргасан зөрчлийг Ж.Ст холбогдуулж дүгнэлт гаргасан.
Захиргааны байгууллага нь хууль зүйн ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Төрийн албыг доор дурдсанаар ангилна: 6.1.1.төрийн улс төрийн алба, 6.1.2 төрийн захиргааны алба, 6.1.3.төрийн тусгай алба”, 6.1.4.төрийн үйлчилгээний алба”, 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ” гэж заасан.
Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа ажилтан,албаны эрх хэмжээ болон төрийн жинхэнэ албан хаагчийн өргөсөн тангараг гэж байхгүй. Албаны эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулан ашиглах, хуульд нийцээгүй шийдвэр гаргах, өргөсөн тангарагтаа үнэнч байхаа биелүүлээгүй гэж Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2,39.1.7 дахь хэсэгт зааснаар буруутгах үндэслэл байхгүй. Төрийн үйлчилгээний албан хаагч аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээгээр эрх зүйн харилцаа нь тодорхойлогдож байгаа албан хаагчид албан тушаалын тодорхойлолт гэж байхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлын байрны тодорхойлолт гэж байдаг. Ж.Сийн үйл ажиллагаанд хамааралгүй хуулийн зүйл, заалтыг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
Улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон гэж байна. Ийм үндэслэлээр Ж.Сийг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно” гэж заасныг зөрчсөн.
Төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчаас ялгаатай нь улс төрийн намын гишүүн байхыг, улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хориглодоггүй. Аймгийн Засаг дарга нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хяналт шалгалт хийх эрх хэмжээ байгаа. Гэхдээ энэ нь тусдаа харилцаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар өөрт олгосон эрх хэмжээгээ Хөдөлмөрийн тухай хуулиар гаргаж байгаа шийдвэрт ашигласан.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэж заасан. Аймгийн Засаг дарга Ж.Сийг ажлаас чөлөөлж, ажлын орон тоо гаргаж уг орон тоонд улс төрийн ашиг сонирхол бүхий өөрийн намын дэмжигч хүнийг томилохын тулд энэ шийдвэрийг гаргасан. Ж.С нь ажлыг дутуу, муу хийсэн гэх үндэслэлээр ажлаас халагдаагүй. Өөрийнхөө намын хүнийг томилохыг тулд Ж.Сийг ажлаас чөлөөлж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.
Улсын байцаагчийн танилцуулга дээр дурдсан 14 зөрчлөөс 3 зөрчилд акт тавьсан. Тавьсан 3 актын зөрчил нь санхүүтэй холбоотой, нягтлан бодох бүртгэлийн алдаатай холбоотой асуудал байсан. Төсвийн шууд захирагчийн алдаа юу?, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хариуцлага хүлээдэг нягтлан бодогчийн алдаа эсэхийг ялгаагүй. Засгийн газрын 2015 оны 483 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Дотоод аудитын дүрмийн 6.3.6 дахь хэсэгт “Санхүүгийн хяналт шалгалтаар тогтоосон акт, албан шаардлага, зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх” гэж заасан. Улсын байцаагчаас ийм агуулга бүхий санал ирээгүй. Ийм үйл баримт болоогүй байхад ажлаас чөлөөлсөн.
Маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш 2 жил 7 сар болж байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс маш их хүсэлт гаргасан. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтад “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй. Хариуцагч захиргааны байгууллага өөрийнхөө гаргасан шийдвэрийн үндэслэл болсон баримтыг шүүхэд авчирч өгөх байдлаар захиргааны актын тэмдэглэл зэргээр нотолсон байх ёстой.
Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.6 дахь хэсэгт заасан үндэслэлийн алийг нь үндэслээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан асуултад хариулт өгөөгүй. Маргаан бүхий захиргааны актад байхгүй. Төрийн албан хаагчид хариуцлага ногдуулж ажлаас халах сахилгын ногдуулж байгаа гэж үзвэл Төрийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан хариуцлагын алийг нь сонгон хэрэглэж байна гэдэгт хариулт өгөөгүй.
Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Төрийн албаны тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа 1 жил гэдгийг хэлж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчсөн. Энэ хуулийг хэрэглэх ёстой.
Урсгал засвар хийгдсэн ба зураггүй гэж буруутгасан. Шинээр барилга байгууламж барих, их засвар хийх тохиолдолд ажлын зурагтай байх шаардлага тавина. Дулааны өртэй гэх асуудал яригдсан. Байгууллагын санхүүгийн харилцаанд үүссэн хүндрэл. Байгууллага өөрийнхөө үйл ажиллагааны орлогоор гарч байгаа зардлуудаа нөхөн төлдөг. Нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь үүссэн өрийг төлсөн талаарх тайлбараа гаргасан. Ашиглахгүй байгаа, балгас болсон В1 давхрын өрөөг засуулж театрын үйл ажиллагаанд дэмжлэг олгох, орон нутгийн иргэдэд соёлыг түгээх чиглэлээр хамтарч ажиллаж байгааг буруутгах боломжгүй. Маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлгүй гарсан. Сонгох боломжийг зөв хэрэгжүүлээгүй, процессын зөрчил гарсан учраас маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
5. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга хариу тайлбартаа:
“Аймгийн Засаг даргын 2025 оны Б/11 дугаартай захирамжаар Ж.Ст албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 18-06/02, 18-06/03, 18-06/04 дүгээр актууд болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн танилцуулгыг үндэслэсэн бөгөөд дээрх актуудаар санхүүгийн ноцтой зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдсон болно.
Ээлжийн амралтын олговрыг хуулийн дагуу тооцож олгох нь ажил олгогчид хуулиар олгосон эрх, үүрэг бөгөөд нэхэмжлэгчийн болгоомжгүй гаргасан алдаа хэмээн өөрийнхөө гэм буруутай үйлдлийг зөвтгөсөн нь хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцэхгүй байна. Түүнчлэн Ж.С өөртөө 100 хувь буюу нэг сарын үндсэн цалин болох 1474.0 мянган төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр авсан мөртлөө дараагийн өдөр болох 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн аймгийн Засаг даргын А/942 тоот захирамжийг нөхөн гаргуулсан байна. Энэ нь холбогдох баримтуудаар бүрэн нотлогдсон.
Байгууллагын батлагдсан орон тоо нь 71 байхад 2023 онд 69 хүнийг ажиллуулж, байгууллагын даргын тушаалаар 11 ажилтанд ажил хавсарсны нэмэгдэл олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 46 дугаар зүйлийн 46.3.2 дахь заалт “Байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах”, мөн Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 2.5 дахь хэсэг “Энэ журмын 2.4-т зааснаас бусад төрийн албан хаагчид үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийн биелэлт, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндэслэн олгоно” гэснийг тус тус зөрчсөн байна.
Санхүүгийн хяналт, дотоод аудитын байгууллага нь санхүүгийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, арилгуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг ба дээрх байгууллагад хяналт шалгалтын мөрөөр албан шаардлага хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн албан шаардлага, төлбөрийн акт ирүүлээгүй гэсэн нь илт үндэслэлгүй юм. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны Б/27 дугаартай захирамжаар Ж.Ст 50 хувийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байтал Ж.С нь өөртөө давуу байдал бий болгож, Засаг даргын захирамжийг зөрчиж 90 хувь буюу 648.4 мянган төгрөгийг, мөн өөртөө давуу байдал бий болгож 200.0 мянган төгрөгийн илүү томилолт авсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг ноцтой зөрчсөнийг дурдах нь зүйтэй.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1. дахь заалтад "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгохоор хуульчилсан. Гэтэл ажил үүргийн хувьд нэгдмэл сонирхолтой этгээд болох ажилтан Х.Бахытбекийн хувийн компани болох “Муза интертайнмент” ХХК-тай 2 төрлийн нийт 11556.0 мянган төгрөгийн өртөгтэй шууд гэрээ байгуулж тоног, төхөөрөмж нийлүүлж, 1080.0 мянган төгрөгийн урсгал засварын мөнгө шилжүүлсэн, Ш.Ерболын хувийн компани болох “Аяана” ХХК-тай 1 төрлийн нийт 7300.0 мянган төгрөгийн шууд гэрээ байгуулж, хөгжим нийлүүлсэн байна.
Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны хөдөлмөрлөх эрхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан журамласан бөгөөд илүү цагаар ажиллуулсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хөлс олгох нь үндэслэлтэй хэдий ч нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын цалин тооцох цагийн бүртгэлд илүү цагийн бүртгэл хөтлөгдөөгүй байтал 12 дугаар сард илүү цагаар ажилласан нэрийдлээр нийт 68 албан хаагчид 12-16 цагийн илүү цагийн хөлс буюу 12137.7 мянган төгрөгийг, нягтлан бодогч А.Манарбект 32 цаг буюу 401.1 мянган төгрөг, хүний нөөцийн ажилтан Е.Аманболд 30 цаг буюу 323.0 мянган төгрөг, нярав Н.Еженханд 32 цаг буюу 284.1 мянган төгрөгийг тус тус нотлох баримтгүйгээр олгосон. Энэ нь санхүүгийн ноцтой зөрчил юм
Мөн “Муза интертайнмент ХХК-тай 3556.0 мянган төгрөг, нийт 31186.8 мянган төгрөгийн шууд гэрээ байгуулж, худалдан авалт хийж, төлбөрийг бүрэн шилжүүлж, “tender.gov.mn” веб сайтаар ил тод зарлаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Захиалагч дараах үндэслэлээр аж ахуй эрхлэгчдийн дунд хэлэлцээ хийх замаар гэрээ шууд байгуулж болно”, 35.2-д “Тэрээ шууд байгуулах тухай зарлалыг бараа, ажил, үйлчилгээний ерөнхий мэдээллийн хамт цахим системд нийтэлж, энэ хуулийн 54.8-д зааснаар аж ахуй эрхлэгчид хэлэлцээ хийх урилга хүргүүлнэ”, 41 дүгээр зүйлийн “Илт хууль бус гэрээ” гэж 41.1.3-д “хуульд зааснаар зарлал нийтлээгүй, эсхүл урилга хүргүүлээгүй”, 43 дугаар зүйлийн 43.3-д “Урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаагүй бол захиалагч урьдчилгаа төлбөр төлөхийг хориглоно” гэсэнтэй зөрчилдөж байна.
Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д 'Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ холбогдох норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсвийг үндэслэнэ”, 29 дүгээр зүйлийн 29.4-д “Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д 'Захиалагч дараах үндэслэлээр аж ахуй эрхлэгчдийн дунд хэлэлцээ хийх замаар гэрээ шууд байгуулж болно", 35.2-д “Гэрээ шууд байгуулах тухай зарлалыг бараа, ажил, үйлчилгээний ерөнхий мэдээллийн хамт цахим системд нийтэлж, энэ хуулийн 54.8-д зааснаар аж ахуй эрхлэгчид хэлэлцээ хийх урилга хүргүүлнэ”, 41 дүгээр зүйлийн “Илт хууль бус гэрээ” гэж 41.1.3-д “хуульд зааснаар зарлал нийтлээгүй, эсхүл урилга хүргүүлээгүй”, мөн Засгийн газрын 2024 оны 02 дугаар тогтоолын хавсралтын ”Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр шууд болон харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар” хэмээн журамласан байтал урсгал засварт нэмэлт санхүүжилтийн орлогын 2023 онд 16153.4 мянган төгрөг, 2024 онд 48672.3 мянган төгрөгийн зарцуулалтын эрх авч, иргэн, аж ахуйн нэгжээс барилгын материал худалдан авч, зураг төсөв хийлгэлгүйгээр, дур мэдэн их хэмжээний хөрөнгөөр засвар хийлгэсэн байна.
Ж.С нь тайлангийн авлагад тусгаагүй мөртлөө 2022 оны 3, 4 дүгээр улирлын урамшууллыг тухайн жил аваагүй хэмээн 2023 оны 1 болон 5 дугаар сард өөртөө нийт 746.0 мянган төгрөг нөхөж авсан ба тухайн оны 1,2,3,4 улирлын үр дүнгийн урамшуулал, тэргүүний байгууллагаар шалгарсны нэг сарын үндсэн цалин, Засгийн газрын тэмдэглэлээр буюу үр дүнгийн урамшуулал нэг сарын цалинг 100 хувь, ур чадварын нэмэгдэл сар болгон 25 хувь, нягтлан бодогч А.Манарбект 1-4 дүгээр улирлын урамшуулал, балансын шагнал нэрийдлээр нэг сарын цалин, үр дүнгийн нэмэлт санхүүжилтээр 40 хувийн цалин, Засгийн газрын тэмдэглэлээр буюу үр дүнгийн урамшуулал нэрийдлээр нэг сарын цалинг 100 хувь, ур чадвар 25 хувь буюу нэг ажлын үзүүлэлтээр урамшуулал болон нэмэгдэл хөлсийг давхардуулан олгосон, 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар байгууллагуудад төлөх он дамжсан буюу 270327.8 мянган төгрөгийн өртэй гарсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, 46 дугаар зүйлийн 46.3-д “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараах арга хэмжээнд зарцуулж болно”, 46.3.1-д “эх үүсвэр дутагдаж байгаа, эсхүл өр төлбөр үүссэн үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх” гэснийг ноцтой зөрчиж, байгууллагын удирдлагын чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, санаачилгатай ажиллаагүй, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тогтоогдож байна.
Түүнчлэн Ж.С нь улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д "улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх” гэснийг мөн адил зөрчсөн юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч А.Базар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баян-Өлгий аймгийн Засаг даргын гаргасан захиргааны акт нь бодит нөхцөл байдлыг тогтоосон,зөрчил бодитой байсан. Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2025 оны 02 дугаар сарын хяналт шалгалтын танилцуулга байгаа. Тухайн хяналт шалгалтын танилцуулгыг үндэслээд 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр улсын байцаагчийн төлбөр төлүүлэх 3 акт гарсан. Хяналт шалгалтын үед тогтоогдсон зөрчлүүдийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Сангийн яамд гомдол гаргасан. Тухайн гомдлыг Сангийн сайд 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны тогтоосон зөрчлүүд бодитой байна, тогтоосон 3 акт нь үндэслэлтэй гэх агуулгаар гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон улсын байцаагчийн акт, танилцуулга нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.
Маргаан бүхий захиргааны актад дурдагдсан зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа нь өнгөрсөн, зөрчил гарснаас хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж тайлбарласан. Гэхдээ энэ тайлбар нь бодитой биш байгаа. Төрийн албаны тухай хуульд зааснаар зөрчил гарснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол хариуцлага ногдуулахгүй гэх хуулийн заалт хэрэглэгдэнэ гэж үзэж ийм тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн зүгээс 6 сарын доторх зөрчилд хариуцлага ногдуулна, 6 сарын өмнө гарсан зөрчлүүд дээр хариуцлага ногдуулахгүй гэж байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд “төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” гэж байгаа. Энэ зүйлийг гарчигт 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өөрчлөлт оруулсан. Өмнө нь сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай зохицуулалт байсныг төрийн албан хаагчид хамааралтай зохицуулалт болгосон. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасан. Сахилгын шийтгэл ногдуулах тухай асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан. Тухайн зохицуулалт нь үйлчилгээний албан хаагчид хамааралтай учраас Хөдөлмөрийн тухай хэрэглэгдэхгүй.
Нотлох баримт шинжлэн судлах үед нотлох баримтуудын огноог харах замаар зөрчлүүд хэзээ гарсныг дурдах болно. “Муза интертайнмент” ХХК-тай 2024 онд гэрээ байгуулсан, “Ай Ел Нур” ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан, “Актай” ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан, “Кактус пей” ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан, “Мармара Өлгий” ХХК-тай 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ байгуулсан, Х.Ерханат, Х.Бейбарыс нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба дээрх гэрээнүүдийг “гэрээ байгуулах” журмыг зөрчиж байгуулсан юм. Энэ нь улсын байцаагчийн хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчил юм. Зөрчил гараад 1 жилийн хугацаа өнгөрөөгүй. Цахим дэлгүүрт зар байршуулж гэрээ байгуулах ёстой байсан ба театрын хөгжмийн зэмсэг нь онцлог учраас цахим дэлгүүрт байгаагүй гэж байна. Энэ тайлбар нь үндэслэлгүй ба цахим дэлгүүрт бараа байгаагүй болох нь тогтоогдоогүй. Ямар нэгэн бараа худалдаж авах гэж байгаа бол цахим дэлгүүрт оруул гэсэн болохоос биш манайд байхгүй учраас оруулахгүй байж болно гэдэг нь хуульд нийцэхгүй тайлбар.
“Модон завь” ХХК-иас “Актай” ХХК нь дроныг худалдаж авсан. Барааг ямар нэгэн нэргүй падаан бичүүлж авсан гэж байгаа. “Кактус пей” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу пос машин худалдаж байсан. Пос машин цахим дэлгүүрт байхгүй гэдэг нь үндэслэлгүй. “Мармара Өлгий” ХХК-иас тавилга худалдаж авсан. Энэ нь нийтлэг бараа юм. Засварыг цахим дэлгүүрт зар тавьж хийж гүйцэтгүүлэх боломжтой.
Төрийн байгууллага нь юм худалдаж авах үед тендер зарлахгүйгээр ажилчдын хувийн компаниас байнгын худалдан авалт хийдэг. Төрд хувийн компанийн барааг шахаад сууж болохгүй. Төсвийн тухай хуульд заасан зарчмуудад нийцүүлж захиран зарцуулах ёстой байсан. Байгууллагын нягтлан гэрчээр мэдүүлэг өгөхдөө “дарга цахим болон tendergоv.mn дээр зар байршуул гэж үүрэг чиглэл өгч байгаагүй” талаар дурдсан.
Сахилгын шийтгэлтэй байсан хүмүүст урамшуулал олгосон асуудал байгаа. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар Ертай, Нурлан нарт сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон. Сахилгын шийтгэлгүй мэт нөхцөл байдлыг зохиомлоор үүсгэж хууль бусаар урамшуулал олгосон. Ертай, Нурлан нар нь сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй. Сахилгын шийтгэл нь хүчин төгөлдөр болсон байсан. Урамшуулал олгохын тулд сахилгын шийтгэлгүй мэт харагдуулж хүчингүй болгосон зөрчил гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.9 дэх хэсэгт ажил олгогчид сахилгын шийтгэлийг хүчингүй болгох эрхийг олгоогүй. Дээрх хуулийн зүйл заалт нь сахилгын шийтгэлийг хүчингүй болгох агуулгатай биш. Тухайн хугацаанаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцож болно гэх хуулийн зүйл заалт.
Хуулиар тогтоосон журмын дагуу түрээсийн төлбөр авах ёстой байсан атлаа түрээсийн гэрээ байгуулаагүй. Түрээсийн төлбөр авахгүйгээр орон нутгийн өмчийг бусдад хууль бусаар ашиглуулж байсан. Эдгээр зөрчлүүд нь улсын байцаагч хяналт шалгалт хийх үед байсан, маргаан бүхий захиргааны акт гарах үед ч үргэлжилж байсан. Байгууллагын нярваас гэрчийн мэдүүлэг авахдаа нэр бүхий хүмүүс тухайн өрөөнүүдэд хувийн компанийн ажлыг хийдэг гэж тодорхой хэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хувийн компанийн ажлыг хийдэггүй театрын ажлыг хийдэг гэж худал тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй. Ажилтнуудыг оффисын өрөө юу, хувийн журмаар ашиглаж байгаа юу гэдгийг театраас тодруулахад студи, хувийн компани ажиллуулж байгаа гэх зэргээр бичгээр тайлбарлаж өгсөн. Нэхэмжлэгч Жанарыс, Хажайыв нарт өрөө гаргаж өгснийг хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ илэрхийлсэн. Энэ нь актыг хүлээн зөвшөөрч байгаа нь харагдаж байна.
Каким нарт өрөө түрээслүүлж байсан ба эдгээр хүмүүстэй хамтран ажиллаж байсан гэж тайлбарлаад байна. Дээрх хүмүүс хууль бусаар өрөөг ашиглаж байсан гэх нөхцөл байдал өнөөдрийн шүүх хуралдаанд тогтоогдлоо. Хамтарч ажиллаж байсан гэж тайлбарлаад байгаа боловч ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Театраас дээрх хүмүүстэй байгуулсан гэрээ байгаагүй. Хэрэв хамтран ажиллаж байсан бол түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн төлбөрийг тогтоох ёстой ,нөгөө хүний тоног төхөөрөмжийг ашигладаг байсан бол театр түрээсийн гэрээ байгуулах ёстой. Театр болон дээрх нэр бүхий хүмүүс түрээсийн гэрээгээр төлөх ёстой төлбөрөө тогтоох ёстой байсан. 2 төлбөрийг хооронд нь тооцож илүү гарсан төлбөрийг аль нэгэндээ төлөөд явах ёстой байсан. Дээрх албан харилцаа байгаагүй.
Аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаартай захирамжаар 50 хувийн урамшуулал олгох шийдвэр гарсан атлаа 90 хувийн урамшуулал олгосон зөрчлийн хугацаа нь өнгөрөөгүй . Гэрч Манарбек мэдүүлэгтээ “тухайн үед надад Засаг даргын захирамж ирээгүй. Даргын хэлснээр би шилжүүлсэн” гэсэн. Аймгийн Засаг даргын захирамжийг нягтланд санаатай танилцуулаагүй юу? санамсаргүйгээр танилцуулаагүй юу? тус захирамжийг нягтланд танилцуулахгүйгээр илүү мөнгө авсан. Энэ зөрчлийг арилгуулахаар тавьсан улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр байгаа.
.2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр театрын нягтлан бодогч Манарбекээс гэрчийн мэдүүлэг авсан, “томилолтын 200,000 төгрөг илүү олгогдсон байна,хоногийг нь буруу бодсон ба актыг хүлээн зөвшөөрч байна,илүү төлбөрийг Ж.С дарга хожим төлөх замаар барагдуулсан” гэх агуулгатай мэдүүлэг өгсөн. Томилолтын зардал болон илүү цалин авсан асуудал надад хамааралгүй гэж маргасан. Гэхдээ нэхэмжлэгч цахимаар гарын үсэг зурсан болох нь харагдаж байна. Байгууллагын удирдлагын хувьд үндэслэлтэй юу? үгүй юу гэдгийг шалгах ёстой байсан.
Цагийн бүртгэл байхгүй атлаа илүү цагийн мөнгө олгосон асуудал байгаа. Илүү цаг ажилласан талаарх бүртгэл байхгүй. Хэн хэдэн цагаар илүү ажиллаж байгаа талаарх баримт байхгүй. Илүү цагаар ажилласан гэж 2023 оны 12 дугаар сард 68 ажилтанд илүү цагийн мөнгө олгосон. Илүү цагийн цалин хөлс биш оны эцсээр ажилчдыг урамшуулах маягаар олгож байгаа нь харагдаж байна. Энэ зөрчил тогтоогдсон ба сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрөөгүй.
2024 онд 46,800,000 төгрөгийн зарцуулалтын эрх авч барилгын материал авсан,гэхдээ зураг төсөл хийгдээгүй,дур мэдэн засвар хийлгэсэн зөрчил гаргасан. Цахим дэлгүүрт оруулж нийтэд мэдэгдэх журмыг зөрчсөн. 2023, 2024 онд дээрх зөрчил гарсан ба 2024 онд гарсан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа нь өнгөрөөгүй.
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх.”, 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтад “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх” гэж заасан.
2024 онд Баян-Өлгий аймгийн Монгол Ардын намын шинэ жилийн арга хэмжээнд оролцсон нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Энэ талаарх бичлэг хэрэгт авагдсан ба энэ асуудлыг няцааж нэхэмжлэгч маргаагүй тул улс төрийн үйл ажиллагаанд оролцсон зөрчил нь бодитой юм. Хавтаст хэрэгт Монгол Ардын нам гэсэн чат бичвэр авагдсан. Тухайн чатад Монгол Ардын намын гишүүд улс төрийн үйл ажиллагааны талаар ярилцаж бичсэн нөхцөл байдал харагддаг. Орчуулагч томилж орчуулсан баримт хэрэгт авагдсан. Энэ чат бичвэрийг няцаасан баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч ажлаас гарсны дараа энийг бичсэн гэж тайлбарладаг. Гэхдээ ажлаас чөлөөлөгдсөний дараа бичсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Тухайн чатад тодорхой хүнийг нэр зааж дурдаж, энэ хүн театрын дарга болох гэж хөөцөлдөж явж байгаа юм байна гэх зүйл бичигдсэн. Энэ чат нь нэхэмжлэгч театрын дарга байх үед бичигдсэн болох нь харагдаж байна. Улс төрийн үйл ажиллагаа явуулсан болох нь харагдаж байна.
Шинэ жилийн үйл ажиллагаанаас гадна байгууллага дээр болсон ажилчдын хурал дээр Монгол Ардын намын хүнийг дуудаж байгаад Монгол Ардын намыг сонгоорой, энэ намын мөрийн хөтөлбөрт орон нутгийн ажилчдад олгох нэмэгдлийг 30 хувь болгохоор орсон байна. Энэ нам гарч энэ мөрийн хөтөлбөр хэрэгжвэл бид нар орон нутгийн нэмэгдэл авахын байна гэх зүйл яригдсан хурлын тэмдэглэл байгаа.
Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлүүдийг зөрчсөн гэж актад дурдсан боловч энэ нь үйлчилгээний албан хаагчид хамааралгүй гэж тайлбарласан. Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл өмнө нь төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай байсан. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон ба бүх төрийн албан хаагчид хамааралтай байдлаар өөрчилсөн тул хамааралтай болж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан. Үйлчилгээний албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 37,39, 48 дугаар зүйлүүдийг хамруулж хуульчилсныг тодорхой харуулж байна.
Хяналт шалгалтын үр дүнг төлбөрийн актаар тодорхойлно гэж тайлбарлаад байгаа нь буруу. 18 төрлийн зөрчил гарсан нь тогтоогдсон. Тухайн 18 зөрчлийн 3 зөрчилд акт тавьсан. Зөвлөмж гаргаагүй гэж байна. Хяналт шалгалтын танилцуулгын 11 дэх хэсэгт “зөвлөмж болгох нь” гэж бичсэн. Бүх зөрчлүүдийг тогтоосны үндсэн дээр зөвлөмж гарч 3 төрлийн акт тавьсан. Эдгээр нь хүчин төгөлдөр байгаа. Тавьсан 3 актад гомдол гаргаагүй тул актууд үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Сийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр “Аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Ст сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлгүй байна.
2. Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2,Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1,Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Авлигын эсрэг хуулийн 33.1, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.С нь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн хяналт шалгалтаар 14 төрлийн зөрчил гаргасан нь тогтоогдсон, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон“ гэсэн үндэслэлээр аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Сийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын баталсан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч, улсын байцаагч нараас хяналт шалгалт хийж, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8,10.12.2-д заасныг тус тус үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 18-06/02, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/03, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/04 дугаартай төлбөрийн актууд тогтоож, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн танилцуулгыг бичсэн.
Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 18-06/02 дугаартай “Төлбөрийн акт тогтоох тухай” актаар “2023 оны 8 дугаар сард бүх ажилчдын ээлжийн амралтын хуваарийг гаргасан боловч амралтын олговрыг хуулийн дагуу тооцон олгоогүй нь тогтоогдсон. Үүний улмаас ажилчдын цалинг тухайн сард бүтэн ажилласанд тооцож олгосон нь давуу байдал бий болгож, нийт 22180.9 мянган төгрөгийн хууль бус илүү олголт гарсан” гэсэн үндэслэлээр илүү олгогдсон цалин хөлс болох 22180.9 мянган төгрөгийг хавсралтад заасан 62 албан хаагчдаар нөхөн төлүүлэн улсын орлого болгохоор, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/03 дугаартай “Төлбөрийн акт тогтоох тухай” актаар “2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн түр тушаалаар ажилд орсон А.Даулетбект 100 хувь буюу 1213.0 мянган төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орсон Ш.Жанарыст 100 хувь буюу 1273.0 мянган төгрөгийн ажлын үр дүнгийн урамшил олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5,46 дугаар зүйлийн 46.3.2-д заасныг зөрчсөн” гэсэн үндэслэлээр хууль бусаар олгосон урамшуулал 2486.0 мянган төгрөгийг байгууллагын дарга Ж.Сээр нөхөн төлүүлэн төсвийн орлого болгохоор, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/04 дугаартай “Төлбөрийн акт тогтоох тухай” актаар “2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 100.0 мянган төгрөг,2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 100.0 мянган төгрөгийн дотоод албан томилолтыг томилолтоор явж ирсэн хугацаанаас илүү авсан” гэсэн үндэслэлээр илүү авсан дотоод албан томилолт болох 200.0 мянган төгрөгийг байгууллагын дарга Ж.Сээр нөхөн төлүүлэн төсвийн орлого болгохоор тус тус шийдвэрлэсэн.
Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай “Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын 2023,2024 онуудын санхүүгийн баримтад хийсэн шалгалтын танилцуулга”-ыг Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 19.1.5, 25.1-д зааснаар үйлдэж, шалгалтаар илэрсэн 18 төрлийн зөрчил дутагдлыг тусгаж, хуулиудыг зөрчсөн албан хаагч нарт хууль, журмын дагуу дээд шатны захирагч нар хариуцлага тооцож,арга хэмжээ авахыг санал болгосон байна.
3. Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр захирамжид заасан зөрчлүүдийн талаар:
3.1. Маргаан бүхий захиргааны актын 1.1-д заасан “2023 оны ээлжийн амралтын олговрыг хуулийн дагуу тооцож олгоогүй буюу ажилчдын цалинг тухайн сард бүтэн ажилласанд тооцон олгож, нийт 22180.9 мянган төгрөгийг хууль бусаар, илүү олгосон” гэх зөрчлийн хувьд:
Аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/23 дугаар тушаалаар /3 дах хавтаст хэргийн 98-101 дэх тал/ ээлжийн амралтыг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор хуваарийг баталсан боловч тухайн хуваарьт заасан хугацаанд ажилтнууд ээлжийн амралтаа биеэр эдлээгүй, 2023 оны 8 дугаар сард ажилласан болох нь ажлын цагийн бүртгэл,цалин олгох хүснэгт болон гэрчийн мэдүүлгээр /2 дах хавтаст хэргийн 161-162,193-198,199, 4 дэх хавтаст хэргийн 192-195 дах тал/ тогтоогдож байх тул 2023 оны 8 дугаар сард ажилчдын цалинг тухайн сард бүтэн ажилласанд тооцон олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-д “гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах”, 43 дугаар зүйлийн 43.2.1-д “гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох” гэж заасантай тус тус нийцсэн байна.
Санхүүгийн хяналт шалгалтын ахлах улсын байцаагчаас театрын ажилтнууд ээлжийн амралтаа биеэр эдэлсэн эсэхийг тодруулахгүйгээр зөвхөн ээлжийн амралтын хуваарь баталсан тушаалыг үндэслэн зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна гэж үзлээ.
3.2.Маргаан бүхий захиргааны актын 1.2-т заасан “Засгийн газрын 2023 оны 52 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн цалингийн сангийн хэмнэлтээс урамшууллын цалин нэрийдлээр нийт 73 албан хаагчид үндсэн цалингийн 80-100 хувь хүртэл буюу нийт 74618,9 мянган төгрөгийн урамшуулал, дарга болох Ж.С өөртөө 100 хувь буюу нэг сарын үндсэн цалин болох 1474,0 мянган төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр авсан мөртлөө дараагийн өдөр болох 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн аймгийн Засаг даргын А/942 тоот захирамжийг нөхөн гаргуулсан. Дээрх урамшууллыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилд түр томилогдсон Б.Толганайд 80 хувь, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажилд түр томилогдсон А.Даулетбекэд 100 хувь, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажилд түр томилогдсон Ш.Жанарыст 100 хувь буюу 1273.0 мянган төгрөг,2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажилд түр томилогдсон М.Маржанд 80 хувь буюу 924.0 мянган төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр томилогдсон Ө.Жанкелдид 100 хувь буюу 1213.0 мянган төгрөг, нийт 6599.4 мянган төгрөгийг олгосон, батлагдсан орон тоо нь 71 байхад 2023 онд 69 хүнийг ажиллуулж, байгууллагын даргын тушаалаар 11 ажилтанд ажил хавсарсны нэмэгдэл олгосон, мөн батлагдсан орон тоо нь 71 байхад 2024 онд 73 албан хаагч буюу 2 албан хаагчийг илүү орон тоогоор ажиллуулсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1,16 дугаар зүйлийн 16.5.5,16.5.9,46 дугаар зүйлийн 46.3.2,65 дугаар зүйлийн 65.1.8, мөн Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 2.5 дах хэсгийг зөрчсөн” гэх зөрчлийн хувьд:
3.2.1.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлээр “Төсөвт байгууллагын ажилтныг урамшуулах тухай асуудлыг хэлэлцээд төсвийг үр ашигтай , хэмнэлттэй байхаар төлөвлөх, зохистой удирдаж, зарцуулсантай холбогдуулан 2023 оны төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн Төсвийн тухай хуулийн 46.3.2-т заасны дагуу гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагаас бусад байгууллагын цалингийн сангийн хэмнэлтээс ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан үзэж 1 сарын үндсэн цалингийн 100 хүртэл хувиар тооцож урамшуулах нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн.
Үүний дагуу 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрын захиргааны зөвлөлийн хурлаар цалингийн сангийн хэмнэлтээс урамшуулал олгох асуудлыг хэлэлцээд ажилчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэн театрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар нийт 72 ажилтанд 40-100 хувиар урамшуулал олгохоор шийдвэрлэсний дагуу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дарга, ажилтнуудад урамшууллыг олгосон.
Мөн аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/942 дугаар захирамжаар Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлийг үндэслэн аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Ст 2023 оны үр дүнгийн урамшууллыг үндсэн цалингийн 100 хувиар олгохоор шийдвэрлэсэн болох нь хэргийн нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 107,108-111,112-114,115, 2 дах хавтаст хэргийн 201 дэх тал/ тус тус тогтоогдож байна.
Аймгийн Хөгжимт драмын театрын ажилтнууд болон даргад урамшуулал олгосон нь Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараахь арга хэмжээнд зарцуулж болно:46.3.2.байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах”, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4-т “улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох”, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 1.2-т “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараахь эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно: 1.2.1. төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид; 1.2.2. төсвийн шууд захирагч нь байгууллагын төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид”, 2.5-д “Энэ журмын 2.4-т зааснаас бусад төрийн албан хаагчид үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийн биелэлт, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндэслэн олгоно” гэж заасантай нийцэж байна гэж үзлээ.
Харин дээрх 2023 оны А/41 дүгээр тушаалаар 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажилд түр томилогдсон Ш.Жанарыс, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажилд түр томилогдсон А.Даулетбек нарт мөн урамшуулал олгосон нь тогтоогдож байгаа ба тухайн хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаас “...Гэхдээ А.Даулетбек, Ш.Жанарыс нарын хувьд 11, 12 дугаар сард шинээр томилогдсон, урьд нь ажиллаж байгаагүй хүмүүс тул акт тогтоосон байгаа. Харин Б.Толганай, М.Маржан, Ө.Жанкелди нарын хувьд 2023 оны 9 дүгээр сараас 12 дугаар саруудад түр томилогдсон байсан ч урьд нь тухайн байгууллагад орж, гараад ажиллаж явж байсан албан хаагчид гэж тухайн байгууллагаас тайлбарласан байсан учраас акт тогтоогоогүй” гэж мэдүүлсэн.
Аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/38 дугаар тушаалаар /2 дах хавтаст хэргийн 246-248 дах тал/ 2023 оны 3,4 дүгээр улиралд идэвхи санаачилгатай ажиллаж, тайлангаа үнэлүүлсэн тул үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн ажилтнуудын дотор Ш.Жанарыс, А.Даулетбек нар байхгүй, өөрөөр хэлбэл, 2023 оны 11 дүгээр сарын дундуур, 12 дугаар сард томилогдсон Ш.Жанарыс, А.Даулетбек нарын 4 дүгээр улирлын ажлын үр дүнг үнэлэн урамшуулал олгохоор шийдвэрлээгүй байх тул улирлын ажлын үр дүнгийн үнэлгээ гараагүй ажилтанд урамшуулал олгосон нь Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3.2, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.5, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хэмнэлтийн горим хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:4.1.3.үр ашигтай байх; 4.1.6.сахилга баттай байх;4.1.7.бодитой байх;4.1.9.хариуцлагатай байх” гэж заасантай тус тус нийцээгүй байна.
Мөн аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн Ш.Жанарыс, А.Даулетбек нарт олгосон урамшууллын мөнгийг байгууллагын дарга Ж.Сээр нөхөн төлүүлэн төсвийн орлого болгох тухай 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/03 дугаартай актыг эс зөвшөөрч гаргасан Ж.Сийн гомдлыг хянаад Сангийн сайдын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2709 дүгээр албан бичгээр “төлбөрийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэв” гэсэн хариу өгснийг дурдах нь зүйтэй.
Гэхдээ уг урамшууллыг олгох аймгийн Хөгжимт драмын театрын даргын шийдвэр 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гарсан ба урамшууллыг ажилтнуудад 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон байх тул зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна гэж үзлээ.
3.2.2.Аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/985 дугаар захирамжаар аймгийн Хөгжимт драмын театрын бүтэц, орон тоог 103 байхаар тогтоож, хавсралтаар баталсан боловч 2023, 2024 онд тус тус 71 орон тооны төсөв буюу цалингийн сан батлагдсан, үүний дагуу аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар нийт 70 ажилтны, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар нийт 71 ажилтны цалин хөлсийг тус тус тогтоосон.
Аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар тушаалаар хүний нөөц хариуцсан ажилтан Е.Аманболд бичиг хэргийн ажилтны, концертмейстр М.Ерболд бөмбөрчний ажлыг тус тус хавсруулж 20-40 хувийн нэмэгдэл олгохоор, үйлчлэгч Х.Жайнагүл, Х.Серикбол нарт 25 хувийн бохирын нэмэгдэл олгохоор, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаар тушаалаар тайзны машинист Ж.Ануарбект жижиг хэрэглэлийн эрхлэгчийн, хувцасны эрхлэгч Н.Сарад үйлчлэгчийн, зохион байгуулагч Х.Тимурт сантехникийн, тасалбар шалгагч И.Гүнсэлмаад үйлчлэгчийн, мужаан Х.Болатбект цахилгаанчны, гарын гэрэлтүүлэгч Х.Адилбект гэрлийн техникчийн ажлыг тус тус хавсруулж, 20-30 хувийн нэмэгдэл олгохоор, үйлчлэгч М.Күлайд 20 хувийн бохирын нэмэгдэл олгохоор тус тус шийдвэрлэсэн.
Уг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаар тушаалын Х.Болатбек,Х.Адилбек нарт холбогдох хэсгийг аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/36 дугаар тушаалаар хүчингүй болгосон байх ба үлдсэн ажилтнууд ажил хавсарсны нэмэгдлийг авч байсан.
Мөн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хүний нөөц хариуцсан ажилтан Е.Аманболд бичиг хэргийн ажилтны, концертмейстр М.Ерболд бөмбөрчний, тайзны машинист Ж.Ануарбект жижиг хэрэглэлийн эрхлэгчийн, хувцасны эрхлэгч Н.Сарад үйлчлэгчийн, тасалбар шалгагч И.Гүнсэлмаад үйлчлэгчийн, манаач М.Нурбект сантехникийн ажлыг тус тус хавсруулж, 20-40 хувийн нэмэгдэл олгохоор, үйлчлэгч М.Күлай, Х.Жайнагүл, Х.Серикбол нарт 25 хувийн бохирын нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн А/02 дугаар тушаалыг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/14 дүгээр тушаалаар хүчингүй болгож, үйлчлэгч М.Күлай, Х.Жайнагүл, Х.Серикбол нарт 15 хувийн бохирын нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 29-30,116-117, 118-119, 120-121, 2 дах хавтаст хэргийн 193-198, 202-208,209-211, 3 дах хавтаст хэргийн 20,21-22, 23, 110-113, 113-115 дах тал/ тус тус тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно” гэж заасан, гэтэл аймгийн Хөгжимт драмын театрын даргаас төсөв, цалингийн сан нь батлагдсан 71 орон тоонд байхгүй ажил, албан тушаалыг хавсруулж, нэмэгдэл олгосон нь хууль бус боловч 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/36 дугаар тушаалаар 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгосон, үлдсэн ажилтнууд 2023 оны эцэс хүртэл ажил хавсарсны нэмэгдлийг авсан байх тул уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах 6 сарын хугацаа өнгөрсөн байна.
Харин үйлчлэгч Х.Жайнагүл, Х.Серикбол, М.Күлай нарт ажил, албан тушаал хавсруулаагүй, бохирын нэмэгдэл олгосон байгаагаас гадна хяналт шалгалт хийсэн санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаас “...Театрын даргын 2023 онд гарсан 2 тушаалаар 11 хүнд ажил хавсруулсан байсан. Үүнээс үйлчлэгч нарт бохирын нэмэгдэл олгосныг нь ажил хавсруулсан гэж үзээгүй. Бусад бөмбөрчин, бичиг хэрэг, жижиг хэрэглэлийн эрхлэгч, сантехник, цахилгаанчин, гэрлийн техникч гэх албан тушаалыг бусад албан хаагчдад хавсруулсныг зөрчил гэж үзсэн” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
3.2.3. Дээр дурдсанаар 2024 онд аймгийн Хөгжимт драмын театрт 71 орон тооны төсөв буюу цалингийн сан батлагдсан, гэтэл аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.С нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар 76 ажилтны цалин хөлсийг тогтоож, тухайн оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:6.4.1.төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 16.5.3.батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж заасныг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3,4.1.6,4.1.9 -д заасныг зөрчсөн байх ба сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрөөгүй байна.
3.3. Маргаан бүхий захиргааны актын 1.3-д заасан “Нийгмийн баталгаа, тусламж нэрийдлээр байгууллагын даргын А/35 дугаар тушаалаар 2023 онд 10 албан хаагчид нийт 9621.3 мянган төгрөг олгосон байх ба санхүүгийн анхан шатны баримт нь шаардлага хангахгүй,нотлох баримт хавсаргаагүй, хамт олны хурлын тэмдэглэлд хуралд оролцсон албан хаагчдын гарын үсгийг зуруулж баталгаажуулаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дах заалт “"анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог”, 13 дугаар зүйлийн 13.5 дах заалт “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна”, 13.7 дах заалт “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг зөрчсөн” гэх зөрчлийн хувьд: Аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/35 дугаар тушаалаар албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд 10 ажилтанд 9621300 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байх ба энэ талаар хяналт шалгалт хийсэн санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаас ” ...Тухайн асуудлын хувьд санхүүгийн анхан шатны баримт гэж тухайн хүмүүсийн тусламж хүссэн өргөдөл байсан. Өөр зүйл байгаагүй. Тухайн тусламж авахаар хүсэлт гаргасан хүмүүсийн ямар шалтгаанаар авах гэж байгааг нотолсон баримтууд нь байхгүй байсан, жишээ нь: эмнэлэгт үзүүлсэн, эрүүл мэндийн тусламж авсан баримтууд гэх мэт. Мөн тухайн үед хамт олны хурлын тэмдэглэл гэж нэг зүйл үзүүлсэн, гэхдээ одоо уг баримт нь надад байхгүй. Шалгалтын танилцуулгад хамт олны хурлаар хэлэлцсэн тэмдэглэлд бүгдээрээ гарын үсэг зурж баталгаажуулах ёстой гэж тусгасан, гэхдээ заавал бүгдээрээ гарын үсэг зурах ёстой биш байгаа. Энэхүү зөрчлийн хувьд хамгийн гол зүйл нь мөнгө олгосон хүмүүст ямар шалтгаан, үндэслэлээр уг мөнгийг олгох талаарх бичиг баримтууд байхгүй байсан гэж үзсэн” гэж мэдүүлсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т “"хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ" гэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо дагаж мөрдөхөөр холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан баримт бичгийг”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Хамтын гэрээгээр зохицуулах харилцааг талууд харилцан тохиролцох бөгөөд ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой дараах асуудлыг хамтын гэрээнд тусгаж болно:37.1.10.аж ахуйн нэгж, байгууллагын орон сууц, хүүхдийн цэцэрлэг, ясли, нийгэм, соёлын зориулалттай барилга,байгууламж барих, ашиглах, олон хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эх буюу ганц бие эцэг, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй ажилтанд хөнгөлөлт үзүүлэх асуудал” гэж,
Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараахь арга хэмжээнд зарцуулж болно: 46.3.3.нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх”, 46.4-т “Энэ хуулийн 46.3.2, 46.3.3-т заасан урамшууллыг хуваарилах асуудлыг байгууллагын нийт ажилтныг оролцуулсан хамт олны хурлаар хэлэлцэн, шийдвэрлэх бөгөөд хамт олны хурлын тэмдэглэл болон шийдвэрийг үндэслэн тухайн шатны төрийн сан зарцуулах эрх олгоно” гэж, мөн аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/12 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-д цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмж, түр чөлөө,бусад хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх талаар тус тус зохицуулсан.
Уг мөнгөн тэтгэмжийг ажилтнуудын гаргасан өргөдлийг үндэслэн аймгийн Хөгжимт драмын театрын хамт оны хурлаар хэлэлцэн шийдвэрлэснээр байгууллагын даргаас тушаал гаргасан, уг шийдвэрүүдийг үндэслэн тухайн шатны төрийн сангаас зарцуулах эрх олгосноор тухайн ажилтнуудад 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр олгосон болох нь хэргийн нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 122-128, 2 дах хавтаст хэргийн 193-198, 3 дах хавтаст хэргийн 85-89, 4 дэх хавтаст хэргийн 196-204 дэх тал/ тогтоогдсон тул дээрх тушаалаар мөнгөн тэтгэмж олгосныг зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.
3.4. Маргаан бүхий захиргааны актын 1.4-т заасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны Б/27 дугаартай захирамжаар Ж.Ст 50 хувийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байтал Ж.С нь өөртөө давуу байдал бий болгож, Засаг даргын захирамжийг зөрчиж 90 хувь буюу 648.4 мянган төгрөгийг илүү, мөн өөртөө давуу байдал бий болгож 200.0 мянган төгрөгийн илүү томилолт авсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг зөрчсөн” гэх зөрчлийн хувьд:
3.4.1. “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 2.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 50 хувиас хэтрэхгүй байна“, 2.3-т “Энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-т заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана” гэж тус тус заажээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэж, аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Ст 50 хувийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгчийн хувьд улирал тус бүр 50 хувийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн гэж үзэж 2024 оны 6 дугаар сард 90 хувийн урамшуулал гэж 1444360 төгрөг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 130-131, 132-133 дах тал/ тогтоогдсон.
Дээрх захирамжийн үндэслэлийн талаар шүүхэд гэрч Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.К нь “…Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024.06.25-ны өдрийн Б/27 дугаартай захирамж нь аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Сийн 2024 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн биелэлтийг “А” үнэлгээгээр дүгнүүлсэн байдлыг харгалзан 2024 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулалд хагас жилийн байдлаар нэг удаа үндсэн цалингийн 50%-иар бодож олгох талаар шийдвэр байгаа. Төрийн албаны тухай хууль болон уг хуулийн дагуу батлагдсан холбогдох журамд улирлын ажлын үр дүнгээр улирал тус бүр урамшуулал олгож болохоор заасан. Гэхдээ бид жилд хоёр удаа гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнээд тухайн жилийн хагас, бүтэн жилийн байдлаар хоёр удаа урамшуулал олгохоор шийдвэрлэж ирсэн. Дээрх шийдвэр нь улирал тус бүрд урамшуулал олгохоор шийдвэрлэсэн шийдвэр биш бөгөөд эхний хагас жилийн байдлаар урамшуулал олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гэж ойлгох нь зүйтэй” гэж мэдүүлсэн.
Дээрх байдлаар эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2024 оны эхний хагас жилийн ажлыг “95” гэсэн үнэлгээгээр дүгнэж, хагас жилийн байдлаар 50 хувийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/27 дугаар захирамж нь мөн оны 1,2 дугаар улирлын ажлыг багтаасан эхний хагас жилийн ажлын урамшуулалд нэг сарын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулах олгохоор шийдвэрлэсэн буюу 2024 оны эхний 2 улирал тус бүрд 50 хувийн мөнгөн урамшуулал олгох агуулгагүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс “улирал болгоны ажлын үр дүнд урамшуулах авах эрхтэй” гэж маргасан боловч эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэгчид 2024 оны 1,2 дугаар улирлын ажлын үр дүнг тухай бүр тус тусдаа дүгнэж, улирал тус бүрд урамшуулал олгохоор шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн нотлох баримтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэгчийн 2024 оны 1,2 дугаар улирлын ажлыг сүүлийн хагас жилийн байдлаар нэгтгэн дүгнэж, нэг удаа сарын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор шийдвэрлэсэн нь тогтоогдож байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны Б/27 дугаартай захирамжаар 50 хувийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байхад 90 хувиар тооцож, 40 хувийн урамшуулалд 648400 төгрөг нэмж авсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1,16 дугаар зүйлийн 16.5.5 болон Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ”гэж заасныг, “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулах олгох тухай журам“-ын 2.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6,4.1.7,4.1.9 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, гэхдээ уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах 6 сарын хугацаа өнгөрсөн байна.
3.4.2. Нэхэмжлэгч Ж.С нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 100.0 мянган
төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 100.0 мянган төгрөг, нийт 200.0 мянган төгрөгийн илүү томилолт авсан, мөн уг илүү авсан 200.0 мянган төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн болох нь тус тус хэргийн нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 134-141, 2 дах хавтаст хэргийн 193-198,214 дэх тал/ тогтоогдсон.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:16.5.1. төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах; 16.5.2.батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.С нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, хяналт тавих үүрэгтэй тул өөрөө 200.0 мянган төгрөгийн томилолтын мөнгө илүү авсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1,16 дугаар зүйлийн 16.5.5 дах заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6,4.1.7,4.1.9 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Мөн аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн “илүү авсан дотоод албан томилолт болох 200.0 мянган төгрөгийг байгууллагын дарга Ж.Сээр нөхөн төлүүлэн төсвийн орлого болгох тухай” 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/04 дугаартай актын талаар нэхэмжлэгч Ж.С нь дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 100. 0 мянган төгрөгийн томилолтын мөнгө илүү авсан зөрчлийн хувьд зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах 6 сарын хугацаа өнгөрсөн байна, харин 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 100.0 мянган төгрөгийн томилолтын мөнгө илүү авсан зөрчлийн хувьд зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах 6 сарын хугацаа өнгөрөөгүй байна.
3.5. Маргаан бүхий захиргааны актын 1.5-д заасан “Ажилтан Х.Бахытбекийн хувийн компани болох “Муза интертайнмент” ХХК-тай 2 төрлийн нийт 11556.0 мянган төгрөгийн өртөгтэй шууд гэрээ байгуулж тоног, төхөөрөмж нийлүүлж, 1080.0 мянган төгрөгийн урсгал засварын мөнгө шилжүүлсэн, Ш.Ерболын хувийн компани болох “Аяана” ХХК-тай 1 төрлийн нийт 7300.0 мянган төгрөгийн шууд гэрээ байгуулж, хөгжим нийлүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн гэх зөрчлийн хувьд:
Аймгийн Хөгжимт драмын театрыг төлөөлж дарга Ж.С нь “Муза интертайнмент” ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу компьютер, өнгөт принтерийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нийлүүлснээр мөн өдөр 8000.0 мянган төгрөгийг тус компанид шилжүүлсэн, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тайзны нүүрний гэрэл, гэрлийн сигналын кабель утсыг нийлүүлснээр 12 дугаар сарын 04-ний өдөр 3946.0 мянган төгрөгийг шилжүүлсэн, мөн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хард диск, 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр акустик хавтан тус тус нийлүүлснээр 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 180.0 мянган төгрөг ,2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 900.0 мянган төгрөг шилжүүлсэн.
“Аяана” ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу мөн өдөр цахилгаан төгөлдөр хуурыг нийлүүлснээр 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 7300.0 мянган төгрөгийг тус компанид шилжүүлсэн нь тус тус хэргийн нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 142-171 дэх тал/ тогтоогдсон.
Мөн аймгийн Хөгжимт драмын театрт тонмейстрээр ажилладаг Ш.Ербол нь “Аяана” ХХК-ийн захирал, компьютер графикчаар ажилладаг Х.Бахытбек нь “Муза интертайнмент” ХХК-ийн захирал болох нь хэргийн нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 109-111, 2 дах хавтаст хэргийн 193-198, 3 дах хавтаст хэргийн 236-237 дах тал/ тогтоогдож байгаа.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.5."хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг; 3.1.6."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг; 3.1.7."ашгийн төлөө үйл ажиллагаа" гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг”, 3.1.11."ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Сийг тус театрын ажилтан Ш.Ербол /“Аяана” ХХК-ийн захирал/, Х.Бахытбек /“Муза интертайнмент” ХХК-ийн захирал/ нартай хамаарал бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй боловч байгууллагын ажилтны хувийн компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Сийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр худалдан авалт хийсэн, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан гэрээнүүдийн хувьд зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах 6 сарын хугацаа өнгөрөөгүй байна.
3.6. Маргаан бүхий захиргааны актын 1.7-д заасан “Аймгийн Засаг даргын 2024 оны А/945 дугаар захирамжаар 8000.0 мянган төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах эрхийг Хөгжимт драмын театрт шилжүүлснээр шууд худалдан авалтын гэрээ байгуулахдаа гэрээний он, сар, өдөр , дугаар нь гэрээний эрх шилжүүлэхээс 4 сарын өмнө дугаарласан буюу БӨАОНӨГ/20240601052 гэх дугаартай, мөн “Актай” ХХК-тай шууд худалдан авалтын гэрээ хийсэн мөртлөө “Модон завь” ХХК-ийн нэрээр орлогод авсан, Dji Avata 2 drone шууд худалдан авалтын гэрээгээр 4500.0 мянган төгрөгөөр буюу зах зээлээс өндөр үнээр нийлүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах заалт ”Худалдан авах гэрээ болон ерөнхий гэрээний үүргийн гүйцэтгэлийн явцад дараах зүйлийг хориглоно: 40.2.2.гүйцэтгэгч гэрээний үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэх” гэснийг зөрчсөн гэх зөрчлийн хувьд:
Аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/945 дугаар “Эрх шилжүүлэх тухай” захирамжаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад аймгийн Хөгжимт драмын театрт тоног төхөөрөмж худалдан авахад 8000.0 мянган төгрөг баталж өгснөөр театрыг төлөөлж дарга Ж.С нь “Актай” ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр DJI AVATA 2 дрон 1 ширхэг, DJI OSMO POCKET 3 камера 1 ширхгийг нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар / 1 дэх хавтаст хэргийн 179-198 дэх тал/ тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, “Модон завь” ХХК-аас ирүүлсэн албан бичиг болон гэрч “Актай” ХХК-ийн захирал М.Нурболатын мэдүүлэг, аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/34 дүгээр “Комисс байгуулах тухай” тушаал, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн комиссын гишүүдийн хурлын тэмдэглэл, тоног төхөөрөмж хүлээн авсан акт зэргээс үзэхэд аймгийн Хөгжимт драмын театрт дрон болон камерыг “Модон завь” ХХК-аас биш, харин “Актай” ХХК-аас гэрээний дагуу нийлүүлсэн нь тогтоогдож /3 дах хавтаст хэргийн 56-57, 5 дах хавтаст хэргийн 85 дах тал/ байна гэж үзлээ.
Иймд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрын даргатай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу “Актай” ХХК-аас барааг нийлүүлсэн байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
3.7. Маргаан бүхий захиргааны актын 1.8-д заасан ”Тухайн байгууллагын 69 ажилтны 58-д ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан, мөн сахилгын шийтгэлтэй албан хаагчдад ур чадварын нэмэгдэл хөлс, 2024 оны 11 дүгээр сарын цалин тооцох цагийн бүртгэлд илүү цагийн бүртгэл хөтлөгдөөгүй байхад 12 дугаар сард илүү цагаар ажилласан нэрийдлээр нийт 68 албан хаагчид 12-16 цагийн илүү цагийн хөлс буюу 12137,7 мянган төгрөгийг, нягтлан бодогч А.Манарбект 32 цаг буюу 401.1 мянган төгрөг, хүний нөөцийн ажилтан Е.Аманболд 30 цаг буюу 323.0 мянган төгрөг, нярав Н.Еженханд 32 цаг буюу 284.1 мянган төгрөгийг тус тус илүү олгосон нь Засгийн газрын 2018 оны 382 дугаар 4 дүгээр хавсралтын 5-д “Ур чадварын нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно”, Хүн амын бодлого,Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 дүгээр тушаалын хавсралтад 1-д “төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад зохих үүрэг гүйцэтгэдэг түгээмэл мэргэжлийн үйлчилгээний албан хаагч /нягтлан бодогч, боловсон хүчний ажилтан, нарийн бичгийн дарга, архив бичиг хэрэг, бичээч, нярав, жолооч, мужаан, слесарь,цахилгаанчин, үйлчлэгч, жижүүр болон тэдгээртэй адилтгах албан тушаал/-дад ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү журмыг баримтална”,3-д “Ур чадварын нэмэгдлийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 25 хувиас ихгүй байна”, 5-д “Ажилтанд олгож байгаа ур чадварын нэмэгдлийг заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх, бууруулах асуудлыг улирал бүр хэлэлцэн шийдвэрлэж байна”, 7-д “Ур чадварын нэмэгдлийг ажилтнуудын цалинг нэмэх, амьдрал ахуйг харгалзах зэргээр хавтгайруулан олгохыг хориглоно” гэснийг зөрчсөн гэх зөрчлийн хувьд:
3.7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно” гэж,
Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 1-д “ Төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барил, идэвх санаачилгыг нь дэмжиж, үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор ур чадварын нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө”, 2-т “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэнэ”, 3-т “Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан хаагчид төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байх хугацаанд нь ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг энэ журмын 4-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож, сар бүр олгоно”, 4-т “ Энэ журмыг үндэслэн тухайн салбар, мэргэжлийн онцлогийг харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг салбарын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран тогтооно” гэж,
Хүн амын бодлого,хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийлэг журам”-ын 1-д “Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад зохих үүрэг гүйцэтгэдэг түгээмэл мэргэжлийн үйлчилгээний албан хаагч /нягтлан бодогч, боловсон хүчний ажилтан, нарийн бичгийн дарга, архив бичиг хэрэг, бичээч, нярав, жолооч, мужаан, слесарь,цахилгаанчин, үйлчлэгч, жижүүр болон тэдгээртэй адилтгах албан тушаал/-дад ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү журмыг баримтална”,3-д “Ур чадварын нэмэгдлийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 25 хувиас ихгүй байна”, 5-д “Ажилтанд олгож байгаа ур чадварын нэмэгдлийг заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх, бууруулах асуудлыг улирал бүр хэлэлцэн шийдвэрлэж байна”, 7-д “Ур чадварын нэмэгдлийг ажилтнуудын цалинг нэмэх, амьдрал ахуйг харгалзах зэргээр хавтгайруулан олгохыг хориглоно” гэж,
Аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар баталсан “Уран бүтээлч, ажилчдад ур чадварын нэмэгдэл, урамшуулал олгох журам”-ын 3.1-д “ Ур чадварын нэмэгдэл, урамшууллыг дараах үнэлгээний дагуу үнэлнэ”, 4-1-т “Ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд албан тушаалын цалингаас тооцож сар бүр олгоно”, 4.2-т “Ур чадварын нэмэгдэл олгох болзол, шалгуур үзүүлэлтийг хангасан ажилтанд байгууллагын даргын тушаалаар нэмэгдлийг 0-25 хувь хүртэл олгоно”, 4.3-т “Дараах тохиолдолд ур чадварын нэмэгдлийг олгохгүй: 4.3.6.Тухайн ажилтан нь сахилгын болон ёс зүйн шийтгэлтэй байх хугацаанд” гэж тус тус заасан.
Аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/32 дугаар тушаалаар 58 ажилтанд 10-25 хувийн , 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/42 дугаар тушаалаар 66 ажилтанд 15-25 хувийн ур чадварын нэмэгдэл тус тус олгохоор шийдвэрлэснээр уг нэмэгдлийг олгосон байна.
Мөн аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар жүжигчин Х.Нурлан , Б/14 дүгээр тушаалаар найруулагч М.Ертай нарт “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байх ба 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар “ажлын идэвх зүтгэл, санаачилга гаргаж, үр бүтээлтэй ажилласан” гэсэн үндэслэлээр ажилтан М.Ертай, Х.Нурлан нарт сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 208-210, 211-213,214, 2 дах хавтаст хэргийн 234-235 дах тал/ тус тус тогтоогдсон.
Аймгийн Хөгжимт драмын театрын ажилтнуудад ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгч, улмаар төсвийн шууд захирагчийн шийдвэрээр 10-25 хувийн ур чадварын нэмэгдэл олгосон нь хууль, журмын дээрх заалтуудтай нийцэж байх тул үүнийг зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно”, 123.9-д “Ажил олгогч энэ хуулийн 123.8-д заасан хугацаанаас өмнө ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцож болох бөгөөд энэ тухай ажилтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасан байх ба дээрх байдлаар ажил олгогчоос ажилтан М.Ертай, Х.Нурлан нарт ногдуулсан сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанаас өмнө хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцсон байх тул эдгээр ажилтнуудад ур чадварын нэмэгдэл олгосныг буруутгах үндэслэлгүй юм.
3.7.2. Аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/43 дугаар тушаалаар 2024 оны 11 дүгээр сард баруун бүсийн театруудын хамтарсан ”Өвөл цагийн нээлт”-ийн тоглолтод илүү цагаар ажилласан уран бүтээлч, ажилчдын илүү цагийг хавсралтаар баталж, илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохыг нягтлан бодогчид үүрэг болгосноор 68 ажилтанд 12-32 цагийн илүү цагийн хөлс олгосон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т “Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна”, 109 дүгээр зүйлийн 109.1-д “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэж,
Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын 1-т “Төрийн албан хаагч энэ журмын хавсралтаар баталсан “Нэмэгдэл хөлс тооцож олгох хуудас”-ны дагуу илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баяр ёслолын өдрөөр, шөнийн цагаар ажилласан үндэслэл, гүйцэтгэсэн ажлын гол агуулга, нэмэгдүүлсэн цалин хөлсний тооцоог нэгжийн даргаар хянуулж баталгаажуулсны үндсэн дээр байгууллагын дарга зөвшөөрөл олгосны дараа санхүүд хүргүүлнэ”, 2-т “Нэмэгдэл хөлсийг төрийн албан хаагчийн илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баяр ёслолын өдрөөр, шөнийн цагаар ажилласны дараа сарын цалин хөлстэй хамт тооцож олгоно”, 4-т “Төрийн албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журмын хавсралт хүснэгтийн үндэслэл хэсэгт 1.4.1-1.4.4, 1.5.1-1.5.2-т зааснаас тохирохыг сонгож бөглөнө. Ажлын товч агуулга гэсэн хэсэгт нэмэгдэл хөлс тооцох цагт гүйцэтгэсэн ажлын товч агуулгыг үндэслэл тус бүрээр бичнэ” гэж тус тус заасан.
Аймгийн Хөгжимт драмын театрын даргын тушаалаар 2024 оны 11 дүгээр сард илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг 2024 оны 12 дугаар сард олгосон байх боловч энэ талаарх санхүүгийн анхан шатны баримтууд буюу илүү цагийн бүртгэл, нэмэгдэл хөлс тооцож олгох хуудас зэрэг баримтууд байхгүй болох /2 дах хавтаст хэргийн 193-198,3 дах хавтаст хэргийн 85-89,162,168-171,4 дэх хавтаст хэргийн 171-174,208-211 дэх тал/ нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, илүү цагаар ажилласныг нотлох анхан шатны баримтгүй байхад илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс олгосон нь дээрх хууль, журмын холбогдох заалтууд болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог”,13 дугаар зүйлийн 13.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна”,13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:16.5.1. төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах; 16.5.2.батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих” гэж заасан болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.9-д заасантай тус тус нийцээгүй байна.
Иймээс аймгийн Хөгжимт драмын театрын даргаас илүү цагаар ажилласныг нотлох баримтгүй байхад ажилтнуудад илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс олгосон нь хууль бус бөгөөд тухайн шийдвэр нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гарсан байх тул зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах 6 сарын хугацаа өнгөрөөгүй байна.
3.8. Маргаан бүхий захиргааны актын 1.6,1.9-д заасан ““Ай Ел Нур” ХХК-тай 2024 онд шууд гэрээ байгуулсан ба нийт 10 домбор хөгжим нэг бүрийн үнийг 15571.7 мянган төгрөгөөр авахаар тусгаж, зах зээлээс өндөр үнээр нийлүүлж, тухайн өдөр гэрээнд заагдсан 15571.7 мянган төгрөгийг шилжүүлсэн,
2023 онд “Мармара Өлгий” ХХК-тай 12486.8 мянган төгрөг, “Аяана” ХХК-тай 7300.0 мянган төгрөг, “Муза интертайнмент” ХХК-тай 8000.0 мянган төгрөг, Е.Турартай 400.0 мянган төгрөг, “Дэлгэр онон партнерс” ХХК-тай 3000.0 мянган төгрөг,нийт 31186.8 мянган төгрөгийн шууд гэрээ байгуулж, худалдан авалт хийгдсэн. 2024 онд “Кактус пей” ХХК-тай 1300.0 мянган төгрөг, “Мармара Өлгий” ХХК-тай 9986.0 мянган төгрөг,”Ай Ел Нур” ХХК-тай 15571.7 мянган төгрөг, ”Модон завь” ХХК-тай 8000.0 мянган төгрөг,“Муза интертайнмент” ХХК-тай 3556.0 мянган төгрөгийн шууд гэрээ байгуулж, худалдан авалт хийж, төлбөрийг бүрэн шилжүүлж,”tender.gov.mn” веб сайтаар ил тод зарлаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан “35.1.Захиалагч дараах үндэслэлээр аж ахуй эрхлэгчдийн дунд хэлэлцээ хийх замаар гэрээ шууд байгуулж болно”, 35.2-т “Гэрээ шууд байгуулах тухай зарлалыг бараа, ажил, үйлчилгээний ерөнхий мэдээллийн хамт цахим системд нийтэлж, энэ хуулийн 54.8-д зааснаар аж ахуй эрхлэгчид хэлэлцээ хийх урилга хүргүүлнэ”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Худалдан авах гэрээ дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна: 41.1.3.хуульд зааснаар зарлал нийтлээгүй, эсхүл урилга хүргүүлээгүй”, 43 дугаар зүйлийн 43.3-т “Урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаагүй бол захиалагч урьдчилгаа төлбөр төлөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэх зөрчлүүдийн хувьд:
Аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/37 дугаар тушаалаар театрын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад нэн шаардлагатай компьютер болон принтерийн үнэд 8000 000 төгрөг, “Тоорил хан” жүжгийн тайзны подставкийн удирдлагын гэрлийн үнэд 8010 000 төгрөг, нийт 16 010 000 төгрөг зарцуулахаар, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр А/40 дүгээр тушаалаар театрын үйл ажиллагаанд шаардлагатай тавилга, эд хогшлын үнэд 12 486 800 төгрөг, мэргэжлийн цахилгаан төгөлдөр хуурын үнэд 7300 000 төгрөг,нийт 19 786 800 төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн.
Аймгийн Хөгжимт драмын театрыг төлөөлж дарга Ж.С нь “Муза интертайнмент” ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу компьютер, өнгөт принтерийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нийлүүлснээр мөн өдөр 8000.0 мянган төгрөгийг тус компанид шилжүүлсэн, “Аяана” ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу цахилгаан төгөлдөр хуурыг мөн өдөр нийлүүлснээр 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 7300.0 мянган төгрөгийг тус компанид шилжүүлсэн, “Мармара Өлгий” ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу мөн өдөр удирдлагын ширээ,хурлын ширээ, ханын шүүгээ, буйдан,сэтгүүлийн ширээ,сандал гэх мэт тавилгыг нийлүүлснээр тухайн өдөр 12486.8 мянган төгрөгийг тус компанид шилжүүлсэн, иргэн Е.Турараас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөгжмийн зэмсэг нийлүүлснээр 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 400.0 мянган төгрөгийг шилжүүлсэн, “Дэлгэр онон партнерс” ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр худалдан авалтын авах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу мөн өдөр 2 ширхэг цахилгаан халуун үлээгчийг нийлүүлснээр тухайн өдөр 3000.0 мянган төгрөгийг тус компанид шилжүүлсэн.
Мөн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Кактус пей” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу мөн өдөр “ПОС” төхөөрөмжийг нийлүүлснээр, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1300.0 мянган төгрөгийг шилжүүлсэн, 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Мармара Өлгий” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу мөн өдөр ширээ, шүүгээ, сандал , дугуйтай сандал гэх мэт тавилгыг мөн өдөр нийлүүлснээр 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 9986.0 мянган төгрөгийг тус компанид шилжүүлсэн, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Ай Ел Нур” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу мөн өдөр 10 ширхэг домбор хөгжим нийлүүлснээр тухайн өдөр 15571700 төгрөгийг тус компанид шилжүүлсэн, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ”Модон завь” ХХК-тай биш “Актай” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 8000.0 мянган төгрөгийн бараа нийлүүлсэн , 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Муза интертайнмент” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тайзны нүүрний гэрэл, гэрлийн сигналын кабель утсыг нийлүүлснээр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3946.0 мянган төгрөгийг шилжүүлсэн болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 142-198, 221-250, 2 дах хавтаст хэргийн 1-21 дэх тал/ тогтоогдсон.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Захиалагч тендер шалгаруулалтыг энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан аргаар зохион байгуулна”,10.2-т “Энэ хуулийн 31.2-т зааснаас бусад тохиолдолд нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээг захиалагч шууд худалдан авч болно”, 31 дүгээр зүйлийн 31.1-т “Захиалагч ерөнхий гэрээний аргаар худалдан авахаас бусад тохиолдолд хуульд заасан төсөвт өртөгт үндэслэн тендер шалгаруулалтын дараах аргын аль нэгийн дагуу зохион байгуулна:31.1.1.нээлттэй;31.1.2.харьцуулалт;31.1.3.гэрээ шууд байгуулах;31.1.4.нэг эх үүсвэрээс худалдан авах”, 31.2-т “Энэ хуулийн 37.2.4-т тодорхойлсон захиалагч ерөнхий гэрээ байгуулсан бараа, үйлчилгээг энэ хуульд өөрөөр заагаагүй бол цахим дэлгүүрээс худалдан авна”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Ерөнхий гэрээний аргын хоёрдугаар үе шатанд захиалагч худалдан авах бараа, үйлчилгээний тоо хэмжээ, хүргэх газар, хуваарь бүхий захиалгын хуудсыг цахим системд илгээж, үнийн санал дуудаж цахим дэлгүүрээс худалдан авна”, 38.2-т “Ерөнхий гэрээ байгуулсан тухайн бараа, үйлчилгээний гүйцэтгэгчид үнийн санал дуудах урилгыг цахим системээр хүргүүлнэ”, 38.3-т “Урилга хүргүүлсэн өдрөөс хойш ажлын хоёроос доошгүй өдрийн дараа үнийн санал дуудах ба үргэлжлэх хугацааг хоёроос доошгүй цаг байхаар урилгад заана, 38.4-т “Энэ хуулийн 34.8-д заасан журмын дагуу зохион байгуулагдсан үнийн санал дуудах ажиллагаа хаагдахад эхэнд эрэмбэлэгдсэн үнийн санал ирүүлсэн гүйцэтгэгчтэй захиалагч гэрээ байгуулна”, 38.5-д “Цахим дэлгүүрт нэг гүйцэтгэгч байгаа, эсхүл үнийн санал дуудахад үнийн санал ирээгүй бол захиалагч цахим дэлгүүрт бүртгэгдсэн хамгийн бага үнийн санал бүхий бараа, үйлчилгээг худалдан авч болно” гэж тус тус зохицуулсан.
Хуулийн заалтуудаас үзэхэд захиалагч нь тендер шалгаруулалтыг ерөнхий гэрээний аргаар худалдан авахаас бусад тохиолдолд бусад 4 аргаар зохион байгуулахаар, шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар буюу 20 сая төгрөгөөс хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээг захиалагч шууд худалдан авч болох боловч энэ нь ерөнхий гэрээ байгуулсан бараа, үйлчилгээний хувьд цахим дэлгүүрээс худалдан авах гэсэн нөхцөлтэй байхаар зохицуулжээ.
Нэхэмжлэгчээс “Театр албан хэрэгцээндээ theater.bo.gov.mn сайт ашигладаг бөгөөд бараа худалдаж авахдаа энэхүү сайтад зарлал нийтэлж олон нийтэд мэдээлж байсан. Түүнчлэн, шууд гэрээ байгуулж,худалдан авсан бараанууд бүгд цахим дэлгүүр буюу зах зээлийн үнээс хамаагүй хямд үнэ ханшаар худалдаж авсан бараанууд болно. Цахим дэлгүүрт манайд шаардлагатай хөгжмийн зэмсэг байгаагүй” гэж маргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох тухайн компаниудтай байгуулсан гэрээ, санхүүгийн баримтууд, гэрч тус байгууллагын нягтлан бодогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар /4 дэх хавтаст хэргийн 77,97 дах тал/ захиалагч болох аймгийн Хөгжимт драмын театрын даргаас 2023,2024 онд байгуулсан дээрх гэрээнүүдийн хувьд худалдан авах барааны талаар захиалгын хуудсыг цахим системд илгээгээгүй буюу цахим системд хандаагүй болох нь тогтоогдож байгаа, мөн нэхэмжлэгчийн хувьд цахим дэлгүүрт хандсан талаар нотолж чадаагүй болно.
Иймд аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.С 2023,2024 онд дээрх бараануудыг худалдан авах талаар цахим дэлгүүрт хандахгүйгээр шууд худалдан авалт хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байгаа, түүнчлэн мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Худалдан авах гэрээ дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна:41.1.3.хуульд зааснаар зарлал нийтлээгүй, эсхүл урилга хүргүүлээгүй” гэж зааснаар уг гэрээнүүдийг илт хууль бус гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.
2023 онд байгуулсан гэрээнүүд болон 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Кактус пей” ХХК-тай байгуулсан гэрээний хувьд зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах 6 сарын хугацаа өнгөрсөн, харин 2024 онд “Мармара Өлгий” ХХК,”Ай Ел Нур” ХХК, “Актай” ХХК, “Муза интертаймент” ХХК-тай байгуулсан гэрээний хувьд зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах 6 сарын хугацаа өнгөрөөгүй байна.
Харин аймгийн Хөгжимт драмын театрт хяналт шалгалт хийж, шалгалтын танилцуулга бичиж, төлбөрийн акт тогтоосон санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаас “...Нэгэнт бид нар домборыг өндөр үнээр нийлүүлсэн гэдгийг нотолж чадаагүй учраас үүнийг зөрчил гэж шалгалтын танилцуулгад тусгаагүй юм. 8.6-д заасан зөрчлийн хувьд зөвхөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн буюу цахим системд нийтлэхгүйгээр шууд гэрээ байгуулсан нь буруу гэж үзсэн” гэрчээр мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
3.9. Маргаан бүхий захиргааны актын 1.10-т заасан ”Урсгал засварт нэмэлт санхүүжилтийн орлогын 2023 онд 16153.4 мянган төгрөг, 2024 онд 48672.3 мянган төгрөгийн зарцуулалтын эрх авч, иргэн, аж ахуйн нэгжээс барилгын материал худалдан авч, зураг төсөв хийлгэлгүйгээр дур мэдэн засвар хийлгэсэн нь Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 29 дүгээр зүйлийн 29.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1,35.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Засгийн газрын 2024 оны 02 дугаар тогтоолын хавсралтын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр шууд болон харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа,ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар”-ыг зөрчсөн гэх зөрчлийн хувьд:
Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 24.6-д “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ холбогдох норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсвийг үндэслэнэ” гэж,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1."ажил" гэж барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг барих, засварлах, өргөтгөх, буулгах, шинэчлэх, геологийн судалгаа хийх болон тэдгээрт холбогдох тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, турших, тохируулах зорилгоор хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглаж гүйцэтгэх ажлыг болон түүнийг дагалдан нийлүүлэх барааг”, 10 дугаар зүйлийн 10.3-т “Захиалагч шууд худалдан авах, харьцуулалтын аргыг хэрэглэх зорилгоор батлагдсан төсөвт өртгийг хувааж худалдан авах ажиллагаа зохион байгуулахыг хориглоно” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчээс “....театр нь 1992 онд ашиглалтад орсноос хойш их засвар байтугай урсгал засвар хийгдэж байгаагүй байдалтай байсан. Миний бие батлагдсан төсвөөс хэмнэлт хийж, дотоод нөөц боломжийг ашиглаж засвар хийлгүүлсэн. Ингэхдээ ихэнх засварын ажлыг байгууллагын ажилчид өөрсдөө ийж гүйцэтгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл батлагдсан төсвөөс гадуур тусдаа зураг төсөв зохиолгож зардал мөнгө гаргуулаагүй” гэсэн тайлбар гаргасан.
Хэргийн нотлох баримтуудаар /2 дах хавтаст хэргийн 22-153, 193-198 дах тал/ аймгийн Хөгжимт драмын театр нь 2023 онд 16153.4 мянган төгрөг, 2024 онд 48672.3 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилтийн орлогыг театрын барилгын урсгал засварт зарцуулсан, ингэхдээ уг ажлын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулаагүй болох нь тогтоогдож байгаа.
Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд, уг хуульд шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар буюу 20 сая төгрөгөөс хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээг захиалагч шууд худалдан авч болох боловч энэ нь ерөнхий гэрээ байгуулсан бараа, үйлчилгээний хувьд цахим дэлгүүрээс худалдан авах гэсэн нөхцөлтэй байхаар заасан.
Мөн 2024 оны хувьд 48672.3 мянган төгрөгөөр ажил хийлгэсэн байгаа энэ тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Захиалагч ерөнхий гэрээний аргаар худалдан авахаас бусад тохиолдолд хуульд заасан төсөвт өртөгт үндэслэн тендер шалгаруулалтын дараах аргын аль нэгийн дагуу зохион байгуулна” гэж заасны дагуу тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулах байжээ.
Иймээс төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй нь дээрх хуулийн заалтуудыг, мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5,4.1.7,4.1.9 дэх заалт, 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасан зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:4.2.3.хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, арга хэмжээ нь хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр дүнг хангахад чиглэсэн байх” гэж заасныг тус тус зөрчсөн зөрчил бөгөөд 2024 онд урсгал засварын ажлын бараа материал худалдан авсан, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хугацаанаас тооцоход зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах 6 сарын хугацаа өнгөрөөгүй байна гэж үзлээ.
3.10. Маргаан бүхий захиргааны актын 1.11-т заасан “Ж.С нь тайлангийн авлагад тусгаагүй мөртлөө 2022 оны 3,4 дүгээр улирлын урамшууллыг тухайн жил аваагүй хэмээн 2023 оны 1 болон 5 дугаар сард өөртөө нийт 746.0 мянган төгрөг нөхөж авсан ба тухайн оны 1,2,3, 4 улирлын үр дүнгийн урамшуулал, тэргүүний байгууллагаа шалгарсны 1 сарын үндсэн цалин,Засгийн газрын тэмдэглэлээр буюу үр дүнгийн урамшуулал 1 сарын цалинг 100 хувь, ур чадварын нэмэгдэл сар болгон 25 хувь, нягтлан бодогч А.Манарбект 1-4 дүгээр улирлын урамшуулал, балансын шагнал нэрийдлээр нэг сарын цалин, үр дүнгийн нэмэлт санхүүжилтээр 40 хувийн цалин, Засгийн газрын тэмдэглэлээр буюу үр дүнгийн урамшуулал нэрийдлээр нэг сарын цалинг 100 хувь,ур чадвар 25 хувь буюу нэг ажлын үзүүлэлтээр урамшуулал болон нэмэгдэл хөлсийг давхардуулан олгосон” гэх зөрчсөн гэх зөрчлийн хувьд:
Аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Ст 2022 оны 3,4 дүгээр улирал тус бүр үндсэн цалингийн 40 хувийн урамшуулал олгохоор шийдвэрлэсний дагуу 2023 оны 01 дүгээр сард 373047 төгрөг, 2023 оны 5 дугаар сард 373047 төгрөг авсан.
Аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Ст 2022 оны ажлын тайлангаа “маш сайн” үнэлгээтэй дүгнүүлсэн гэсэн үндэслэлээр 25 хувийн ур чадварын нэмэгдлийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс олгохоор шийдвэрлэснээр тухайн жилд ур чадварын нэмэгдэл авсан.
Аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/158 дугаар захирамжаар 2022 оны ажлын үр дүнгээр “Тэргүүний байгууллага”-аар шалгарсан аймгийн Хөгжимт драмын театрын даргыг сарын үндсэн цалингаар урамшуулж, урамшууллын мөнгийг тухайн байгууллагын төсвөөс гаргахыг тухайн байгууллагын санхүүд зөвшөөрснөөр Ж.С нь 2023 оны 4 дүгээр сард 932617 төгрөг авсан.
Аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/307 дугаар захирамжаар аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.С нь 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилт болон аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлт 95 хувь буюу “А” үнэлгээгээр дүгнүүлсэн тул 2023 оны 1,2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг үндсэн цалингийн 40 хувиар олгохоор шийдвэрлэсэн, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Ст 47 хувийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн.
2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/942 тоот захирамжаар Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлийг үндэслэн үндсэн цалингийн 100 хувиар урамшуулал олгохоор шийдвэрлэснээр 2023 оны 12 дугаар сард 1474000 төгрөг авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /2 дах хавтаст хэргийн 154-159,160-162,163-164, 165-168,179,180,181-182 дах тал/ тус тус тогтоогдож байна.
Аймгийн Хөгжимт драмын театрын нягтлан бодогч А.Манарбект театрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар ур чадварын нэмэгдлийг 25 хувиар олгохоор шийдвэрлэснээр 2022,2023 онд ур чадварын нэмэгдэл авсан, 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар балансын урамшуулал гэж 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/19 дүгээр тушаалаар 2023 оны 1,2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулалд тус бүр 40 хувь, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/33 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3.2-т заасныг үндэслэн үр дүнгийн нэмэлт санхүүжилтээр 40 хувийн урамшуулал, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/38 дугаар тушаалаар 2023 оны 3,4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулалд тус бүр 40 хувь, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлийг үндэслэн 100 хувийн урамшуулал тус тус олгосон /1 дэх хавтаст хэргийн 109-114,2 дах хавтаст хэргийн 193-198,240-245,246-250, 3 дах хавтаст хэргийн 5,6-9,10, 4 дэх хавтаст хэргийн 171-174 дэх тал/ байна.
Аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Ст “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 2.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж, “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 3-т “Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан хаагчид төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байх хугацаанд нь ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг энэ журмын 4-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож, сар бүр олгоно” гэж тус тус зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр 2022 оны 3,4 дүгээр улиралд 40 хувийн , 2023 оны 1,2 дугаар улиралд 40 хувийн , 3,4 дүгээр улиралд 47 хувийн мөнгөн урамшуулал олгосон, 2023 онд 25 хувийн ур чадварын нэмэгдэл олгосныг хууль , журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараахь арга хэмжээнд зарцуулж болно:46.3.2.байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлээр ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан үзэж 1 сарын үндсэн цалингийн 100 хүртэл хувиар тооцож урамшуулахаар шийдвэрлэсний дагуу аймгийн Засаг даргын шийдвэрээр урамшуулал олгосон, мөн аймгийн Засаг даргаас баталсан журмын дагуу тэргүүний байгууллагаар шалгарсан үндэслэлээр байгууллагын даргыг 1 сарын үндсэн цалингаар урамшуулсныг тус тус буруутгах үндэслэлгүй байна.
Нягтлан бодогчийн хувьд мөн адил 2023 оны 1,2, 3,4 дүгээр улирал тус бүрд 40 хувиар үр дүнгийн урамшуулал олгосон,2023 онд 25 хувийн ур чадварын нэмэгдэл олгосон, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлээр ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан үзэж 1 сарын үндсэн цалингийн 100 хүртэл хувиар тооцож урамшуулахаар шийдвэрлэсний дагуу байгууллагын даргын шийдвэрээр урамшуулал олгосныг хууль , журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн “2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд стандартын дагуу гаргаж,Төрийн аудитын газрын дүгнэлтээр “өөрчлөлтгүй” санал дүгнэлт авсан” гэсэн үндэслэлээр Соёлын яамны 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3/1420 дугаар албан бичгийн дагуу 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар мөнгөн урамшуулал олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно” гэж заасантай нийцсэн байна.
Харин 2023 оны 4 дүгээр улиралд 40 хувиар үр дүнгийн урамшуулал олгосон мөртлөө 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/33 дугаар тушаалаар үр дүнгийн нэмэлт санхүүжилтээр 40 хувийн урамшуулал олгосон нь “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 2.2-т заасныг зөрчсөн байгаа боловч уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах 6 сарын хугацаа өнгөрсөн байна.
3.11. Маргаан бүхий захиргааны актын 1.12-т заасан ”2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар байгууллагуудад төлөх он дамжсан буюу 270327.8 мянган төгрөгийн өртэй гарсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” , 46 дугаар зүйлийн 46.3-т “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараахь арга хэмжээнд зарцуулж болно:46.3.1.эх үүсвэр дутагдаж байгаа, эсхүл өр төлбөр үүссэн үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх” гэснийг зөрчсөн гэх зөрчлийн хувьд:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /2 дах хавтаст хэргийн 171,193-198 дах тал/ 270327.8 мянган төгрөгийн өр нь 2013 оноос өмнө байсан, 2024 он хүртэлх хугацаанд он дамжсан халаалтын зардалтай холбоотой өр бөгөөд эрх бүхий этгээдээс 2024 оноос өмнөх 10 гаруй жилийн хугацаанд тус байгууллагын төсвийг дутуу баталж байсантай холбоотой болох нь тогтоогдож байх тул үүнд аймгийн Хөгжимт драмын театрын даргыг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
3.12. Маргаан бүхий захиргааны актын 1.13-т заасан “Хөгжимт драмын театрын үйл ажиллагаанд ашиглагдахгүй байгаа В1 давхрын 15 өрөөг хувь хүмүүст ашиглуулдаг мөртлөө зарим нь гэрээ байгуулж, түрээс төлдөг, зарим нь гэрээ хийгээгүй, түрээс төлөөгүй байна.Түрээслэгч Ю.Айнуртай гэрээ хийсэн боловч түрээсний мөнгийг төлөөгүй,үсчин болон оёдлын цех ажиллуулж байгаа иргэнтэй гэрээ хийж, гэрээний дагуу сар бүр 40.0 мянган төгрөг төлүүлдэг, Тимур 2025 оны 02 дугаар сарын 01-ээс гэрээ хийсэн, Ш.Ербол, Хабсатар,Х.Бахытбек, Хайргүл, Ермек, Лайла, Нуркен,Каким, Нурболат, Жанарыс, Гажайв нар гэрээ ч хийгээгүй,түрээс ч төлөөгүй төрийн байгууллагын буюу орон нутгийн өмчийг үнэ төлбөргүй ашиглаж,зарим иргэдийн төлж байгаа түрээс нь ашиглагдаж байгаа өрөөний халаалтын төлбөрөөс бага хэмжээний төлбөр авч байгаа нь бусдад давуу байдал бий болгож, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дах заалтад “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дах заалтад “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дах заалтад “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэснийг зөрчсөн гэх зөрчлийн хувьд:
Аймгийн Хөгжимт драмын театрын В1 давхраас өрөө түрээслэх гэрээг иргэн Ю.Айнур, Х.Гүльнар /үсчин ажиллуулдаг/, Ш.Күлмесхан /оёдлын цех ажиллуулдаг/ нартай байгуулсан, Х.Гүльнар, Ш.Күлмесхан нар нь түрээсийн төлбөр төлж байгаа, харин иргэн Хайргүл, Ермек, Лайла нар болон Х.Нуркен,С.Каким, М.Нурболат нарын хувьд В1 давхраас өрөө ашигладаг, ашиглахаар авсан боловч түрээсийн гэрээ байгуулаагүй, түрээсийн төлбөр төлөөгүй.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаар тогтоолоор аймгийн Зохиолчдын салбарт Хөгжимт драмын театрын байрнаас 2 өрөө байрыг түрээсийн төлбөргүйгээр ашиглалтын зардлаас хариуцуулан гэрээгээр ашиглуулахыг зөвшөөрсний дагуу иргэн О.Хабсатар В1 давхраас өрөө ашиглаж байсан боловч түрээсийн гэрээ байгуулаагүй, Ш.Ербол, Х.Бахытбек, Р.Хажайв нар нь театрт ажилладаг, Ш.Жанарыс нь тухайн үед ажиллаж байсан, бүгд В1 давхарт өрөөтэй бөгөөд албаны өрөө болон хувийн ажлын зориулалтаар ашиглаж байсан, эдгээр өрөөнүүдийг түрээслэх гэрээ байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар /2 дах хавтаст хэргийн 193-198, 4 дэх хавтаст хэргийн 122-123, 124-144, 157-158,171-174,176,181, 5 дах хавтаст хэргийн 88-112, 134-152,199-201 дэх тал/ тус тус тогтоогдсон.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-т “Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их Хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно”, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ын 1-т “Монгол Улсын төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу түрээслүүлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө”, 3-т “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд түрээсээр эзэмшүүлэх зорилго нь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ”, 12-т “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн бичгээр байгуулна”, 16-д “ Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ түрээсийн төлбөрийн хэмжээг энэ журмын 11-д заасан жишиг үнийг баримтлан, зах зээлийн тухайн үеийн үнэ болон бусад холбогдох үзүүлэлтүүдийг харгалзан тогтоож, гэрээнд тусгана”, 22-т “Түрээслэгч төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн буюу төлбөрийн чадваргүй болсон, эсхүл гэрээнд тусгайлан заасан тохиолдолд түрээслүүлэгч дангаар гэрээг цуцалж учирсан хохирлыг төлүүлнэ”, 80 дугаар зүйлд “Орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна” гэж,
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 79 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ын 1.3-т “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд түрээсээр эзэмшүүлэх зорилго нь орон нутгийн өмчийн ашиглалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ”, 1.5-д “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэгч аймгийн Орон нутгийн өмчийн газар болон орон нутгийн өмчит хуулийн этгээд байна”, 1.6-д “Түрээслүүлэгч орон нутгийн өмчийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэхдээ аймгийн Орон нутгийн өмчийн газрын зөвшөөрлийг авна”,1.7-д “Түрээслүүлэгч болон түрээслэгчийн хоорондын харилцааг холбогдох хууль тогтоомж, энэхүү журам, журамд нийцүүлэн байгуулсан түрээсийн гэрээгээр зохицуулна” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Ж.С нь 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс аймгийн Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс театрын даргын албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд дээрх байдлаар аймгийн Хөгжимт драмын театрын В1 давхрын өрөөнүүдийг түрээсийн гэрээ байгуулахгүйгээр, түрээсийн төлбөргүйгээр ашиглуулж байсан нь хууль, журмын дээрх заалтууд, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3,4.1.9,4.2.3-д заасантай тус тус нийцэхгүй гэж үзсэн ба уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах 6 сарын хугацаа өнгөрөөгүй байна.
3.13. Маргаан бүхий захиргааны актын 1.14-т заасан ”Ж.С нь улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх” гэснийг зөрчсөн гэх зөрчлийн хувьд:
Хариуцагч талаас “Ж.С нь Монгол Ардын намын 2024 оны шинэ жилийн үйл ажиллагаанд оролцсон, мөн тус намын хүнийг байгууллагын хуралд оролцуулж, сонгуулийн үйл ажиллагаанд Монгол Ардын намыг дэмжихийг ажилчдад уриалсан” -ыг нотлох баримт гэж гаргаж өгсөн 2 дүрс бичлэг, 1 дуу бичлэгт шүүхээс үзлэг хийсэн бөгөөд нэхэмжлэгч Ж.Сийн оролцсон үйл ажиллагаа нь Монгол Ардын намын 2024 оны шинэ жилийн үйл ажиллагаа байсан, мөн тус намын хүнийг байгууллагын хуралд оролцуулсан, уг хурал дээр Монгол Ардын намыг дэмжихийг ажилчдад уриалсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй /3 дах хавтаст хэргийн 174-175,5 дах хавтаст хэргийн 120-123 дах тал/ болно.
Мөн хариуцагч талаас “Ж.С нь facebook цахим сүлжээний “БӨ МАН” гэх мессенжер групп чатад байдаг бөгөөд улс төрийн агуулгатай зурвас бичсэн” гэж тухайн групп чатад бичигдсэн зурвасын зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг зураг дахь зурвасуудад огноо байхгүй, нэхэмжлэгчээс “тухайн мессенжер групп чатад ажлаас халагдсан шийдвэр гарсны дараа орсон” гэж тайлбарладаг ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ж.С нь аймгийн Хөгжимт драмын театрын даргаар ажиллаж байхдаа уг мессенжер групп чатад байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй /1 дэх хавтаст хэргийн 81-83 , 3 дах хавтаст хэргийн 176-178,179,189 , 4 дэх хавтаст хэргийн 16-17 дах тал/ болно.
4.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:37.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.2.өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх; 37.1.13.албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 39.1.3.хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.2-т “Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”,
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна: 123.2.5.ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах”, 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус зохицуулсан.
Мөн Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль нь төсвийн байгууллага, түүний албан тушаалтан, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарна”, 70 дугаар зүйлийн 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг зөрчсөн ажилтан, албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол буруутай албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 48.1, хөдөлмөрийн гэрээтэй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т заасан сахилгын шийтгэлийг зөрчлийн шинж байдалд тохируулан ногдуулна”, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд дараах хуулийн этгээд, албан тушаалтан, санхүүжилтийн эх үүсвэр хамаарна:3.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагч”, 3.2-т “Энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцаанд энэ хуулийг мөрдөх ба бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуульд заасныг дагаж мөрдөнө”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төсвийн захирагч, энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж тус тус заажээ.
Эдгээр зохицуулалтаас үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, мөн бусад хууль тогтоомжийг зөрчсөн төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан байна.
Түүнчлэн төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалт буюу Хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хугацааг баримтлах үндэслэлтэй юм.
5.Дээрх байдлаар нэхэмжлэгч Ж.С нь “улирлын ажлын үр дүнгийн үнэлгээ хийгдээгүй ажилтанд урамшуулал олгосон, нягтлан бодогчид “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-д заасан хэмжээг хэтрүүлэн үр дүнгийн урамшуулал олгосон, байгууллагын бүтэц, орон тоонд байхгүй албан тушаалыг бусад албан хаагчид хавсруулан нэмэгдэл олгосон, өөрөө эрх бүхий албан тушаалтны үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрт заасан хэмжээнээс илүү урамшуулал авсан, батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаараас хэтрүүлэн төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоож ажиллуулсан, томилолтын мөнгө илүү авсан, илүү цагаар ажилласныг нотлох баримтгүй байхад ажилтнуудад илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс олгосон, байгууллагын ажилтны хувийн компанитай гэрээ байгуулж хуулийн хориглосон заалтыг зөрчсөн, шууд худалдан авалт хийж, төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу зохион байгуулаагүй, нэмэлт санхүүжилтийн орлогыг театрын барилгын урсгал засварын ажилд зарцуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулаагүй, аймгийн Хөгжимт драмын театрын буюу төрийн байгууллагын эд хөрөнгө буюу өрөөнүүдийг түрээсийн гэрээ байгуулахгүйгээр, түрээсийн төлбөргүйгээр ашиглуулсан” зэрэг зөрчил гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 37.1.1, 37.1.2, 37.1.13, 39 дүгээр 39.1.3, 51 дүгээр зүйлийн 51.1.4, 52 дугаар зүйлийн 52.2,Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.1,16.5.2, 16.5.3, 16.5.5, 24 дүгээр зүйлийн 24.4,24.6, 46 дугаар зүйлийн 46.3.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1,10.2, 31 дүгээр зүйлийн 31.1,31.2, 38 дугаар зүйл, 41 дүгээр зүйлийн 41.1.3,Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3,4.1.5, 4.1.6, 4.1.7,4.1.9,4.2.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4,13.5, 13.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон.
Эхний 4 зөрчлөөс бусад зөрчлүүдийн хувьд сахилгын шийтгэл ногдуулах 6 сарын хугацаа өнгөрөөгүй байх ба ажил олгогч болох аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн гаргасан эдгээр зөрчилд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдал, 2 буюу түүнээс дээш удаа зөрчил гаргасан зэрэг нөхцөл байдалд тохирсон, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасантай тус тус нийцсэн байна гэж дүгнэлээ.
Мөн нэхэмжлэгч талаас “ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө Ж.Ст мэдэгдэж, тайлбар аваагүй” гэж маргасан боловч нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь тогтоогдож байгаа бөгөөд сонсох ажиллагаа явуулсан ч маргаан бүхий актад заасан зөрчлийг үгүйсгэх нөхцөл байдал, бусад үр дүнд хүрэхээргүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр “Аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Ст сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй, уг үндсэн шаардлагыг хангах үндэслэлгүй тул “аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах” нэхэмжлэлийг шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Сийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр “Аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Ст сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЕРКЕШ