Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 118

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

Улсын яллагч: Б.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П, Г.Э

Шүүгдэгч: Д.Ц, Д.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Ц, Б овогт Д-гийн Б нарт холбогдох 1712001040077 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ,,суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ,,гэх газар оршин суух, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Дгийн Б/РД:/, 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ,, суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, аав ээжийн хамт Архангай аймгийн ,,гэх газар оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Дгийн Ц /РД:/ 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Ц, Д.Б нар нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны орчимд Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг, Бөмбөгөрийн ар гэх газраас бүлэглэн, машин механизм ашиглаж иргэн С.Бы эзэмшлийн 1 тооны бөөр алаг, хөх зүсний тугалтай үнээг хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Эрүүгийн 1712001040077 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч С.Бы өгсөн:  

“...2017 оны 05 дугаар сарын 27-ны үеэр шиг санаж байна би Архангай аймгийн Цэнхэр сум ороод оройхон гэртээ ирэх гээд Хотонт сумын Хөөвөр баг Бөмбөгөрийн өвөр гэх газраар дайраад гарахад манай үхрийн хагас үхэр Д гэх айлын хойно байсан, хагас үхэр нь гэрийн гадаа байсан. Тухайн өдөр би Цэнхэрээс ирээд үхрээ тоолоход бүрэн байсан юм тэгээд би тэр шөнө гэртээ хоноод маргааш өглөө нь үхрээ бөөгнүүлэхэд тухайн Д гэх айлын хойно байсан үхрүүдээс бөөр алаг зүсмийн үнээ, улаан бөөр алаг зүсмийн тугал алга болсон байсан. Манай үхрийн үс газраар чирэгдээд мөр үүсээд Д гэх айлын гадаа очоод алга болсон байсан тэгээд би Д гэх айлаар ороод аяга цай уугаад үхэр хайж явна гэх асуухад Д ах за миний дүү битгий хэлээ хө манай хүүхдүүд шөнө явсан тэд нар л ачаад аваад явчихлаа гэж хэлсэн тэгээд би цагдаад тухайн өдрөө хэлээгүй гэртээ хариад тэр өдрөө буцаж ирээд П гэдэг залууг аваад сумын цагдаа дээр ирэх гээд замд явж байхад би ерөөсөө аваагүй гээд л байсан. Тэгээд цагдаа дээр ирэхэд сумын цагдаа эзгүй байсан тэгээд би Пийг аваад Птой айл болох Буржгаа гэх залуугийнд очоод П гэх залуу чинь бүх хэргээ ярьсан гэж Буржгаад хэлэхэд тиймээ ахаа бид нар үхрийг чинь авсан гэж улаасан тэгээд би түүний дүү болох хар Цтой очиж уулзахад мөн үхэр хулгай хийснээ хүлээн зөвшөөрч Б ахаа бид нар үхрийг чинь өнөө орой 23 цагт аваачиж өгье гэж хэлж тохирсон. Тэгээд тэр өдөр орой нь 23 цаг болж байхад Буржгар гэх залуу, П, хар Ц гэж дууддаг гурван залуу миний үхрийг Эстима гэх суудлын машинд ачаад тугалтай нь авчирч өгсөн тэгэхээр нь би та нар хулгай хийгээд үхрээ хаана хийсэн юм гэхэд Буржгар нь М гэх айлын байран дээр уясан байсан юм тэгээд бид нар олоод ирлээ гэж хэлээд  надад буцааж өгөх үедээ цагдаа сэргийлэхэд битгий хэлээрэй гээд  гуйгаад л байсан. Би өөрийн алдсан тугалтай үнээгээ 500.000 төгрөгөөр үнэлж байна. Манай эхнэр А гэх хүн байсан тэрнээс өөр хүн байгаагүй. М, Буржгаа, П, хар Ц, Хандаа, Отгоо, Д, Д ахын эхнэр байсан тухайн үед Д ахын эхнэр бас уйлаад цагдаа сэргийлэх битгий болоорой манай нэг хүүхэд хүн амины хэрэгтэй, нэг нь зодооны хэрэгтэй хэцүү байна гээд байсан. Үхэр алга болохын урьд орой нь би Цэнхэр сумаас ирж яваад замдаа үхрээ зүсээр нь тоолж бүртгэсэн. Буржгар надад хэлэхдээ пүнзэнд уясан байсан гэж л хэлсэн. Өглөө эрт алга болоод тэр өдөржингөө би өөрөө зууралдаж байгаад тэд нарыг хулгай хийсэнг нь улаалгаж байгаад үхрээ бүрэн бүтнээр нь олж авсан. Манай тугалтай үнээ урьд өмнө нь огт тасарч байгаагүй ижил сүрэгтэй л байдаг. Ер нь тухайн хүмүүс нь нутаг усандаа нэр муутай байнга л хулгай хийдэг гэж яригддаг хүмүүс байгаа юм. Тухайн үхэр нь бөөр алаг содон өнгөтэй зүстэй үхэр байгаа юм тэгээд алга болдог өдөр нь манай үхэр байсан бэлчээр дээр малыг чирч авч явсан мөр үүссэн тухайн мөрөн дээр манайхаас алга болсон үхрийн үс газарт зулгарч үлдсэн байсан тэгээд нөгөө мөрөө дагаад яваад байтал Д гэх айлын гадаа ирсэн тэгээд л Д гуайтай уулзаж ярилцахад ер нь тодорхой болсон тэгээд тэд нартай өдөржингөө зууралдаж байгаад үхрээ тухайн өдрийн 23 цагийн үед Эстима гэх машины хойд талд нь ачиж авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/

 

*Гэрч Б.Аын өгсөн: 

“...2017 оны 05 сарын 27-ны үеэр шиг санаж байна тухайн үед манайх өвөлжөөндөө байсан. Тэр үед бид хоёр Цэнхэр сум ороод нэг хоноод маргааш орой нь гэртээ ирж явахад манай үхрийн тал нь Д гэх айлын доод аманд байсан тэгээд нөхөр бид хоёр тэдний ойр байсан үхрүүдийг тоолоход 23 үхэр байсан, хагас үхэр нь гэрийн гадаа байсан. Тэр үед бид хоёр нөгөө айлын ойрхон байсан үхрүүдээ авч явъя гэж бодсон ч оройтсон байсан учраас үлдээсэн. Тэгээд маргааш өглөө нь 6 цагийн орчимд манай нөхөр замд байсан үхрүүдээ олж ирэхээр яваад 09 цагийн үед ирэхдээ нөгөө үлдсэн үхрүүдээс 1 тооны тугалтай үнээ байхгүй байна би явж хайлаа гээд морь унаад буцаж явсан. Тэр өдрөө нөхөр өдөр 3 цагийн үед ирээд бид хоёр машинтай буцаж яваад Д гэх айлд очиход Ц, эгч нь, эхнэр гээд зөндөө хүмүүс байсан. Тэгээд манай нөхөр Цтой уулзаж ярилцаад хоорондоо жаахан маргалдсан. Тэгсэн Цын эгч Отгоо гэж дууддаг хүүхэн манай нөхөр бид хоёрт хандаад за танай алдсан малыг өгье тохиръё гээд байсан. Отгоо Цод хандаж Буржгар хэргээ хүлээсэн гэж хэлэхэд Ц царай нь сонин болж байж байгаад мотоцикольтой давхиад яваад өгсөн. Тухайн өдөр 23 цагийн үед П, Ц, Буржгар гэж дууддаг 3 залуу манай тугалтай үнээг авчирч өгсөн. Цагдаад битгий хэлээрэй гэж хэлээд тэр 3 явсан. Хөх бөөр алаг үнээ, ягаан бөөр алаг тугалтай үнээ байсан. П гэх хүн нь болохоор танай үхрийг Хотонт сумын Өндөрсант баг өгсөөд нэг танихгүй айлд аваачиж тавьсан гэж ярьсан, Харин Буржгар, Ц хоёр пүнзэнд хийсэн гэж ярьсан тэрнээс өөр зүйл мэдэхгүй. Буржгар гэж дууддаг залуу нь ярихдаа П, Ц бид 3 орой бүрэнхий тасарч байхад Д буюу манай аавын урд аманд хэдэн үхэр байсан тэгэхээр нь нэг тугалтай үнээ авсан юм танай үхэр гэж таньсангүй уучлаарай гэж ярьж байсан. Тухайн үхэр авсанаа хүлээсэн үед нь бид нар цагдаад хэлнэ гээд хөдлөх гэсэн Ц, Буржгар хоёрын эгч Отгоо гэх хүүхэн та нар цагдаад битгий хэлээрэй нэг нь хүн алсан хэргээр цагдаа дээр, нөгөө нь эхнэрээ зодсон хэргээр цагдаа дээр байгаа одоо үхэр хулгай хийсэн хэргээ цагдаа дээр очвол салахгүй юм болно гээд  уйлаад байсан тэгээд л цагдаад манай нөхөр бид хоёр хэлээгүй өнгөрсөн...”гэх мэдүүлэг/ хх-ийн 12-14 дүгээр тал/,

 

*Гэрч Л.Пийн өгсөн:

“...2017 оны 05 дугаар сарын сүүлээр 6-р сар гарах дөхсөн байсан үед би хойд талынхаа Д гэх өвгөнийд Буржгар, Ц, Д ах, Д ахын эхнэр бид хэд сумын төвөөс 2 том пиво худалдаж авч ирж уусан, бас Д ах бид хоёр нэг литр монгол архи хувааж уусан юм. Тухайн үед би тэдгээр зүйлсийг уугаад их согтсон байсан тэгсэн нэг сэрсэн чинь би Буржгар хөх бөөр алаг үнээ, ягаан бөөр алаг тугал хоёрыг барьж аваад машинд ачсан тухайн үед би машины кабенд сууж байсан тэгээд тэр хоёр хөдөлсөн ба би унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн чинь Хотонт сумын Өндөрсант гэх багийн ойролцоо насаар залуувтар айлд очсон тэгээд тэр айлдаа нэг шил архи, нэг пиво ууцгаагаад тэр хоёр нөгөө авчирсан тугалтай үнээгээ тэднийд үдээгээд хөдөлсөн. Тэгээд буцаад гэр гэртээ харьцгаагаад байж байсан чинь манай хамаатны Б гэх залуу манайд ирээд та нар нэг тугалтай үнээ аваад явсан байна гэж хэлээд явсан байсан тэгэхээр нь Буржгар, Ц хоёрын урьд шөнө нь ачсан тугалтай үнээ хулгайн үхэр болох талаар мэдсэн тэгээд л Б надтай уулзахаар нь Буржгар, Ц бид гурав урьд шөнө тугалтай үнээ Хотонт сумын Өндөрсант багт айлд аваачиж тавьсан талаар ярьсан. Тэгээд Б нь Буржгар, Ц хоёртой маргалдаад байсан тэгээд үхрээ буцааж өгөхөөр болсон тэгээд тухайн үхэр аваачиж тавьсан айлдаа буцаад Буржгар, Ц, бид гурав яваад нөгөө үлдээсэн тугалтай үнээг аваад тэр өдрөө 23 цагийн орчимд С.Бд аваачиж өгсөн. Би тухайн тугалтай үнээг хулгайн үхэр болох талаар нь огт мэдээгүй шөнө өөрийнхөө аавын малын байран дээр үхэр хашаанд шууд барьж аваад ачихаар нь өөрийнхөө үхрийг л ачиж байна гэж бодсон тэрнээс биш хулгайн мал ачиж байна гэж мэдээгүй. Би тухайн үед согтуу байсан болохоор хэл ам ээдрээд тэр талаар асууж чадаагүй. Анх би Буржгар, Ц хоёрын мал гэж бодож байсан тэгсэн харин сүүлд нь хулгай мал болоод С.Б гэх хүнийх болсон тэгээд би хамт явж буцааж өгсөн. Өөрөө би тэр хоёртой хамт явсан болохоор хулгай хамт хийсэн гэж үзэх байх гэж бодоод цагдаад хэлж чадаагүй. Тэр мал үлдээсэн айлыг Буржгар, Ц хоёрын таньдаг айл байсан тэр хоёр л тэнд яагаад үлдээсэн талаараа мэдэх байх. Тухайн шөнө нөгөө ачсан тугалтай үнээгээ Хотонт сумын Өндөрсант баг руу өгсөөд нэрийг нь мэдэхгүй танихгүй нэг айлд үлдээсэн гэхдээ тухайн айлыг би хаана байгааг мэдэх учраас таньд зааж өгье...” гэх мэдүүлэг / хх-ийн  21-23 дугаар тал/

 

*Гэрч Б.Мн өгсөн: 

“...2017 оны 05 дугаар сарын сүүлээр шиг санаж байна нэг орой манай Хотонт сумын гээд танихгүй 3 залуу саарал өнгийн Истима маркийн машинд нэг тугалтай үнээ ачиж ирээд танайх мал худалдаж авч байгаа гэлүү гээд нөгөө тугалтай үнээгээ үзүүлсэн тухайн үед манайд эхнэр бид хоёр байсан. Тэгээд нөгөө авчирсан үнээг нь үзэж үнэ ханшаа ярилцаж тохироод худалдаж авахаар болсон боловч тухайн үед мөнгөгүй байсан тэгээд хэд хоногоос мөнгөтэй болохоороо өгөхөөр тохиролцсон. Маргааш өдөр нь нөгөө хэд чинь дахиж ирээд наймаагаа буцаая гэж хэлээд нөгөө тугалтай үнээгээ буцаагаад аваад явсан тэрнээс өөр зүйл огт болоогүй. Тухайн үед би яагаад наймаа буцаж байгаа талаар огт асуугаагүй. Тэдгээр хүмүүсийг танихгүй хүмүүс байсан манайхыг хавар мал бөөгнүүлж авч байгаа гэдгийг сонсоод манайхыг сураад ирсан хүмүүс байх шиг байсан. Тухайн мал нь алаг бөөртэй хөх зүсмийн тугалтай, хөх зүсмийн үнээ байсан. Тухайн үед манайх үхэр авч байгаад хонь худалдаж аваад мөнгөгүй болсон байсан тэгээд тухайн тугалтай үнээний мөнгийг хэд хоногоос өгөхөөр тохирч үхрийг нь авч үлдсэн. Тухайн үхрийг хулгайн мал байсныг мэдээгүй. Би тэдгээр 3 хүнийг танихгүй мал зарна гээд л ирэхээр нь мал бөөгнүүлж байсан болохоор худалдаж авсан. Манайх тухайн үед мөнгөөр нь мал худалдаж авч байсан тэгээд л хүмүүс ирээд мал заръя гэхээр нь худалдаж авсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 24 дүгээр тал/

 

*Гэрч М.Дгийн өгсөн:

“...Би 2017 оны 05 дугаар сард шиг санагдаж байна. Хүмүүс хонь хяргаж байсан байх Д.Б миний машиныг аваад би усанд яваад ирье гээд миний эзэмшлийн Истима маркийн тээврийн хэрэгслийг аваад явсан. Тэр шөнө өгөөгүй. Тэгээд маргааш өглөө нь надад машиныг авч ирж өгсөн. Тэр өдөр Б ирээд надаас манай нэг тугалтай үнээ алга болсон байна та мэргэлээд өг гэхээр нь би мэргэлээд ойрхон байгаа гэж хэлсэн. Тэгээд мордож яваад ирсэнээ танай хүүхдүүд гэртээ хоносонгүй, таны машин гэртээ байсангүй гэж хэлсэн. Би Б усанд явсан байгаа гэж хэлсэн. Дахиж манайхаас яваад танай хүүхдүүд алга болчихлоо гэхээр нь би миний хүү манай өвөлжөөн дээр очоод мөр хар гэсэн. Тэгтэл морио орхиод эхнэрийгээ аваад манай гэрт ирсэн. Манай хүү Б, Ц нар авсан байх гэж хэлсэн. Би өөр зүйл хэлээгүй. Би энэ машинаа намар 10 сард зүс танихгүй хүнд бэлэн 900.000 төгрөгөөр зарсан. Машины аржетар задарсан. Акумлъятор бас байхгүй байсан. Миний машин 2001 онд үйлдвэрлэгдсэн. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр орж ирсэн машин. Би машиныхаа бичиг баримтыг шилжүүлээгүй. Миний нэр дээр байгаа. Машин зарсан талаар манай нутгийн хүмүүс бүгд мэдэж байгаа....” гэх мэдүүлэг/ хх-ийн 25-26 дугаар тал/,

 

*Гэрч Н.Дын өгсөн:

“...2017 оны сүүлээр шиг санагдаж байна нэг орой манай хотонд танихгүй 3 залуу машинд нэг тугалтай үнээ ачсан манай гадаа ирсэн тэгээд танайд орж ирээд тухайн үнээгээ зарах гэсэн юм гээд манай нөхөртэй ярьсан ачиж ирээд танайх мал худалдаж авч байгаа гэлүү гээд нөгөө тугалтай үнээгээ үзүүлсэн тухайн үед нөхөр бид хоёр байсан тэгээд манай нөхөртэй ярилцаж байгаад л нөгөө үхрээ тугалтай нь хамт үлдээгээд явсан тэгсэнээ маргааш өдөр тэр 3 ирээд буцаагаад нөгөө тугалтай үнээгээ ачаад аваад явсан. Танихгүй хүмүүс байсан. Тухайн мал нь алаг бөөртэй хөх зүсмийн тугалтай, хөх зүсмийн үнээ байсан. Тэр талаар мэдэхгүй байна. Тухайн үед манайх бэлэн мөнгөөр нь худалдаж аваагүй. Тухайн хүмүүс хэлэхдээ өөрийн мал байгаа юм мөнгөний хэрэг гараад үхрээ зарах гээд аваад ирлээ гэж ярьж байсан. Тухайн үед манайх малаа өсгөх гээд мал худалдаж авч байсан тэрнээс биш өөр ямар нэгэн санаа агуулж тухайн малыг худалдаж аваагүй...’ гэх мэдүүлэг/ хх-ийн 27 дугаар тал/ 

 

*Гэрч Л.Мн өгсөн:

“...Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна 2017 оны 05 дугаар сарын сүүлээр Б, Ц, Л.П нар архи ууцгаасан байсан. Ц архи уусан үгүйг мэдэхгүй байна. Л.П ах их согтуу, Б нь халамцуу Дгийн Истиматай явж байсан. Тэгээд би П ахыг тэр өдөр гэртээ харь гэтэл за гээд архи уугаад яваад байсан. Тэр шөнөө ирж хоноогүй. Маргааш нь би Дгийн очиход Ц, Б, П нар сууж байсан. Тэгээд Б урд шөнө манай малыг Б, Ц нар хулгайлсан. Ц, Б 2 хулгай хийсэн гэдгээ надад хэллээ гэх зүйлүүдийг яриад байхаар нь Л.Поос асуутал би мэдээгүй машинд нь унтаж байсан. Тэгтэл Д ахын хашаан дээр Ц нь үхэр тууж ирээд Б нь ачаад нэг айлын гадаа очсон байсан. Би гадаа машинд даараад нэг гэрт ортол үхэр зарсан маягтай зүйлүүдийг яриад Б, Ц нэг айлын залуутай яриад сууж байсан. Тэгээд өглөө нь Б бөөр алаг үнээг хулгайлсан асуудал гарсан байна гэсэн гэх зүйлүүдийг Л.П надад ярьсан. Л.П өдөр гэрт ирээд миний машиныг янзлах гэж байсан тэгээд согтуу үйлдлээ хянах чадваргүй байсан. Б ах гайгүй архи үнэртүүлсэн байдалтай байсан. Л.П эхнэр хүүхдээсээ салаад 3 жил болж байна. Манай гэрт амьдардаг өмнө ямар нэгэн байдлаар хулгай хийж байгаагүй. Даруу төлөв зантай, өөрийн гэсэн хэдэн малтай хүн. Би машин чинь хаана байгаа талаар асуухад зарсан талаараа надад 2017 оны 11 сард хэлсэн. Нэрийг нь мэдэхгүй нэг хотын танихгүй залууд өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 86-89 дүгээр тал/

 

*Гэрч Ө.Хын өгсөн:

“...Би тухайн үхэр хулгайлсан гээд байгаа өдөр Л.Птой Хотонт сумын төв дээр таарсан. Тухайн үед П ганцаараа явган явж байсан. Их согтуу архи аваад өг гэхээр нь гэртээ харь гээд явуулсан. Би зам тосоод нэг машин зогсоогоод суулгаж өгсөн. Л.Пийн гэр яг зам дээр Хотонт сумын төвөөс 12 км зайтай байдаг. Тэгээд би өөрөө Улаанбаатар хот явсан. Дараа нь Птой хамт 2 залуу хулгай хийсэн гээд надад ярьж байсан. Би нэг машинд согтуу байсан гэх зүйлүүдийг надад П хэлж байсан. Л.П нь даруу төлөв зантай. Эхнэр нь өөр хүнтэй суугаад тэрнээс хойш архи уугаад байгаа их даруухан залуу надад өөр мэдэж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 90-91 дүгээр тал/

*Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 33 дугаар тал/ 

*Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

2017 оны 05 дугаар сарын 27-ны орчимд Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг, Бөмбөгөрийн ар гэх газраас Д.Ц, Д.Б нар нь машин механизм ашиглаж иргэн С.Бы эзэмшлийн 1 тооны бөөр алаг, хөх зүсний тугалтай үнээг хууль бусаар авч 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Шүүгдэгч Д.Ц, Д.Б нар нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн орчимд Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг, Бөмбөгөрийн ар гэх газраас иргэн С.Бы эзэмшлийн 1 тооны бөөр алаг, хөх зүсний тугалтай үнээг хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Бы “...Д гэх айлаар ороод аяга цай уугаад үхэр хайж явна гэх асуухад Д ах за миний дүү битгий хэлээ хө манай хүүхдүүд шөнө явсан тэд нар л ачаад аваад явчихлаа гэж хэлсэн. Цтой очиж уулзахад мөн үхэр хулгай хийснээ хүлээн зөвшөөрч Б ахаа бид нар үхрийг чинь өнөө орой 23 цагт аваачиж өгье гэж хэлж тохирсон. Тэгээд тэр өдөр орой нь 23 цаг болж байхад Буржгар гэх залуу, П, хар Ц гэж дууддаг гурван залуу миний үхрийг Эстима гэх суудлын машинд ачаад тугалтай нь авчирч өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аын “...Тэр өдрөө нөхөр өдөр 3 цагийн үед ирээд бид хоёр машинтай буцаж яваад Д гэх айлд очиход Ц, эгч нь, эхнэр гээд зөндөө хүмүүс байсан. Тэгээд манай нөхөр Цтой уулзаж ярилцаад хоорондоо жаахан маргалдсан. Тэгсэн Цын эгч Отгоо гэж дууддаг хүүхэн манай нөхөр бид хоёрт хандаад за танай алдсан малыг өгье тохиръё гээд байсан. Отгоо Цод хандаж Буржгар хэргээ хүлээсэн гэж хэлэхэд Ц царай нь сонин болж байж байгаад мотоцикольтой давхиад яваад өгсөн..” гэх мэдүүлэг, гэрч Л.Пийн “...Өөрөө би тэр хоёртой хамт явсан болохоор хулгай хамт хийсэн гэж үзэх байх гэж бодоод цагдаад хэлж чадаагүй. Тэр мал үлдээсэн айлыг Буржгар, Ц хоёрын таньдаг айл байсан тэр хоёр л тэнд яагаад үлдээсэн талаараа мэдэх байх. Тухайн шөнө нөгөө ачсан тугалтай үнээгээ Хотонт сумын Өндөрсант баг руу өгсөөд нэрийг нь мэдэхгүй танихгүй нэг айлд үлдээсэн. Эхнэр нөхөр хоёр л байсан тэрнээс өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мн “...Тэгээд Б урд шөнө манай малыг Б, Ц нар хулгайлсан. Ц, Б 2 хулгай хийсэн гэдгээ надад хэллээ гэх зүйлүүдийг яриад байхаар нь Л.Поос асуутал би мэдээгүй машинд нь унтаж байсан. Тэгтэл Д ахын хашаан дээр Ц нь үхэр тууж ирээд Б нь ачаад нэг айлын гадаа очсон байсан. Би гадаа машинд даараад нэг гэрт ортол үхэр зарсан маягтай зүйлүүдийг яриад Б, Ц нэг айлын залуутай яриад сууж байсан. Тэгээд өглөө нь Б нэр бөөр алаг үнээг хулгайлсан асуудал гарсан байна гэсэн гэх зүйлүүдийг Л.П надад ярьсан....” гэх мэдүүлэг, гэрч М.Дгийн “...Манай хүү Б, П нар авсан байх гэж хэлсэн. Би өөр зүйл хэлээгүй. Би энэ машинаа намар 10 сард зүс танихгүй хүнд бэлэн 900.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Дын “...2017 оны сүүлээр шиг санагдаж байна нэг орой манай хотонд танихгүй 3 залуу машинд нэг тугалтай үнээ ачсан манай гадаа ирсэн тэгээд манайд орж ирээд тухайн үнээгээ зарах гэсэн юм гээд манай нөхөртэй ярьсан. Тугалтай үнээгээ үзүүлсэн тухайн үед нөхөр бид хоёр байсан тэгээд манай нөхөртэй ярилцаж байгаад л нөгөө үхрээ тугалтай нь хамт үлдээгээд явсан тэгсэнээ маргааш өдөр тэр 3 ирээд буцаагаад нөгөө тугалтай үнээгээ ачаад аваад явсан. Тухайн мал нь алаг бөөртэй хөх зүсмийн тугалтай, хөх зүсмийн үнээ байсан...” гэх мэдүүлэг хөрөнгийн  үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ц, Д.Б нарт холбогдох хэргийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Ц, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Д.Ц, Д.Б нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан  шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Цод хорих ял оногдуулахгүй тэнсэж, шүүдэгч Д.Бт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаангүй болно. 

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч  Д.Ц, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 36-53 АРА улсын  дугаартай истима маркийн авто машин нь иргэний нэхэмжлэгч М.Дгийн өмчлөлийнх болох нь Автотээврийн газрын тээврийн хэрэгслийн гэрчилгээний лавлагаагаар тогтоогдож байх тул уг машиныг хураах боломжгүй юм. Иймд шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 4.800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 2.400.000 төгрөг гаргуулан  улсын орлого болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан олс 1/нэг/ ширхэгийг устгаж шүүгдэгч Д.Ц, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйл байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шиидвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б овогт Д-гийн Ц, Бовогт Дгийн Б нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цод хорих ялыг оногдуулахгүй 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон Эрүүгийн хуулийн 6.8, 6.9-д зааснаар ял оногдуулахыг тайлбарласугай. 

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цоос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машины үнэ болох 2.400.000/хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Д.Бээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машины үнэ болох 2.400.000/хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай. 

 

6. Шүүгдэгч Д.Ц, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан цагаан өнгийн олс 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

8. Шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Ц, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ГАНДОЛГОР