Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/168

 

   2025            01             30                                         2025/ДШМ/168

 

Б.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төмөртулга,

хохирогч С.Т, түүний өмгөөлөгч Л.Чинбат,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/2872 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Төмөртулгын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр эсэргүүцэл, хохирогч С.Т, түүний өмгөөлөгч Л.Чинбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Ц-д холбогдох 2408 02091 1127 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Г д овгийн Б-н Ц, .... оны ... дугаар сарын ..-ний өдөр .............. ... төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дээд боловсролтой, ...мэргэжилтэй, “Ш д” ХХК-д ...... ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ..........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......./;

Яллагдагч Б.Ц нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, .......... тоотод тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас хохирогч С.Т-тай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт баруун доод зовхи, зүүн эгэм, цээж, зүүн гуянд цус хуралт, толгойн оройн хэсгийн хуйханд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлт, талуудын тайлбарыг дүгнээд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Өмгөөлөгч хүсэлтдээ “хэргийн байдлыг бүрэн бодитой тогтоогоогүй буюу хохирогч С.Т хэрэг болохоос хэд хоногийн өмнө зам тээврийн осол гаргаж, түүнтэй холбоотой Өлзий гэх бариачид толгойгоо бариулж байсан гэдэг. Энэхүү байдлыг шалгаагүй, мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай.” гэжээ. Хохирогч С.Т нь урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад урдах машины араас нь мөргөсөн, тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд гэмтэл байхгүй гэсэн, толгой бага зэрэг өвдөөд байсан тул бариачид 1 удаа бариулсан, сүүлд Б.Ц-тэй маргалдсанаас хойш дахин бариулсан” гэсэн. Прокуророос хэргийн байдлыг хангалттай нотлон тогтоосон, шинжээчийн дүгнэлттэй холбоотой тодруулах шаардлага байгаа бол шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах боломжтой, мөн өмгөөлөгчийн хүсэлтийг тухай бүр шийдвэрлэн хариуг өгч байсан тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм бурууг шүүхээр хэлэлцүүлэх боломжтой гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Хохирогч С.Т-н биед шинжилгээ хийсэн 2024.06.24-ний өдрийн 8448 дугаар дүгнэлтэд “тархи доргилт, баруун доод зовхи, зүүн эгэм, цээж, зүүн гуянд цус хуралт, толгойн оройн хэсгийн хуйханд зулгаралт” гэмтэл тогтоогдлоо гээд /хх 40/, уг дүгнэлттэй холбоотой шинжээчийн мэдүүлэгт “тархи доргилт гэмтэл нь хөнгөн зэрэгт дангаараа хамаарна, бусад гэмтэл нь хохирлын зэрэгт хамаарахгүй” гэжээ. /хх 98/ Хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын агуулга нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг сайтар шалган тогтоосон, хэргийг хэлэлцэх нотолгооны хүрэлцээтэй байдал хангалттай байх шаардлага тавигддаг. Өмгөөлөгчийн хүсэлт, хохирогчийн тайлбарт хохирогч зам тээврийн осол гаргасан, үүнтэй холбоотой толгойгоо бариулж байсан талаар дурдаж байх тул энэхүү нөхцөл байдал хэзээ болсон, хохирогчид гэмтэл учирсан эсэхийг нягтлан шалгах нь бодит байдлыг бүрэн тогтооход хамаарах ач холбогдол бүхий нөхцөл байдал байна. Улмаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” хэргийг прокурорт буцаан шийдвэрлэхээр заасан бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоох нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамаарч байна. Иймд өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр яллагдагч Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Төмөртулга бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэж, өмгөөлөгч хүсэлтдээ “...хэргийн байдлыг бүрэн бодитой тогтоогоогүй буюу хохирогч С.Т хэрэг болохоос хэд хоногийн өмнө зам тээврийн осол гаргаж, түүнтэй холбоотой Өлзий гэх бариачид толгойгоо бариулж байсан гэдэг. Энэхүү байдлыг шалгаагүй, мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсний дагуу анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын агуулга нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг сайтар шалган тогтоосон, хэргийг хэлэлцэх нотолгооны хүрэлцээтэй байдал хангалттай байх шаардлага тавигддаг. Өмгөөлөгчийн хүсэлт, хохирогчийн тайлбарт хохирогч зам тээврийн осол гаргасан, үүнтэй холбоотой толгойгоо бариулж байсан талаар дурдаж байх тул энэхүү нөхцөл байдал хэзээ болсон, хохирогчид гэмтэл учирсан эсэхийг нягтлан шалгах нь бодит байдлыг бүрэн тогтооход хамаарах ач холбогдол бүхий нөхцөл байдал байна. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж дүгнэлтийг хийж буцаасан нь үндэслэлгүй байна. Тухайлбал хохирогч С.Т-н “... Б.Ц намайг хоёр гараараа миний цээж хэсэгт нэг удаа түлхэхээр нь би Б.Ц-н хоёр гарын шуу хэсгээс нь өөрийн хоёр гараараа барьж авсан. Тэгсэн Б.Ц баруун гараараа миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон ба дараа нь баруун гараараа мөн адил миний толгойн орой хэсэгт 5-6 удаа цохисон. Тэгээд миний толгой өвдөөд байсан учир цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх 22-23/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 8448 дугаартай “...С.Т-н биед тархи доргилт, баруун доод зовхи, зүүн эгэм, цээж, зүүн гуянд цус хуралт, толгойн оройн хэсгийн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх 39-40/, шинжээч Ш.Нэргүйгийн “...Хохирогч С.Т-н биед учирсан гэмтүүд нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр болсон жижиг зам тээврийн ослоос болж үүсэхгүй. ...” гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар яллагдагч Б.Ц нь хохирогч С.Т-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож, болсон үйл баримт сэргээн дүрслэгдэж байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Иймд анхан шатны шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/2872 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч С.Т, түүний өмгөөлөгч Л.Чинбат нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Яллагдагч түүний өмгөөлөгч нараас хохирогч С.Т-г 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зам тээврийн осол гаргасан, үүнтэй холбоотой толгойгоо бариулж байсан талаар дурдаж байх тул энэхүү нөхцөл байдал хэзээ болсон, хохирогчид гэмтэл учирсан эсэхийг нягтлан шалгах нь бодит байдлыг бүрэн тогтооход хамаарах ач холбогдол бүхий нөхцөл байдал байна гэж үзээд хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Учир нь, хохирогч С.Т, яллагдагч Б.Ц-д зодуулахаас 6 хоногийн өмнө буюу 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрлэн дохион дээр зогсож байгаад хөдлөх үйлдэл хийхдээ урдаа зогсож байсан тээврийн хэрэгслийн ар талаас мөргөж, осол гаргасан боловч уг ослын улмаас хохирогч С.Т-н биед ямар нэгэн шарх, гэмтэл, бэртэл үүсээгүй бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Харин Б.Ц-д зодуулснаас гэмтэл учирсан нь шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 8448 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Уг хэргийг хэлэлцэн шийдвэрлэхэд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь харилцан нэгнээ нөхсөн, уялдсан холбогдсон хүрэлцэхүйц шүүх түүнд үндэслэн үйл баримтыг тогтоох замаар хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргахад хангалттай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч С.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би цэцэрлэгийн хүүхэд хүргэж өгчихөөд гэрлэн дохион дээрээс хөдлөхдөө урд талынхаа машиныг мөргөсөн. Асуудлаа даатгалаар зохицоод шийдвэрлүүлэх гэхэд заавал цагдаагаас бичиг авч ирдэг гээд цагдаа дуудаж, хэмжилт хийлгэсэн. Тухайн үед гэмтэж нүүрэндээ шарх авсан бол намайг эмнэлэгт үзүүл гэж хэлэх байсан байх. Ямар ч гэмтэл аваагүй байсан учраас намайг машины үнэлгээ хийлгээд цагдаа дээр ирж бичгээ аваарай гэж хэлсэн. ...” гэв.

Хохирогч С.Т-н өмгөөлөгч Л.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар С.Т-н биед гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болохуйц нотлох баримтууд хавтаст хэрэгт бүрэн авагдсан. Хохирогч нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрлэн дохион дээр зогсож байгаад хөдлөх үедээ урд талынхаа машины гуперийг мөргөж хагалсан асуудал гарсан. Үүнийг замын цагдаа ирж, даатгалаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Тухайн үед хохирогч биедээ ямар нэг гэмтэл, бэртэл аваагүй. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр даатгалын асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд хамт ажилладаг хүндээ “толгой өвдөөд байна, бариулаад очно” гэж худал хэлсэн. Шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтэл нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл гэж гарсан. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Б.Ц-д холбогдох хэргийг “... хохирогч зам тээврийн осол гаргасан, үүнтэй холбоотой толгойгоо бариулж байсан талаар хохирогч тайлбарласан бөгөөд энэхүү нөхцөл байдал хэзээ болсон, зам тээврийн ослын улмаас хохирогчид гэмтэл учирсан эсэхийг нягтлан шалгах...” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 8448 дугаартай шинжээчийн дүгнэлт, уг дүгнэлтийг гаргасан шинжээч Ш.Нэргүйгийн “...Хохирогч С.Т-н биед учирсан гэмтлүүд нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр болсон жижиг зам тээврийн ослоос болж үүсэхгүй...” /хх 97-98/ гэсэн мэдүүлэг авагдсан байна.

Түүнчлэн, хохирогч С.Т-н мэдүүлэгт тухайн гэмт хэрэг хэрхэн үүссэн, Б.Ц-д өөрийн биеийн аль хэсэгт хэрхэн цохиулж, зодуулсан талаар хангалттай мэдүүлсэн байх тул хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлагагүй, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/2872 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, үүнтэй холбоотой яллагдагч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/2872 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР