| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 102/2017/02446/И |
| Дугаар | 210/МА2017/02462 |
| Огноо | 2017-12-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2017/02462
| 2017 оны 12 сарын 04 өдөр | Дугаар 210/МА2017/02462 |
ХХХХ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/02674 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч ХХХ-т холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ХХХ нь ХХХХ-тэй 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон бөгөөд тухайн үед Булган аймагт байсан учир өөрийн найз ХХХ-аар төлөөлүүлэн ХХХХ-тэй зээлийн гэрээ байгуулж, ХХХ-ийн Хаан банкны 5737096255 тоот дансанд 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар хариуцагч нь зээлийн гэрээний төлбөрөөс 2013 оны 6 дугаар сарын хүү 250 000 төгрөг, 2013 оны 7 сарын хүү 250 000 төгрөг, нийт 500 000 төгрөгийг төлөөд 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүг огт төлөхгүй байсаар өнөөдрийг хүрээд байна. Иймээс үндсэн зээлийн төлбөр 5 000 000 төгрөг, 5 сарын зээлийн хүү 1 250 000 төгрөг, нийт 6 250 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу хариуцагч ХХХ-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ХХХ ХХХ нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ХХХХ-аар дамжуулсан 5 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч ХХХ нь 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн төлөлт болон хүүгийн хамт нийт 6 250 000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулснаар зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ХХХ биш ХХХ нэхэмжлэл гаргаж байсан учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ХХХ-ээс 6 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ХХХас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХ-ээс улсын тэмдэгтийн хураамжид 114 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо:
...Бид анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн нэхэмжпэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүх ХХХХ-ын нэхэмжлэлтэй ХХХ-т холбогдох уг хэрэгт гэрчээр оролцсон ХХХХ-г урьд өмнө нь нэхэмжлэл гаргаж байсан мэт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт "Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна" мөн хуулийн 75.2.1-т Тэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" гэж тус тус заасан байдаг. ХХХ нь 2013 оны 5 сарын 15-ны өдөр ХХХас 7 сарын хугацаатай 5 000 000 төгрөгийг зээлж, гэрээний хугацаанд буцаан өгсөн гэдгээ илэрхийлдэг боловч ХХХ нь буцааж аваагүй гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл энэхүү зээл авсан 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 7 сарын хугацааг тоолвол ХХХХ-ын шаардах эрх нь 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эхэлж 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дууссан. Энэ ч үүднээс бид зээлийг эргүүлэн төлсөн үйл баримт нотлох нь эрх зүйн ямар ч үр дагаваргүй гэж үзэж бэлнээр буцаан төлөхөд байсан гэрчийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах зэргээр баримт нотолгоо гаргаагүй болно. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг Иргэний хуулийн 79 дугаар зүйлийн 79.2 дахь хэсэгт заасныг баримталжээ. Гэтэл мөн зүйлийн 79.5 дахь хэсэгт "Эрх бүхий этгээд гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй" гэж тодорхой заасан байна. Хуулийн энэ заалтаас харвал ХХХХ-ын нэхэмжлэлтэй ХХХ-т холбогдох хэргийг шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тэрхүү шийдвэр нь аливаа нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах хууль зүйн үр дагавар үүсгэхгүй юм. Бид дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 102/ШШ2017/02674 дугаар шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хянан үзэж, нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.
Нэхэмжлэгч ХХХ хариуцагч ХХХ-т холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөр 5 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 250 000 төгрөг, нийт 6 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө ... зээлийн гэрээний төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч ХХХд бэлнээр буцаан төлсөн, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан байна.
Нэхэмжлэгч ХХХ нь 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр хариуцагч ХХХ-т зээлүүлэхээр тохирч, өөрийгөө ХХХХ-аар төлөөлүүлэн зээлийн гэрээг байгуулж, ХХХ нь 5 000 000 төгрөгийг хариуцагч ХХХ-ийн дансанд шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, зохигчид уг асуудлаар маргаагүй, хариуцагч нь 6, 7 сарын хүүд 500 000 төгрөг төлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно. /хх-ийн 4-6 тал/
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч ХХХ хариуцагч ХХХ-ээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Хэргийн 27-28 талд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2015/05016 дугаар шийдвэр авагдсан байх бөгөөд уг шийдвэрээр ХХХ-ээс 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн ХХХХ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заасан бөгөөд анхан шатны шүүх дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь хуулийн үндэслэлтэй юм.
Мөн хариуцагч ХХХ нь дээрх зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн гэсэн тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрөө төлсөн болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд хариуцагч ХХХ-ээс үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 1 250 000 төгрөг, нийт 6 250 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/02674 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ц.ИЧИНХОРЛОО