| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 103/2019/00238/И |
| Дугаар | 210/МА2019/01969 |
| Огноо | 2019-11-22 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2019/01969
| 2019 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 210/МА2019/01969 |
П.Н-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Бдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 103/ШШ2019/00376 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч П.Н-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Б ХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч П.Н-
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сэргэлэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1998 оны 12 дугаар сараас 2002 оны 6 дугаар сар хүртэл БХК-ийн Санхүү, эдийн засгийн хэлтэст цалин хөлсний нягтлан бодогч, авлагын нягтлан бодогч бөгөөд нүүрсний борлуулалтын менежер, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс БХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газарт Худалдааны ахлах менежерээр 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажилласан. Намайг БХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/71 тоот тушаалаар Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн шалтгаанаар ажлаас халсан. Миний бие ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй бөгөөд намайг өрөөндөө байхад хэн нэгэн этгээд зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөж хажууд зориуд архины шил оруулж нууцаар зураг авч түүнийгээ эвлүүлэг хийх замаар тус зургийг Монгол Ардын Нам, Хяналтын Ерөнхий Хороонд гаргасан ор үндэсгүй гүтгэн гүжирдэж бичсэн мэдээлэлдээ нотлох баримт болгон хавсаргаж өгсөн байна. Уг зургийг хэзээ, хэн авсан болохыг мэдэхгүй байна. Компанийн удирдлагын зүгээс уг үйл явдал хэдийд болсон, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж нягтлалгүй намын байгууллагад очсон ямар ч баталгаа, нотолгоогүй мэдээллээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Иймд намайг БХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газарт Худалдааны ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч БХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сэргэлэн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 буюу хөдөлмөрийн гэрээний тухайлсан заалтыг ноцтой зөрчсөн гэж нэхэмжлэгчийг ажлаас халсан. Гэрч нарт Эрүүгийн хууль сануулж мэдүүлэг авдаг учир гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой. П.Н-г сайн мэднэ, ажилдаа маш сайн, нэг л асуудал байдаг ёс зүйн хувьд ялангуяа ажлын цагаар ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Энэ гомдлыг БХК-аас гаргаагүй, намын хорооноос ийм асуудал болсон. Монгол Улсын Ерөнхий сайд болон намаас ч албан даалгавар гарсан. Ажлын байрандаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх байтугай архины шил байхыг ч хориглосон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Хар соён овогт Палдайн Нямхүүгийн гомдолтой, БХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гомдол гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч П.Н- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх П.Н-гийн ажлын өрөөндөө байх үеийн фото зургийг хөдөлшгүй нотлох баримт гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Гэрчүүд нь намайг ажлын цагаар, ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж байсныг өөрсдөө хараагүй бөгөөд зөвхөн намын Ёс зүйн хороонд хэн нь үл мэдэгдэх хүний таамаг яриа, үндэслэлгүй ирсэн өргөдлөөр намайг буруутгаж, улмаар БХК-ийн удирдлагад худал мэдээлэл өгч, үндэслэлгүйгээр ажлаас халуулсан.
БХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/71 дүгээр тушаалд намайг хэзээ согтууруулах ундаа хэрэглэсэн талаар тодорхой дурдаагүй байхад шүүх 2019 оны 02 дугаар сард согтууруулах ундаа хэрэглэсэн мэтээр шийдвэртээ дурдсан нь үндэслэлгүй. Миний бие энэ зургийг 2017 оны зураг байна гэдгийг хэлсэн.
Хариуцагч нь Хөдөлмөрийн дотоод журмын 10.3-д заасныг зөрчиж, Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн даргын саналыг авалгүй, мөн захирлын зөвлөлийн хурлаар намайг байлцуулан тухайн асуудлаар тодруулга тайлбар авалгүйгээр ажлаас халсныг шүүх харгалзаж үзээгүй.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж буруутган гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтыг бүрдүүлж өгч чадаагүй, намайг ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдгийг хангалттай нотлоогүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараас үзэхэд намайг ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн талаар ажил олгогчийн зүгээр ямар нэг гомдол гаргаагүй, зөрчил гаргасан эсэх талаар ажил олгогчийн зүгээс ямар нэг гомдол гаргаагүй, зөрчил гаргасан эсэх талаар компанийн ямар нэг албан тушаалтан мэдээгүй, ажил олгогч зөрчлийг шалгаж тогтоогоогүй, зөвхөн МАН-ын Ёс зүйн хорооны дүгнэлт, тэндээс өгсөн чиглэлийн дагуу намайг ажлаас халсан нь тодорхой байна. БХК нь төрийн өмчийн компани болохоос МАН-ын харъяаллын компани биш бөгөөд намын зүгээс компанийн дотоод асуудалд оролцож, ажилчдыг мөрдөн шалгаж, гэм бурууг нь тогтоох үүрэггүй бөгөөд хяналт шалгалт явуулах эрх бүхий субъект биш байна. Ажил олгогчийн санаачилгаар бус улс төрийн намын шахалтаар хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Нямхүү нь хариуцагч БХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Талуудын хооронд 1998 оноос хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна. Ажил олгогч БХК-ийн захирал 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б/71 дугаартай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.3, 10.17.3, Хөдөлмөрийн гэрээний 4.2, Захирлын зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэр зэргийг тус тус үндэслэн ажилтан П.Н-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан, худалдаа хангамж хариуцсан хэлтсийн ахлах менежерийн албан тушаалаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, гэрээний талуудын тайлбар зэрэг баримтаар нотлогдсон байна./хх14-16,84/ Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
Зохигчид хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон эсэхэд маргаж байх ба энэ нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэл болсон байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Хуульд заасан энэ нөхцөл хангагдах гол үндэслэл нь талууд тохиролцон гэрээндээ ноцтой зөрчилд хамаарах үйлдэл, эс үйлдэхүй бүрийг тухайлан тусгаж, уг нөхцөл нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохыг зааж өгсөн байхаас гадна зөрчил нь тогтоогдсон байхыг шаардана. Энэ тохиолдолд хариуцагч тал нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлийг нотлох үүрэгтэй.
Хариуцагч тал нэхэмжлэгчийн ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдэл нь Монгол Ардын Намын ёс зүйн хорооны хуралд түүний гаргасан тайлбар, МАН-ын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн зарим гишүүний ёс зүй зөрчлийн тухай 02 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон гэж тайлбарлан, нэхэмжлэгчийн ажлын өрөөндөө сууж байгаа гэрэл зураг, МАН-ын ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, дүгнэлт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд цуглуулан өгчээ. /хх-32-37/
Уг баримтуудаас үзэхэд МАН-ын ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлд хурлыг удирдан явуулсан болон оролцсон этгээдүүд танилцаж гарын үсэг зурагдаагүй, зөвхөн тэмдэглэл хөтөлсөн этгээдийн гарын үсэг зурагдсан байна. /хх-36/ Тус хурлыг удирдан явуулсан МАН-ын Ёс зүйн хорооны дарга Т.Баасанцогт шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө дээрх тэмдэглэлийг баталгаажуулж гарын үсэг зурсан гэх боловч хэрэгт түүний гарын үсэгтэй баримт авагдаагүйн гадна нэхэмжлэгч П.Н-д танилцуулж, гарын үсэг зуруулаагүй гэдгийг зөвшөөрсөн агуулгатай байна. Гэрч Л.Дондог, Б.Даариймаа нарын мэдүүлэг нь нэхэмжлэгчийг ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдлийг нотлохгүй байх тул МАН-ын ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч П.Н-гийн тайлбарыг үнэн, зөв бичигдсэн, мөн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл дээрх бичгийн баримтуудаар тогтоогдсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, П.Н-гийн ажлын өрөөндөө байх үеийн гэрэл зурагт ширээн дээр согтууруулах ундаа харагдаж байгаа хэдий ч уг зургийг хэн, хэзээ авч бэхжүүлсэн нь тодорхойгүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасны дагуу зөрчил гаргасан хугацааг тооцох боломжгүй. /хх-32-33/
Анхан шатны шүүх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, өөрийн дотоод итгэлээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчиж, дээрх эргэлзээтэй баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч П.Н-г хөдөлмөрийн гэрээний 4.2-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, түүнийг гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзлээ. Иймээс нэхэмжлэгч П.Н-г урд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг үндэслэн дундаж цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын дунджаар 108 287 төгрөгөөр тодорхойлон, ажилгүй байсан хугацааг хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болсон өдөр буюу мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажлын 144 хоногоор тус тус тооцон нийт 15 593 328 /108 287 х 144 хоног/ төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай зохих бичилт хийхийг даалгах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Бдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 103/ШШ2019/00376 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Н-г БХК-ийн худалдаа хангамж хариуцсан хэлтсийн ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 593 328 төгрөгийг хариуцагч БХК-аас гаргуулан нэхэмжлэгч П.Н-д олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт хуульд заасны дагуу зохих шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн, 2 дахь заалтын дурдсугай гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч БХК-аас 235 917 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ч.ЦЭНД