Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01429

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01429

 

 

 С.Отгонжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/01505 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Отгонжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Степ хайтек девелопмент ХХК-д холбогдуулж гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 1 821 366 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Отгонжаргал, хариуцагчийн төлөөлөгч Д.Өсөхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.Отгонжаргал миний бие 2016 оны 03 сарын 07-ны өдөр Степ хайтек девелопмент ХХК-д борлуулалтын менежерээр ажилд орсон бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №Б-2017-1 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Миний бие ажиллаж байх хугацаандаа ажилдаа чин сэтгэлээсээ хандаж хөдөлмөрлөж ирсэн бөгөөд ажлаас халсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалттай санал нийлэхгүй ба ямарч тийм зөрчил дутагдал гаргаж байсан удаагүй. Компанийн удирдлага нь өөрийн үзэмжээр ажилчдаа хамаагүй халж сэлгэдэг, өнөөдрийг хүртэл миний нийгмийн даатгалын дэвтрийг тодорхой шалтгаангүй өгөхгүй ажилчдын эрх ашгийг ноцтой хохироож байгаад маш их гомдолтой байна. 2016.11.15-наас 2016.12.15-ны хооронд миний бие имарт салбар дээр ажиллаагүй, их дэлгүүр, скайтел салбарт ажилласан. Надад 2016.12.23-нд сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг би мэдээгүй, тэр өдөр манай байгууллага шинэ жилтэй байсан, уг тушаалыг хэрэгт өгөхөд нь мэдсэн. Борлуулалтын менежер Гүенгийн удирдлага доор Мөнхжин бид 2 ажиллаж байсан. Надаас ажил авахад тоолж авсан баримт дээр зурсан. Харин дутуу байсан эсэхийг яаж тооцсоныг мэдэхгүй байна, нөхөж бичсэн байх. Миний бие гар утас, повер цэнэглэгч дутаагаагүй. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №Б-2017-1 гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 1 821 366 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...С.Отгонжаргал нь 2016 оны 2 сарын 01-ний өдрийн 04 тоот хөдөлмөрийн гэрээний дагуу манай компанид борлуулагчаар анх ажилд орж байсан. Тэрээр 2016 оны 6 сараас манай компанийн И Март худалдааны төв дэх худалдааны салбарт борлуулагчаар ажиллаж, тус худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 11 сараас эхлэн И Март худалдааны төвөөс утсаар танай компанийн ажилтнууд тогтсон цагт ажлаа эхэлдэггүй, мөн тогтсон цагт ажлын цагаа дуусгадаггүй эрт хаадаг, ажлын хувцас стандартад нийцээгүй, бохир эмх цэгцгүй байдаг зэрэг гомдлууд удаа дараа ирж байсан. Тэр болгонд И Март худалдааны төвийн салбарт ажиллаж байсан ажилчид болох Ш.Мөнхжин, С.Отгонжаргал нарт амаар сануулга өгдөг байсан. Сүүлд И Март худалдааны төвөөс 2016 оны 12 сарын 15-ны өдрийн албан бичгээр дээрх зөрчил удаа дараа гарч байгаа тул энэхүү зөрчлийг цаашид гаргахгүй байхыг анхаарч ажиллах талаар хандсаны дагуу ажилчдад биечлэн сануулга өгч, дахин зөрчил гаргавал хөдөлмөрийн гэрээг цуцлахыг мэдэгдсэн. Ингээд дахин энэ зөрчил нь арилахгүй байгаа талаар И Март худалдааны төвөөс 2017 оны 1 сарын 18, 19-ний өдрүүдэд и-мэйлээр захиа ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаас үзвэл сахилгын зөрчил гэдэг нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн зөрчлийг сахилгын зөрчил гэж үзэх ба ажилтан С.Отгонжаргал нь хөдөлмөрийн гэрээ болон хамтран ажиллагч байгууллагын ажлын цагийн хуваарийг мөрдөж ажиллахгүй зөрчиж байсан нь түүнийг сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлтэй бөгөөд уг зөрчлийг удаа дараа гаргаж байгаа нь И Март худалдааны төвөөс ирж буй албан бичиг, мэдэгдлээр нотлогддог. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасны дагуу сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй. Түүнчлэн 2017 оны санхүүгийн жил эхэлсэнтэй холбогдуулан тооцоо хийлгэхэд И Март салбараас 1 ширхэг Huawei P9lite утас (үнэ 750 000 төгрөг), 3 ширхэг зөөврийн цэнэглэгч (тус бүрийн үнэ 50 000 төгрөг нийт 150 000) дундаж нийт 900 000 төгрөгийг хохирлыг компанид учруулсан. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3-д компанид хохирол учруулсан, үйлчилгээнд доголдол гарсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан. Нэгэнт ажилтан, олгогч нарын хооронд хийсэн тооцоо нийлсэн баримтаар С.Отгонжаргал нь компанид 900 000 төгрөгийн хохирол учруулсан байх тул энэ нь Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох учир мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарах юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч С.Отгонжаргалыг Степ хайтек девелопмент ХХК-ийн борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 613 636 төгрөгийг хариуцагч Степ хайтек девелопмент ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч С.Отгонжаргалд олгож, нэхэмжлэлээс цалинд нэхэмжилсэн 207 730 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар С.Отгонжаргалын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Степ хайтек девелопмент ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Степ хайтек девелопмент ХХК-иас 40 768 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...С.Отгонжаргал нь "Степ хайтек девелопмент" ХХК-тай 2016 оны 3 сарын 7-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу болон манай компанийн И-Март худалдааны төвтэй байгуулсан Түрээсийн гэрээний 7.3 дах хэсэгт заасны дагуу И-Март худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллах үүрэг хүлээсэн. Гэтэл ажлын цагтаа ирдэггүй, ажлын цагаас эрт түрээсийн талбайг хаадаг гэх зөрчлийг удаа дараа гаргаж байгаа талаарх гомдол, мөн эдгээр ажилтнуудад арга хэмжээ авахыг хүссэн хүсэлт И-Март худалдааны төвийн түрээс хариуцсан менежер Б.Бялхамбилэгээс амаар болон бичгээр, мөн утсаар бидэнд мэдэгдэж шаардлага тавьж байсан. Үүний дагуу тухай бүрт нь С.Отгонжаргалд сануулга өгч ажилласан. И-Март худалдааны төвөөс ирж буй эдгээр мэдэгдлүүд нь С.Отгонжаргалыг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буюу ажлын цагаас хоцордог болохыг нотлох бөгөөд эдгээр баримтыг хэрэгт нотлох баримтаар гарган өгч шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан боловч шүүх эдгээр баримтыг үнэлэлгүй С.Отгонжаргалыг зөрчил гаргасан гэдгийг хангалттай тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрт ...повер банк 3 дутуу, пи лэйт 1 дутуу гэж бичсэн нь санхүүгийн ямар баримтыг үндэслэн тооцоод байгаа нь ойлгомжгүй байна" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд нь санхүүгийн анхан шатны баримтууд бөгөөд эдгээр баримтыг нэг бүрчлэн тулгаж үзвэл 1 ширхэг пи лайт 9 маркийн гар утас, 3 ширхэг повер банк дутсан болох нь хангалттай нотлогдоно. Хэрэв үнэхээр шүүхэд өгсөн баримт нь ойлгомжгүй байсан бол түүнийг тодруулж асуух эрх хэмжээ нь шүүхэд байсан боловч асууж, тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн. Түүнчлэн С.Отгонжаргал нь И-Март худалдааны төв дээр 1 сард тооллого хийхэд хамт байлцаж тооцоо хийсэн бөгөөд тооцоо хийхэд дээрх эд хөрөнгө дутуу гэдэг нь гарч ирсэн. Ингээд дутсан бараа материалыг бичиж, тухайн тооллого хийхэд байлцсан хүмүүс буюу С.Отгонжаргал нь гарын үсэг зурсан байдаг. Гэтэл шүүх хуралдааны танхимд худал тайлбар хэлж, би байгаагүй, дутуу гэж нөхөж бичсэн байна гэхчилэн тайлбар өгч, шүүх түүнийг нь нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн энэ шийдвэрээс нэхэмжлэгчийн үг, тайлбар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж, хариуцагчийн нэг ч үг, тайлбар нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэггүй гэх ойлголтыг төрүүлж байх ба шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлтэй.

Шүүхийн шийдвэр хэрэгжих боломжтой байх ёстой. С.Отгонжаргал нь манай компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа борлуулалтын менежер буюу худалдагчийн ажил, албан тушаалыг эрхэлж байсан. Гэтэл "Степ Хайтек Девелопмент" ХХК нь 2017 оны 1 сарын 13-ны өдрийн Ш-2017-02 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр борлуулалтын менежер гэх албан тушаалыг хассан. Үүнтэй холбоотой нотлох баримтыг иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн энэ шаардлагыг шийдвэрлэхдээ хариуцагч байгууллагад уг ажил албан тушаал байгаа эсэхэд дүгнэлт өгөлгүй8 үүнтэй холбоотой баримтыг үнэлэх шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь биелэгдэх боломжгүй шийдвэр болсон гэх үндэслэлтэй. Манай компанид борлуулалтын менежер гэх албан тушаал байхгүй. Манай компанид үүссэн энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэсэн гэх үндэслэлгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн шийдвэр болсон гэх үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль заасан журмын дагуу үнэлж, талуудын хоорондын хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлээгүй орхисныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч С.Отгонжаргал нь хариуцагч Степ хайтек девелопмент ХХК-д холбогдуулж гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 1 821 366 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын огноогүй Б-2017-01 тоот тушаалаар борлуулалтын менежер С.Отгонжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн боловч ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

 

Нэхэмжлэгч С.Отгонжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын тушаалд ажилтан сахилгын болон ноцтой зөрчил гаргасан алин болох, ямар зөрчил гаргасныг тухайлан заагаагүй тул тушаалыг үндэслэлтэй болсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

 

Хэдийгээр тушаалын үндэслэлийг хариуцагч байгууллагын тайлбар бүрэн нотлохгүй боловч нэхэмжлэгч С.Отгонжаргалыг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан буюу ажилдаа хоцорч ирдэг, ажлын байрыг эрт хаадаг, цагийн хуваарь мөрддөггүй, ажлын байраа дур мэдэн орхидог, үйлчилгээний стандарын дагуу хувцасладагүйгээс гадна 1 ширхэг гар утас, 3 ширхэг повербанк дутагдуулсан ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогч шүүхэд гаргасан тайлбартаа заажээ.

 

Гэтэл хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн сануулах сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг нэхэмжлэгч С.Отгонжаргалд гардуулж өгөөгүй, түүнд мэдэгдээгүй байх тул ажилтныг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

И март худалдааны төвөөс ирүүлсэн цахим захидлууд нь бичгийн нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлага хангаагүйгээс гадна эдгээр захидалд дурдсан зөрчилд С.Отгонтуяагийн нэр байхгүй байна.

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр цуцалснаас хойш түүний ажлыг хүлээлцэх үед үйлдсэн бараа материалын тооллогын хуудас нь С.Отгонжаргалыг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл байх боломжгүйгээс гадна бараа материал хүлээлгэн өгсөн санхүүгийн баримт, шаардах хуудаст нэхэмжлэгч С.Отгонтуяа хүлээн авсан гэж гарын үсэг зураагүй байх тул түүнийг бараа материал дутагдуулсан гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг буюу орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр тушаал гаргаагүй, шүүх ажилтныг ажлаас чөлөөлсөн тухайн тушаалын хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэдэг тул биелэгдэх боломжгүй шийдвэр болсон гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр байхад 44 092 төгрөг төлүүлсэн нь буруу байх тул буцаан олгож шийдвэрт өөрлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/01505 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтад оруулсугай гэснийг оруулж гэж өөрчилж, нэхэмжлэгч С.Отгонжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 092 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Степ хайтек девелопмент ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ